МУИС-ийн багш Г.Түмэннаст
Коммунизмын дараахь зарим оронд нийгмийн хөдөлгөөн өрнөх болсон нийтлэг шалтгаан нь баялгийн тэнцвэргүй байдал, баян, ядуугийн харьцаа байдгийг судлаачид нэгэнтээ тогтоожээ. Дэлхийн банкнаас 1998 онд хийсэн судалгаагаар Монголын хүн амын 36 хувь нь ядууралтай байсан бол 2004 онд 46 хувь нь ядуурлын байдалтай амьдарч байна. Өөрөөр хэлбэл дөрвөн хүн тутмын гурав нь, гурван өрх тутмын хоёр нь ядуурлын байдалтай амьдарч байгаа гэсэн юм. Орост нэг баян хүнд 30 ядуу хүн ногдож буй бол Монголд энэ харьцаа барагцаалбал 1:40-д хүрчээ. Статистикийн газраас гаргасан мэдээгээр бол Монголд чинээлэг хэсгийн хэрэглээ ядуу хэсгийнхээс тав дахин их байна..
Монголд ийнхүү нийгмийн баялаг хамгийн гажиг байдлаар хувиарлагдаж байгаа нь манай системийн удирдлагын түүхэн дэх хамгийн ноцтой алдаа юм. Сүүлийн жилүүдэд бий болсон эдийн засгийн нааштай үзүүлэлтүүд нь ядуурлыг бууруулах итгэл үнэмшлийг улам бүр алдагдуулах болов. Хөгжлийг тодорхойлох амин шалгуур нь эдийн засаг, баялгийн хэмжээний өсөлтөөс нийгмийн бүхий л бүлгүүд үр шимийг нь амсч чадаж байна уу үгүй юу гэдэгт байдаг. Гэтэл манайд эдийн засгийн өсөлт хүн амын тав хүрэхгүй хувьд нь хамаатай байж дунд тушаалын албан хаагчид, багш, эмч нар, эгэл жирийн ажилчид, албан бус хөдөлмөр эрхлэгчид, ажилгүйчүүдэд улсын баялаг хүртээлгүй зүйл болохыг тунхаглаж байна.
Угтаа бол улстөрийн институцууд нь нийгмийн үй түмэн ашиг сонирхлыг илэрхийлэх, төлөөлөх, тэнцвэржүүлэх, нэгтгэх, шийдвэр болгон гаргах, хэрэгжүүлэх, бүхэлдээ тэдээрийг удирдан зохицуулах үүрэг хүлээдэг. Монголын хувьд нийгмийн улстөрийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, түүний институцууд хямралд орсноор дээрх үүргүүд урвуу болж иржээ. Өөрөөр хэлбэл төр, улстөрийн намууд, иргэний нийгмийн байгууллагууд нь /энд сонирхлын бүлгүүд, ТББ гэсэн хандлагаар авч үзэв/ цагийн шаардлагыг даахгүй институциональ хямрал болж, сөрөг чиг үүргийг нөхцөлдүүлж ирлээ. Энэхүү хямралын хамгийн тодорхой үр дагавар нь өнөө манайд өрнөж байгаа иргэний хөдөлгөөнүүд юм. Хүмүүс дээрх албан бүтцүүдээр дамжаад асуудлаа тавих, шийдүүлэх бололцоогүй тул одоо иргэний хөдөлгөөнд нэгдэх зам үлдэж байна. Өөрөөр хэлбэл энэ гажиг албан тогтоцоос гадуур элдэв хөдөлгөөн тэсрэлт гарах нь зүйн үзэгдэл болох юм.
Иргэний нийгмийн институциональ хямралыг дараахь хэдэн чиглэлээр тайлбарлаж болно. Нэгд, өнөөдөр нийгмийн томоохон бүлгүүдийн төлөөлөл болсон Монголын залуучуудын холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл, цаашилбал ахмадын, эмэгтэйчүүдийн гэх байгууллагууд улстөрийн системийн рудимет эрхтэнүүд болжээ. Монголд хамгийн их эрх ашиг зөрчигдөж байгаа бүлэг бол ажилчид, хамгийн их асуудалтай байгаа нь залуучууд. Тэдний язгуур эрх ашиг ингэхэд хаана хэн илэрхийлж байна? Иргэний нийгмийн багана болсон тэдний сульдаа байдал нь олон нийтийн бухимдал түгжигдэх эхний хүчин зүйл боллоо.
Хоёрт, иргэний нийгмийн хангалттай олон байгууллага нь хоорондоо тархай бутархай, хүч тарамдсан, давхардсан, шинжтэй, бодлого үйл ажиллагаа нь уялдаа холбоогүй байгаа нь бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэх, төлөөлөх улстөрийн бүрдэл болж чадахгүй байна. Гуравт, эдгээр нь хувь хүн, гэр бүлээс ангид, гишүүд, дэмжигчидийн эгнээ тогтворгүй, төлөөлөл хангалтгүй байна.
Монголд өрнөж буй нийгмийн хөдөлгөөний өөр нэг урьдач нөхцөл нь сүүлийн хоёр жил хурцадсан улстөрийн намуудын хямрал мөн. Намууд эдийн засгийн олигархи бүлгүүдийн нөлөөнд автах, өөрийн гишүүд, дэмжигчид, нийгмийн баазаасаа хэт тасрах, үзэл баримтлалаа алдах зэргээр нийгэмд нэр хүндгүй болж байна. 2004 оны УИХ-ын сонгуулийн өмнөх судалгаагаар намуудын хатуу электорат буюу тууштай дэмжигчидийн хэмжээ 60 хувь байсан бол сүүлийн судалгааны дүнгээр 30 хувьд хүрсэн тооцоо бий. Түүнчлэн нам өөрийн авторитэтээр бусад хүчнийг дарамтлах, ялгаварлах, иргэдийг гишүүний харъяаллаар ажлаас халах, улстөрийн соёлыг үл баримтлах, улстөрийн зөрчлийг дэврээх, тогтворгүй байдал үүсгэх зэрэг нийгэмд сөрөг чиг үүрэг гүйцэтгэж эхлэв.
Өнөөдөр төрд нийгмийн хөгжлийн тодорхой нэгдмэл үзэл баримтлал, идеаль байхгүй байгаа нь мөн хямралыг харуулна. Олон нийтийн дунд төрийн нэр хүнд унасаар ирсэн, легитим шинж үгүй болсон нь ч тодорхой байна. “Социологийн Академи” төвийн судалгаанд 2005 онд оролцсон иргэдийн 60 орчим хувь нь Ерөнхийлөгчид, 70 гаруй хувь нь УИХ-д болон Засгийн газарт, харин 80 хувь нь Цагдаад гэхчлэн төрийн байгууллагуудад итгэл хүлээлгэхгүй байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн хууль дүрэм, бодлого шийдвэр нь хоосон тунхаглал болсон төдийгүй төр нь өөрөө хууль ёсгүй, эрхзүйгүй амьдрахын үлгэр жишээг нийгэмд тулган үзүүллээ. Өнөөдөр улстөрийн ёсзүй унаж, төрийн эрх мэдэл мөнгөний нөлөөнд автсанаар төр өөрөө нийгэмд бүрэн уусжээ. Ингэтлээ хямралд орсон төр нь ИТХ, ИНХ зэрэг ардчилсан засаглалд ард түмний хоолой хүрэх механизмуудыг хааж, иргэд төрийн хэрэгт шууд болон төлөөлөгчөөрөө дамжин асуудлаа тавих боломжгүй болгосон ба олон нийтийг нийгмийн хөдөлгөөнд урин дуудах хүчин зүйл болжээ.
Ийнхүү жирийн иргэдийн тулгамдсан асуудал, бухимдлыг иргэний нийгэм нь ойлгож, төлөөлж чадахгүй, нам нь бодлого, зорилгоо болгож чадахгүй, төр нь үзэгдэхүйц өөрчлөлтийг авч ирж чадахгүй, иргэд асуудлаа институцийн хүрээнд илэрхийлж шийдүүлэх боломж алга болсон тул монголчууд гудманд гарч тэмцэж байна.
Манай улсад хүн эрхээ эдлэхэд нь хамгийн нийтлэгээр чөдөр саад болдог нэгэн зүйл бол зөвшөөрлийн тогтолцоо билээ. Эрх чөлөөг боомилох тусам хүмүүс түүнийг эдлэхээр шүлэнгэтэж, тэр байтугай гаж буруу замаар эдлэх ч хүсэл төрдөг нь хүний амьтанлаг чанар бөлгөө. Нээлттэй нийгэмд хүний нийгмийн үй олон үйлдэл, үйл ажиллагааг нэг бүрчлэн бүртгэж зөвшөөрөх бус харин зохисгүй байж болох хэдийг нь л олж хориглодог. Гэтэл Монголд жагсах цуглах эрхэнд хориг хязгаар тавьж буй одоогийн нийтлэг үндэслэл нь нийгмийн хэв журам, амгалан тайван байдал, хот тохижилт, хотын өнгө үзэмж, замын хөдөлгөөний аюулгүй байдал зэрэг байдаг. Үнэн хэрэгтээ хүний эрх хотын өнгө үзэмж мэтээр хязгаарлагдах нь Монголын эрхзүйн соёл, ухамсар доройгийн илрэл болж байгаагаас өөр тайлбар байхгүй. Хувь хүний эрх, эрх чөлөөг эдлэх боломж, бололцоогоор нь дээд хэмжээгээр хангаж, түүнийг болох хэмжээгээр нь томруулах тусам хүмүүсийн эрхээ эдлэх нь илүү соёлтой, хууль ёсны болж ирдэгийг судлаачид тогтоожээ.
Манайд сүүлийн хэдэн жилд болсон эсэргүүцэл, жагсаал, цуглаанд оролцогчид эмх замбараагүй байдал үүсгэж, цонх хагалж, хаалга эвдэлж, нийтийн болон хувийн өмчид халдах зэрэг буруутгавал зохих үйлдэлдээ өөрсдийгөө бус цагдааг, өөр хэн нэг даргыг буруутгаж ирсэн нь хяналтын тогтолцоо, хэм хэмжээг хувь хүний өөрийн зохицуулалтаас илүүтэй гаднаас тавих албадлага, шахалт гэж үздэгт оршино. Түүнчлэн жагсах цуглах эрхээ эдлэж буй хүмүүсээс ордныг хийгээд эрх мэдэлтнүүдийг хамгаалах асуудал хамгийн их чухалд тавигддаг болжээ. Иргэншсэн оронд төрийн тусгай байгууллага, тухайлбал цагдаа нь жагсагчдаас ордныг, түүний дотор байгаа эрх мэдэлтнүүдийг бус жагсагчдыг гадны нөлөөллөөс хамгаалдаг. Тиймээс жагсагчидтай хамтран ажилладаг гэсэн үг. Нэг үгээр хэлбэл, жагсаалыг эхнээс нь авахуулаад дуустал нь дагалдаж, цуглагсдыг үг хэлэх, бусад хүчинд үзэл бодлоо илэрхийлэх, нэгдэх орчиныг бүрдүүлж, гадны үймээн дэгдээгчид, уг олон нийтийн үзэл бодлыг эсэргүүцэгч бусад хүчнээс хамгаалдаг. Харин манайд төр, ард түмэн хоёрыг сөргүүлэн тавих үеэ өнгөрөөсөн арга барил явсаар байна. Цагдаа эрхзүйт төрийн зарчмын дагуу хууль сахиулах, хүн эрхээ эдлэхэд нь туслахын оронд тушаал биелүүлсээр байна. Өөрөөр хэлбэл нийгмийн хяналтын гажуудал нь хүн эрхээ эдлэхэд нь бул хар чулуу болохын сацуу иргэдийг төрөөс хүнийсгэж, хөндийрүүлж, цаашилбал дайсагнуулж, үзэн ядуулах үндэс болсоор байна. Харин үүнийг эсэргүүцэн үймээн самуун дэгдээх нь зохисгүй, хатуу тэмцэх хэрэгтэй гэхчлэн яаран дүгнэхийн оронд дээр дурдсан нөхцөл байдлуудыг бодитой үнэлж, хүмүүсийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан, тэд юуны тулд яах гэж ингэх болсныг тунгаан үзэх ёстой. Ямар ч байсан бид иргэдийн үг хэлэх, жагсах, эвлэлдэн нэгдэх эрхийг үндсэн хуулиараа баталгаажуулсан ардчилсан нийгмийн гишүүд тул ус агаар лугаа тийм эрхэм зүйлсийн эзэд байгаа нь бахархал билээ. Нэгэн ухаантан ард түмнийг бүү басамжил тэд нийгмээсээ сайн сайхан амьдрах боломжыг л хүсдэг юм хэмээсэн гэдэг.