Монголын улстөрийн намуудыг ардчилах нь

A- A A+
Монголын улстөрийн намуудыг ардчилах нь

МУБИС-ийн багш Э.Гэрэлт-Од

Улс төрийн олон нам байгуулагдах нь ардчиллын тулгуур үнэт зүйлсийн нэг нь бөгөөд цаашид монгол дахь ардчиллын чанарыг тодорхойлох нь гарцаагүй. Учир нь улс төрийн олон намтай улс бүр ардчилалд тогтвортой оршиж, дэвшин хөгжиж байдаг гэвэл эргэлзээтэй. Хамгийн гол нь бодит засгийн эрхийг барилцаж буй намууд хэр ардчилсан байхаас тухайн улс оронд ардчилал орших, эс орших нь тодорхойлогддог. Энэ өгүүлэлд ардчилал ба улс төрийн намуудын хамаарал, монгол дахь улс төрийн намуудын ардчилал, давуу болон сул талууд, цаашид хэрхэн ардчилах, бидэнд ямар боломж байгаа тухай дүгнэхийг зорьжээ.

Нам бол улстөрийн ардчиллыг бэхжүүлэх, иргэдийн дуу хоолой болох, олон ургалч үзлийг дэмжих, төр, нийгмийн холбох зуучлагч гүүр болж байдаг улстөрийн зорилготой иргэний байгууллага юм. Манай судлаачид улстөрийн намыг иргэний нийгмийн байгууллагаас хэт ангид авч үзэх хандлага хүчтэй байна. Гэтэл өрнөдийн судлаачид “сонирхлын бүлэг” гэсэн категорид улстөрийн нам болон бусад төрийн бус байгууллага, иргэний болон нийгмийн хөдөлгөөн, клуб, дугуйланг хамруулдаг. Учир нь эдгээр байгууллага бүгд  цэвэр иргэдийн үүсэл, санаачилга, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж зохион байгуулагддаг юм. Ардчилсан улс оронд иргэд сайн дураараа, хэний ч дарамт шахалтанд оролгүйгээр улстөрийн намд эсэх, гарах нь нээлттэй байдаг.

Гэхдээ улстөрийн намд бусад бусад сонирхолын бүлгээс ялгарах нэг зүйл бол засгийн эрхийг авах буюу нэгтгэх, илэрхийлж байсан сонирхолоо өөрсдөө хэрэгжүүлэх давуу эрхтэй явдал юм.

Ардчилал хэдийнэ тогтсон, өндөр хөгжилтэй улс орнуудад улстөрийн нам хөгжлийн үзэл баримтлалыг тодорхойлох альтернатив аргыг боловсруулдаг бөгөөд улстөрийн тогтолцоо нь намуудаа тогтоон барьж, улстөрийн системд хохирол учруулахгүйгээр зохицуулах чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, улстөрийн намуудын цочироо нь нийгэм, улс төр болон эдийн засгийн хүрээнд нөлөөлж чаддаггүй. Эрхзүйн хүрээнд маш нарийн зохицуулахыг эрмэлздэг нь улстөрийн намууд хүссэн хүсээгүй дотооддоо болон гадааддаа ардчилсан болж төлөвшдөг юм.

Харин шинээр ардчилагдаж буй хуучин пост социалист орнуудад улстөрийн намуудын дотоод болон гадаад харилцаа нь улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л хүрээнд хүчтэй цочрол өгч, улс төрийн системийг хямруулдаг болохыг бид харж байна. Тухайлбал, Зүүн Европын зарим улс (Укриан, Белорус, Гүрж), Төв Азийн хуучин коммунист дэглэмтэй байсан улс орнууд ч хамрагдана. Үүнд Монгол улс ч бас багтаж байгаа юм. Эдгээр орноос зарим нь өнөөдөр либераль ардчиллаас ухарч авторитари дэглэмтэй улс болоод байна.  Эрх мэдлийн төлөөх намуудын олон талт харилцааг сайтар зохицуулж чадаагүй нь ардчилал чанаргүй болох үндэс болдог.

Ардчилсан бус дэглэмтэй улс оронд улс төрийн намын ардчиллын тухай ярих ч хэрэггүй. Учир нь тэнд иргэний, улс төрийн болон эдийн засгийн бүх эрх, эрх чөлөөг олгодоггүй бөгөөд нам төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж байдаг онцлогтой.

Аливаа улс орон олон намтай болсноороо шууд ардчилсан улс болдоггүй. Мэдээж улстөрийн намуудын хооронд засаглалын төлөөх өрсөлдөөн шударга бус явагдаж байдаг. Гагцхүү энэ өрсөлдөөнд олонхийн санал авч чадсан намууд эрх мэдлийг тогтвортой болон ээлжлэн авдаг. Энэ бол намуудыг улстөрийн шүүлтүүрээр дахин шүүнэ гэсэн үг. Нөгөө талаас намууд харилцаа, хамтын ажиллагаа ардчилсан бус болдог. Үүнийг ардчиллын диллема гэж судлаачид дүгнэдэг.

Аливаа улс өөрийгөө ардчилсан эсвэл манай нам ардчилсан нам гэж бардамнаж байгаа л бол тэнд ардчилал чанаргүй зогсонги байдалд орж гэсэн үг. Учир нь ардчилал тогтмол шинэчлэл хийх, тасралтгүй хөгжихийг шаардаж байдаг.

Улс төрийн намуудыг ардчилалгүй болгож байдаг гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд

  • Нэгдүгээрт: намын лидерүүд өөрсдийнхөө тоглоомын дүрмээ өөрсдөө зохиож, тэр дүрмийн дагуу өөрсдөө улс төрийн тавцанд тоглож байдаг. Энэ нь эрх баригч улс төрийн нам хэзээ ч өөрсдөдөө алдагдалтай, бусад жижиг намууддаа боломж олгосон, нийтийн эрх ашигт нийцсэн хууль баталдаггүй гэсэн үг.
  • Хоёрдугаарт: намын дотоод үйл ажиллагаанд гишүүд дэмжигчдийн оролцоо, хяналтын механизм ямагт сул байдаг. Энэ нь иргэд өдөр бүр өөрсдийн төлөө нам ямар шийдвэр гаргах гэж байгааг сахиад суугаад байж чаддаггүй.  Өөрсдийн итгэлтэй хүнээ сонгож, энэ хүн надад үйлчлэх ёстой гэсэн хоосон мөрдөөдлөөр найдаж суудаг.
  • Гуравдугаарт: харизматик лидерийг тахин шүтсэн иррациональ масс намуудыг ардчилалгүй болгодог. Энэ нь улс төрийн намын лидерүүдийн ямар нэгэн онцгой авъяас чадварт итгэж, өөрсдийг нь аврах байх гэсэн ухаалаг бус сэтгэлгээ юм. Харин үүний оронд улс төрийн намуудын гишүүд өөрдийн итгэл үнэмшил, нийгмийн чиг баримжаагаа үнэт зүйл болгох ёстой.

 
Ардчилал улстөрийн намууд хамтран ажиллах, өрсөлдөөний журмаар засгийн эрхийг авахыг дэмждэг учраас ардчилал байгаа цагт улстөрийн нам иргэдийн олон талт сонирхлыг илэрхийлэх, нэгтгэх, хэрэгжүүлэх үүргээ гүйцэтгэсээр байх нь гарцаагүй ажээ. Чухамхүү ардчиллыг чанартай болгоход улстөрийн намуудыг ардчиллах нь нэн чухал ажээ.

Монголын намууд дахь ардчилал

Монгол улс ардчилалд шилжээд 16 жилийг туулжээ. Энэ бол хүний амьдралын насаар бол хариуцлага хүлээх чадвартай хуулийн этгээд болохыг хүлээн зөвшөөрөх нас. Магадгүй улс төрийн намын хувьд ардчиллыг тогтворжуулах хангалттай хугацаа байж болох юм. Гэвч манай намууд ардчилалгүй байгааг захаас аваад харж байна.

Бид өнгөрсөн хугацаанд ардчилсан төрийн институтуудыг цогцлоон бүрдүүлж чаджээ. Тухайлбал, манайд УИХ, Засгийн газар, Шүүх, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, Иргэний нийгмийн байгууллагууд, Улс төрийн олон намууд зэрэг ардчилсан улс оронд байдаг бүх институтууд бүрдэж чаджээ. Гагцхүү эдгээр интститутуудын функциональ тогтолцоо бүрдэж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газар, Шүүх, улс төрийн нам зэрэг институтуудын эрх үүргийн хуваарилалт, нийгэмд гүйцэтгэж буй үүргүүд ардчилсан улстөрийн систем орших, нягтрах боломжийг олгохгүй байна. Үүнийг хамгийн гол түлхүүр институт нь улстөрийн нам юм. Учир нь улстөрийн нам оролцоогүй улс төрийн аливаа үзэгдэл, үйл явц болдоггүй ажээ.

Монголын улстөрийн намуудад ардчилалгүй байх үндсэн хэд хэдэн шалтгаан байна. Үүнд,

  • Улстөрийн намуудын харилцааг зохицуулах эрхзүйн орчин хангалттгүй бүрдээгүй байна.
  • Намын гишүүд, дэмжигчдийн улстөрийн оролцооны идэвхигүй хэлбэр давамгайлсан.
  • Ардчиллын үнэт зүйлс нийгмийн хөрсөнд буугаагүй.
  • Авторитари удирдагчийг хүссэн нийгмийн эрэлт
  • Эдийн засгийн нэн ядуу амьдрал зэргээс шалтгаалж байж болохыг үгүйсгэх боломжгүй.

Монгол улсын Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль сонгуулийн тухай хуулиудаар улс төрийн намуудын харилцааг зохицуулж байна. Гэхдээ улс төрийн намуудын бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хариуцлагын тухай асуудлуудыг дахин зохицуулах бодит шаардлага үүсээд байна.

Монголчуудын улс төрийн боловсрол хангалттай сайн биш. Ихэвчлэн уламжлалт философи ойлголтондоо тулгуурлаж улстөрийн идэвхи, иргэний санаачилгаа хөсөрдүүлж байдаг. Сэтгэлгээний хувьд ах захаа хүндэтгэж, уламжилж ирсэн ойлголтоосоо салж чаддаггүй. Энэ нийтийн эрх, хувь хүний эрх чөлөөнд хориг болж ирсэн бөгөөд улстөрийн идэвхитэй оролцоог хязгаарлаж ирсэн. Мөн хуучин коммунист дэглэмий албадлагын оролцооноос татгалзсан сэтгэлгээний ноёрхол давамгайлж байна.

Нөгөө талаас монголын ардчиллыг дэмждэг олон улсын байгууллагуудаар хүрээлж чадсан ч “доннор” орнуудын зээл, тусламж нийгмийн баялгын хуримтлал үүсгэхгүй, харин ч эсрэгээр үр ашиггүй, эргэж төлөгдөхгүй урсгал зардлыг нөхөж байгаа нь харамсалтай. 1991-2004 он хүртэл манай улс 2,4 тэр бум долларын хөгжлийн зээл авсан. Үүний талаас илүү хувийг зам, тээвэр, эрчим хүчний салбарт зарцуулжээ. [http:/www.adb.org]

Олон улсын байгууллагууд монголын ардчиллыг бэхжүүлэхийн тулд хэрэгжүүлсэн олон олон төслийг зөвхөн төрийн байгууллагыг чадавхижуулахын тулд хэрэгжүүлсэн. Төрийн байгууллагуудад хэрэгжүүлсэн төслүүд нь албан тасалгааны тохижилт, гадаад дотоодын томилгоо, үр ашиггүй сургалт семинаруудад зарцуулагддаг. Харин үүний оронд голлох гэсэн улс төрийн намуудыг ардчиллах, чадавхижуулахад чиглэж байсан бол өнөөдөр аль ч нам засгийн эрхийг авсан төрийн удирдлага гажуудахгүй, шударга, ардчилсан зарчмаар хэрэгжих боломжтой байлаа.

Монгол дахь ардчиллыг тодорхойлох нэг шалгуур үзүүлэлт бол нэг хүнд оногдох ДНБ, түүний өсөлт. Сүүлийн 10 жил нэг хүнд оногдох ДНБ 300$-500$ хүртэл өсөөд байна. Энэ бол дэлхийн бусад улсуудтай харьцуулах юм бол маш бага үзүүлэлт юм. Гэтэл 2004 онд Монголын эдийн засгийн өсөлт 10,6%иар өслөө гэж намууд баахан шуугисан.ард түмэн ч ашгүй цалин нэмэгдэнэ, амьдрал одоо л  сайжирна гэж байсан. Харамсалтай нь энэ өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй алга болсон. Эдийн засгийн хувьд ийм буурай улс орон өөрийгөө мянга ардчилсан гэж цээжээ дэлдэж болно. Гэвч бодит байдал дээр ардчилал дээрээ тогтвортой оршиж чадахгүй гэдгийг дэлхийн олон улс орныг туршлага харуулсаар л байна.

Монголын улс төрийн намууд гадаад ардчилалын хувьд намууд харилцаа, хамтын ажиллагаа нь нэг нь нөгөөгөө эрс эсэргүүцэж, хийсэн бүтээсэн зүйлсийг баларуулдсаар ирсэн. Үүнийг бид өнгөрсөн 4 удаагийн УИХ-ын сонгууль, түүний үр дүнгээс харж болно. Тухайлбал, “манай нам гарч ирээд энийг хийсэн, өмнөх засгийн газраас хоосон, өрөнд орсон засгийн газар авсан” гэдэг үгийг олонтаа сонссон. Үйл ажиллагаа, үзэл суртлын хувьд энэ намууд үнэхээр өөр юм уу гээд харахад тийм биш ажээ. Судлаачид ч, улс төрчид ч улс төрийн намууд бие биенээсээ ялгагдах гол онцлог нь “үзэл суртал” гэдгийг мартсан байна. Улс төрмйн намын “амин сүнс” зүрх нь үзэл суртал байдаг гэдгийг гадаадын судаачид аль ХХ зууны дунд үед тогтоосон. Гэтэл өнөөдөр намууд үзэл суртлаас зугтах хандлага давамгайлж байна. Магадгүй ийм байдалд 1990 оноос өмнөх хэт үзэл сурталчсан нийгэм гээд үзэл суртлаас зугтсан өнөөгийн нийгмийн сэтгэл зүй нөлөөлж байж болох талтай. Тэглээ гээд үзэл суртлаас татгалзах нь өөрөө намуудыг чиг баримжаагүй, саармаг болгож байна. Манай зарим судлаачид, үүнд доктор Д.Болд-Эрдэнэ улс төрийн намуудыг үзэл суртлыг нийгмийн ардчиллын төлөөх үзэл баримтлал гэж нэрлэсэн байдаг. [Д.Болд-Эрдэнэ 2001]

Дотоод ардчиллын хувьд манай намууд маш муу гэсэн дүгнэлтийг хийж болно. Учир нь монголын улс төрийн намууд гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролд огтхон анхаардаггүй, намын санхүүгийн үйл ажиллагааны тайланг доошоо биш дээшээ тайлагнадаг, анхан шатны болон орон нутаг дах намын байгууллагын бүтэц, зохион байгуулалт сул, ямар ч чадавхигүй, дээд шатны байгууллага нь доод шатны байгууллагын саналыг үл харгалзан шийдвэр гаргадаг, нам дотор ямар ч хариуцлагын тогтолцоо байхгүй, төрийн албанд томилсон улстөрийн албан тушаалтнууд нь чадавхи сул зэрэг болно.

Улстөрийн намууд улстөрийн системийн тогтвортой байдлыг хадгалах үүднээс дараахи үүргийг гүйцэтгэдэг. Үүнд, төлөөлөх, элитийг элсүүлэх, бэлтгэх, зорилгоо томъёолох, сонирхолыг нэгтгэх, илэрхийлэх, нийгэмшүүлэх, дайчлах, засгийн эрхийн төлөө тэмцэх зэрэг үүргүүдийг гүйцэтгэдэг. Харин манай улс төрийн намууд элитийг элсүүлэх, бэлтгэх буюу ирээдүйн лидерүүдийг бэлтгэх асуудалд хойрго хандаж байна. Мөн улс төрийн системийн тогтвортой байдлыг хадгалах үүргүүдийг хангалтгүй гүйцэтгэж байгаа нь улс төрийн олно хөдөлгөөнүүдийг үүсгэх шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, нийгэмд улс төрийн орон зай үүсгэж байгаа явдал бөгөөд энэ хоосон орон зайд улс төрийн болон иргэний хөдөлгөөнүүд тоглох боломж олгож байна. Тухайлбал, “Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн”, “Эрс шинэчлэл хөдөлгөөн” зэрэг 10 гаруй хөдөлгөөн идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн улс төрийн намууд дотор шинэчлэгч хөдөлгөөнүүд хэд хэдээр гарч байна. Энэ  бол улс төрийн намууд нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байгааг илэрхийлж байгаа үйл явц. Хөдөлгөөнүүдийн түрүүч “нам” байгуулахаа зарлаж эхэлсэн нь эрх баригч намууд өөрсдийн орон зайгаа алдах айдсыг төрүүлж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэж олон олон намууд дотроосоо шинэчлэгдэхийг эрэлхийлэх болов. Үүнд Ардчилсан нам, МАХН, Эх орон намууд болно.

Мөн намуудад итгэх иргэдийн болон гишүүдийн итгэл алдах болсон. Энэ хандлага зөвхөн манайд гарч байгаа үзэгдэл биш. ХХ зууны дунд үеэс Баруун Европ болон Хойд Америкд улс төрийн намуудад итгэх итгэл алдарч эхэлсэн бөгөөд энэ үеэс эхлэн намуудын шинэчлэлийн асуудлын хөндөх болсон. Энэ асуудал хагас зууны дараа манайд давтагдаж байна. Өрнөдийн орнуудын түүхийг харахад иийм нөхцөлд иргэд намаас татгалзаж, намд итгэл алдарч “намгүй нийгэм”-ийн тухай үзэл газар авдаг.  Гэвч хүссэн ч, эс хүссэн ч улс төрийн намгүйгээр өнөөгийн ардчилал оршин тогтнохгүй гэдэг нь нэгэнт тодорхой ажээ. Тухайлбал, 1970-аад онуудад “Намууд төгсгөл боллоо” гэсэн зохиол Америкт гарч байсан ч өнөөдрийг хүртэл нам оршсоор л байна. цаашид ч оршсоор л байх болно.

Намуудыг ардчиллах боломж

Мэдээж ардчилалгүй, хөгжилгүй байгаа намуудыг хараад сууж болохгүй. Энэ нь бидний иргэний болон улс төрийн эрхийг зөрчиж байгаагийн илрэл юм. Иймээс судлаачын хувьд монголын улс төрийн намуудын хэрхэн ардчиллах боломжтой тухай өөрийн саналыг дэвшүүлж байна. Үүнд

  • Улс төрийн намууд МХТ-ийг дотоод үйл ажиллагаандаа ашиглах. Монголын намууд мэдээлэл харилцааны технологийн дэвшлийг ашиглах нь намын дотоод болон гадаад харилцаанд эдийн засгийн болон орон зайн саад бэрхшээлийг даван туулах боломжийг олгож байгаа юм. өнөөдрийн байдлаар МАХН, АН, ИЗН-ууд албан ёсны веб сайттай бөгөөд тэдгээрээс МАХН-ын веб сайт нь өдөр тутам шинэчлэгддэгээрээ бусдаасаа давуу талтай. Харин манай намуудын веб сайтууд зөвхөн дээрээс доош чиглэсэн мэдээллийн урсгалтай нь ардчиллын суурь зарчмуудыг зөрчиж байна. иймээс голлох намууд вебсайт ашиглаж, дотоод болон гадаад бүхий л харилцаагаа “онлайн” хэлбэр шилжүүлэх нь харилцааны доороос дээш, дээрээс доош хоёр талыг харилцааг дэмжихэд оршино.
  • Бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэл хийх. Манай намууд өөрийн институтциональ болон функциональ төвшинд дахин шинэчлэл хийх нэн тэргүүний хийх ажил болоод байна.Юуны өмнө намуудын удирдах дээд байгууллага, намын доторхи фракцын тухай асуудал, орон нутаг дах намын байгууллагуудыг чадавхижуулах, гишүүнчлэллийн сул хэлбэрийг сонгох зэрэг болно.
  • Намуудын санхүүгийн үйл ажиллагааг нээлттэй болгох. Намын санхүүгийн тухай асуудал эртнээс эхлээд голлох асуудал болж тулгамдаж байсан ч өндөр хөгжилтэй орнууд эл асуудлыг шийдвэрлсээр ирсэн. Манай орны хувьд намын санхүүжилтыг бүрэн зохицуулсан хууль гаргах нь мөн иулгамдаж байгаа асуудал бөгөөд энэ нь намын эдийн засгийн бүлэглэлээс хараат байхаас тусгаарлах давуу талтай.  Мөн улс төрийн нам ба авилгалын тухай асуудал ноцтой хөндөгдөж байгаа үед үүнийг шийдвэрлэх боломжтой.
  • Гишүүд, дэмжигчдийн улс төрийн боловсролд анхаарч ажиллах. Монголчуудын улс төрийн боловсрол сул байгаа өнөө үед намууд гишүүд, дэмжигчиддээ улс төрийн боловсрол олгох сургалтуудыг тогтмол хийж байх нь нэн чухал ажээ. Энэ нь массын улс төрийн байр суурийг тогтвортой хадгалах давуу талтый юм.
  • Жендерийн мэдрэмжтэй нам болох. Монголын улс төрийн намууд дахь эмэгтэйчүүдийн эзлэх хувь маш бага бөгөөд тэр дундаа шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн улс төрийн улс төрийн оролцоо маш бага байна. Энэ нь хүнийг үзэл бодол, яс үндэс, арьс өнгө, нам хүйсээр нь ялгаварлахгүй гэсэн үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх тухай асуудал бөгөөд уламжлалт соёл, нийгмийн сэтгэлгээнд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг олгоход дэвшил гарах юм.

Эдгээр асуудлуудыг зохих хэмжээгээр шийдвэрлэвэл намууд дотооддоо болон гадаад ардчилалтай байх үндэс бүрдэх юм. Энэ нь монголын улс төрийн хөгжил, хүний эрх, эрх чөлөөг хангахад шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд эцсийн дүндээ монгол дахь ардчиллыг чанаржуулахад түлхэц болох давуу талтай.