Проф. Олхонуд Баярхүү
“МАХН нь хэзээ ч коммунист нам байгаагүй, одоо бол Социнтерний бүрэн эрхт гишүүн”, “Ардын Хувьсгалт” байснаа дэлхийд данстай “Ардчилсан Социалист” нам болж хувирсан гэхчлэн МАХН-ын одоогийн удирдлага цөхрөлтгүй ухуулах мөртлөө хэрэг болмогц, ялангуяа ахмад хижээл насны сонгогчдын санал дэмжлэгийг авах зорилгоор өмнөх коммунист түүхээ өөртөө авч наадаг нэгэн популист арга бачтай.
Коммунист түүхээ гээгээгүй, коммунист үзэл суртал, коммунист сахилгын арга барилаасаа огт салаагүй яваа МАХН-ыг коммунист байгаагүй, коммунист биш гэж зөвтгөх нь нэн увайгүй, хүн чанаргүй хэрэг болохсон. Энэ тухай баримт сөхөж, түүхэн зарим үнэнийг сануулахаас гадна МАХН-ыг шинэчлэхийг үл хүсэгчдэд хандан шинэ Коминтерн чинь нээлттэй байгаа шүү гэдгийг уламжлая.
Олон улсын коммунист- ажилчны хөдөлгөөн гэж лут том хүчин байсан гэвэл ахмад хижээл насны монголчууд андахгүй. Манай МАХН бол энэ лут цул хөдөлгөөний салшгүй эд эс нь явсан цаг тун саяхных, бүр тодруулж хэлбэл 1992 он хүртэл юм. Октябрийн хувьсгалаар эхээ тавьсан эл хөдөлгөөний түүх хуучраагүй бөгөөд цаашдаа ч улс төрийн шинжлэх ухааны судлагдахуун байх биз ээ.
Түүх сөхвөл Олон улсын коммунист намуудын зөвлөлгөөн хийе гэсэн шийдэл Сталин багшийн 70 насны ойн (1949 он) үеэр цухалзаж байснаа анхлан 1957 онд Октябрийн хувьсгалын 40 жилийн ойн үед хэрэгжжээ. Тэгэхэд социалист орнуудын 12 намын төлөөлөгчид эхлэн уулзаад, дараа нь ойн баярт уригдсан нийт 62 коммунист нам зөвлөлджээ. 1960 онд мөн л Октябрийн баярт уригдсан 81 коммунист нам, 1969 онд мөн тэр үйл явдлаар цугласан 75 нам зөвлөлдөж, дэлхийн хувьсгалын их үйл хэргийг ярилцсан байна.
Түүхнээ “Олон улсын коммунист- ажилчны намуудын зөвлөлгөөн” хэмээн алтан үсгээр бичигдсэн эдгээр их чуулганууд Москвад 1957, 1960, 1969 онуудад чуулсан тухай бид бахархалтайя ярих хэрнээ Бээжин, Пхеньянд түүнээс ч дутахааргүй, МАХН өөрөө оролцсон сүрлэг чуулга уулзалт чуулсан тухай тэр бүр мэддэггүй нь нэн харамсалтай. БНХАУ-ын 10 жилийн ойгоор 1959 онд Бээжинд 5 тивийн 83 орны коммунистууд хуран чуулсан бөгөөд уг үйл явдал бол олон улсын коммунист- ажилчны намуудын хамгийн олон төлөөлөлтэй (83) цорын ганц чуулга уулзалт болж түүхнээ үлдэх биз ээ.
Ямар нэгэн хувьсгалт ойн баяраар уригдсан зочид нь цуглараад мэдэгдэл, тунхаглал гаргасан олон улсын коммунист- ажилчны намуудын зөвлөлгөөн болчихоод байсан жишгээр хамгийн сүүлд 1992 онд Солонгосын ард түмний аугаа их удирдагч Ким Ир Сений 80 насны ойн баярт уригдсан дэлхийн 132 орны 420 төлөөлөгч Пхеньянд хуран цугларсны зөвхөн ах дүү намуудын төлөөлөгчид гэхэд Москвагийн зөвлөлгөөнүүдээс дутахааргүй олон байв. Тэд аугаа их коммунист удирдагч Ким Ир Сенд баяр хүргэхээр цугларсан ба МАХН-ыг төлөөлж тэр үеийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг очжээ. Тэрээр МАХН-ыг төлөөлөн “Пхеньяаны Тунхаглал” хэмээх түүхэн баримт бичгийг батлалцсан гавьятан бөгөөд тэрхүү тунхаглалын гол үзэл санаа нь дэлхийн хувьсгалын төв Солонгосын хойг руу шилжин төвлөрч, империализм өнөө маргаашгүй үхлээ хүлээн, мөхөл нь хаяанд ирсэн, даян дэлхийд хувьсгал, коммунизм ялан мандах нь гарцаагүй тухай уриа дуудлага ажээ. Хойд Солонгосоос мэдээлснээр бол, дэлхийн 70 улсад энэ түүхт ойг тэр үедээ өндөр хэмжээнд сүрлэг тэмдэглэсэн юм байх.
Энэхүү сүрлэг ёслолтой давхцан хайрт удирдагч Ким Чен Ирийн 50 насны ой, Солонгосын Ардын Армийн 60 жилийн ойг хамтатган тэмдэглэж, Ерөнхийлөгч Ким Ир Сенийг “БНАСАУ-ын Генералиссимус”, түүний хүү-Дээд Ерөнхий командлагчийг “БНАСАУ-ын Маршал” цолоор нэгэн зэрэг шагнасан гэхчлэн саяхны түүхийг ингэсгээд орхиё. Ямартай ч коммунист-ажилчны хөдөлгөөний 5 удаагийн түүхэн зөвлөлгөөнүүдэд дэс дараалан оролцсон намуудаас эдүгээ МАХН л ганцаараа эрх барьсаар, барилцсаар шинэ зууныг давсныг монгол үндэсний бахархал гэхээс өөр аргагүй.
Шинэ түүх, гарчигт өгүүлсэнчлэн МАХН-ыг шинэчлэхийг үл хүсэгчдэд нээлттэй буй шинэ Коминтерний тухай дор өгүүлье. Эдүгээ 19 коммунист намыг эгнээндээ нэгтгэсэн “СКП-КПСС” гэгч хөдөлгөөн манай хойш хөршид байгуулагдан эрчтэй ажиллаж буй талаар ОХУКН-ын мэдээллийн вэб хуудсаас түвэггүй харж болно. “СКП-КПСС” гэдэг нь “Союз компартий-КПСС” буюу ЗХУКН-ыг залгамжлагч Коммунист намуудын холбоо, 2001 оны 10 дугаар сарын 27-нд XXXII их хурлаа хийж, 14 нам нэгдэн анх байгуулагджээ. СКП-КПСС-ийн даргаар 1991 онд төрийн эргэлтэд оролцож шүүхээс ял сонссон О.С.Шенин сонгогдсон ба одоо ч солигдоогүй байна. Багцаалбал М.С.Горбачев ЗХУКН-ыг толгойлж байх үед 1986 онд XXVII их хурлаа хийснээс хойш, энэ нам дампуурсаар, 1991 онд төрийн эргэлт хийхэд оролцож буруутгагдан хориглогдож тарснаас хойш XXXII их хурал хүртэл 4 их хурлыг хаа нэгтэй, нууцаар хийсэн болж таарлаа.
Коминтерн ийнхүү дахин амилах явцад 1993-1995 онд Туркменистанаас бусад СССР бүх БНУ-д коммунист намууд амилж, дахин байгуулагдсан ба ЗХУКН-аас өвлөсөн хатуу гишүүнчлэлийн бааз дээрээ ОХУ, Украин, Белорусс, Армен, Гүржэд хүчтэй коммунист нам, хөдөлгөөнүүд гарч иржээ. 1995 оны зун гэхэд хуучин СССР-ийн нутаг дэвсгэр дээр 26 коммунист нам ажиллаж эхэлсэн ба хуучин ЗХУКН-д БНУ-уудын 14 нам, РСФСР-ийн товчоо гэж байснаас 11-ээр давжээ. Тэр 26-ын 22 нь буюу 1 300 000 коммунистыг нэгтгэсэн СКП-КПСС үүссэн нь тэр байлаа.
Зөвхөн Орост гэхэд л Г.Зюгановын толгойлдог ОХУКН-аас гадна Оросын коммунист ажилчны нам, Оросын коммунистуудын холбоо, Оросын коммунистуудын нам, Татарстаны коммунист нам гэж 4 ч нам гарч ирсэн ба энэчлэн Украинд Украины коммунист нам, Украины коммунистуудын холбоо, Белорусст Ардчилал, нийгмийн дэвшил, шударга ёсны төлөө хөдөлгөөн, Молдова улсад БНМолдовУ-ын коммунист нам, Днестрийн хөдөлмөрчдийн коммунист нам, Гүржэд Өмнөд Осетийн коммунист нам, Гүржийн нэгдмэл коммунист нам, Абхазийн коммунист нам гэж салбарлан, Азербайжан, Армен, Казахстан, Тажикистан, Узбекистан, Кыргызстан, Эстон, Латви, Литва бүгд л дор бүрнээ шинэ Коминтерний “Тавдугаар цуваа”-ны үүрэг гүйцэтгэх коммунист намуудтай болсон юм байна. Ингээд тэдгээр нь хуучин СССР-ийн нутаг дэвсгэр дээр ЗХУКН-ын үйл ажиллагааг бүрэн сэргээх үйл явцыг эрчтэй өрнүүлж байгаа гэсэн сурталчилгаа хийж иржээ. Эдгээр 19 намаас 5 нь онцгой хүнд нөхцөлд ажиллаж байгаа ба тэр сонгуульд ялахгүй, эсвэл сонгуулийн эрхгүй, хориглогдсон байдалтай байгаа, нийгмээсээ дэмжлэггүй намууд бололтой юм.
Коммунист намуудын холбооны дотоод бүтэц рүү нь өнгийж үзвэл, их хурлаа гурван жилд хийх ёстой, түүнийг нь Холбооны зөвлөл шийддэг, ээлжит бус, онц их хурлыг зөвлөлийн юмуу холбооны хянан-шалгах комиссын санаачилгаар, эсвэл холбооны намуудын гуравны нэгээс доошгүй нь шаардсан тохиолдолд хийх дүрэмтэй гэнэ. Их хурал нь зөвлөлөө сонгоод зөвлөл нь ирээдүйн шинэ ЗХУКН-ын дарга, нэгдүгээр орлогч, орлогч дарга нарыг сонгоно гэж заажээ. Энэ дүрмээр бол зөвхөн ЗХУКН амилаад зогсохгүй нэгэнтээ үгүй болсон СССР эргэж сэргэх нүү гэмээр дүр зураг бууж байна. 2001 онд XXXII их хурлаа хийсэн, түүнээс хойш хуралдах хоёр ч хугацааг өнгөрүүлсэн атал дараагийн XXXIII их хурлын сураг байхгүйг бодвол “СКП-КПСС” гэгч нь хэн нэгний (магадгүй Зюганов) тоглолт, эсвэл угаасаа нийгмийн дэмжлэггүй, яваандаа хүүхэд нохойн доог болох шог үзэгдэл, шоу ч гэмээр юм шиг.
Эдгээр дотроо өдгөө ОХУ-д зохих нөлөө бүхий, Төрийн Думд суудалтай нь ОХУКН. Энэ 10 дугаар сарын 9-ны байдлаар Төрийн Думын сонгууль болбол сонгогчдын 64 хувь нь Нэгдмэл Орос намыг, 15 хувь нь Шударга Орос намыг, 12 хувь нь коммунистуудыг, 9 хувь нь Жириновскийн ЛАН-ыг сонгох судалгаа гарчээ. ОХУКН бол “СКП-КПСС” дотроо гол холбогч, амилуулагч гэдэг нь тодорхой байна. Тэдний өөрсдийнх нь яриагаар бол ядаж гадаад харилцаа нь тасраагүй, Вьетнам, Герман, Грек, Итали, Португал, Сири, Словак, Финланд, Франц, хуучин Югославын коммунист, социалист намуудтай холбоотой аж. Эгнээндээ 70 сая коммунистыг нэгтгэсэн ХКН эдэнтэй ямар нэг холбоо сүлбээ байхгүй нь гайхаш төрүүлэхээр боловч энэ бол Хятадын реалист бодлогын илрэл гэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 2006 онд Оросын коммунистууд олон улсын тавцанд идэвхтэй ажиллаж Европ, Америк, Ойрхи Дорнодын 59 коммунист намыг цуглуулан Газын зурвас, Ливанд Израилийн армийн үйлдсэн түрэмгийллийг эсэргүүцсэн мэдэгдэл гаргуулж энх тайвны аян өрнүүлсэн гэнэ.
Даян дэлхийд 59, түүний дотор хуучин СССР-ийн нутаг дэвсгэр дээр 26 коммунист нам ажиллаж байгаа энэ баримтыг дурдах ялдамд коммунизм түүхээ бүрэн өндөрлөж, дэлхийн цоо шинэ түүх эхэлсэн энэ цаг үед ийм хөгийн, хэнд ч хэрэггүй, хэзээ ч эргэж сэргэхгүй ажлаар хөөцөлдөж хийрхсэн нийгмийн тодорхой хэсэг посткоммунист СССР-т (манайд ч бас байж магад) амь бөхтэй оршиж байгаа нь нэн эмгэнэлтэй, оюун санааны хувьд маш аюултай, олон улсын терроризмд өгөөш болох магадлалтай үзэгдэл гэж үзэж болох юм.