Эдийн засагч Ц.Цэрэнчимэд
Ерөнхийлөгчийн сонгууль болоход тун багахан хугацаа үлдлээ. Нэр дэвшигчид иргэд, сонгогчидтой уулзан өөрсдийн мөрийн хөтөлбөрөө танилцуулж, улс орны тулгамдсан асуудлын талаар үзэл баримтлалаа илэрхийлэн сурталчилж байна. Нэр дэвшигчдийн хөтөлбөр Монголын орны хөгжлийн асуудлыг хэрхэн тусгасныг улстөр, нийгэм, эдийн засаг гэсэн гурван чиглэлийн хүрээнд тоймлон багцалж үзвэл дараахь ерөнхий хийгээд онцлог байдлууд ажиглагдаж байна. Тухайлбал:
Нэг.Улс төр, засаглалын асуудлууд
МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр парламентын засаглалыг, БНН, Эх орон намаас нэр дэвшигчид Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байгаагаа дурджээ. Чингэхдээ БНН-аас нэр дэвшигч Б.Жаргалсайхан ард түмний саналыг тусгахын зэрэгцээ бусад нам, ТББ-ын өргөн оролцоотойгоор засаглалын хэлбэрээ сонгох, Эх орон намаас нэр дэвшигч Б.Эрдэнэбат энэ асуудлаар ард нийтийн санал асуулга явуулах нь зүйтэй гэж үзсэн байна.
Ардчилсан засаглалыг төлөвшүүлэн бэхжүүлэх хүрээнд нутгийн өөрөө удирдах ёс, иргэний нийгмийн оролцоо, иргэдийн санаачилгыг дэмжих талаар МАХН, БНН, Эх орон намын нэр дэвшигчид үндсэндээ ижил байр суурьтай байна. Гэхдээ Н.Энхбаяр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, удирдлагыг боловсронгуй болгох талаарх УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих, Б.Жаргалсайхан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтыг өөрчлөхийг дэмжихээ илэрхийлжээ.
Нэр дэвшигч Н.Энхбаяр төрийн албыг чадваржуулах зорилгоор сонгон шалгаруулдаг тогтолцоог бий болгохыг чухалчилсан байгаа бол Б.Эрдэнэбат төрийн албан хаагчид хоёрдмол сэтгэлгүйгээр төрд зүтгэх нөхцөлийг хангана гэжээ. Нэр дэвшигч М.Энхсайхан УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг ил тод, үр дүнтэй болгоход анхаарч, Монголын төрийг улстөр -бизнесийн явцуу бүлэглэлийн дарамт, шахалтаас ангид байлгана гэж онцолсон байна.
Нэр дэвшигч М.Энхсайхан УИХ дахь намуудын тэнцвэртэй харилцааг бий болгох, улстөрийн намуудын хоорондын ажил хэрэгч хамтын ажиллагааг дэмжихээ илэрхийлжээ. Харин нэр дэвшигч Б.Жаргалсайхан улс төрийн намуудад өгдөг санхүүжилтийг багасгаж, улс төрийн намуудын захиргаадалт, шахалтыг хязгаарлах, намыг гишүүнчлэлгүй, зөвхөн дэмжигчийн байр сууринаас хэнээс ч хараат бусаар саналаа чөлөөтэй өгдөг байх нь ардчилсан засаглалын үндсэн агуулгад нийцнэ гэж онцолжээ. Б.Жаргалсайхан нутгийн өөрөө удирдах ёсны бүтцэд хүн амын олонхи болсон эмэгтэйчүүд, хүүхэд, залуучуудын байгууллагыг шаардлагатай үед санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэргээр илүүтэй дэмжих, орон нутгийн бие даасан байдлыг хангах чиглэлээр орлого бүрдүүлэх, зарлага санхүүжилтийн шинэ журам бий болгохыг чухалчилсан байх юм.
Шүүх засаглал хараат бусаар хуулийн хүрээнд ажиллах, хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх, шүүх засаглалын үйл ажиллагааны доголдлыг арилгах талаар дөрвөн нэр дэвшигч дөрвүүлээ ижил байдлаар хөтөлбөртөө тусгажээ. Гэхдээ нэр дэвшигчид тус бүрдээ нэлээд онцлог байдлаар илэрхийлсэн зорилтууд ч байна. Тухайлбал:
Н.Энхбаяр -Анхан шатны шүүгчийг ард түмэн шууд сонгох тогтолцооны эрх зүйн үндсийг бүрдүүлнэ.
Б.Жаргалсайхан -Улсын Дээд шүүх, Улсын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газар нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт, эдгээрийн нутаг дэвсгэрийн байгууллага нь тухайн орон нутгийнхаа ИТХ-д ажлаа тайлагнадаг мэдээлэл хийдэг журамтай болох нь чухал гэж үзжээ.
Хоёр.Эдийн засгийн хөгжлийн бодлого
Эдийн засгийн эрчимтэй хөгжил, өндөр өсөлтийг чухалчлах, экспортыг дэмжих, үндэсний үйлдвэрлэлд оруулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн бодлого, зорилт ерөнхийдөө ижил төстэй байна. Гэхдээ онцлог чиглэлүүд нь:
Н.Энхбаяр -Макро эдийн засгийн болон нийгмийн үзүүлэлтүүдийн тэнцвэрт харьцааг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуй, фермерийн аж ахуйг дэмжих, хөдөөгийн сум, суурин газрыг нар салхины эрчим хүч, усаар хангах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэл, хоршоологчдыг бага хүүтэй зээлээр үйлчлэх, малын даатгалын сан бий болгох, газрыг эргэлтэд оруулахад анхаарна.
Б.Эрдэнэбат -Экологийн цэвэр хүнс, хувцас, барилгын материалаар бүрэн хангах, үндэсний үйлдвэрлэлд дэлхийн шилдэг технологи нэвтрүүлэх, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, нүүдлийн болон суурин соёл иргэншлийн хосолсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх.
Б.Жаргалсайхан -Мэдлэгт суурилсан эдийн засаг, оюуны багтаамж сайтай тэргүүний технологи эзэмших нь эдийн засгийн эрчимтэй хөгжил, ард түмний амьдрал дээшлүүлэх зөв гарц гэж томъёолжээ. Мөн микро эдийн засгийн өсөлт, бүс нутгийн жигд хөгжил хангах замаар нийт эдийн засгийн өсөлтийг жил тутам 10 хувиас багасгахгүй байх, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх уул уурхай аж үйлдвэрлэлийг илүү хурдтай хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, суурин, хагас суурин байдлаар эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, үнэ цэнэтэй томоохон аж ахуйн нэгжүүдийг хувьчилж авах үндэсний хөрөнгөтэй, бэл бэнчинтэй хүмүүс ховор тул тэдгээрийн хувьчлалыг яаравчлахгүй байх нь зүйтэй гэж үзжээ. Татварын тогтолцоог өмчийн бүтцээс хамарсан нэг шатлалт тогтолцоонд шилжүүлэх, аж ахуйн нэгж байгууллагуудын өөрийн хөрөнгөөр бий болгосон үл хөдлөх хөрөнгөнөөс татвар авахгүй байх, хүн амаас авах татвар тооцохдоо өрхийн ам бүлийн тоог харгалзах зэргээр татаварын асуудалд илүү анхаарал хандуулсан байх юм.
Гурав.Нийгмийн бодлого
Нэр дэвшигчид нийгмийн бодлогын талаар харин хоорондоо ялгаатай онцлог зорилтуудыг томъёолжээ.
М.Энхсайхан - Гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгааг хангах, гэр бүлийг дэмжих, нийгэмд эдлэх эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэх, “Чинээлэг, дундаж давхарга” хөтөлбөр гаргана.
Б.Эрдэнэбат -Цэрэг, цагдаагийн орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн эмзэг хэсэгт онцгой анхаарах, гадаадад ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгааг хангах, Монгол хүний дундаж наслалтыг уртасгана, шинжлэх ухаан, боловсролын номын сан бий болгох, иргэний бахархлыг бадраах, бүс нутгийн төвүүдэд спортын цогцолбор байгуулна.
Н.Энхбаяр -Ядуу өрхийн амьжиргааг дээшлүүлнэ, эрүүл мэндийн даатгалын бие даасан тогтолцоо бүрдүүлнэ, даатгалтай иргэдэд урамшуулал олгоно. Шүд эрүүлжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.
Б.Жаргалсайхан -1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэврийн зөрүүг 2006 онд бүрэн арилгах, олон улсын ахмадын өдөр өндөр настан ахмадад 30000 төгрөгийн тэтгэмж олгох, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг багасгах, хилийн цэрэгт ажиллаж байгаа цэргийн албан хаагчдын гэр бүлийн хүний тэтгэврийн даатгалыг сайн дурын даатгалын журмаар төр хариуцах, нийгмийн даатгалд төлсөн шимтгэл нь даатгуулагчийн ам бүлд өвлөгддөг байх эрх зүйн орчин бий болгох, хөдөө ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байгаа эмч, багш, сэргийлэгчдийн илүү ажилласан жилийн нэмэгдлийг 1.8-2 хувь болгон нэмэгдүүлэх, тэдний цалинг үе шаттайгаар 250-350 мянган төгрөгт хүргэх, 1960 он түүнээс хойш төрсөн иргэдийн нэрийн дансны баталгаажилт, хүү тооцох системийг хянан баталгаажуулах, элит боловсролын эхлэлийг бий болгох зэрэг чиглэлүүдэд анхаарсан байна.
Дөрөв.Нийгмийн баялгийн хуваарилалт
Бүх нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрт дурдагдсан нэг гол санаа нь нийгмийн баялгийн хуваарилалтын асуудал байна. Энэ талаар нэр дэвшигчид тус бүрдээ өвөрмөц шинэ чиглэлүүдийг дурдаж байна. Yүнд:
М.Энхсайхан -Нийгмийн баялгийг шударгаар хуваарилан чинээлэг, дунд давхарга хөтөлбөр хэрэгжүүлэн ажилгүйдэл ядуурлыг арилгах.
Б.Эрдэнэбат -Монгол орны тусгаар тогтнолын баталгаа болсон газар нутаг, түүний баялгийг ард түмэн, уугуул нутгийн иргэд давуу эрхээр өмчлөх эрхийг баталгаажуулах.
Н.Энхбаяр -Эдийн засгийн өсөлтөөс олсон үндэсний орлогын 50 хувийг жил бүр улс орныхоо нийгмийн салбарт зарцуулж, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэхэд шууд зарцуулах журам тогтоож хуульчлах.
Б.Жаргалсайхан -Оюутолгой, Тавантолгой, Цайрын орд, Төмрийн хүдрийн орд гэх мэт асар их нөөцтэй эрдэс баялгийн орд газруудыг эзэмших гадаад оронтой хамтарсан корпораци байгуулж, өөрийн оронд ногдох хэсгээс ард түмэнд хувьцаа эзэмшүүлж, ногдол ашиг хуваарилах, өрх бүрт орлого бий болгох, эдийн засгийн шинэ бодлого хэрэгжүүлэхээр тус тус мөрийн хөтөлбөртөө тусгажээ.