Проф. Олхонуд Баярхүү
Энэтхэгт улстөрийн намууд нь үндэсний хэмжээний, муж, орон нутгийн хэмжээний, бүртгэлтэй гэж гурван янз байдаг. Үндэсний хэмжээний нам бол сонгогчдын дөрвөөс дээш хувийн санал авч дөрвөн хувийн босго давсныг хэлнэ. Ийм нам 10-ын дотор бий. Мужийн хэмжээний 40 орчим нам бий, тэдгээр нь парламентын суудлын 25-ны нэг хувийн суудал авсан байх ёстой. Харин бүртгэлтэй намууд гэвэл БНЭУ-д 500 хол давсан. Нэрийг нь тогтоох албагүй ч ганц нэгийг нь сонирхуулахад, эрх баригч асан- Бхаратия Жаната Парти, холбоотон - Самата, Локшакти, Бижү Жаната Дал, ДМК, Шив Сена, МДМК, ПМК, Тэлэгү Дэшам Нам, Тринамул Конгресс, Манипурын Конгресс, Үндсэрхэг Конгресс гэхчлэн үргэлжлүүлбэл уншигчдын толгой эргэх байх. Парламентад ганцхан суудалтай хэрнээ тэр эрхэм нь Төрийн сайдын алба хашсан сонин тохиолдол бол Энэтхэгт хэвийн үзэгдэл. Ардчилсан Холбоо хэмээх их эвслийн 25 нам дотор орсон орон нутгийн ганц намын ганц депутат БНЭУ-ын Аялал жуулчлалын Төрийн сайдын албыг хашсан гэх мэт.
Энэ хэмжүүрээр өнөөгийн Монголын улстөрийн намуудыг үнэлбэл үндэсний хэмжээний гэвэл МАХН, АН хоёр, муж, орон нутгийн хэмжээний нам байхгүй, бүртгэлтэй гэвэл УИХ дахь ИЗН, ҮШН, АТН, Эх орон нам, БНН орно. Сүүлийн хоёр нь аж ахуйн компани дагасан, тэндээсээ санхүүждэг. Цаашлаад бүртгэлтэй, мөд хаагдах, эсвэл мөнхөд орших намууд манайд хэд хэд бий. Нэрийг нь цээжлэх нь бүү хэл, хэлэхээс ам эвлэж өгөхгүй олон намууд бол нийгмийн гаж үзэгдэл, өнөөгийн Монголын улстөрийн толины тусгал юм.
УИХ дахь долоон намаар жишээлбэл, хэрэв босго тогтоогоод шударгаар уралдуулбал МАХН, АН хоёр лав үндэсний гэдэг статусаа хадгалж чадна. Бусад нь эргэлзээтэй байж болох. Нөгөө талаас нэгэнт босго давахгүй бол дангаараа сонгуульд орж эрсдэх нь гарцаагүй тул эвсэх нь гарцаагүй. Эвсэх хоёр зам байна. Сонгуулийн өмнө ба дараа. Заавал сонгуульд нэг субъект болж орох бус сонгогдсон хойноо олонхи цөөнхийн харьцаа үүсгэхэд эвсэж болдог жишээ парламентын засаглалтай улсуудад зөндөө, эдүгээ манайд гайгүй сайн хэрэгжиж, төлөвшиж байна.
Энэтхэгт байнга шахуу тохиолддог нам сольж хүчний харьцаа бүрдүүлдэг, эсвэл парламентад орсон хойноо салж нам байгуулан хүчний харьцаан дээр тоглодог практик манайд хүчтэй нэвтэрч байх шиг. Энэ практикийг Энэтхэгт бол “дэмжлэгээ дотроосоо татаж авах” гэж нэрийддэг ба дотроос гэдэг нь парламент доторхи холбоотнуудыг нь хэлж буй хэрэг.
Ардчилсан намаас дөрвөн нөхөр салж ҮШН болж, МАХН-тай эвслийн Засгийн газар байгуулсан одоогийн практик бол мөн л Энэтхэгийн улстөрийн амьдралаар байнга нотлогдож байдаг хэвийн үзэгдэл. “Эх орон” намаас нэр дэвшсэн гурван нөхөр мөн ийм жишгийг үзүүлж, үндэсний хоёр том нам руу ханджээ. 1992 онд шал ондоо субъектууд өрсөлдөн тус тусдаа орж ирсэн хэрнээ “Ардчиллын төлөө намуудын нэгдэл” гэдэг зарчмаар МҮАН гэгчийг үүсгэсэн бас нэгэн жишээ түүхнээ буй. 1996-2000 онд ганц субъектын хоёр нам ялалт байгуулсан хэрнээ 2000 онд дараагийн сонгууль тулж ирэхэд МҮАН, МСДН, МоАН, ИЗН гэж дөрөв салж өрсөлдөөд ялагдсан жишээ бас байна. 2004 онд ганц субъектын хоёр нам (АН, Эх орон) 2000-2004 оныхтой нь харьцуулбал бараг ялчихаад 2005 оноос хагарсаар одоо АН, ҮШН, АТН, ЭОН болж дөрөв задарчээ.
Эндээс юу ажиглагдав гэхлээр Монголын улстөрийн намуудад гуужилт нүүрлэж, төрөл арилжих босгон дээр тулж ирсний нотолгоо гэлтэй. “Үндэсний хэмжээний”, “Бүртгэлтэй” гэдгийн ялгааг арилгах цаг мөч ойртсоор буй жишээ. Үндэсний хэмжээний нам гээд сонгуулийн мажоритари тогтолцоогоор 2000 оных шиг ялагдал хүлээвэл хэчнээн үндэсний байлаа гээд дөрвөн жилийн алтан хором олдохгүй. Түүний оронд бүртгэлтэй байж байгаад ганцаараа УИХ-д орж ирвэл сул гишүүн, дараа нь олонхи ганц суудлаар дутлаа гэхэд өөрийгөө өндрөөр үнэлүүлж дөнгөнө. Үүнийг БНН бэлхнээ нотоллоо.
“Үндэсний хэмжээний”, “Бүртгэлтэй” гэдгийн ялгааг арилгахын тулд:
1) Улстөрийн намуудын тухай хуулийг засч өөрчлөн, намын хатуу гишүүнчлэлийг үгүй хийж, ард түмнээ намчирхлаас салгах
2) Сонгуулийн хуулийг өөрчлөн хувь тэнцүүлэх (пропорциональ) систем руу шилжих хэрэгтэй.
Энэ хоёр шинэчлэлийг хийсний дараа эрхзүйт төрөө сонгоё гэхэд сонгуульд тэгтлээ мөнгө зарахгүй, төсөвт халгаагүй, лидер төвтэй улстөрийн нам дагасан амьдралын фанатик хэв маягийг хална гэсэн үг. Энэ хоёр шинэчлэлийг хийсний дараа УИХ-д хэзээ ч олонхи, цөөнхи, эрх баригч, сөрөг гэсэн бүлэг байхгүй болж мэднэ. Нэгэнт ийм дээрээ тулбал ямагт эвсээд, эвслийн Засгийн газрууд шил шилээ дараад, огцрох, дахин байгуулах, сэлгэх бол ердийн үзэгдэл, ардчилсан эрхзүйт төрд байдаг л асуудал.
Бас нэг асуудал. Нам, намын гишүүн, дэмжигч энэ тэрээс ард түмэн бүрэн залхсан байдалтай болжээ. Үүнийг зөвхөн МАХН-аар жишээлэн авч үзэж болно. МАХН-ын дэргэд “Уламж¬лал шинэчлэл-Ард¬чилал шударга ёс жигүүр”, “Шинэ эргэлт”, “Улаан сарнай хөгжил хөдөлгөөн”, “Онц их хурлын төлөө хөдөлгөөн”-үүд үүсч, “Монголын зүүний хүчний холбоо” хэмээсэн лут глобал нэртэй нэгэн байгууллага саяхан өдөлжээ. Эл намын бүтэц, арга барил, институцчиллыг бүхлээр нь хөдөлгөх салхи үлээж эхэлсэн нь түүхнээ байгаагүй үзэгдэл гэлтэй. “МАХН-аас” хэмээх томилолттой хэнийг ч байсан цаад хамт олон нь алга тосон хүлээн авдаг практик замхрах тийшээ, нөгөө сүр дуулиантай залуучуудын хөдөлгөөн нь төрийн албыг намын барьцаанаас гаргана гэдгийг зөвшөөрснөөрөө нөгөө залхалтыг дахин нотлох шиг.
Залхалтын бас нэг жишээ бол иргэний хөдөлгөөнүүд нам болж зохион байгуулагдах боломж хумигдмал, тэдэнд орон зай байхгүй явдал юм. Ер нь монголчууд улстөрийн залхсан. 1990 оных шиг талбай пиг дүүрэн, сэтгэлгээсээ цугларсан жагсаал цуглааныг дахиж үзэхгүй. Залхалтыг дагалдан улстөрийн намын лидерүүдийн гуужилт явагдаж байна. Намчирхал, төрийн албыг намууд барьцааллаа гэдгийн эсрэгээр иргэний хөдөлгөөний лидерүүдээр улстөрийн намын удирдлага сэлбэгдэх шинэ үзэгдэл гарч иржээ. О.Магнайн ИЗН дахь сонголт үүний анхны жишээ ба энэ жишээг Батзандан, Энхбат (ТВ-ийн Форумын), Баасан, Ганбаатар нар ойрын нэг жилд давтаж, 2007 оны гэхэд эд үндэсний ба бүртгэлтэй намуудыг толгойлолцох болж магад. Магнайгаар жишээлбэл бүртгэлтэй, ганц хоёр суудлаас цааш хэзээ ч ахихгүй, үнэндээ бол С.Оюуны улаан нүүрээр тогтож буй ИЗН-ыг үндэсний хэмжээний болгож, гурав дахь хүчний орон зай үүсгэх тоглолт явагдаж байгаа нь энэ. Иргэний хөдөлгөөний, шинэ маягийн лидерүүдийг үндэсний том намууд даллан дуудаж албан тушаал амлах хандлага цаашаа даамжрах болов уу. Энэ нь намтайгаа үүрд амьдралаа холбосон, “жинхэнэ партизан” намч лидерүүдийг эд шахаж, намын лидерийн уламжлалт хэв загварыг гуужуулах бас нэг шинэ алхам болох биз ээ. Ерөөсөө ингэж чадвал намуудын гуужилт зорилгодоо хүрч, 2008 оны УИХ-ын сонгууль эрүүл, иргэний нийгмийн лидерүүдийн тоглолт болж, улстөр эрүүлжих нэг хөрс бүрдэнэ гэх нийгмийн психологи цаана чинь тэнэж явааг энд ийнхүү буулгалаа.