Дамбын Гантуяа
(Сэтгүүлч)
Монголчууд ардчиллын үр шимийг хүртсээр нэлээд хэдэн жилийг үдэв. Энэ хугацаанд хувь хүний үнэт чанарын зэрэгцээ энэ чанар нийлж нэгдмэл сонголт хийхийг ардчилал гэдгийг сайн ойлгох болжээ. Энэ сонголтын оргил нь парламент юм. Парламентчид биднийг, олон түмнийг шууд, нэгдмэл сонголтоор төлөөлсөн бүрэн эрхт төлөөлөгчид. Тийм ч учраас улс орны хувь заяатай холбоотой амин чухал асуудлаар мэтгэлцэж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр түлхүү анхааран ажиллах үүрэгтэй. Хэнээс ч хамааралгүй, бие даасан байхын эх булаг бол парламент гэсэн төсөөлөл бидэнд оршсоор байна. Товчхондоо парламент бол ардчиллын амьд биелэл юм.
Гэвч сүүлийн 10 орчим жил дэлхий даяар болж буй үйл явдал, бодит байдлын хандлагыг ажиглавал парламент бие даасан, эрх чөлөөт байдлын билэг тэмдэг байхаа больж эхэллээ. Засгийн газрын буюу гүйцэтгэх засаглалын зорилгыг биелүүлэх хэрэгсэл төдий болон хувирч байна. Барууны улс төр судлаачдын дүгнэж байгаагаар Италийн Ерөнхий сайд Берлускони парламентаараа өөрт хэрэгтэй чухал шийдвэрийг гаргуулж байгаа бол Англид Тони Блэйрийг ганцаарчилсан засаглалд дуртай боллоо хэмээн улам бүр шүүмжлэх болов. Германд Шредер канцлерийн суудалдаа голонгуй хандаж байгаа ажээ. Тэд бүгдээрээ АНУ-ын Ерөнхийлөгчийн зангарагт битүүхэндээ атаархаж, тийм байдлыг хүсэмжилж буй нь илэрхий байна. Үнэндээ бол АНУ-д Үндсэн хуулиар тогтоосон засаглал хуваарилах зарчмын дагуу бүх зүйл явагддаг болохыг харин тэд олж харахыг төдийлөн хүсэхгүй байгаа бололтой. Европын холбооны хувьд Сайд нарын зөвлөл нь хууль тогтоох эрхийг гартаа авсан нь парламент буюу төлөөллийн ардчилал хэрхэн унаж буйн хамгийн тод жишээ болж байна. Сонгодог ардчилал, аливаа парламентын өвөг эцэг гэгддэг Британийн парламентын байдал ч тийм сайнгүй байгаа аж. Британийн парламентад мэтгэлцээн хийх цагийг хязгаарласнаас зарим амин чухал асуудлыг хэлэлцэхгүй, түүхийгээр батлах тохиолдол ч гарах болжээ. Ийм тохиолдолд удам угсаа, уламжлалаар буюу ямар ч сонголтгүйгээр байгуулагддаг лордуудын танхим харин хууль тогтоогч байгууллага болон хувирч байгаа аж. Ийнхүү дэлхийн олон улс оронд Засгийн газар нь тогтоол, журам батлах замаар хууль тогтоох эрхийг гартаа авах нь түгээмэл болжээ. Оросын 2004 оны Ерөнхийлөгчийн сонгууль, түүний урьтал болох 2003 оны Думын сонгуулийг бас саная. Өөрт нь шууд нааштай ханддаг улс төр, бизнесийн бүлэглэлийг бий болгож, тэдний нөлөөллөөр парламентаа бүрдүүлсний ачаар ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин Ерөнхийлөгч болсон Путинд одоо хамаг эрх мэдэл төвлөрчээ. Парламент нь ердөө л түүний дохиур болон хувирчээ.
Монгол дахь үйл явдал ч нийтийг хамарсан энэ үйл явцын өрнөлтөд хамаарч буй юм. “Бор халзан төлөг байсан ч сонгогдох байлаа” гэж яригдах хүртлээ парламентын нэр хүнд унасаар байна. Угтаа бол та бидний улс төрийн сонирхлын оргил нь парламент, түүнд явагддаг шударга мэтгэлцээн, улс төрийн намуудын мөрийн хөтөлбөр байх учиртай. Гэтэл эдүгээ парламентын мэтгэлцээн утгаа алдаж, унтаа байдалтай болжээ. Улс төрийн нам улс орны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахын оронд эрх мэдэл, албан тушаал хуваарилдаг байгууллага болон хувирсаар байна. Үүнийг дагаад олон түмэн улс төрийг сонирхохоо больж, тус бүрийн амин хувийн ажлаа зохицуулах төдийгөөр өөрийгөө хязгаарлаж байна. Тэр хэмжээгээр мөнгөтэй, бэлтэй, хөрөнгөтэй хэсгийн төлөөлөл улс орныг удирдах боломжийг бүрдүүлэх боллоо.
Хаа сайгүй парламент нэлэнхүй уналтад орох болсон нь нэлээд хэдэн бодит шалтгаантай ажээ. Улс төр, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн Ральф Дарендорфын бичсэнээр үүний нэг гол шалтгаан нь даяаршил өөрөө гэнэ. Даяаршиж буй дэлхий дахинд үйл явдал тухайн газар нутгаар хязгаарлагдахаа больжээ. Олон улсын гэрээ хэлэлцээр ихэсч, гэнэтийн осол, дайны байдал үүсэхэд Засгийн газрууд түргэн шуурхай, шууд оролцох боломжоороо хавьгүй илүү байдаг. Засгийн газрын гаргаж буй шийдвэр нь зөвхөн тухайн улс оронд бус, заримдаа бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудал болох учир гүйцэтгэх засаглалыг дэлхий дахинд тэргүүлэх хандлагатай болгож байна гэж тэрбээр дүгнэжээ.
Нөгөө нэг шалтгаан нь улс төр болон улс төрийн намуудын үйл ажиллагаа олон түмний амьдрал, тэдний ашиг сонирхлоос холдсонтой холбоотой байна. Дээр хэлсэнчилэн намууд албан тушаал хуваарилах механизм төдий болж, олон түмнийг төгс төлөөлж чадахаа больсноор үүнийг тайлбарлаж байгаа юм. Нөгөөтэйгүүр улс төрчид өөрийн намаар биш, өөрсдөө эсвэл бусад судалгаа, сурталчилгааны байгууллагаар дамжуулж олон түмэнтэй харьцахыг илүүд үзэх болсон нь улс төрийн намын үйл ажиллагааг хязгаарлагдмал болгоход хүргэснийг Р.Дарендорф бас онцолжээ.
Өөрөөр хэлбэл, улс төрчид өөрсдийн үйл ажиллагааг тайлбарлах, мэтгэлцэхээс илүү нэр хүнд, алдрыг чухалчлах болжээ. Ойрмогхон Монголд болсон олон марзан шалгаруулалт үүний нэг тод жишээ билээ. Ийнхүү улс төрд улс төрийн хүчнээс илүү алдар цуу, нэр хүнд бүхий хөрөнгө бэлтэй хүмүүс гарах боломж улам бүр бүрдсээр байна. Тэр хэрээр Монголын парламент “бор халзан төлөг” цугларсан зүгээр л нэг аж ахуйн нэгж болон хувирах төлөвтэй.
Улс төрийн нам, улс төрчид олон түмний сонирхлыг татахаа больж байгаатай зэрэгцэн сонгуулийн ач холбогдлыг үл тоомсорлох явдал газар авч, эцэстээ сонгуулийн үр дүн тэнэсэн сум шиг хаа ч тусч мэдэхээр байгаа нь бүүр харамсалтай юм. Ардчиллын үнэ цэнэ унаж, түүний оргил болох парламент ийнхүү бүдгэрч буй энэ цаг үед парламент өөрөө өөрийгөө болон түүнийг сонгуулиар шинэ шатанд гаргаж шинэчлэхгүй л бол нөхцөл байдал улам бүр даамжирна. Үүнийг манай улс төрчид, улс төрийн намууд онцгой анхаарч түүнд тохирсон шинэ арга барилыг эрэлхийлэх нь сонгуулийн өмнөх өнөө цагийн гол шаардлага болжээ. Парламентын уналт нэг мөсөн жаргасныг харуулав уу, эсвэл түр зуур бүдгэрснийг илэрхийлэв үү? Үүний учрыг Буш тэргүүтэй Берлускони, Блэйр, Шредер, Путин нарын араас Монголын Н.Энхбаяр, бас цагтаа түүнд богинохон хугацаанд ч болов гүйцэтгэх засаглалын давуу байдлыг харуулж чадсан М.Энхсайхан нарын оршихуй, үргэлжлэх цаг хугацаа харуулах биз ээ.