МУИС-ийн Улстөрийн тэнхмийн багш С.Мөнхбат
1992 онд ардчилсан Үндсэн хууль батлагдаж олон намт тогтолцооны эрх зүйн орчин бүрдсэнээр шинээр гарч ирж буй намууд нь тухайн үед байсан болон шинээр бий болж буй нийгмийн бүлгүүдийн шинжээр байгуулагдаж байлаа. Тухайлбал, Хөрөнгөтний нам, Тариачны нам, Ажилчны нам, Малчны нам гэх мэт. Нийгэм, бүлгийн шинжээр зохион байгуулагдан гарч ирсэн ч шинэ намууд шууд олон түмний намын бүтэц, зохион байгуулалтын шинжээр үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Монголын нийгмийн ардчилсан хөгжлийн 16 жилийн хугацаан дахь улстөрийн намуудын хөгжил төлөвшлийг үндсэнд нь хоёр үед хамааруулан авч үзэж болохоор байна. Үүнд:
1-р үе шат (1990-2004): Энэ үе бол нэг үзэл суртал, нэг намын хатуу хяналтаас нийгмийг гаргаж, улстөрийн плюрализмыг цэцэглүүлснээр олон намууд шил шилээ даран гарч ирэх хөрс бүрэлдсэн үе байв. Европын намуудын загвар болсон элитар болон олон түмний намын хэлбэрээр бий болсон намууд (либераль, консерватив, социалист, социал-демократ, экологи, шашин, иргэний чиглэлийн) ихээр гарч ирэв. Европын намуудын загварыг авах нь тийм ч амар хялбар зүйл биш. Учир нь эдгээр загвар нь манай улсын улстөрийн нөхцөлд тэр бүр тохирон нийцэх боломжгүй байв. Монголчуу; түүхэндээ парламентын ардчиллыг төлөвшүүлж, бүх нийтийн сонгуулийн эрхийг хууль эрхзүйн хүрээнд бэхжүүлж, нийгмийн амьдралын бодит байдал болгож байгаагүй учраас улстөрийн намын түүхэн уламжлал, хэв маяг бүрэлдэх хөрс суурь угаасаа байхгүй байсан. Тэрчлэн социалист Монголд хувийн өмч гэж байгаагүй. Иймээс улстөрийн хүсэл эрмэлзлийг бүрдүүлэн өрсөлдөх нийгмийн тодорхой бүлгүүд бүрэлдэн төлөвшиж чадаагүй.
2-р үе шат.(2004-өнөөг хүртэлх) Энэ үеийг намуудын хөгжлийн сорилтын үе хэмээн үзэж болох юм. Намуудын үүсэл, хөгжлийн хоёр дахь давалгаа гэж дүгнэх үндэслэл бий. Учир нь өнгөрсөн 16 жилийн хугацаанд төрийн ардчилсан институтуудыг бэхжүүлэх, парламентат ёсыг төлөвшүүлэх, нийгэмд олон ургальч ардчиллыг хөгжүүлэхэд улстөрийн намуудын гүйцэтгэсэн үүрэг их боловч эдүгээ нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлага, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өөрчлөгдөн шинэчлэгдэх зайлшгүй шаардлага намуудын өмнө тулгарчээ. Манай орны өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн хоцрогдол, улстөрийн хүрээнд үүссэн олигархи бүлэглэлүүдийн эрх ашгийн зөрчилдөөн, авилга, хээл хахууль зэрэг сөрөг үзэгдэл нь олон түмний бухимдлыг ихээр төрүүлж, сонгогчдын намд итгэх итгэл улам бүр буурахад хүргэх боллоо. Намын удирдлага, улстөрийн лидерүүд эрх мэдэл, ашиг сонирхлоо дагаж намын жирийн гишүүд, олон түмнээсээ тасрах хандлага түгээмэл ажиглагдаж байна.
Нийгмийн хөгжил дорой, иргэдийн амьжиргааны төвшин доогуур, сонгогчдын улстөрийн ухамсар, соёл төлөвшөөгүй байдал, нөгөө талаас шинээр хөрөнгөжин гарч ирж буй бүлэглэлүүдийн хуйвалдаан, эд баялаг, эрх мэдлийн шударга бус хуваарилалт зэрэг нийгмийн суурь шинжтэй хямралт, илт зөрчил бүхий нөхцлүүд нь Монголын нийгмийг дундад зууны үеийн “рент”-ийн тогтолцоо руу хөтөлж улстөрийн системийн ужиг хямралыг үүсгэж эхэллээ. Дундад зуунд тайж, язгууртнууд эзэн хаанд тодорхой цагт, тодорхой хэмжээний татвар түрээсээ төлсөн л бол бусад үед нь өөрийн эзэмшилдээ хэмжээгүй эрхт хаан мэт байдаг байсан бөгөөд тэд энэ эрхээ эзэн хаанд мөнгө төлж түрээслэн авснаар тэдний хооронд рентийн харилцаа тогтдог байжээ. Ийм харилцаа нь феодалын улстөр, эдийн засгийн тогтолцооны гол суурь болж байсан юм. Тэгвэл орчин цагийн Монголд улстөр, эдийн засгийн “рент”-ийн тогтолцооны эзэд нь эрх баригч улс төрийн хүчнүүд хувирч, үеэ өнгөрөөсөн энэ тогтолцоо нь ардчилсан нийгмийн хөгжлийн алхааг гүйцэхгүйд хүрч, намууд цаашид яаж нийгмийн хөгжлийн их хурдцыг гүйцэн түрүүлж зөв бодлого тодорхойлох вэ гэдэг хүнд сорилттой тулгарч байна. Иймээс энэ цаг үе Монголын намуудыг орчин үеийн хөгжлийг зөв мэдэрсэн хэв маяг, хэлбэр руу орж ажиллахыг зүй ёсоор шаардаж эхэллээ. Дэлхий нийтийн ардчиллын үнэт зүйлсийн адилсал, иргэншлүүдийн хоорондын хамаарал, хүмүүсийн нийгэм, ахуйн хэрэглээ, амьдралын үнэлэмжийг улам бүр ойртуулж буй энэ шинэ эрин намуудын үзэл бари
Монголд явагдсан УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиудаас ажиглахад сонгуульд өрсөлдөж буй намууд, хувь хүмүүсийн дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрт зарчмын ялгарал байхгүй байгаа нь тэдгээрт нийгмийг цааш нь урагшуулан хөгжүүлэх тодорхой концепци, хувилбар байхгүй, улстөрийн үзэл баримтлал тойрч нэгдсэн гэхээсээ илүү лидер, эрх ашиг тойрч нэгдсэн бүлэглэл хэлбэрээр намуудын үйл ажиллагаа явагдаж байна. Ардчиллын хэмжүүр болдог намууд нь лидер, бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг, тэдний төр дэх төлөөлөл болдог хаалттай бүтэц бүхий институт болон хувирчээ. Ийм хаалттай бүтцийг задалж олон нийтэд нээлттэй, орчин үеийн намуудын шинэ хэв маягийг хэлбэршүүлэн ажиллахыг энэ цаг үе манай намуудад тулгаж буй нь хямрал гэхээсээ илүүтэй намуудын хөгжилд тулгарч буй сорилт, бэрхшээл хэмээн дүгнэж болох юм. Энэ сорилтыг даван гарах гол алхам бол шинэчлэл. Манай намууд шинэчлэгдэхийн тулд тодорхой алхмуудыг хийх нь чухал юм.
Үзэл баримтлалын шинэчлэл: Манай улстөрийн намуудад улс орныг ирээдүйд хөтлөх, хөгжүүлэх үзэл баримтлалын “жанжин шугам” гэж байх ёстой. Энэ бол манай намуудын хувьд “үндэсний- ардчилсан үзэл” байх нь ойлгомжтой. Гагцхүү энэхүү үзэл санаанд чиглүүлж намууд өөрсдийн үйл ажиллагаандаа удирдлага болгох үзэл баримтлал, үзэл суртлыг бий болгох, нийгмийг хөгжүүлж авч явах стратегийг боловсруулах учиртай. Харамсалтай нь ийм концепци, стратеги намуудад өнөө хэр алга байна. Намуудын нийгмийг хөгжүүлэх үзэл баримтлал, стратеги нь өөр хоорондоо агуулга, арга хэлбэр, хэрэгслийн хувьд ялгаатай байх нь бодлогын олон янзын альтернативуудын өрсөлдөөн дундаас сонгогчид сонголт хийх боломжийг олгох, нийгэмд плюрализм цэцэглэн хөгжих боломж бүрдэнэ гэсэн үг. Гагцхүү намуудын бодлогын олон янз байдал, бодлогын өрсөлдөөн нь “үндэсний -ардчилсан үзэл” хэмээх Монгол үндэстний нийтлэг эрх ашиг, сонирхолд хүрч зангидагдах учиртай. Ийм үзэл баримтлал, үзэл суртлын олон янзын плюрализм хөгжиж байж нийгэм ардчиглагдана.
Бүтэц зохион байгуулалтын шинэчлэл: Улстөрийн шинжлэх ухаанд намуудыг бүтэц зохион байгуулалтаар нь нээлттэй бүтэцтэй, хаалттай буюу хатуу бүтэцтэй гэж хоёр ангилдаг. Манай бүх нам бүтэц, зохион байгуулалтын хувьд хатуу бүтэцтэй намууд юм. Өөрөөр хэлбэл удирдлагын босоо тогтолцоотой, үүнийгээ дагаад бодлого шийдвэр гаргах үйл явцад доод шатны нэгжүүдийн оролцоо бага, гишүүнчлэлийн хатуу зохицуулалттай, гишүүд дэмжигчдийн оролцоо намын бодлого, үйл ажиллагаанд дүрэм бусад хэм хэмжээний хүрээнд нэлээд хязгаарлагдмал байгаа нь хатуу бүтэцтэй намуудын ангилалд хамруулан үзэх үндэслэл болж байна. Манай намуудад биеллээ олсон энэхүү хатуу зохион байгуулалтын хэлбэр нь өнгөрсөн зууны 60-аад онд өрнөдийн орнуудын намуудад хэрэглэгдэж байсан бөгөөд өдгөө аль хэдийн халаагаа өгч илүү шинэ нээлттэй, ардчилсан хэлбэр, хэв маягуудаар баяжигдан хувьсан өөрчлөгджээ. Манай намууд энэ чиглэлийн шинэчлэлийг хийхийн тулд давын өмнө сонгогчид рүү чиглэсэн, нийгэмд буй хэрэгцээ, сонирхлыг хангаж, ашиг сонирхлын агрегацийг чадварлаг гүйцэлдүүлж чадахуйц бүтцийг бий болгох хэрэгтэй. Ингэхийн тулд намуудын анхан шатны байгууллагуудад өргөн хэмжээний эрх мэдэл олгох хэрэгтэй бөгөөд ингэснээр намын бодлого, шийдвэр гаргахад гишүүд, дэмжигчдийн оролцоог өргөсгөж чадах ба нөгөө талаас намын бодлого, намаар дамжиж төрд хүрдэг нийгмийн хэрэгцээ хоёрын хоорондын тохирол, нийцэл улам сайжрах юм. Ийм тохирол, нийцэл бий болж чадваас нийгэм хөгжин дэвшиж, нийгмийн бүх эд анги, хөдөлгүүрүүд зүй ёсныхоо дагуу ажиллах болно.
Намын дотоод ардчиллыг бэхжүүлэх шинэчлэл: Нам ардчиллыг тээж явдаг хамгийн ардчилсан институт байдаг. Иймээс намд дотооддоо ардчиллыг дархлаажуулсан байх учиртай. Манай намууд дотоод ардчиллаа бэхжүүлэхийн тулд хийх дорвитой алхамууд бол:
- Намын бодлого шийдвэрийг гаргахад гишүүдийн оролцоог нээлттэй байлгах,
- Намын анхан болон дунд шатны нэгж, байгууллагуудын эрх мэдлийг өргөтгөх, үйл ажиллагааг идэвхжүүлэх,
- Намын бодлого, шийдвэр дээрээс бус анхан болон дунд шатны нэгж, байгууллагуудын оролцоотойгоор гардаг тогтолцоонд шилжих,
- Нам доторх эрүүл, саруул плюрализмыг хүлээн зөвшөөрөх, бодлогын олон янзын альтернативуудыг өрсөлдүүлдэг, дэвшилттэйг намын стратеги, бодлого болгон ашигладаг байх,
- Боловсон хүчнийг шилж сонгох үйл ажиллагаа шударга, нээлттэй, өрсөлдөөн дээр үндэслэгдсэн байх,
- Улстөрийн ёс суртахууны өндөр эрхэмлэлийн шалгуурыг бий болгосон байх,
- Намын удирдлагын үйл ажиллагааг захиран тушаах удирдлагын хэлбэрээс заавар, зөвлөгөөг сонсдог, үйл ажиллагаагааныхаа төлөө хариуцлага хүлээдэг, тайлагнадаг зэрэг орчин үеийн ардчилсан удирдлагын арга барилд шилжих зэрэг алхмууд болно.
Иймд намууд цаашдын үйл ажиллагаандаа, нам нь төрийн төвшинд улсыг удирддаг институт гэдгээ гүнээ ухамсарлаж, төр, нийгмийг холбодог, иргэдэд үйлчилдэг, тэдний дуу хоолой, ашиг сонирхлыг хангадаг байх гэсэн төрөлх үүргээ сайн биелүүлж ажиллах явдал юу юунаас чухал байна.