МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Ч.Тамир
Орон нутгийн сонгууль ба улс төрийн намууд
Монгол Улсын Yндсэн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хуульчлан зааж өгсөн. Yүнд: аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдэл үндсэндээ хомс юм. Уг нь орон нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослох үндсэн зарчим Yндсэн хуульд бий ч бодит байдал дээр хэрэгжиж чадаагүй. Тэгвэл орон нутгийн сонгууль намуудын сонирхлыг ямар учраас татдаг вэ гэсэн асуулт зүй ёсоор гарна.
Юуны өмнө орон нутгийн сонгуулийн ач холбогдлыг зөвхөн хуулинд заасан эрх хэмжээгээр хязгаарлан үзэж болохгүй юм. Хэрвээ тухайн нам орон нутгийн сонгуульд амжилттай оролцвол намын анхан шатны байгууллагыг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Чухам ингэснээр сум, дүүргийн хэмжээнд намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг бэхжүүлэх бөгөөд цаашид намын орон нутаг дахь байгууллагын үйл ажиллагааг тогтворжуулах дараагийн сонгуульд ялалт байгуулахад амин чухал юм. Өнөөдөр манайд үйл ажиллагаа явуулж байгаа хоёрхон намаас бусад нь орон нутагт сумын төвшинд өөрийн бүтцийг бий болгож чадаагүй байгаа.
Өнгөрсөн түүхээс харахад орон нутгийн сонгуульд ялсан нам өөрийн боловсон хүчнээ байршуулах бололцоо бүрддэг. 2004 онд л гэхэд аймаг нийслэлийн ИТХ-д 690 суудал, сум дүүргийн хэмжээгээр 6720 суудалд нэр дэвшиж байгаа бөгөөд үүн дээр сум, дүүргийн засаг даргын тамгын газрыг нэмвэл багагүй байршил гарна. Ингэж өөрсдийн гишүүдийг эдгээр шатанд ажиллуулж боловсон хүчнээ бэлтгэх нь намуудын хувьд хойшлуулшгүй зорилт болно.
Орон нутгийн удирдах байгууллага нь бүх шатны сонгуулийг зохион байгуулахад голлох үүргийг гүйцэтгэдэг. Тийм ч учраас намууд орон нутгийн сонгуульд сүүлийн үед их анхаарал тавин ажиллах болсон. 1996 онд орон нутгийн сонгуульд МАХН ялалт байгуулан улмаар Ерөнхийлөгчийн мөн их хурлын сонгуульд ялсан. 2000 онд ч гэсэн орон нутгийн сонгуульд МАХН ялж дараа дараагийн сонгуульд багагүй амжилт олсон. Yүнийг орон нутгийн сонгуулиар ялсан улс төрийн хүчин өөрийн гишүүд дэмжигчиддээ итгэл найдвар авчирдагаар тайлбарлаж болно.
Сонгуулийн стратеги буюу түлхүүр санаа
Орон нутгийн сонгуульд улстөрийн хүчнүүд нэг талаас нь баталж, нөгөө талаас нь үгүйсгэж мэтгэлцэж байсан сэдэв бол хүүхэд бүрт өгөх Итгэлийн мөнгө байв. Энэ сэдэв их хурлын сонгуулийн үед гол мессеж, амлалт байсан орон нутгийн сонгуулиар ч сүр дуулиан нь намжсангүй. Эвсэл орон нутгийн сонгууль дуустал 10.000 төгрөгийг өгнө хэмээн хатуу ухуулсаар л байлаа. Харин МАХН-аас УИХ-ын сонгуулийн үеэр гол амлалт болгож байсан 500.000, 100.000 төгрөгийг тэд дахин дэвшүүлээгүй. Учир нь 10.000 төгрөгийг намжаах зорилгоор гаргаж ирсэн энэ амлалтууд нь үүргээ гүйцэтгэж чадаагүй учир түүнээс татгалзсан хэрэг байв. Тийм ч учраас МАХН шинэ хөзөр буюу нэлээд хугацаанд бэлдсэн Солонгост ажиллах хүчин гаргах асуудлыг дэвшүүллээ. Зөвхөн Улаанбаатарын хэмжээнд гэхэд л МАХН-ын мөрийн хөтөлбөрт нийслэлийн иргэдээс 40000-аас доошгүй хүмүүсийг өндөр оронд хөгжилтэй ажиллуулах ажлыг зохион байгуулна гэж мэдэгдлээ. Ингэхийн сацуу тэд эвслийн гол стратеги болох 10.000 төгрөгийг хүчийг саармагжуулах, бүтэхгүйг нь ойлгуулах, зорилгоор ажиллаж байв.
Гадаадад ажил хийх гэдэг нь монголчуудын хувьд сүүлийн арав гаруй жил тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурал, үнийн өсөлт зэргийг эмчлэх хамгийн сайн эм мөн. Түүнчлэн цаг хугацааны хувьд ч гэсэн НХХЯ болон бусад газар Тайван, Солонгос, Японд хүмүүс явуулаад эхэлчихсэн байсан нь итгэл үнэмшил төрүүлэхэд нөлөөлсөн биз. Сонгуулиас өмнө хүмүүсийг бүртгэх нь тэр. Сонгуулийн сүүлийн дөрөв хоногт гаргасан энэ түц хөзөр эвслийнхнийг нэлээд сандаргав. Тэд яаравчлан 2004 оны10 дугаар сарын14-нд хэвлэлийн бага хурал хийв. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Ц.Баярсайхан нар Солонгост ажилчин гаргах асуудлыг тус яамны шугамаар шийдэж тохирдог. Гэвч энэ удаа ярьж тохирсон зүйл алга байгаа гэж шуугианыг намжаах гэж оролдлоо. Мөн айл өрх болгонд тараасан сурталчилгааны материалд Гадаадад ажиллах хүчнийг гаргах тухай Монгол Улсын хуульд манай улсаас ажилчин дадлагажигч гаргах албан ёсны зөвшөөрөл авсан газрын дотор дээрх байгууллагууд байхгүй. Тийм болохоор энэ нь орон нутгийн сонгуультай холбоотой хуурамч сурталчилгаа гэж үзэхээс аргагүй хэмээн бичсэн байв. Гэвч энэ нь оволзон асах түймрийг хувин усаар унтраах гэсэнтэй адил зүйл байв.
Орон нутгийн сонгуулийн үеэр газрын асуудал туйлын их анхаарал татаж байв. МАХН-ынхан мөрийн хөтөлбөртөө өрх бүрт үнэгүйгээр газар өмчлүүлэх ажлыг дуусгана гэсэн бол эвслийнхэн УИХ-ын сонгуулийн үеэр дэвшүүлсэн төрсөн ба төрөх иргэн бүрт төрсний гэрчилгээтэй нь хамт өмчлөх эрхийг өгнө хэмээн амлалаа. МАХН-ын нэр дэвшигчид компаниуд газар эзэмшихдээ оршин суугаа газрын иргэд, СӨХ-өөс зөвшөөрөл авдаг хуулийн заалтыг хэрэгжүүлнэ гэсэн сурталчилгааг хийж эхлэв.
Сонгуулийн үеэр өрсөлдөгчдийн зүгээс ч орон нутгийн түвшин дэх авилгал, хүнд суртлын асуудалд анхаарч байв. Орон нутгийн удирдлагын авилгал, хүнд суртлын асуудлаар МАХН, Эвслээс ч илүү шүүмжлэлт байр сууринаас хандаж байгаа гэдгээ харуулахыг хүссэн. Мэдээж эвслийн зүгээс МАХН-ыг баалах түлхүүр санааны нэгд нь энэ нь зүй ёсоор багтаж байв.
Сонгуульд нөлөөлсөн хүчин зүйлс
Зөвшилцөл удааширсан зэрэг нь хүчийг нэг талд нь өгөх сөрөг сэтгэлзүй үүсэхэд хүргэлээ. Үүнийг улстөрийн өрсөлдөгч хүчнүүд өөртөө ашигтайгаар шүүрэн авахыг оролдож байсан ч зөрчлийг хэт дэврүүлбэл УИХ-ын түвшинд зөвшилцөл зогсох, үл ойлголцол дахин үүсч, улс төрийн хямралын нөхцөл байдал үүсч болзошгүй байв. Тиймээс намууд дээд удирдлагын түвшинд зөвшилцлөө хамгаалахын тулд хэт хурц өрсөлдөөнд намаа оруулаагүй. Өрсөлдөөн аймаг ба нийслэлийн, сум, дүүргийн түвшинд л явагдаж байлаа.
Сонгуулийн үеэр МАХН орон нутгийн түвшинд удирдлагын дээшээ доошоо ба хөндлөнгийн холболтуудыг сайн хийж байв. Их хурлын гишүүд, намын анхан, дунд шатанд нэр дэвшигчид хамтран баг болон ажиллаж өөрсдийн хяналтад үлдсэн нөөцөө (Тухайлбал УБ телевиз, аймгийн радио, телевиз зэргийг) чамлалтгүй ашиглалаа. Нийслэлд МАХН-аас нэр дэвшигчдийн дунд хэв шинжийн судалгаа хийж үзэхэд 45 орчим хувийг дүүргийн засаг дарга болон орон нутгийн түшмэд, 15 орчим хувийг төрийн түшмэд, нийтдээ 60 орчим хувьтай байхад эвслийнх дөнгөж найм хүрэхгүй хувийг мэргэжилтнээс өндөргүй албан тушаалтай хүмүүс эзэлж байв. Мөн эвсэл дотор гурван нам нэгдсэн тул орон нутгийн түвшинд өөр хоорондоо суудлаа тохиролцох ажилд хүчээ барж багаар ажиллах, цаашилбал их хурлын гишүүдийг холбох ажил орхигдлоо. Баянхонгор, Өвөрхангай зэрэг олон газарт эвслийн намын анхан шатны байгууллагууд зөвшилцөж чадсангүй, тусдаа нэр дэвшүүллээ. Эвсэлд хатуу зохион байгуулалт, нэгдсэн удирдлага, бодлого, боловсон хүчний менежмент дутагдав.
МАХН-ын зүгээс сонгуульд шинэ мөрийн хөтөлбөрийг танилцуулсан бол эвслийн хувьд их хурлын мөрийн хөтөлбөрийн орон нутагт хамаатай хэсгийг сурталчилж байв. Эвсэл Өнөөдрийн дарамтыг халъя, өрх гэрийг тэтгэе хэмээн тэнцвэржүүлэх гэсэн уриагаа орон нутагт шинэ бодлого биднийх шинэ амьдрал таных хэмээн шинэ сонголт гэсэн санаагаа үргэлжлүүлсэн. Yүний тулд шинэ сонголт гэсэн үгийн тодруулга, гүйцээлт болгож орон нутагт шинэ бодлого, шинэ хөтөлбөр хэрэгжүүлнэ хэмээн сурталчиллаа.
Харин МАХН үүнтэй бараг ижил шинэ удирдлага, шинэ боловсон хүчин гэсэн уриаг дэвшүүллээ. Гэхдээ орон нутгийн сонгуульд МАХН-ын сурталчилгааны бодлого нэлээд өөрчлөгдсөн байв. Энэ удаа намын фоныг гол болгоогүй, хувь хүмүүсийн онцлог имижийг чиг шугам болгов. Нэр дэвшигчдийг эрч хүчтэй, ажил хэрэгч, итгэж болох, цэгц шударга хэмээн тодорхойлж ажилладаг газар, зан ааш зэрэг онцлогоор нь товчлон дуудаж байв. Жишээ нь Эбээгийн Банди Мөнх-Очир, Бага Жасрай, дэд сайд Эрдэнэбат, Шинэчлэгч Баасансүрэн гэх мэт. Нийслэлийн ИТХ-д нэр дэвшигчдийн гаргасан сонины дөрвөн нүүрэнд МАХН гэсэн нэр ердөө хоёрхон / дотор талын хоёр нүүрэнд/ байсан бол энэ нь УИХ-ийнхаас хэдэн арав дахин бага байгаа юм. Харин эвслээс нэр дэвшигчид Эх орон-Ардчилал эвсэл гэсэн шүхэрнээс зүүгдэж байв. Мэдээж үүнтэй холбоотой тэд өөрсдийн намтарт намын гишүүнчлэлээ хүртэл бичиж байсан бол МАХН-ынхан үүнийг дурдсан ч үгүй.
Сонгуулийн оролцоо
Аймаг нийслэлийн ИТХ-ын сонгуульд нийт сонгогчдын 61.51 хувь нь оролцжээ.Нийттойргийн18 хувь нь буюу дөрөвхөн тойрог л 70-79 хувийн ирцтэй, 65 хувь буюу 13 тойрог 60-69 хувийн ирцтэй, 15 хувь нь 50-59 хувийн ирцтэй байв. Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан зэрэг баруун аймгийнхан сонгуульд ихээхэн идэвхитэй оролцож, Хэнтий, Говь-Сүмбэр, Дорноговьчууд тааруу байв. Харин нийслэлчүүд орон нутгийн сонгуулийг огтхон ч ойшоож үздэггүй гэдгээ харуулж 53 хувийн ирцийг үзүүлжээ.
Орон нутгийн сонгуулийн оролцообусад сонгуулиас ихээхэн бага байдаг нь зуршмал зүйл юм. Судалгаанаас харахад ч гэсэн иргэдийн сонгуулийн оролцоо ямагт буурсаар ирсэн. 1996 онд нийт сонгогчдын 72.1 хувь нь санал өгсөн бол, 2000 онд 65.9 хувь болж 6.2 хувиар буурсан, 2004 онд 61.51 хувь болж 4.5 хувиар багассан байна.
Намын нэр |
1996 |
2000 |
2004 | |
1 |
Нэрийн жагсаалтанд бичигдсан сонгогчийн тоо |
1061800 |
1105400 |
1084249.7 |
2 |
Санал өгсөн сонгогчийн тоо |
765.4 |
728.8 |
666922 |
3 |
Санал өгсөн сонгогчийн хувь |
72.1 |
65..9 |
61..51 |
Орон нутгийн сонгуульд тухайн газарт оршин суудаггүй, амьдардаггүй, бүртгэлгүй гэсэн шалтгаанаар маш олон сонгогч саналаа өгч чадсангүй. Бидний судалгаагаар лавтайяа есөн бүлэг хүмүүс сонгуульд саналаа өгч чадаагүй ба тэд нийт сонгогчдын 10 хувьд лавтайяа хүрнэ. (Энэ тухай дэлгэрүүлэн манай сайтын “Орон нутгийн сонгууль ба хүний эрх Ч.Тамир” гэсэн өгүүллээс үзэж болно.)
Иргэдийн орон нутгийн өөрөө удирдах байгууллагын талаар ойлголт тун бүрхэг байна. Мөн бодит байдал дээр иргэдийн өөрөө удирдах хурлын эрх мэдэл тун бага. Үүнийг багцлан өгүүлбэл хууль эрх зүйн системд өөрчлөлт оруулж иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдлийг бодитой болгох, мөн иргэдэд шаардлагатай мэдлэг, мэдээллийг системтэй өгөх шаардлага бий.
Тэрчлэн өнгөрсөн сонгуулийн явцад гарсан олон янзын булхай, түүнээс үүдсэн шуугиан нь иргэдэд нөлөөлж тэдний сонгуульд итгэх итгэлийг багасгаж сонгуулийн оролцоонд нөлөөлсөн болно. УИХ-ийн сонгуулийн сүр дуулиантай нүсэр компанит ажил дөнгөж шувтраад орон нутгийн сонгууль үргэлжилж, улмаар Ерөнхийлөгчийн сонгууль эхэлдэг. Yүнийг сонгуулиас залхах гэж нэрлэж болно.
Орон нутгийн сонгуулийн хуулинд сонгуулийн сурталчилгааны хугацааг маш богино болгосон нь сонгуулийн оролцоонд ихээхэн нөлөөлж байлаа.
Нам хүчний харьцаа бүрэлдэн тогтсон нь.
Аймаг нийслэлийн хэмжээнд МАХН нийт 690 суудлаас 444 буюу 64.35 хувийг авсан бол Эвслийн нэр дэвшигчид 179 суудал буюу 25.94 хувьд хүрчээ. Улаанбаатар хотод МАХН-аас нэр дэвшигчид 40 суудлаас 37-г нь авсан бол, Эвслийнхэн дөнгөж хоёр суудал авав. Эвслийнхэн Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн гурван аймагт л ялж Баянхонгор, Баян-Өлгий аймгуудад хүч тэнцлээ. Харин үлдсэн бүх аймгуудад МАХН үнэмлэхүй ялж, суудлын тоо 2000 оноос нэлээд бага, 1996 оноос давсан. Харин Эвсэл 1996 оноос 88 суудлаар бага, 2000 оноос бараг хоёр дахин их суудал эзэлсэн ийм сонин дүр төрх үүслээ.
Намын нэр |
1996 |
2000 |
2004 | |
1 |
МАХН |
358 |
569 |
444 |
2 |
Эх орон ардчилал эвсэл |
324 |
/94+15/ 109 |
236 |
3 |
Бие даагч |
15 |
9 |
Сумын төвшинд ч гэсэн нийт суудлын 56.24 хувийг МАХН, 40 орчим хувийг Эх орон-Ардчилал эвсэл, 10 орчим хувийг бусад намаас нэр дэвшигч эзлэв. Чухамдаа сонгуульд эвсэл ялагдахад ямар хүчин зүйлс нөлөөлсөн вэ? Үүнд маш олон хүчин зүйлс нөлөөлсөн бөгөөд үүнийг дараах байдлаар тоочиж болох юм. Юуны өмнө сонгогчдын оролцоотой холбон үзэж болох юм. Дээр өгүүлсэнчлэн шилжин ирсэн хүмүүс, оюутнуудыг санал өгүүлсэнгүй. Орон нутгийн сонгуулийн хуульд зааснаар тухайн орон нутагтаа бүртгэлтэй байнгын оршин суугчид саналаа өгөх ёстой аж. Хэрвээ эдгээр хүмүүс оролцсон бол сонгуулийн дүн тодорхой хувиар өөрчлөгдөж болзошгүй байв. Учир нь эдгээр хүмүүс орон нутгийн удирдлагад шүүмжлэлтэй хандах нь элбэг. Газрын асуудал, хорооны эмнэлэг, мэргэжлийн хяналт зэрэг олон асуудал орон нутгийн төвшинд хуримтлагдаад байсан. Гэвч эл шалтгаан нь дангаараа сонгуульд ялагдсан хүмүүсийг тайвшруулахад хүрэлцэхээс судлаачдын хувьд хангалттай биш юм. Эвсэл ялагдсаныг ингэж нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь хэтэрхий хялбарчилсан хэрэг болно. Хэрвээ сонгуульд оролцоогүй хүмүүсийн ихэнхи нь эвслийг дэмждэг гэж үзвэл сонгуулийн ирц хамгийн өндөр байсан газарт эвсэл ялалт байгуулах ёстой болно. Гэтэл ирц хамгийн өндөр байсан газруудад Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан МАХН үнэмлэхүй ялалт байгуулсан нь нэгэн утгатай тайлбарыг үгүйсгэх үндэслэл болж өгнө.
Хоёрт: Орон нутгийн сонгууль ба их хурлын сонгууль хоёрын хоорондын зай нь хэт ойрхон байгаа. Тиймээс эхний сонгуулийн дүн хөвдөг сонгогчдын зарим хэсгийн санал эргэж савлан МАХН-ыг дэмжихэд хүргэсэн. МАХН-д санал өгөхөд хүргэсэн. Yүнийг эсрэг шок гэж нэрлэдэг. Мэдээж үүнтэй зэрэгцэн өмнөх сонгуульд МАХН ялсан Сүхбаатар, Хэнтий зэрэг газар эвсэл ялсан нь үүнийг нотолдог.
Гуравт: Мөн сонгуулийн дараа өрнөсөн бүхий л үйл явдал тухайлбал, хуучин ба шинэ парламентын зөрчил, Ерөнхийлөгчийн байр суурь, МАШСН-ын байр суурь, Ерөнхий сайдын төлөөх тэмцэл, А.Гүндалайн мэдэгдэл, эвслийн 10.000 төгрөгийн талаар шуугисан зэрэг нь эвслийнхэнд ашиггүй байсан ба сонгуульд нөлөөлсөн. Тийм ч учраас иргэдэд улстөрийн макро төвшний үзэгдэл нөлөөлж үүнийг сонголтынхоо шалгуур болгон тавьснаас сонгуульд нөлөөлсөн. Иргэд дээрх үйл явдлыг үнэлгээний шалгуур болгож тавьснаас орон нутаг дахь газар өмчлөх үйл явц, авилгал, хүнд суртал зэрэг иргэдийн хувьд хамгийн чухал зовлонг анзаарсангүй өнгөрөв.