Сонгуулийн хуулийн реформ руу нэг алхам: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг.

A- A A+
Сонгуулийн хуулийн реформ руу нэг алхам: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг.

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ч.Тамир

1992 онд баталсан сонгуулийн хуулийг өөрчлөх хариуцлагатай, чухал алхмын өмнө Монголчууд тулж ирээд байна. Ингэхдээ хуулийн  төслийг боловсруулсан шинэчлэлийн ерөнхий үзэл санааг хэр зэрэг тууштай баримталж чадахаас цаашдын олон асуудал шалтгаална гэдэгтэй ажиглагчид санал нэгдэж байгаа юм. 
Монгол оронд социализм нуран унасан 1990 оноос эхэлсэн эдийн засгийн реформ өдгөө тодорхой амжилтад хүрч зах зээлийн гэж хэлж болохуйц бүхэл бүтэн тогтолцоог нэгэнт бий болгож чаджээ. 2004 онд эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрч гайхашруулсан бол 2005 онд 5 хувь илүү гарах төлөвтэй байна. Гэвч эхэн үедээ нийгмийн хөгжлийг урагшлуулагч хүч болж байсан улстөрийн тогтолцоо нь хөгжлийн тодорхой шатанд саатуулагч хүч, саад тотгор болон хувирчээ. Тийм ч учраас өнөөгийн нийгмийн хямрал түүний шалтгааныг улстөрийн системээс эрж хайх нь түгээмэл болоод байна. 
Монголын улстөрийн системд хийх эрс өөрчлөлтийн нэгд  зүй ёсоор сонгуулийн хууль орно. Хэрвээ улстөрийн системийг машин гэж үзвэл түүний мотор нь сонгууль бөгөөд улстөрд оролцогчдыг сонгож, хэвээр үлдээж, халж, шинэчилж байдаг тогтолцоо, үйл явц юм. Тийм ч учраас сонгууль хэр зэрэг нээлттэй, шударга, ил тод явагдаж байгаагаар тухайн улс орны ардчиллыг хэмждэг стандарт бий. 
Нөгөө талаас нийгэмд үүсээд байгаа дараалан гогцоорсон олон бэрхшээл шалтгааны уг үндсийг нягталж цогцолбороор шийдэхийг оролдож байгаа нь хамтарсан засгийн газрын хувьд дахиад хэзээ ч тохиохгүй байж болох алтан боломж юм. Чухамдаа 1994, 1998-1999, 2003 онд сонгуулийн хуульд өөрчлөхөөр чармайсан ч тухай бүрдээ амжилт ололгүй тасалдаж байсныг дурсах хэрэгтэй. Хэрвээ одоо уг хуулийг шинэчлэн баталж амжихгүй бол өдгөө үүсээд байгаа хямралын нөхцөл байдал удаан хугацаагаар үргэлжилнэ, энэ нь монголчуудын хөгжилд ихээхэн саад тотгор учруулна гэдгийг бүхий л шатандаа ойлгоод байна. 

 ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
Дэлхийн олон оронд улстөрийн намын санхүүжилтын асуудал бэрхшээл учруулж байна. Судлаачдын үзэж байгаагаар өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа сонгуулийн сурталчилгаанд нийт зардлын 60-70 хувь нь зарцуулагддаг ажээ. Зөвхөн 2004 онд сонгуулийн үйл ажиллагаанд хийсэн мониторингоос үзэхэд ХМХ-ээр сонгуулийн төлбөртэй сурталчилгаа явуулахад нам, нэр дэвшигчид нэг тэрбум 140,1 сая төгрөг зарцуулсан гэсэн тооцоог гаргасан. Мэдээж энэ бол нэлээд багасгасан тоо юм. Сонгуулийн кампанийн хугацаанд судалсан таван телевиз, хоёр радио, 10 сониноор нийт дөрвөн тэрбум 440,2 сая төгрөгөөр үнэлэгдэх сонгуулийн төлбөртэй болон далд сурталчилгаа явагдсан байгаа ба үүнээс төрийн өмчийн хэвлэл мэдээллээр хоёр тэрбум 2562,5 сая  төгрөгтэй тэнцэх сурталчилгаа явуулжээ. Өөрөөр хэлбэл нэг нэр дэвшигч бүдүүн тоймоор наад зах нь 60-120 гаруй сая төгрөг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд зарцуулжээ гэсэн үг юм. 
Сонгуульд нэр дэвшсэн хүмүүс эл мөнгийг хаанаас, хэрхэн олсон бол, хэрвээ тэд сонгогдсон бол мөнгөний хариуг төлсөн болов уу, эс бөгөөс төлөхөөр төлөвлөж байгаа бол энэ мөнгө хаанаас гарах бол, сонгуулийн дараа төрийн албыг томруулдаг, төрийн албаны хуулийг хайхралгүйгээр халаа солио хийдэг, цаашилбал төрийн албыг авилгал болгодог зэрэг нь үүнтэй холбоотой юу гэсэн асуулт цуврана. Мэдээж энэ бүгдийн цаана бидний татварт өгсөн мөнгө бий.  
2000, 2004 онд сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд чухамдаа хэн эрх мэдэлтэй байна, хэн мөнгөө төлнө түүнд үйлчилнэ гэсэн зарчим мөрдөгдсөн. Тухайлбал 2004 оны сонгуулийн үеэр хийсэн мониторингоор сонины нийт сурталчилгааны 96 хувь, телевизийн нийт сурталчилгааны 66 хувь, радиогийн нийт сурталчилгааны 34,6 хувь далд сурталчилгаа байлаа. Өнөөдөр үйлчилж байгаа сонгуулийн хуульд байгаа ганц нэгхэн заалт амьдралд хэрэгжиж чадахгүй, улам нарийн зохицуулалт хэрэгтэй болсныг далд сурталчилгаа харуулна. 1998 онд ФСЭХ-ийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний судалгаагаар санхүүгийн хувьд бие даасан байх асуудал нэгдүгээрт орсон бол 2004 онд Хэвлэлийн хүрээлэнгийн хийсэн судалгаагаар хэвлэлийн эрх чөлөө бол гадны дарамт нөлөөгүй байх гэсэн хариулт 47 хувьтайгаар гуравдугаарт оржээ.  
Ингэж хэвлэл мэдээллийнхэн зөвхөн мөнгөтэй хүнд илүү хүчтэй үйлчлэх сонирхолтой байдаг нь нууц биш бөгөөд энэ үед сонгуульд нэр дэвшигчдийн гарааны нөхцлийг ижил байлгахад гадны олон оронд онцгой анхаардаг. Мөн сонгогчид тэнцвэртэй мэдээлэл авдаг, улстөрд өрсөлдөж байгаа хүмүүс мөнгө олох дарамтыг багасгадаг.  

БОДЛОГЫН СОНГОЛТ
Судалгаанаас харахад гадны олон улс орнууд улстөрийн намын санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх талаар багагүй туршлага хуримтлуулжээ. Өнөөгийн Монголын нөхцөл байдал, гадны туршлагыг нэгтгэн үзвэл уг асуудлыг шийдэх наад зах нь дараах хоёр бодлогын хувилбар байгаа болов уу.
Нэгдүгээр хувилбарыг САНХҮҮЖИЛТЫН ХЭМЖЭЭНД ХАТУУ ХЯНАЛТ ТАВИХ гэж тодорхойлж болно. Тодруулбал сонгуулийн үеэр намууд хандивлагчдаас авдаг санхүүжилтыг хатуу хянах, хэмжээ, субьект зэргийг заах, ХМХ-ийг тэнцвэртэй сурталчилгаа явуулахыг шаардах байдлаар хэрэгжүүлж болно. Ийм зохицуулалт олон оронд бий. Манай орны сонгуулийн хуульд ч гэсэн үүнийг ямар нэгэн хэмжээгээр тусгасан. Гэвч улстөрчид нь өөрсдийн орлогыг ил тод зарлаагүй, гишүүдийн ёсзүйн кодекс байхгүй, ашиг сонирхлын зөрчлийн тухай асуудлыг хуульчлаагүй, сонгуулийн төв байгууллага нь хүч муутай, ялангуяа эдийн засгийн хяналт шалгалтын тогтолцоо муутай, авилгалын сэтгэлзүй хүчтэй ноёрхсон,  хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санхүүгийн хувьд бие дааж чадаагүй байгаа өнөөгийн нөхцөлд дээрх хориг арга хэмжээ үр дүнгээ өгөхөд ихээхэн төвөгтэй байх бөгөөд хуульд зааж өгсөн нь ч хэрэгжихгүй байх магадлал өндөр бий.
Хоёрдугаар хувилбарыг ГОЛ АСУУДЛЫГ ЗОХИЦУУЛАХ буюу улстөрийн намын сонгуулийн санхүүжилтын зардлын гол үндсийг олж түүнд чиглэсэн  шууд зохицуулалт хийх явдал юм. Учир нь сонгуулийн үеэр зарцуулагддаг мөнгөний ихэнхийг ХМХ-д зарцуулдаг гэдгийг өмнө дурдсан. Чухам эл бодлогын сонголтод үндэслэн сонгуулийн хуулийг шинэчлэн боловсруулахдаа хуулийн 37.11-д Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу олон нийтийн радио телевизээр сонгуулийн сурталчилгаа төлбөргүй явуулна, төлбөртэйгээр ямар нэгэн сурталчилгаа явуулахгүй гэж заалт оруулсан, 37.12-т Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон хуваарийн дагуу олон нийтийн радио, телевизээр төлбөргүй сурталчилгаа явуулах боломжийг нам, эвсэл, бүрт түүнчлэн нэг тойрогт өрсөлдөгч нэр дэвшигчдэд адил байхаар тогтооно гэж заасан юм.
Гэвч олон нийтийн ТВ-ээс гадна Монголд хувийн нэлээд хэдэн ТВ бий, саяхнаас орон даяар нэвтрүүлгээ цацаж эхэлсэн. Тиймээс хуульд олон нийтийн радио телевизээс бусад радио телевизээр сонгуулийн сурталчилгааг төлбөртэй явуулахыг хориглоно гэсэн заалт оруулсан. Мөн үүн дээр нэмээд арилжааны радио телевизүүд төлбөргүй сурталчилгаа явуулахаар шийдсэн тохиолдолд сурталчилгаа явуулах боломжийг нам эвслүүдэд болон бие даан нэр дэвшигчдэд адил олгоно гэсэн заалтыг оруулсан юм.
Үр дүн, нөлөөг нь явцын дунд хянахад харьцангуй хялбар эл механизмыг Англи, Шинэ Зеланд, Чех, Словак зэрэг дэлхийн ардчилсан олон оронд хэрэглэдэг туршлага бий. Ялангуяа Англид эл асуудлыг маш нарийн зохицуулдаг. Профессор Нигель Робертс үүнийг сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах хамгийн үр дүнтэй арга бөгөөд сонгуулийн сурталчилгааны хандив, эсвэл зардлыг хянахаас илүү хялбархан хянаж, хэрэгжүүлж болох арга гэж мэргэжилтнүүд үздэг хэмээн зөвлөсөн. Мэдээж үүнийг хамгийн их эсэргүүцэж байгаа субьект бол хувийн ТВ-үүд юм. Асуудлыг нягтлан үзэхүл тэдний өөрсдийн эрх ашгийг хамгаалсан үйл ажиллагааг ойлгож болох ч нөгөө талаас ч тэд сонгуулийн үйл явцад зөвхөн ашиг орлого олох талаас нь ханддаг гэсэн шүүмжлэлийг зүй ёсоор хүлээх ёстой юм. Тиймээс төлбөртэй сурталчилгааг хориглосон нь ямар ач холбогдолтой вэ гэсэн асуултад гадны туршлага дээр үндэслэн наад зах нь дараах гурван хариултыг өгч болох юм.

1. Улстөрчдөд өөрсдийгөө хамгаалах боломжийг бий болгож өгөх: 
Өнөөдөр дэлхийн олон оронд улстөр, бизнесийн харилцааг сулруулах явдал нэн чухал байна гэдгийг өмнө өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, улстөрчид мөнгө олох эрэлд хатаж, бусдад барьцаалагдах, бие даасан итгэл үнэмшлээрээ бодлого боловсруулах үйл явцад оролцож, саналаа өгч чадахгүй болохоос сэргийлэх шаардлагатай. Тиймээс улстөрчид тэдэнд тодорхой утгаараа мөнгө төлдөг бизнесменүүдээс өөрсдийгөө хамгаалах, тийм хууль эрхийн орчныг бүрдүүлж өгөх нь нэн чухал юм. Олон нийт ч эл асуудлаар санал нэгтэй байгаа нь сонгуулийн хуулийн талаарх олон нийтийн санаа бодлыг судалсан судалгаанд оролцогчдын 60 хувь нь сонгуулийн үеэр хандив өгсөн хүмүүсийг өндөр албан тушаалд тавихыг буруу хэмээн үзснээр илрэнэ. Энэ бол нэг талаас улстөрчдийн, нөгөө талаас ард түмний эрх ашиг юм.
 

2. Сонгогчид тэнцвэртэй мэдээлэл авах:
Сонгуулийн үеэр сонгогчдод тэнцвэртэй мэдээлэл өгөх нь ХМХ-ийн нийгмийн өмнө гүйцэтгэх үүрэг юм. Олон нийтэд хэт нөлөө үзүүлдэг маш олон төрлийн бизнест нийгмийн өмнө хүлээх хариуцлага гэж бий. Тухайлбал харилцаа холбооны салбарыг дурдаж болно. Хэрвээ Мобикомын нэг инженер ажлаа хариуцлагагүй хийвэл түүний үр дагавар нь нийгэмд хэтэрхий үнэ цэнэтэй тусна. Мөн холбооны мэдээллийн нууцыг зөвхөн МОБИКОМ-ын эрх ашгийн асуудал гэж үзэж болох уу? Энэ бол нийгмийн эрх ашгийн асуудал юм. Яагаад америкчууд Билл Гейтсийн бизнесийг шахаад хязгаарлаад байна. Хэтэрхий их монополь нь өөрөө нийгэмд өрсөлдөөн, тэгш байдлыг алга болгож байгаатай эвлэрэхгүй байгаа хэрэг. Өөрөөр хэлбэл тухайн бизнесийн нийгэмд үзүүлж байгаа үр нөлөө, хариуцлагыг төр зохицуулж байгаа хэрэг. 
Гэтэл яг үүнтэй ижил үүрэг бол сонгуулийн үеэр ХМХ олон нийтэд тэнцвэртэй мэдээлэл олгох асуудал юм. Тодорхой нөхцөлд, тодорхой тохиолдолд ХМХ тэнцвэртэй мэдээлэл иргэдэд өгөөгүйгээс үүсч болох үр дагаврыг МОБИКОМ-той зүйрлэх аргагүй юм гэдэгтэй уншигч та санал нийлэх байх.
2004 оны мониторингийн судалгаагаар УИХ-ын сонгуулийн үеэр хувийн өмчийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь тэнцвэртэй  мэдээлэл түгээх талаар дутагдалтай ажилласан байна гэсэн дүгнэлтийг хийжээ. ТВ-үүд дотроос 25 суваг л харьцангүй гайгүй үнэлгээ авчээ. Тиймээс шинэ хуулиар төлбөртэй сурталчилгааг хориглосон нь олон нийтийн эрх ашиг, төрийн зохицуулалт юм. Нөгөө талаас хувийн радио, телевизийн бие даасан байдал нь сонгуулийн сурталчилгаанаас олдог мөнгөнөөс хамаарах ёсгүй.  Хэрвээ радио телевиз сонгуулиар хэн мөнгөтэй хүнд үйлчилж, мөнгөгүй нэгнээс нь хувийн бизнесийн эрх ашиг гэж татгалздаггүй байсан бол, хэрвээ ингэснээрээ тэд ардчилсан нийгмийн үнэ цэнэ, чөлөөт сонгуулийн зарчимд харшлахгүй байсан бол ийм заалт орохгүй л байсан байх.

3. Улстөрчдөд тэгш боломж олгох:
Улстөрийн системийг эрүүлжүүлж улстөрчдөд хариуцлага тооцож байдаг механизм бол сонгууль юм. Сонгуулиар зарим улстөрч нь тоглоомноос шахагдаж байхад шинээр улстөрчид дэвшин орж ирж байдаг. Чухам эл үйл явцын дунд сонгогчдод наад зах нь шинэ хуучныг харьцуулах, хамгийн гол нь сонголт хийх боломж бүрэлдэх учиртай. Гэтэл өнөөдөр үйлчилж байгаа хуулиар улстөр руу орох үүд улам хаалттай болж зөвхөн мөнгөтэй хүмүүст ногоон гэрэл асааж байгаа нь нууц биш болов уу. Хөрөнгө мөнгөтэй хүмүүс голлон төр барилцдаг туршлага дэлхий дээр олон оронд байдгийг бид мэднэ. Гэвч үүнийг тэд бусдаас илүү гарах давуу нөхцөл болгон ашиглах ёсгүй юм. Тухайлбал Хэвлэлийн Хүрээлэнгийн судалгаагаар өнгөрсөн парламентын сонгуулийн үеэр ТВ-ээр хамгийн их сурталчилгаа хийсэн дөрвөн хүн бүгд сонгогдож чадсан байна. Тиймээс улстөрчдөд тэгш боломжийг бий болгож өрсөлдөөнийг нээлттэй болгоход энэ хууль туслана.
Нөгөө талаар эл хориг нь мөнгөөр ТВ-ийн бүх цагийг худалдан авах хүсэлтэй хүмүүст хязгаарлалт болно, хэн нэгнийг хязгааргүй сурталчлахгүй юм.

4. Тооцон үзэх бас нэг асуудал:  
Судалгаанаас үзэхэд 2004 оны парламентын сонгуулиар хувийн ТВ-үүд наад зах нь 330 орчим сая төгрөгний төлбөртэй сурталчилгааг хийсэн, эл ашиг орлогоо алдана гэсэн үг. Нөгөө талаас энэ заалт нь сурталчилгааны санхүүжилтийн нууц хэлбэрт оруулж болзошгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

ДҮГНЭЛТ
Дээр өгүүлснээс үзэхэд үнэгүй сурталчилгааны заалт нь түүнээс үүдэн гарах эерэг үр дагавартай харьцуулвал ардчилсан олон оронд түгээмэл үйлчилдэг төрийн зохицуулалт гэж ойлгож болохоор байна. Тиймээс өнөөгийн нөхцөлд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл мөнгөнөөс хэтэрхий хамааралтай байгааг, төлөвшиж чадаагүй байгааг зайлшгүй харгалзан үзэх ёстой. Энэ нь ХМХ-ийн нийгэмд үзүүлдэг үр нөлөөг нийгмийн, сонгогчдын эрх ашигтай сайтар уялдуулахын чухлыг харуулах бөгөөд төр радио, телевизийн санхүүгийн хувьд бие даах гэсэн эрмэлзэлд саад болох ёсгүй боловч үүнээс үүдэх сөрөг үр дагаврын гинжин хэлхээг таслах хэрэгтэй. Тэгээд ч хувийн Радио, ТВ-үүдийн санхүүгийн бие даасан байдал сонгуулийн сурталчилгаанаас хамаарах ёсгүй, ингэхгүйгээр радио, телевиз нь зөвхөн мөнгөний төлөө, тэнцвэртэй бус мэдээллийг түгээхэд бэлэн байгаа байдал нь ардчилсан нийгмийн тулгуур зарчим, нийгмийн шудрага ёс, сонгогчдын эрх ашиг, сонгуулийн олон улсын стандартад нийцэхгүй.