Ц.Болд (МУИС-ийн Социологийн тэнхмийн багш)
Улстөрийн нам гэж Засгийн Газарт тавих хууль ёсны хяналтыг сонгуулиар дамжуулан олж авахаар эрмэлзэж буй институцийг хэлдэг. Харин манай намууд, намын эрх баригчид нь үүнийг арай өөрөөр тайлбарладаг. Тэд сонгуулиар дамжуулан засгийн эрхийн төлөө тэмцдэг байгууллага, зохион байгуулалттай бүлгийг нам хэмээн ойлгож засварлан тодорхойлж эрх мэдлийн төлөө илэрхий тэмцэлдэх болжээ. Үүнийг МАХН-ын шинэхэн дарга С.Баярын, “Манай намын гол зорилго бол ирэх 2008 оны сонгуульд ялалт байгуулах явдал” хэмээн хэлсэн үгнээс ч мэдэрч болно. Олон намт төр гэдэг нь ерөнхий ойлголт бөгөөд намын системийн олон янзын хэлбэр хувилбар байдаг билээ. Хоёр намын юм уу олон намын системтэй болох эсэх нь тухайн оронд үйлчилж буй сонгуулийн дэг журам, сонгуулийн хууль, түүний хэрэгжилтээс ихээхэн хэмжээгээр хамаардаг. Харин “Ялагч бүхнийг авна” гэсэн зарчимд тулгуурлан сонгуулиа явуулдаг оронд л, зөвхөн улстөрийн ийм систем ноёрхсон газарт л хоёр нам зонхилох хандлагатай байдаг ажээ.
Өнөөгийн Монгол орны улстөрийн нөхцөл байдлыг ажиглахад яг ийм байдал харагдана. Засгийн эрхийг барьж үзсэн, барьж байгаа хоёр нам болох МАХН, АН хоёр урьд нь хоорондоо өрсөлддөг, тэмцэлддэг байснаа больж өөрсдөө нэг юмны хоёр тал гэдгээ ойлгох болжээ. Тэд Монголд хоёр л гол нам байх ёстой, жижиг намуудын болон улстөрийн шинэ хүчний орон зай Монголд байхгүй хэмээн мэдэгдэж үүнийгээ ч хуульчлахыг бүх талаар оролдож байгаа билээ. Хоёр нам хоорондоо өрсөлдөхийн хажуугаар хамтран бусад нам хүчнийг улс төрөөс шахан зайлуулахыг илэрхий хүсэж байгаа. Энэ санаархал нь “Сонгуулийн хууль”, “Намуудын тухай хууль”, “Үндсэн хуулийн өөрчлөлт”, “УИХ-ын тухай хууль” болон ер нь л УИХ-аас батлан гаргаж байгаа хуулиуд болон Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлогуудаас нь илт мэдрэгддэг. Монголд тогтоохыг хүсч байгаа энэхүү хоёр намын систем нь жам ёсны гэхээсээ илүү зохиомол албадлагын шинжтэй учраас тэдний хүссэн үр дүнд төдийлөн хүрэхгүй байна.
1990-ээд оноос хойш Монголд олон нам үүсч байгуулагдсан, тарсан татан буугдсан, эвссэн нэгдсэн, өдгөө ч энэ процесс дуусаагүй цаашид ч үргэлжлэх болно. Ялангуяа сонгуулийн өмнөхөн энэ процесс илт сэргэж намуудын ялгарал идэвхжиж байгаа. Гэхдээ 2004 оны сонгуулийг болтол Монгол дахь улстөрийн намуудыг хоёрхон туйлд л хувааж болохоор байлаа. Энэ нь МАХН ба Ардчилсан хүчин гэсэн хоёр тал бөгөөд сонгогчид энэ хоёр талд хуваагдан санал өгдөг, үзэл бодлоо илэрхийлдэг байсан гэж болно. 2004 оноос хойш сонгогчид илэрхий будилах болж өөрийгөө чухам аль намыг дэмжээд байгаа ямар үзэл бодолтой хүн бэ гэдгээ ойлгохоо больжээ. Намуудын үзэл баримтлал гэх зүйл сонгогчдын хувьд хэзээ ч сонирхолтой зүйл байгаагүй бөгөөд энэ нь зөвхөн улстөр судлаачдын л сонирхдог зүйл байсан. Одоо бол үүнийг улстөрчид ч өөрсдөө төдийлөн сайн ялгаж ойлгохоо больж.
Сонгогчид өөрийгөө аль нэг намд харьяалуулан, аль нэг намтай өөрийгөө адилтган саналаа өгдөг байсан бол энэ байдал 2004 оны УИХ-ын сонгуулиас хойш эрс суларчээ. Одоо сонгогчдын дунд ялгарал явагдаж байна. Намуудын төлөвшил явагдахгүй байгаа тул сонгогчдын төлөвшлийн тухай ярих нь эрт байж ч болно. Тэгээд ч сонгогчид намуудаас дайжиж зугтаж байна.
1. Сонгогчдын идэвх буурсан. Сонгогчдын идэвх сүүлийн жилүүдэд тогтмол буурч байгаа. Энэ нь шинжилгээний бүхий л түвшинд батлагдаж байгаа бөгөөд улстөрөөс залхах хүнийсэх явдал сүүлийн гурван жилд бүр ч нэмэгдэж байна. Хамгийн илэрхий баримт гэхэд сонгуулийн оролцоо сонгуулиас сонгуульд улам буурч байна. Саяхан болж өнгөрсөн НИТХ-ын нөхөн сонгуулийн оролцоо гэхэд л дөнгөж 51 гаруйхан хувьтай болж өнгөрлөө. Ирэх УИХ-ын сонгуульд оролцоно гэсэн байр суурьтай хүмүүсийн тоо ч 66-68 орчим хувьтай байна.
2. Намууд сонгогчдын дэмжлэгийг алдсан. 2004 оны УИХ-ын сонгууль бол өрсөлдсөн гол хоёр хүчний аль нь ч олонх болж чадаагүй анхны сонгууль болсон. Энэ нь л гэхэд намууд сонгогчдынхоо дэмжлэгийг алдсаны баталгаа болно. Цаашилбал Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулж М.Энхболдын Засгийн газар байгуулагдсантай давхцан МАХН-ын рейтинг унасан явдлыг нэрлэж болно. Энэ үеэр МАХН-ын рейтинг 42-оос 26 болтлоо унасан билээ. МАХН-ын рейтинг унасан боловч АН-ынх сэргэж сүйд болоогүйг намуудын нэр хүнд бүхэлдээ унаснаар л тайлбарлаж болно. Сонгуулиас сонгуульд энэ хоёр намын авсан саналын хувь нийлбэрээрээ буурсаар байгаа юм.
3. МАХН 160000 гишүүнтэй, АН бас 140000 гишүүнтэй хэмээн гишүүнчлэлээрээ өрсөлддөг боловч гишүүдийнх нь яс тоо илэрхий цөөрсөн. Үүнийгээ С.Баяр, Ц.Элбэгдорж дарга нар хүлээн зөвшөөрдөг.
4. Гишүүдийн тоо цөөрөхийн ялдамд дэмжлэг багасч, улмаар намуудын санхүүгийн эх үүсвэр буурдаг байна. Хэдийгээр гишүүнчлэлийн татвар нь намын орлогын гол эх үүсвэр биш ч гишүүдийн тоо буурахтай пропорционалиар хандивлагчдынх нь тоо ч буурдаг аж. Тиймээс аль аль намууд нэр дэвшигчдээсээ 20 сая, 30 саяыг нэхэж байгаа нь үүнтэй холбоотой биз.
5. Сонгуулиас сонгуульд намын фон сонгуульд нөлөөлөх гол хүчин зүйл биш болж байна. Хувь хүний хүчин зүйл нэмэгдсээр байгаа юм. 2000 оны сонгуульд ганцхан бие даагч ялалт байгуулж байсан бол 2004 онд гурван бие даагч ялалт байгууллаа. Энэ нь цаашид нэмэгдэх хандлагатай гэж таамаглаж байна. Намын фон гол биш болоод хувь хүний хүчин зүйл сулавтар нөлөөтэй байгаа нөхцөлд мөнгө л санал авах гол хэрэгсэл болж байна.
6. Төр засгийн өндөр албан тушаалтнууд, тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд түүнчлэн намуудын удирдлага элдэв шударга бус зүйлтэй нэр холбогдох болсон нь тэдэнд итгэх итгэлийг бууруулж, улстөрчдөд, намуудад, цаашилбал төр засагт итгэх итгэлийг сулрууллаа. Төр засгийн институцуудэд итгэх итгэл урьд нь хэзээ ч ингэж дор орж байгаагүй юм. Энэ нь эргээд намуудад л тусаж тэднээс дайжихад хүргэнэ.
МУИС-ийн Социологийн тэнхмээс эрхлэн улстөрийн нөхцөл байдлыг тандах судалгааг нийслэл Улаанбаатар болон таван аймгийн респондентуудын дунд явуулсан юм. Одоогоор АН –ын рейтинг хамгийн өндөр байгаа байдлаа хадгалж, МАХН-ын рейтинг унасан чигтээ өсөлтгүй хэвээр байна. Энэ байдал сүүлийн хоёр жил орчмын хугацаанд бараг тогтвортой хадгалагдаж байгаа бөгөөд цаашид ч төдийлөн өөрчлөгдөхгүй болов уу гэж таамаглаж байна. АН-ынх өндөр гэх боловч энэ нь харьцангуй давуу тал бөгөөд МАХН-аас илэрхий илүү гараад тасраад явчихсан байдал харагдахгүй байна. Намуудын рейтинг өсөж буурах нь эдгээр намын өөр хооронд биш харин өөр гуравдагч хүчин зүйлээс л голлон хамаарч байна. Хоёр намын рейтинг нийлээд 55 орчим хувь дээр л эргэлдэж байлаа. Энэ хоёр нам яах аргагүй нэг зоосны хоёр тал болжээ.
Хоёр гол намын нэр хүнд унасантай холбоотойгоор улс төрийн шинэ хүчний орон зай бий болсон. Гэвч өнөөг болтол энэ орон зайг эзлэх бодитой хүчин алга байна. Парламентад суудалтай болон суудалгүй, хуучин хийгээд шинээр байгуулагдаж байгаа аль ч намын хувьд энэ орон зайг эзлэх бодит боломж одоогоор алга байна. Намаас дайжих процесс зөвхөн энэ хоёр намд төдийгүй бусад намд ч, түүний дотор шинээр байгуулагдах алив намд ч адил үйлчилж байна.
Сонгогчдын 40-45% нь итгэл даах улс төрийн хүчнийг эрж хайж саналаа өгөхөөр хүлээж байна. Энэ хүлээлт удаан үргэлжилж байгаа бөгөөд энэ хүлээлтийг хангах улстөрийн шинэ хүчин өнөөг болтол гарч ирээгүй байсаар. Сонгогчид удаан хүлээлтийн эцэст залхах магадлалтай. Улстөрийн хийрхэл эхэлж байгаа энэ үед шинээр үүсэх аливаа нам, эвсэл, нэгдэл аль нь ч бай сонгогчдын итгэлийг төдийлөн хүлээхгүй л болов уу. Тэгээд ч үлдэж байгаа хугацаанд жам ёсны нэгдэл гэхээсээ илүүтэйгээр цаг зуурын механик нэгдлүүд л бий болох болно. Энэ нь сонгуулийн дараагаас шинэ задрал, ялгарлыг л дагуулах билээ.