МУИС-ийн Социологийн тэнхмийн багш, магистр Ч. Тамир
Даяарчлагдаж байгаа дэлхий ертөнцийн нэг хэсэг болохын хувьд постсоциалист Гүрж, Украйн, Киргиз зэрэг олон оронд тохиогоод байгаа иргэний хөдөлгөөн, хувьсгалт тэмцлийн замыг Монголын ард түмэн сонгож авахад хүрээд байна. Тийм ч учраас ажиглагчид өдгөө Монголчууд наад зах нь радикал шинэчлэлийн өмнө цаашилбал хувьсгалын босгон дээр тулж ирээд байна гэсэн дүгнэлтийг хийх болсон нь үндэслэлгүй зүйл огт биш юм. Улиран өнгөрч буй 2005 онд болж өнгөрсөн олон баримт, жишээ нь уг асуудлын зөвхөн гадна талыг харуулах бөгөөд энэ бүхний цаана тодорхой зүй тогтол, учир шалтгаан, уялдаа холбоо бий гэдэг нь тодорхой.
2006 он эхэнд Засгийн газрыг огцруулсан томоохон шийдвэрийг парламент гаргалаа. Ийм шийдвэр гаргаснаар асуудлыг намжаах биш улам дэврээж орхилоо. Энэ нь нэг талаас нүүрлэж буй хямралын нөхцөл байдлыг улстөрчид, намууд бараг өнөөдрийг хүртэл бодитойгоор үнэлэхгүй байгааг харуулна. Нөгөөтэйгүүр Монголд өнгөт хувьсгал хэрэггүй гэсэн хүслээс цаашгүй, цаашилбал асуудлыг зөвхөн хэн нэгний явуулга гэж үзэхээс хэтрэхгүй байгаатай холбоотой юм. Гэтэл үүсээд байгаа хямралын нөхцөл байдлын тухай бид өмнө нь бичиж байсан. (“Иргэний хөдөлгөөнөөс хувьсгалт шинэчлэл рүү”. 2005 forum.mn, “Улстөрчдөө миний нүдээр амьдралыг минь хараач”, Өнөөдөр 2005-12-15) Харамсалтай нь эрх мэдэлтнүүүд үүнийг огтхон ч анхаарахгүй байна, тэд ихэмсэг байна, бардам байна, нэгийг ярьж шал өөрийг хийж байна, тэд ард түмнийг хайхрамжгүй нүдээр харж байна. Тэд миний дараагаар үер буусан ч хамаагүй гэж бодож байна. Ийм дүр зураг нь ихээхэн танил юм. Хэрвээ та түүх сөхөн үзвэл нийгмийг доргиосон өөрчлөлт, хувьсгал бүрийн өмнө эрх мэдэлтнүүд ийм л төрхтэй байдаг. Гэвч ард түмэн тэдний хайхрамжгүй занг ажиглаж байна, анхаарч байна, мэдэрч байна, бухимдаж байна.
Хувьсгал гэж ярихлаар манайхан ихээхэн эмзэглэдэг. Энэ нь хувьсгал гэдэг үгийг шинжлэх ухааны нарийн төвөгтэй ойлголт болохынх хувьд нэг мөр тодорхойлолт өгөхөд бэрхшээлтэй, мөн хувьсгалыг зөвхөн хувьсгалт хүчирхийлэл гэсэн марксист утгаар нь ойлгодогтой холбоотой. Бид Монгол орон иргэний хөдөлгөөнөөс хувьсгалт шинэчлэлийн босгон дээр байна гэсэн дүгнэлтийг сэтгэл хөдлөл, тодорхой эрх ашгийг хамгаалах үүднээс хийгээгүй. Засгийн газар огцорсон явдал нь томоохон үйл явцын зөвхөн эхлэл, тиймээс алдарт Францын хувьсгалаар жишээ аван, Монголчууд хувьсгалын өмнөх нөхцөл байдалд байна гэдгийг нотлон харуулахыг хичээлээ. Ингэхдээ бид Монголд өрнөж байгаа үйл явдлыг зөвхөн аль нэг улстөрийн хүчний буруу гэж үзэхээс зайлсхийж ерөөсөө нийгэмд үүсээд байгаа бодит байдлыг тайлбарлах, мөн түүнээс гарах зарим нэг хувилбарыг санал болгохыг хичээсэн юм. Ингэхдээ Word history: the human experience, Д.Наранцэцэгийн Францын хөрөнгөтний хувьсгал зэрэг номноос холбогдох ишлэлийг авсан болно.
Францын хувьсгал ба Монголын нийгэм
Барууны түүхчдийн судалгаагаар Францын хувьсгал гарахад хүрсэн хүчин зүйлс нь өлсгөлөн, ядуурал, төрийн албаны ялзрал, төсвийн хэт их зардал, дааж давшгүй татварын тогтолцоо, улс төрчдийн болчимгүй шийдвэр зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлжээ. Францын хувьсгал гарахад нөлөөлсөн эдийн засгийн ерөнхий хүчин зүйл ядуурал, өлсгөлөн байв. Ялангуяа иргэд ургац алдсан жил үнэ нэмэгдсэнээс талхны бослого гарч байсан нь манайд автобусны үнэ нэмэгдсэнтэй ижил. Харин Монголд ядуурал ноёрхож иргэдийг туйлдуулж байна. 2004 онд гаргасан судалгаагаар хүн ам доод хязгаараар 36.1, дээд хязгаараар 56.1 хувь нь ядуу байгаа бөгөөд хүн амын хамгийн чинээлэг давхрааны хэрэглээ хамгийн ядуу хэсгийнхээс 5.5 дахин их, эрүүл мэнддээ зарцуулдаг зардал 7 дахин, боловсролдоо зарцуулдаг зардал 60 хувиар илүү байна.
Францын хувьсгалын өмнө төр санхүүгийн гүнзгий хямралд ороод байв. Жишээлбэл XVI Людвиг хаан Версаль дахь ордондоо түүнийг зугаацуулах, мэдээлэл дамжуулах, гадны ямар нэгэн зүйлээс хамгаалах үүрэг бүхий 20000 гаруй зарцтай байв. Монголд ч гэсэн ижил юм. Судалгаанаас үзэхэд 1996-2000 онд Засгийн газар 8 яам, 9 сайдтай ажиллаж байсан бол 2000-2004 онд 11 яам, 13 сайд, мөн дэд сайдтай, 2004-2006-1 сар хүртэл 14 яам 18 сайд, мөн дэд сайдтай болж өргөжжээ. Өөрөөр хэлбэл 2004-2006 онд социализмын үеийн 1990 онд татан буугдсан яамдаас ч илүү нүсэр болжээ.
Чухамдаа Францын хувьсгалын үед татварын шударга бус систем үйлчилж байсан бөгөөд язгууртнууд хөнгөлөлт эдэлдэг. Тийм ч учраас XVI Людвигийн санхүүгийн ерөнхий хянан шалгагч Калонне дэв, намтар, үе, удмын ямар нэгэн давуу байдлыг үл хадгалан бүх хүнээс татварыг шударга авах саналыг дэвшүүлсэн нь хатуу реформд тооцогдож байв. Тэрээр төлж байгаа татвар нь тариачдын хувьд дааж давшгүй хүнд ачаа болж байхад I ба II давхаргынхан нийгмийн баялгийн ихэнхи хувийг эзэмшдэг мөртлөө ямар ч татвар төлөхгүй байна гэж шүүмжилжээ. Тийм ч учраас Калонне огцорсон юм. Монголын татварын тогтолцоог шинэчлэх ажил сүр дуулиантай хийгдэж татварыг нэг шатлалтай болгоно гэсэн лобби давамгайлж байгаа. Үүнийг Н.Дорждарь шууд татварын хувь хэмжээ нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь бага орлоготой хүмүүст хүндээр тусахаар байна хэмээн дүгнэсэн нь бий. Нөгөө талаас бизнесменүүд татвар их гэж гомдоллодог ч үнэн хэрэгтээ татвараас зугтах аргаа үргэлж олдог, төр нийт татварын ихэнхийг хөлсний хөдөлмөр эрхэлдэг хүмүүсээс бүрдүүлдэг. Жишээлбэл төр нийгмийн даатгалын шимтгэлийг ихэсгэвэл компаниуд ажилтнуудаа гэрээт болгочихно.
Тэртээ хувьсгалын жилүүдэд төрийн санхүүгийн хямрал дээд цэгтээ хүрч 1786 онд банк ядарсан засагт мөнгө зээлдүүлэхээ зогсоосноор асуудал бүр хурцаджээ. Төрийн төсвийн хэт их зардал ордны баян тансаг байдлаараа Францын Версалийн ордон дэлхийд алдартай байлаа. Эрх мэдэлтнүүдэд гедонизм ноёрхож албан тушаалыг худалдан авч, үе дамжуулж байв. Гэтэл Монгол орон дэлхийн хамгийн ядуу орны нэг мөртлөө төрийн албаныхны үнэтэй машин, гедонизмыг эрхэмлэдэг түшмэд, бараг салбар бүрээр байдаг яамдууд шударгаар хөдөлмөрлөж татвараа төлж байгаа иргэдийн хармаан дээр тогтоно. Эрх мэдэлтнүүд феодалийн үе залгамжилсан тогтолцоог бий болгож төрийн албан тушаалыг цүнхтэй мөнгөөр худалдаж авна. Нийгмийн баялгийн хуваарилалт шудрага бус явагдаж плутократ засаглал ноёрхож мөнгөний төлөө хүмүүс юу хийхээс буцахгүй болжээ.
XYIII зууны Францад эрх мэдэлтнүүд хэт их авилгалд нэвчиж төрийн албан тушаалыг шууд худалдаж байлаа. Тухайлбал хааны нарийн бичгийн даргын албан тушаал хувьсгалын жилүүдэд 300000 ливрээр үнэлэгдсэн байдаг. Тэгвэл өдгөө Монголд аль нэг салбарын сайдын албан тушаал ямар үнэ хүрдэг бол? Зарим хэвлэлд бичээд байгаа шиг 500 сая төгрөг уу? Мэдээж үүнд ялгаа бий. Францад томоохон албан тушаалыг худалдаж түүгээр улсын санхүүг нөхдөг байсан бол манайд төрийн албыг худалдсан мөнгө олигархуудын хармаанд ордог.
Францын хувьсгал гарахын өмнө нийгэмд ялгарал маш их ангийн системд хуваагдаж байсан бөгөөд бүх хүмүүс гурван зэрэглэлд (estate) хуваагдаж байв. Үүнд I зэрэглэл, хүн амын дөнгөж 1 хувийг эзлэх бөгөөд католик шашны лам нараас голдуу бүрдэж байв. Тэд маш их эрх дархыг эдлэх ба Франц даяар нийт газар нутгийн 10 хүртэл хувийг эзэмшиж байв. II зэрэглэлийнхэн нийт хүн амын 2 хувийг эзэлдэг ч маш өргөн эрх дарх, нийт газар нутгийн 25 хувийг эзэмшдэг, язгууртнууд, засгийн газрын болон цэргийнхэн гол төлөв бүрдүүлдэг. III давхарга нь нийгмийн хамгийн том дунд анги бөгөөд эмч, гар урлалынхан, хуульч, худалдаачин, дөнгөж төрж байсан хөрөнгөтөн зэрэг юм. Тэд газар нутгийн 40 хувийг эзэмшиж байсан ч маш олон төрлийн алба татварыг үүрч байсан учраас амьдрал нь маш хүнд олонхи нь Парисийн ядуучуудын хороололд амьдардаг, улстөрийн хязгаарлагдмал эрхийг эдэлдэг байв. Ургац алдах, хүнд хүчир татвар зэргээс болж нийгэмд өлсгөлөн гарч, шударга бус байдал ноёрхсон нөхцөл байдалд шинээр төрж гарсан хөрөнгөтөн, гар урчууд ер нь ихэнхи хүмүүс өөрчлөлт хийх шаардлагатайг мэдэрч эхэлжээ.
Харин манай оронд 1990 оноос хойш 15 хан жилийн дотор өмч хувьчлалтай холбоотой нийгмийн хэт их ялгарал явагдсан гэдгийг гадны судлаачид өгүүлдэг. Нийгэм дэх баян ядуугийн ялгааг харуулах Жини коэфициент зөвхөн 1995-1998 онд 0.35-0.38 болж өссөн байна. Хэрвээ энэ хурдацаар явсан бол өдгөө 0.40-өөс нэлээд дээшээ гарсан гэж таамаглаж болох юм. Нийгэм дэх эд баялаг, эрх мэдлийг эзэмшиж байгаа хмүүс 3 хувьд ч хүрэхгүй.
1715-1786 оны хооронд бараг 70-аад жилийн турш Франц даяар хөдөө орон нутагт болон хотод ард түмний бослого хөдөлгөөн өрнөж 500 орчим хөдөлгөөн тэмдэглэгдсэнээс хамгийн том нь 1775 оны “гурилын дайн” байв. Чухамдаа талхны, гурилын, газрын, ажилчдын, тариачдын зэрэг олон янзын тодотголыг түүхэнд үлдээсэн юм. 1788 онд ургац алдсанаас талхны үнэ нэмэгдсэн нь хувьсгалын өмнөх нөхцөл байдал, нийгмийн зөрчлийг улам хурцатгасан байна.
Харин Монголчууд ноёд эрх мэдэлтнүүдийн эсрэг цус урсгалгүй ихэнхидээ заргалдаж тэмцэлддэг уламжлалтай. Гэвч шинэ зуунд тэд тэмцлийн арга хэлбэр улам баяжсаар байна. өнөөдөр үүсээд байгаа хөдөлгөөнийг мөн л тэтгэврийн, газрын, авилгалын, шинэчлэлийн гэсэн өнгө төрхийг илэрхийлнэ. Үүсээд байгаа хямралыг улстөр, эдийн засгийн хямрал гэж тодорхойлж болох юм. Тиймээс улстөрийн системийн гол бүрэлдхүүн хэсэг задрахад бэлэн байна. Улстөрийн намууд дотор хөдөлгөөнүүд соёолж эрчээ авч эхэллээ. Цаашид намууд мань үзэл баримтлалаас эхлээд стратеги, дүрэм журам, санхүүжилтаа эргэн харах, тодорхой асуудлыг шийдвэрлэхэд жирийн гишүүдийг оролцуулах механизмыг боловсруулах зэрэг дорвитой өөрчлөлт хийхийг нийгэм шаардаж байна. Ялангуяа санхүүжилтыг зохицуулах маш нарийн механизмыг бий болгохгүй бол байдал өөрчлөгдөхгүй. Судалгаанд оролцсон иргэд намуудыг аль нь ч адилхан гэж үнэлж байна. Цогцолбор шинэчлэл хийхгүйгээр плутократи, олигархуудын засаглалаас бид ангижирч чадахгүй, улс төрчид ч зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй хэвээр байх болно. Ялангуяа постсоциалист орнуудад шил шилээ даран гарсан хувьсгалыг өдөөгч шалтгаан нь булхайтай сонгууль байв. Манай өнгөрсөн сонгуулиуд ч ийм л болсон. Засгийн газар хоёр жилийн давтамжтай хямардаг уламжлалтай боллоо. Хамгийн гол нь бодлого боловсруулах үйл явцад иргэд оролцох ямарч боломжгүй байна. Тйим учраас улстөрийн мэдрэмжгүй, огцом шийдвэрүүд шийдвэр шил шилээ дарсаар байна.
Хямралаас гарах арга зам
Бидний бодлоор нэн тэргүүнд хийх шаардлагатай дараах алхмыг санал болгож байна.
- Иргэдийн оролцоог зохицуулсан хуулийг гаргах: Ингэж иргэд төрдөө үгээ хэлдэг төр нь тодорхой механизмын дагуу, тодорхой дүрэм журмын дагуу түүнийг сонсдог бодлого боловсруулах үйл явцдаа харгалзан үздэг болох нь туйлын чухал юм. Өөрөөр хэлбэл шууд ардчиллыг бэхжүүлнэ гэсэн үг юм.
- Ард нийтийн санал асуулга явуулах: 1995 онд батлагдсан эл хуулийг бараг нэг ч удаа хэрэглээгүй. Тиймээс уг хуульд зарим нэг өөрчлөлт оруулах, мөн уг хуулиар шийдэх асуудлуудын жагсаалтыг батлах. Энэ хуулийг 10 жилийн хугацаанд нэг ч удаа хэрэглээгүй нь Парламент хууль тогтоох эрхээ ард түмэнд шилжүүлэх дургүй байдгийг харуулсан маш сайхан жишээ болж байна.
- Иргэд хууль санаачлах эрхтэй болгох: Үндсэн хуульд заасанчлан Парламентын гишүүдэд санал, гомдлоо хэлснээр, тэдэнд итгэж найдсанаар асуудал шийдэгдэхгүй гэдэг нь газар, ашигт малтмал, татвар, сонгууль, нийгмийн халамжийн хууль зэрэг дээр тод харагдлаа. Иргэд нөлөөлж чадахгүй байна. Иймээс үндсэн хуульд өөрчлөлт оруулж Австри, Польш, Испани лугаа адил иргэд өөрсдөө хэрэгцээтэй хуулиа санаачилдаг, парламент түүнийг хэлэлцэн батлах эсэхээ шийддэг болох төр засаг нь нийгмээ мэдэрч чадахгүй байгаа өнөөгийн нөхцөлд хамгийн оновчтой шийдэл болох юм.
- Улстөрийн намуудад шинэчлэл хийх: Улстөрийн намуудад хийх шинэчлэл маш чухал. Намууд онц их хурлаа хийж, удирдлагад өөрчлөлт оруулах нь хямралаас гарах бас нэгэн арга зам мөн. Үүгээр улс төрийн гол намуудын удирдлагын бүрэлдхүүнийг наад зах нь 50 хувиас илүү, чадвал 100 хувь солих хэрэгтэй юм. Өнөөдрийн байдлаар Ардчилсан намд 4 бүлэг, МАХН 3 бүлэг үүсээд байна.
- УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах механизмыг бий болгох: Үндсэн хууль, УИХ-гишүүний эрх зүйн байдлын тухай хуулиудад зарим нэг өөрчлөлт оруулснаар их хурлын гишүүдэд хариуцлага тооцох механизмыг бий болгох саналтай байна. Магадгүй энэ хуулийг дараагийн шинээр сонгогдох парламентын гишүүдэд хэрэглэж эхэлж болох юм. Магадгүй сонгогчид тухайн гишүүнийг эгүүлэн татах саналыг Парламентат оруулдаг, Парламент түүнийг хэлэлцэн шийддэг байж болох юм. Их хурлын гишүүдийг эгүүлэн татах гаргахад дараах үндэслэлийг шалгуур болгож болно. 1. Парламентын гишүүний орлогоо жил бүр нээлттэй үнэн зөв зарлах (хэрвээ худлаа зарласан гэдэг нь нотлогдвол эгүүлэх татах санал гарах үндэслэл болно) 2. Сонгуулийн үеэр мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа эсэх (хэрвээ үүнийг хатуу мөрдөж чадвал нэр дэвшигчид бодитой зүйл амлах бөгөөд сонгогдсоны дараа мөрийн хөтөлбөрийг үйл ажиллагааны төлөвлөгөө болгож тухайн тойргын иргэдийн төлөөлөлд танилцуулах ёстой), 3. Парламентын гишүүний ёс зүйн асуудал (Энэ талаар БНОУХ нэлээд зүйл хийж байгаа) 4. Гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн хуулийг батлах гэсэн дөрвөн шалгуурыг тавих юм. Түүнчлэн парламентын гишүүний олон нийтттэй харилцах механизмыг улам боловсронгүй болгох шаардлагатай юм.
Ингэж иргэн төр хсёрын хоорондын хоосон орон зайг нөхөснөөр шинэчлэлийн үйл явцыг боловсронгүй болгоно. Ингэж бодлого боловсруулах үйл явцад иргэдийг оролцуулснаар улстөрийг Гудамжнаас Парламентад оруулж ирнэ, ингэж байж зарим улс төрчдийн санаа зовоод байгаа УИХ-ыг тараахгүй байх нөхцөл бүрэлдэнэ. Судлаач Д.Ганбатын төр засгийн мэдрэлийн систем муу байна гэж дүгнэсэн нь оновчтой зүйрлэл мөн.