Сонгох цаг

A- A A+
Сонгох цаг

СОНГОХ ЦАГ

Д. ГАНТУЯА

Диалетикт тоо чанарт шилждэгийг сургадаг. Түүний хамгийн хураангуй бөгөөд хэтэрхий бурангуй илрэл, хэрэгжилтийг сонгуулиас харж болно. Үнэхээр сонгуулийн өдөр л сонгогчид тодорхой цэгт хүрэлцэн очоод таалагдсан нам, нэр дэвшигчийг дугуйлан явж одоход түүн шиг олны саналыг тоолон ялагчийг тодруулдаг билээ. Ялагч нь маргаашаас нь эхлэн шал өөр хүмүүн болж чанарын өөрчлөлт гардаг. Диалектикийн эцэг, эх нь болох Гегель, Маркс нарт энэ тухай хэлбэл харин юу гэх байсныг мэдэхгүй байна. Энэ бол өнгөц дүгнэлт л дээ. Лавшруулж, бүр идеальчилж хийсвэрлэх юм бол тэнд үнэхээр диалектик харагдаж байна гэж хэлж бас болно. Учир нь ярьж заншсанаар бол “өмнөх жилүүдэд ажилласан дүнгээ ард түмнээрээ тавиулах” гэж байгаа юм. Гэхдээ бас л сонин доо. Үнэндээ сонгуулийн үед ажиглагддаг тоон үзүүлэлтүүд эцэстээ асар их эрх мэдэл болон хувирдаг чанарын өөрчлөлт диалектик зүй тогтол мөн бишийг би хэлж чадахгүй. Гэхдээ нэг зүйлийг сайтар ухаардаг. Сонгуулийн үед, сонгогч эрхээ эдлэх тэр л цагаар тоо гээч зүйл хамгийн их нөлөөтэй зүйл болж хувирдаг. Сурталчилгааны үед ч тоо л энд тэнд гол үзүүлэлт болдог. Уулзсан хүний тоо, зарцуулсан мөнгөний тоо, чансаа дээш, доош хөдөлсөн хэмжээ гээд барагдахгүй. Гэхдээ энд би өөр нэгэн тооны тухай өгүүлэх гэсэн юм.

Тооны ид шид нөлөөлөх цагаар. 2008 оны сонгууль өөрийн онцлогтой сонгууль болно. Ач тач үзэлцдэг хоёр том улстөрийн хүчин хэдийнэ бэхжиж чадсан төдийгүй улс орон маань өдрөөс өдөрт мөнгөжиж, магадгүй эрчимтэй хөгжлийнхөө зам руу гэнэт ухасхийхэд бэлэн цаг үед болох сонгууль юм. Хамгийн гол нь нэлээд жил завсардсны эцэст томосгосон тойргоор явагдана. Сонгогч иргэн 2-4 нэр дугуйлна гэсэн үг. Энд л миний хэлэх гэсэн 2, 3, 4 гэсэн тоонуудын ид шид гарах бололтой. 1992 онд энэ зарчмаар сонгууль явагдсан хэдий ч ардчилал балчир байсан тэр он цагаас эрс өөр нөхцөл байдал үүсчээ. Бүтэн 16 жил өнгөрсөн тул тэр цагийн сургамжтай харьцуулалтгүй.
Олны өдгөө ярьж буйгаар нэр дэвшигчийг эхлээд харна гэж байх шиг. Гэхдээ юу л бол. Улстөр сонирхдог цөөн тооны, миний бодлоор 250 000-аас хэтрэхгүй, сонгогч л ингэх байх. Ялангуяа хэд хэдэн удаа чөлөөт ардчилсан сонгууль өгөөд үзчихсэн сонгогчтой, энэ улсыг аваад явчих, тэр том нутаг дэвсгэрт тархан суусан хүмүүст бүгдэд нь танигдсан улстөрчид хуруу дарам цөөн болохоор ийм бодол төрөөд байна. Юуны өмнө товч тодорхой, алсыг харсан, хэрэгжих өндөр магадлалтай, эхний үр дүн нь богино хугацаанд гарах мөрийн хөтөлбөр сонгуулийн дүнд сайн нөлөөтэй. Гэхдээ өмнөх сонгууль шиг улстөрийн голлох хоёр хүчин маань уралдан мөнгө тараах, хэрэгжих боломжгүй мөрөөдлийн зүйлсийг зэрэг амлах аваас өөр асуудал үүснэ байх. Урьдчилсан байдлаас анзаарах юм бол хоёр том нам хий хоосон мөрөөдөл бага амлах төдийгүй мөрийн хөтөлбөр нь давхцсан санаа олонтой байхаар байна. Тиймээс энэ хоёрын хувьд мөрийн хөтөлбөрөө бодитой, монгол хүнд хэрэгцээтэй байхаар томъёолно гэж үзэхээс өөр байдал харагдахгүй байна.
Сонголт хийхээр ирсэн хүнд нөлөөлөх дараагийн чухал зүйл бол тойргийн онцлогууд юм. Тухайлбал, дөрвөн нэр дэвшигчтэй нэг тойргийг хийсвэрлэн авч МАХН, АН-д харъяалагддаггүй нэгний хийх сонголтыг төсөөлье. Ерөнхийдөө мөрийн хөтөлбөр нь ойролцоо, тухайлсан нэр дэвшигчийг анзаарч сонсч явсан боловч төдийлөн гүнзгий танихгүй тохиолдолд эдгээр хоёр намын төлөөлөлд тэнцүү хувааж өгөх нь бараг тодорхой юм. Ийм тойрог нийтдээ зургаа байна. Мөн хоёр нэр дэвшигчтэй найман тойрог дээр  ч нэг иймэрхүү байдлаар хуваарилагдах байх. Ингэж үзэх юм бол энэ хоёр намын ялалт хаашаа эргэхийг гурван мандаттай үлдсэн 12 тойрог шийдэж болох талтай. Нэгэнт л гурван нэр дугуйлах учраас аль нэг нь хоёр санал цуглуулж илт давамгайлах боломжтой. Тооны харьцаа 43:33 гэж гарах магадлал өндөр гэсэн үг л дээ. Хийсвэрлэсэн тооцооноос бодит байдалд бага боловч ойртохыг хичээвэл газар нутаг, байршлаар нь хуваасан тойрог, тэнд нэр дэвшихээр таамаглагдаж буй хүмүүсийг харьцуулах гэж оролдох ёстой. Бусад нам тойргоо зөв сонгож чадвал, тухайлбал, олон өрсөлдөгчтэй дөрвөн мандаттай Улаанбаатарын тойргуудад С.Оюун, Б.Жаргалсайхан, Д.Энхбат нарын лидерүүд гараад ирэх тун боломжтой юм. Ийм цойлолтын нийт тоо 10-аас хэтрэхгүй байх. Ингэж эцэслэвэл хоёр том ба бусад намд өгөх саналын харьцаа 36:30:10 гэсэн харьцаагаар жагсана гэж багцаалахаар байна.
Иймэрхүү санаанаас үүдэн намууд тойрогт нэр дэвшүүлэх тодорхой тактик, ов мэх боловсруулах нь тодорхой. Тухайлбал, М.Энхсайханы намынхан бүх тойрогт нэр дэвшүүлэхгүй гэсэн нь дээрх тооцоотой холбоотой байж болох талтай. Нэг тойрогт олон хүний нэр дэвшүүлэх шаардлагагүй, бие биенийхээ саналыг хуваах магадлал өндөр болохыг сонгуулийн зард гарсан энэ менежер бүхнээс түрүүнд мэдрээ биз. Тиймээс ч энэ нам тойрог бүрт нэг нэр дэвшүүлсэн байхыг үгүйсгэх аргагүй юм.
Түүнчлэн гурван суудалтай тойрогт нэг намаас жигд хүчтэй хүмүүсийг зэрэг дэвшүүлэх нь өрсөлдөгч тал дор хаяж нэг суудал авах магадлал өндрийг харгалзвал илүүц болох нь тодорч байх шиг. Улаанбаатарын Сүхбаатар дүүргийн тойрогт нэгэн сонинд бичснээр бол МАХН-аас С.Баяр, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд нар дэвшинэ гэж. Энэ бол хамгийн муу хуваарилалт гэж үзэж болох. Сүхбаатар дүүргийнхэн АХ намд тэр чигээрээ элсчихээгүй бол гурвуул ялалт байгуулах боломжгүй л болов уу. Энэ тойрогт Ардчилсан намаас гайгүй нэг нь сулавтар хоёр гишүүн дагуулаад ороод ирэхэд бараг л гарчих хувилбар байгааг нотолж буй хэрэг. Ер нь бол хоёроос олон нэр дэвшигчтэй тойргийг нэг нам дангаараа авах боломж туйлын бага юм. Харин хоёр тойрогтой аймгуудад ийм зүйл ажиглагдах боломжтой. Тухайлбал, Булган, Дорноговь-Говьсүмбэр, Говь-Алтай мэтийн аймагт АХ нам дангаар ялалт байгуулчих боломжтой юм. Өөр ч тэгж давамгайлах тойрог гарахгүй л байх. Энэ бүхэн дэндүү эрт таамаглаж байгаа хэрэг боловч илт ажиглагдам зүй тогтлууд бас ч үгүй харагдаад байхаар нь тэссэнгүй биччихлээ.

Тойргийн хувь заяа тодрох цагаар. Тойргуудад нэр дэвшихээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр таамаглагдсан хүмүүсийн тухай мэдээллийг үндэслэн зарим нэг ангилал хийж болохоор байна. Тойргуудын онцлог шинжийг таамагласан урьдчилсан шинжилгээ гэж ч болно.

1.Халимны тойрог. Өмнө ялсан гишүүд тойрогтоо сайн ажиллаж нэр хүндээ баталгаажуулсан, дахин дэвшиж буй тохиолдолд тэнд олон санал авна гэдэг хий хоосон мөрөөдөл болно. Тиймээс тэнд баараггүй ганц санал авахын тулд арай гайгүй нэр хүнд бүхий нэгэн нь сулавтар нэр дэвшигчдийг бараа болгон дагуулан очихоос өөр арга байхгүй болно. Халим хэт том амьтан учраас араас, хажуугаас ирэх аюулыг хожуу мэдэрдэг тул хажуудаа олон мянган жижиг загас дагуулан их далайгаар аялахдаа тэр жижиг сүргийн цочоо, бужигнаанаар ойртож буй аюулыг зайлуулж чаддагийг санаж ийм тойргийг ингэж нэрлэсэн хэрэг. Ийм төрлийн тойрогт Архангай, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ багтана. Р.Гончигдорж, С.Ламбаа, Н.Батбаяр нар Архангайд, З.Энхболд, Г.Батхүү, Р.Бадамдамдин, Д.Зоригт нар Өвөрхангайд нэр дэвших гэж байна. Тэд итгэлтэй, жигд, хүчтэй баг бүрдүүлжээ. Үүний эсрэг Лүндээжанцан залуу сайд, дарга нарын шинэхэн, сулхан баг дагуулах гэж байгаагаараа Өвөрхангайн халим нь бололтой. Архангайнх бол С.Төмөр-Очир юм байх. Төв аймагт нэр дэвших Ах намын баг Н.Энхболд, Д.Дондог, Су.Батболд нарын унаган хүүхдүүдээрээ хүчтэй. Энд халим болох А намын лидер нэгэн тодроогүй л байна. Сэлэнгэд А намаас Э.Бат-Үүл, С.Баярцогт, Д.Цогт-Очир нар жигдэрч буй нь үнэн ахул тэнд АХ нам бас л сул жараахай дагуулсан халим явуулахаас өөр аргагүй харагдана. Халим болчих хүн ч ховор санагдана. Арай шинэлэг, өвөрмөцөөрөө О.Чулуунбат тохирч магадгүй.

2.Тодорхой тойрог. Энд уламжлалаараа саналаа нэг намд өгөөд ирсэн тойргууд багтана. Булган, Говь-Алтай, Дорноговь-Говьсүмбэр зэрэг сонголт тогтвортой байдаг аймгууд хамаарна. Тухайлбал, Булганд У.Барсболд-Э.Мөнх-Очир нарын залуучууд, Говь-Алтайд туршлагатай парламентч Т.Очирхүүгийн баг, дорнын говьд Д.Туяа, Ц.Шаравдорж гээд нэлээд олон хүн өрсөлдөх боломжтой байгаа нь АХ нам өнгөлөх нь бараг тодорхой харагдаж байна.
 
3.Тэнцвэртэй тойрог. Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Орхон аймгууд, Хан Уул-Багахангай-Багануур дүүрэгт саналыг АХ болон А намд тэнцүү хуваагаад өгчих болов уу гэж таамаглана.

4.Ялалтын тойрог. Энд Дорнодоос бусад бүх гурван мандаттай тойрог хамаарна. Дорнод гурван мандатаа гурван өөр намд л хуваах болов уу. Хоёр том намын хэн олон суудал авах шийдвэрлэх тулалдаан харин бусад дээр нь өрнөнө гэсэн таамаглал газар авч байна. Үүнд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Завхан, Сэлэнгэ, Увс, Ховд, Хэнтий, Дархан Уул, Улаанбаатарын Сүхбаатар, Чингэлтэй гэсэн 11 тойрог байна. Хэрэв нэр дэвших гэж яригдаж буйгаар нь багцаалбал Увс, Ховд, Сүхбаатар дүүргээс бусдад нь А нам давамгайлахаар байна. Эдгээр тойрог бүрт ядаж нэг суудал авахгүй бол ер нь л энэ намыг ирэх сонгуульд хүчрэхгүй гэсэн санаа юм даа.

5.Өрсөлдөөнтэй тойрог. Хөвсгөл аймаг, Баянзүрх-Налайх, Сонгино-Хайрхан, Баянгол дүүргүүдэд болох сонгуулиуд ихээхэн өрсөлдөөнтэй, магадгүй дахин сонгууль явагдах хэмжээнд хүрэхээр халуун өдрүүдийг амлаж байна.

            Ийнхүү тойргуудад хуваарилагдчихаж магадгүй урьдчилсан нэрсээс болон урьд өмнөх түүхийн зарим нэг давтагдлаас дүгнэхэд 2008 оны УИХ-ын сонгуульд А нам АХ намаасаа 5-10 суудал илүү, бусад намууд нийтдээ 10 орчим суудал парламентад олоод авчих дүр зураг бууж байна.
Хүчээр тохируулж үүнийг бичсэнгүй, өнөөдөр л надад байгаа мэдээлэл, тойрог хуваарилалт, бас сонгуульд саналаа өгөх гээд очих нэгэн иргэний хувьд төрсөн сэтгэгдлээ л хуваалцав. Хур туршлагатай менежерүүд мэр сэр байгаа тул зайлшгүй тулаад ирж буй өөрт ашиггүй гарч мэдэх үр дүнгээс санаатайгаар зайлсхийх хүчтэй оролдлогуудыг ч угтаж хийх биз. Тэр цагт чи худлаа бичсэн дээ гэж хэлүүлэхээ би төсөөлж байна. Сонгуулийн үр дүнг л харая, хаана нь юу гэж бурсныг тэндээс л мэдэх болно. Сонгох цагийн дүр төрх энэ өдөр ингэж буув.