Рентийн тогтолцоо ба улс төрийн намууд

A- A A+
Рентийн тогтолцоо ба улс төрийн намууд

Д.Энхбат

Монголын улс төрд чухам юу болоод байна вэ? Улс төрийн намуудын нэр хүнд яагаад ингэж ихээр унах болов? Авилга, хээл хахууль цар хүрээгээ эрчтэй тэлсээр байгаагийн учир шалтгаан юунд байна? Яагаад ядуурал улам ихэссээр байна, түүнийг зогсоох арга харагдана уу зэрэг олон асуултыг бид өнөөдөр өөрсдөөсөө асууж байна. Улс төр судлаачид Монголын нийгэм бүхэлдээ системийн хямралд орсон тухай ч ярих боллоо.
Олон нийтийн мэдээллийн сувгуудаар ярьж, бичиж байгаагаар бол энэ бүгдэд нэр бүхий тодорхой хүмүүс, нам, бүлэглэл буруутай, манай нийгмийн хямрал нь тэдний сонирхлын зөрчилдөөн, хуйвалдааны шууд үр дагавар юм байна.
Үнэхээр манай нийгэм бүхэлдээ хямарч байна уу, хэрэв тийм бол ардчиллын арван таван жилийн дараа бид юун хямралд орчихов гэсэн асуулт гарч ирнэ.
Бид хариултыг улс төрийн хүрээнээс, бүр тодруулбал, хямралын учир шалтгааныг улс төрийн лидэрүүдийнхээ үйл ажиллагаа, хувь хүмүүсийн алдаа дутагдалаас буюу субьектив хүчин зүйлүүдээс илүүтэйгээр хайж байна. Мэдээж хэрэг, субьектив хүчин зүйлс маш их нөлөөтэй ч системийн хямралын гол шалтгаан болж чадахгүй. Манай улс төрийн лидерүүд нь зөвхөн цаг үеийнхээ захиалгаар гарч ирсэн  хүмүүс билээ. Иймд субьектив хүчин зүйлсийг илүүтэйгээр харах нь бидний сэтгэлгээний дутагдал болов уу.
Монголд үнэхээр нийгмийг хамарсан системийн хямрал болж байна, гэхдээ энэ үйл явц улс төрийн түвшнээс илүү гүнд, нийгэм-эдийн засгийн тогтолцооны буюу формацийн түвшинд явагдаж байгаа бололтой. 
Дүгнэлтээ шуудхан хэлбэл, өнөөдөр Монголчууд бид капитализмын эдийн засагтай ардчилсан нийгмийг байгуулахыг зорьж байгаа боловч хүчтэй эзэдтэй учир амь бөхтэй оршсоор байгаа феодалын нийгмийн улс төр, эдийн засгийн рентийн тогтолцооноосоо салж чадахгүй байна. Монгол улс феодализмаас (коммунизмд хүрэх оролдлогоо дутуу орхин) капитализм руу шилжих гэж хямарсаар байна.
Монгол улс феодализмдаа байсаар байгаа гэж хэлж байгаа юм уу гэж олон хүн дургүйцэн асууж байж болох юм. Тийм ээ, бид феодализмаас бүрэн салах болоогүй л байгаа бололтой.  Эдэлж хэрэглэж буй гар утас, компьютер, унаа тэрэг, өмсөж буй костюмаар нь үнэлбэл бид үнэхээр 21-р зуунд амьдарч байгаа нь үнэн боловч энэ бүгд нь үндсэндээ даяаршиж буй дэлхий ертөнцийн нөлөөлийн үр дүн юм. Монголчууд бид хоорондын харилцаандаа, шинжлэх ухааны хэллэгээр, нийгмийн баялгийг үйлдвэрлэх, хуваарилах тогтолцооны түвшиндээ  феодалын нийгэмд байдаг улс төр, эдийн засгийн рентийн суурь харилцааг хадгалсаар л байна.
Рентийн гэж засаг, төрийн эрх мэдлийг хуваан түрээслэж, түрээслэгч нь ур эрх мэдлээ ашиглан өөртөө нийгмийн баялгаас төрийн нэрээр илүүтэйгээр хуваарилан авах тогтолцоо юм. Түрээслэгч нь түрээслүүлэгчдээ татвараа л цаг хугацаанд нь төлсөн бол өөрийн эзэмшилдээ бүхнийг өмчилж, бүгдийг захирна. Ийм тогтолцоо нь дундад зууны үеийн хаан, түүний харьяаны жижиг хаадын хооронд эрх мэдэл, баялгаа хуваан эзэмших харилцааны суурь болж байсан билээ. 
Түүхээс эргэн санавал, Европт хамгийн сүүлд буюу 1861 онд хамжлагат ес, рентийн суурь тогтолцоогоо халснаар Орос улс капитализмд шилжсэн гэж бичдэг. 17-18-р зуунд Сибирийн өргөн уудам нутгийг эзэлснийхээ дараа түүнийг өмчилж,  авч явах нь Оросын хаанд үнэхээр хүнд хэцүү байсан нь ойлгомжтой. Иймд энэ их нутгийг олон мужид хуваан, амбан захирагчдийг томилон тэдэнд газар нутгаа ард иргэдтэй нь хамт түрээсээр өгч удирдуулж байсан гэдэг. Энэ том нутаг нь Оросын хамжлагат ес удаан хугацаанд оршин тогтнох гол шалтгаан байсан гэж үздэг.
Дундад зууны ихэнх улсууд ч тухайн үедээ дээрхтэй адил тогтолцоотой байсан юм. Амбан захирагч нар нь эзэн хаандаа тодорхой цагт тодорхой хэмжээний татвар түрээсээ төлсөн л бол бусад үед нь өөрийн муждаа хэмжээгүй эрхэт хаан мэт байдаг байсан. Тэд энэ эрх мэдлээ эзэн хаанаасаа түрээслэн авснаар тэдний хооронд рентийн харилцаа тогтдог байжээ. Ийм харилцаа нь феодалын улс төр, эдийн засгийн тогтолцооны гол суурь болж байсан юм. Феодалын нийгэм хөгжихийн хэрээр түүний гүнд эхлээд меркантил буюу худалдаа наймааны, дараа нь үйлдвэрлэлийн капиталын  харилцаа үүссэнээр улс орнууд капитализмд шилжин орсон гэдэг.
Монгол дахь улс төр, эдийн засгийн рентийн тогтолцооны эзэд нь эрх баригч улс төрийн намууд юм. Үеээ өнгөрөөсөн энэ тогтолцоо нь өнөөгийн Монголын нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагад огт нийцэхгүй байгаа учир нийгэм системийн  хямралд орж байна. Рентийн хуваарилалтын пирамидыг бүрдүүлэгч болсон улс төрийн намууд шинэчлэгдэж чадалгүйгээр нийгмийнхээ хөгжлөөс хоцорч, түүнд  саад бологч гол хүчин зүйл болон хувирч байна.
Рентийн тогтолцоотой нийгэмд иргэн хүний нийгмийн баялгаас хүртэх хувь хэмжээ нь баялгийг үйлдвэрлэх, бүтээхэд оруулсан үнэлэмжээр бус харин эрх мэдэл, хуваарилалтын пирамид буюу засгийн эрхийг барьж буй намд эзлэх байр сууринаас хамаарч байна.
Социализмын жилүүдэд Монголд улсын өмч ноерхож байсан гэж ярьдаг. Энэ ч бас буруу тайлбар болов уу. Тэр үед Монголд улсын өмч бус харин эрх баригч намын корпоратив өмч байсан гэж хэлэх нь зөв байх. МАХН буюу хөрөнгийн эзэн нь тэр үеийн Засгийн газар, Ерөнхий сайдыг томилж, (улс ардын) аж ахуйгаа хариуцуулдаг байсан. 1991 онд ардчилсан хувьсгал ялснаар МАХН энэ эрх мэдлээсээ түр зуур салсан ч хүч чадал нь сэргэхийн хэрээр улсын гэж нэрлэгдэх өмчийн ихэнхийг буцаан хянах болсон билээ. Энэ өмч хэсэг хугацаанд эзэнгүйдэж, сүйрч эхэлсэн боловч аажмаар МАХН болон түүний гол өрсөлдөгч намуудын хүчний харилцааны дагуу дахин хуваарилагдах болсон юм.
Өнөөдөр, Монгол улсын хөрөнгийг (улсын төсөв, доноруудаас өгч буй мөнгө г.м.) захиран зарцуулах эрх мэдэл үндсэндээ рентийн тогтолцооны дагуу хуваарилагдаж байна. Төрийн эрх авсан хүчнүүд одоохондоо улс орныг удирдах засаглалын шинэ системийг бий болгож чадахгүй байгаа учир Монголд өнөөдөр хамгийн энгийн буюу эрх мэдлийг рентээр хуваарилах зарчим үйлчилж байна. Эрх баригчид шинэ системийн оронд пирамидыг хамтран эзэмших өөр хувилбарыг гарган ирж байна.
Рентийн тогтолцооны дүрмийн дагуу хөрөнгө мөнгөтэй холбоотой төрийн бүх албан тушаал өөрийн үнэ өртөгтэй болж, түүнийг нь төлж, албан суудлаа худалдан авсан хүмүүс тэрүүхэн хавьдаа Монгол улсын хэсэг хөрөнгийг өөрийн хөрөнгө мэт захиран зарцуулж, мөн дараагийн шатны хүмүүстээ эрх мэдлээ хэсэгчлэн түрээслэх замаар пирамид үүсч өсөн томорч байна. Пирамидын чухам аль давхарт байр суурь эзэлсэнээс хувь хүмүүсийн нийгмийн баялгаас хүртэх  хэмжээ хамаарна.
Төрийн эрх мэдэл, албан тушаалыг түрээсээр хуваарилах ийм тогтолцоо нь улс орныг ядууруулж, баялаг үйлдвэрлэх оч, галыг унтрааж байна. Ийм төрийн дарамтыг иргэн бүр мэдэрч байна. Ийм пирамидын гадуур бизнес хийх бололцоо улам бүр хумигдаж бизнесмэнүүд аажмаар пирамидаас хувь хүртэх нь үйлдвэрлэл эрхлэхээс ашигтай гэж ойлгох боллоо. Тэд албан тушаалд хөрөнгө оруулах нь хамгийн ашигтай, хамгийн ирээдүйтэй бизнес гэж дүгнэж байна.
Харамсалтай нь, хүн төрөлхтөний түүхэнд үеээ нэгэнт өнгөрөөсөн энэ тогтолцоо нь бүтээсэн баялгаараа өрсөлдөж буй шинэ ертөнцөд биднийг үргэлжийн ядуу, мөнхийн хоцрогдсон байх хувь тавилантай болгож болзошгүй юм.
Улс төрийн намууд улс орныг авч явах шинэ үзэл бодол, ардчилсан төр, засаглалын шинэ тогтолцоог бий болгож чадахгүй байна. Ардчилсан хүчин 1991 онд нийгмийг шинэчлэх хувьсгалыг хийсэн боловч нийгмийн хөгжлийг тэргүүлэн явах улс төрийн шинэ намын бүтэц, загварыг бий болгож амжсангүй. Тэд рентийн пирамидыг халахаар тэмцэхийн оронд түүнийг булаалдагч, түүнийг эзэмшихийн төлөөх  өрсөлдөгч ердийн нэгэн болж хувирч байгааг бид харж байна. Ардчилсан намын өнөөгийн хямрал бол энэ үйл явцын үр дүн болов уу.
Авилга Монголд цэцэглэж буйг бид бүгдээрээ мэднэ. Бид авлигачидтай тэмцэж байна. Харин эдийн засгийн үр үндсийг нь бүрэн олж харж чадахгүй байна. Рентийн тогтолцоо нь манай нийгмийн суурь харилцааг тодорхойлсоор байгаа юм бол дээшээ татвараа төлж, доороосоо татвараа хураан авч явах нь энэ тогтолцооны дотоод дүрмийн дагуу явагдаж байгаа эдийн засгийн харилцааны ердийн хэлбэр юм биш үү. Ардчилал, шударга есыг дэлхий нийтээр эрхэмлэх болсон өнөө цагт бид ийм үйлдлийг гэмт хэрэг гэх боловч бодитоор оршсоор байгаа рентийн тогтолцоо, албан тушаал хуваарилалтын энэхүү пирамидыг авилгагүйгээр төсөөлөх боломжгүй юм.
Улс төрийн намуудыг эрс шинэчилж, бүтээгчид, үйлдвэрлэгчдэд илүү бололцоо олгосон шинэ, шударга тогтолцоог эрчимтэй хөгжүүлэхгүйгээр бид ядуурлаас ч гарч чадахгүй, авилга хумигдах эдийн засгийн суурь нөхцлийг ч нийгэмд бий болгож чадахгүй бололтой. Үйлдвэрлэгч буюу зах зээлд өрсөлдөн баялаг бүтээгчдэд авилга ашиггүй. Тэд олонхи болохын хэрээр эрх мэдлийн шинэ хуваарилалт явагдах болно.
Улс төрийн намуудын хоцрогдол нь улс үндэстний эрх ашиг, бидний өдөр тутмын амьдралтай шууд холбоотой асуудал учир намын шинэчлэл бол зөвхөн тухайн намын дотоод хэрэг биш  юм гэдгийг бид ойлгож эхэлж байна. Улс төр, эдийн засгийн ухааны суурь судалгаа, Монголын нийгмийн хөгжлийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн улс төрийн намын шинэ загварын тухай онолын сэтгэлгээг хөгжүүлэхгүйгээр бид энэ хямралаас гарах замаа амар олохгүй болов уу.