Гишүүдтэй атлаа гишүүнгүй намууд

A- A A+
Гишүүдтэй атлаа гишүүнгүй намууд

 

ННФ-ын 2007 оны бодлогын судлаач,
МУБИС-ийн багш Э.Гэрэлт-Од


Бид улс төрийн намыг ойлгохдоо засгийн эрхийг авахын төлөөх бүлэг хүмүүсийн нэгдэл гэж ойлгодог. Намын тухай энэ ардчилсан бус ойлголтыг 21 зууны дэлхий нийтийн ардчиллын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, иргэний оролцоотой холбож ойлгох цаг нэгэнт болжээ. Учир нь орчин үеийн ардчилал, дэлхий нийтийн хандлагатай мөр зэрэгцэн оршиж буй Монгол Улс өөрийгөө хүмүүнлэг, иргэний, чөлөөт ардчилсан гэж тодорхойлж л байгаа цагт улстөрийн нам ямар байх ёстой, гишүүнчлэлийн ямар бодлого баримталж байгаа вэ, ардчиллыг бэхжүүлэхийн тулд намууд ямар үүрэг гүйцэтгэдэг вэ зэрэг асуулт урган гарч ирнэ. Иймээс энэхүү нийтлэлд дээрх асуултад хариулт өгч,  улс төрийн намуудад тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа хуваалцахыг зорилоо.

Улстөрийн нам бол хүний эрх, эрх чөлөөг хангахын тулд нийгмийн идэвхитэй, оюунлаг иргэдийн улстөрийн эрх, эрх чөлөөт оролцоонд тулгуурласан “оюуны цөм” болсон байгууллага гэж би ойлгодог. Нам бол иргэдийн эрх чөлөө, улстөрийн оролцооны илэрхийлэл болж ардчиллыг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй, улстөрийн хариуцлагыг төлөвшүүлдэг нийгмийн болон улстөрийн институт юм. Орчин үеийн намууд хатуу эсвэл сул гишүүнчлэлтэйгээс үл хамааран тухайн үнэт зүйлийг дэмжигч гишүүд болон сонгогчдод хэр хүрч, нээлттэй, хариуцлагатай байгаагаас хамааран сонгуульд ялалт байгуулдаг болсон.

Харин манай намууд ямар байна вэ? Судлаачид намуудыг хатуу гишүүнчлэлтэй гэж дүгнэдэг. Үнэхээр гишүүн элсүүлэх нь намын гол бодлого болж, намын гишүүн мөн болохыг баталсан батламж, үнэмлэхийг өнгөрсөн 17 жилийн турш цацжээ. Гэвч гишүүдээ хүндэтгэдэг, гишүүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг,  тэдний улстөрийн боловсролд анхаардаг, гишүүдийн эрх, үүргийг хангадаг, хариуцлагатай намууд алга. Үндсэн хууль болон бусад хууль /намын тухай хууль/-ндаа  улстөрийн намууд гишүүдийн эрх, эрх чөлөөг хэрхэн хангах, шийдвэр гаргах төвшинд хэрхэн оролцуулах, намууд ямар үүрэгтэй байх, мөн гишүүдийн үүрэг, хариуцлагыг огт тодорхойлоогүй байна. Энэ нь өнөөдрийн “гишүүдтэй атлаа гишүүнгүй намууд”-уудыг өлгийджээ. Нэг үгээр хэлбэл намтай холбогдох эрх зүйн орчинд буй нэг цоорхой бол оролцоот гишүүнчлэлийн бодлого бөгөөд хаа хаанаа гишүүдийн оролцоог дэмжсэн эрх зүйн орчинг бүрдүүлээгүй байна.

Өнгөрсөн 17 жилийн хугацаанд олон намууд үүсэж, улстөрийн тавцанд өрсөлдөж байгаа ч үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт нь бүхэлдээ төлөвшиж /ардчилагдаж/ чадаагүй л байна. Ардчиллын үлгэр жишээ болдог Баруун Европын болон Хойд Америкийн орнуудад намд гишүүнээр элсэх, шийдвэр гаргах төвшинд оролцох, иргэний эрхээ эдэлж, үүргээ хүлээх нь хэдийнэ соёл болоод тогтжээ. Жишээ нь ХБНГУ-ын “Улстөрийн намын тухай хууль”-ийн 10-р зүйлд гишүүдийн эрхийг нарийвчлан заасан байна. Мөн бидэнтэй зэрэг ардчилагдсан гэх Зүүн Европын Унгар, Словак улсууд намын жирийн гишүүдийн оролцоог идэхижүүлэхэд амжилт гаргаж байна.

Орчин үед судлаачид улстөрийн намын дотоод ардчилал гэдэгт төрийн албанд буй өөрсдийн төлөөлөгчид болон лидерүүдийн үйл байдал, намын шийдвэрүүдийг удирдах, хянах гишүүдийн чадвар, хэр хэмжээ, тэдгээрийн идэвхитэй оролцоогоор тодорхойлогдоно гэж үзэж байна. Энэ бол намын ардчиллыг тодорхойлох ганц шалгуур бөгөөд иргэдийн улстөрийн эрх, эрх чөлөөг хангах, хамгаалахын тулд гишүүд, дэмжигчдэд хүрч үйлчилж чадсан нам ардчилагдана, мөн сонгуульд ялалт байгуулна үздэг.

Улстөрийн намуудын засгийн эрх барих өрсөлдөөн нь улс болгонд хүний үндсэн эрхийг зөвшөөрөх, шударга, тэгш, өрсөлдөх боломжийг зорилготой.  Сонгуулийн ардчилал нь нийгмийн салбаруудад, нэр дэвшигчийн бүлгүүдэд, төлөөлөх бодлого болон альтернатив улстөрийн намуудын хоорондын нээлттэй, шударга өрсөлдөөний зарчим дээр үндэслэдэг бөгөөд энэ нь санал хураах замаар шийдвэрлэгддэг. Хэрэв намын байгууллага үүнийг буруугаар ашиглавал эрх баригчидттай хариуцлага тооцох, сонирхлоо нэгтгэх, илэрхийлэх иргэдийн чадвар хязгаарлагддаг.

Манай намуудын гишүүдэд ийм оролцоо байна уу. Харамсалтай нь бас байхгүй байна. Энэ нь хэд хэдэн учир шалтгаанаар тайлбарлагдаж болох юм.

Нэг. бидний нүүдэлчин амьдрал, ардчиллын үнэт зүйлсийг тунхаглалын төдий лоозогнодог коммунист уламжлал, бусдад найддаг ил итгэх, өөрсдөө оролцохгүй атлаа бусдын оролцоог хязгаарлах сэтгэлгээтэй холбоотой. Нөгөөтэйгүүр нам хэмээх байгууллагыг бизнесийн нүдээр хардаг, намууд нь бас үнэт зүйл, итгэл үнэмшил ямар  байх нь чухал биш зөвхөн хэн илүү мөнгө өгч байгаагаар намд эзлэх гишүүдийн байр суурь нь тодорхойлогддог болжээ.

Хоёр.  Намууд хэт гишүүнчлэлээр уралдах болжээ. Ардчилал өндөр хөгжсөн орнуудад нийт сонгогчдийн дунд намын гишүүний эзлэх хувь ердөө 10-15 % нь л байдаг. Харин манайд намуудын сонгуулийн үед зарладаг гишүүдийн тоог нэмэхэд  нийт сонгогчдын тоотой дүйж магадгүй болжээ. Улстөрийн намын хувьд бол гишүүд нь үнэт капитал болж, сонгогчид болон дэмжигчдэд цаг үргэлж үлгэр дуурайлал болж байх ёстой. Хэт их гишүүнчлэлийн сул тал нь одоо та бидний өдөр тутмын амьдралд үүсээд байгаа намчирхах өвчин юм 1990 оноос намд элсэх нь сайн сайхан амьдралын баталгаа болж, маш өндөр шалгуураар элсэж байсан нь “намын гишүүн болох” өвчнөөр өвчүүлжээ. Энэ өвчин ардчилалд шилжсэнээр эдгэрээгүй бөгөөд харин ч улам сэдэрч олон намууд байгуулагдаж, олон ч иргэд гишүүнээр элсэв.

Гурав. Намын шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн болон залуучуудын оролцоо үгүйлэгдэж байна. Намуудын хувьд эмэгтэйчүүд болон залуучууд, ахмадуудынхаа сонирхлыг хадгалж байхын тул дэргэдээ бие даасан хуулийн этгээдээр олон нийтийн байгууллага байгуулдаг. Гэвч эдгээр байгууллага нь гишүүдийн сонирхлын төлөөлж чадахгүй, зөвхөн нам дахь гишүүдийг тоог хадгалах, өсгөх “захиалгат” үүрэгтэйгээр ажиллаж байна. Түүнээс биш гишүүдийн эрх ашгийг хамгалаалах, оролцоог нэмэгдүүлэхэд төдийлэн анхаардаггүй нь нууц биш.
Дөрөв. Харизматик лидерүүдийг хэт тойрон хүрээлсэн зохион байгуулалттай байна. Өнөөгийн бүх нам цөөн хэдэн улстөрчдийн хийдэг ажил болсон бөгөөд түүнийг тойрон хүрээлэгчдийн эрх ашигт бүхий л намын бодлого чиглэж байна.  Энэ хүрээнд орж чадахгүй л бол та улстөрд маш их эрсдлийг өөртөө авчрах бичигдээгүй хууль үйлчилж байна. Намын гишүүд, дэмжигч, сонгогчдын хувьд шинээр лидер төрөх боломжийг сэтгэлгээ, зан үйлээрээ өөрсдөө ч мэдэхгүй хааж байна. Учир нь тэд “хэн ч гарсан ялгаагүй адилхан л идэж ууна”, “чамтай чамгүй болно”, “төрийн төлөө огтоно боож үхэх нь” зэргээр өөрсдийн оролцоог хязгаарладаг.

Эцэст нь дүгнэхэд манай улстөрийн намууд коммунист хэв шинжээс салаагүй байна. Угтаа нам бол гишүүнээр элсэх замаар иргэний эрх, чөлөөг эдлэх улстөрийн оролцооны нэг л суваг. Бид энэ сувгийг илүү нээлттэй болгох нь иргэд гишүүнээр элсдэг, элссэн гишүүд намын бүхий л шатны шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцдог, оролцоо нь намын санхүү, шийдвэр, үйл ажиллагаа, төрийн албанд томилогдсон болон сонгогдсон элит, лидерүүдийг хянах бүх боломжийг олгодог.