Д.Оюунцэцэг /”Ардын эрх” сонины сэтгүүлч/
Монголд 1990 онд ардчилсан хувьсгал өрнөн 70 жил ноёрхсон ганц нам, нам төвтэй төрийн дангаар эзэгнэл дуусгавар болсон билээ. Мөн оны эхээр МоАХ-ноос МоАН, Ардчилсан социалист хөдөлгөөнөөс МСДН, Шинэ дэвшилт хөдөлгөөнөөс МҮДН үүсч Чөлөөт хөдөлмөрийн нам, Монголын ногооны нам шил даран төрсөн юм. Ингэж Монголд олон намын тогтолцоо үүсэх нөхцөл бүрдсэн тул 1990 онд АИХ-ын тэргүүлэгчид зарлиг гарган Улс төрийн намуудын тухай хуулийг гаргажээ. Өдийг хүртэл энэ хуульд парламентын намын тухай ойлголтын талаар нэмэлт оруулснаас өөр засвар хийгээгүй байна. Улс төрийн тухай ойлголт орвонгоороо өөрчлөгдөн эдийн засаг, нийгмийн амьдрал, цар хүрээ хувьссан ч Улс төрийн намуудын тухай хуульд гар хүрэлгүй мартсан мэт байв. Харин УИХ 2005 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр уг хуулийг Улс төрийн намын тухай хууль болгон нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчлэн найрууллаа. Ийнхүү 1992 онд батлагдсан Үндсэн хуулиас ах хуульд өөрчлөлт оруулав.
Шинэчлэн найруулсан хуулиар нам байгуулах шалгуурыг илүү өндөр босготой болгож өгчээ. Өмнө нь 801 хүний гарын үсэг цуглуулсан л бол Улсын Дээд шүүхэд өргөдлөө гаргаад л нам байгуулж, санаачлагч нь намын дарга болдог байв. Өнөөдөр ийм маягаар байгуулагдсан 20 гаруй нам Монголд байдаг гэх боловч парламентад суудалтай намууд, сонгуульд тогтмол оролцож нэрээ гаргадаг цөөн хэдэн намаас бусад нь нэр, дарга, туг, тамганаас өөр зүйлгүй, тогтсон хаяг, утас, байршил ч үгүй гэхэд хилсдэхгүй. Хуулийн төслийг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүдийн зүгээс шинээр байгуулах намын гишүүдийн тоог 801 биш 4001-ээс 20000 хүртэл байлгах санал гарч байсан. Гэвч Монголын хүн ам цөөн, нам байгуулах хүний тоог нэмбэл насанд хүрсэн бүх хүнийг намын харьяалалтай болгоход хүрнэ гэсэн саналууд давамгайлснаас 801 гэсэн тоог хэвээр үлдээсэн юм. Гэхдээ нам байгуулах тухай өргөдлөөс гадна намын нэр, бэлгэдэл, далбаа, мөрийн хөтөлбөр, намын гүйцэтгэх байгууллагын оршин байгаа хууль ёсны хаяг, аймгийн гуравны нэгд намын байгууллага байгуулсан тухай шийдвэр, тэдгээрийн хууль ёсны хаяг, 801-ээс доошгүй гишүүний бүртгэл зэргийг шаардах боллоо. Ингэснээрээ нутаг нуга, хамаатан садан, найз нөхөд, нэг компани, албан байгууллагын нам үүсэхээс сэргийлжээ.
Намын хөрөнгө, санхүү гэж хэнд ч хянагддаггүй зүйл байдаг. Зөвхөн сонгуулийн үеэр л зарцуулсан хөрөнгийн тойм тооцоо, хандивын хэмжээг зарласнаар хязгаарлагддаг. Тэгвэл шинэ хуулиар үүнд хөндлөнгийн хяналт бий болгох зорилгоор намын санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр аудит хийлгэн баталгаажуулж байх тухай заалт оруулсан байна. Үүнтэй уялдуулан санхүүгийн тайлангаа аудитын байгууллагаар заавал баталгаажуулах байгууллагын тоонд улс төрийн намуудыг оруулахаар Аудитын тухай хуульд нэмэлт оруулж байгаа юм.
Үйл ажиллагаагаа зогсоосон буюу бусад намтай нэгдэж нийлсэн намын хуучин нэрийг авч сэргээн хэргэлэх тохиолдол цөөнгүй гардаг. Хамгийн сүүлийн жишээ гэвэл оны эхээр МСДН-ыг сэргээн байгуулснаа зарласан явдал. Харин шинээр батлагдсан хуулиар нам үйл ажиллагаагаа зогсоосон, нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсан, тарсан, нам нэрээ өөрчилсөн бол тэдгээрийн бүтэн болон товчилсон нэрийг шинээр байгуулагдсан болон өөр бусад нам 24 жилийн турш дахин хэрэглэхийг хориглолоо. Хууль батлагдахын өмнөхөн Ардчилсан намд нэгдсэн МСДН-ын экс удирдлага шинээр бүртгүүлсэн МСДН-ын тухай асуудлаар Улсын дээд шүүхэд хандахаа мэдэгдсэн. Тэд тус намын нэрийг Ардчилсан намын оюуны өмч гэж үзэж байгаа юм.
Хуульд орсон нэг сонирхолтой өөрчлөлт бол шинээр мэндэлсэн намууд хэдийд сонгуульд оролцож болохыг хугацаагаар зааж өгсөн явдал. Одоог хүртэл мөрдөж ирсэн жишгээр бол сонгуулийн жилд улс төрийн шинэ намууд борооны дараахь мөөг шиг дараа дараагаар “мэндэлдэг”. Нялх намууд хэнд ч танигдаж амжаагүй байж олны мэдэх нэг хоёр эрхмийг “урвуулж” аваад л сонгуулийн дажинд морддог байв. Өнгөрсөн жил болсон УИХ-ын сонгуулийн кампани зарлагдчихаад байхад Монголын эмэгтэйчүүдийн нам байгуулагдаж 76 тойрогт нэр дэвшүүлэхээ зарлаад байв. Тус намыг сонгууль зарлагдсаны дараа бүртгүүлсэн гэдгээр сонгуульд оролцуулаагүй. Тэгвэл шинэ хуулиар хөлд орж тэнцээгүй “нялх” нам сонгуульд өрсөлдөхгүй боллоо. Нам үүсгэн байгуулагдаж Улсын Дээд шүүхэд бүртгүүлснээсээ хойш 18 сар буюу жил хагасын дараа УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд оролцож болох нь. Харин энэ заалт өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаад өөрчлөн байгуулагдаж шинээр бүртгүүлсэн намд хамааралгүй аж.
Шинэчлэн найруулсан хуулиар намд зориулж нэг удаа өгөх хандивын хэмжээг тогтоолоо. Тухайн намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс нэг сая төгрөгөөс хэтэрч болохгүй гэжээ. Сонгуульд ялалт байгуулсан намууд хандив өгсөн хэмжээгээр нь гишүүдээ ялгаварлан албан тушаал, ажил төрөл амладаг, хандив өргөсөн нь ч сандал суудал худалдан авдаг болсон нь нууц биш. Сая батлагдсан хуулиар намд хандив өгснийхөө төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хориглосон байна. Хандивлагчид намын нэг байгууллагад жилд хоёроос илүү удаа хандив өгөхийг хоригложээ.
Өмнө нь сонгуульд ялалт байгуулсан намын парламент дахь суудал бүрийн тоогоор төрөөс мөнгөн дэмжлэг үзүүлдэг байсан. Харин одоо сонгуульд авсан хүчинтэй нэг саналыг 1000 төгрөгөөр тооцон УИХ-д суудал авсан намд нэг удаа мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болов. Мөн УИХ-ын гишүүний нэг суудлыг жилд 10 сая төгрөгөөр тооцон УИХ-ын нэгэн бүрэн эрхийн хугацаа буюу дөрвөн жилд улирал тутам санхүүжилт олгохоор болжээ. Үүний таван саяыг тухайн гишүүний сонгогдсон тойргийн ажилд зарцуулах аж. Харин бие даан сонгогдсон гишүүдэд энэ мөнгөн дэмжлэг олдохгүй.
Үйл ажиллагаагаа зогсоохыг хүссэн нам тухайн намынхаа эрх барих дээд байгууллагын шийдвэрээр зогсоож түүнээсээ хойш ажлын таван өдөрт багтаан Улсын Дээд шүүхэд бичгээр мэдэгдэж байхаар хуульчилжээ. Улсын Дээд шүүх ч ажлын таван өдөрт багтаан тухайн намыг бүртгэлээс хасч нийтэд мэдээлэх юм байна. Улс төрийн намын хуулийг удаа дараа зөрчсөн намыг тараах шийдвэрийг Улсын Дээд шүүх гаргаж байхаар болов. Сонгуулийн үед нэр нь дуулдаад бусад үед ичээнд “дугжирч” байдаг олон нам бий. Тэд ингэж тайван суух эрхгүй боллоо. УИХ-ын дараалсан гурван удаагийн сонгуульд оролцоогүй юм уу оролцсон ч суудал аваагүй бол тэр нам хүссэн хүсээгүй хаалгаа барих л болох нь. Намын тухай хууль зөрчигчдөд эрүүгийн хариуцлага хүлээлгээд зогсохгүй 20 мянгаас 250 мянган төгрөгийн мөнгөн торгууль хүлээлгэхээр боллоо. Иймэрхүү томоохон өөрчлөлтийг Улс төрийн намын тухай хуульд тусгасан байна.