Нээлттэй Нийгэм Форумаас Монголын нийгэмд чухал сэдвүүдээр бодлогын чанар сайтай судалгаа шинжилгээг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус форумаас "Бодлого судлалын бүтэц ба бодлогын шинжилгээ" сэдэвт гурав хоногийн сургалт семинар зохион байгуулав. Сургалтыг Олон улс судлалын Монтерейн Институтын дэргэдэх Олон улсын бодлого судлалын сургуулийн профессор Лесли Элайсон удирдлаа. Бодлогын асуудал болон бодлого судлалын талаар түүнтэй Н.Дорждарийн хийсэн ярилцлагыг толилуулъя.
Та Монголд ямар зорилгоор ирэв?
Би Нээлттэй Нийгэм Форумын урилгаар ирсэн. Тус форум бодлогын мэргэжилтнүүдийн ур чадвар, ялангуяа бодлоготой холбоотой судалгаа шинжилгээний чадварыг сайжруулах шинэ тэтгэлэгт хөтөлбөр нээж байгаа юм. Энэ жил гэхэд есөн хүнд ийм тэтгэлэг олгоно. Тэтгэлэгт хамрагдагсад улс төрийн чухал ач холбогдолтой олон салбарт ажиллах болно. Үүний дотор газрын шинэчлэл, мал аж ахуйн эдийн засаг, иргэний оролцоо, нээлттэй байдлыг сайжруулах, сүүдрийн эдийн засгийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх, улс төрийн компанит үйл ажиллагааны санхүүжилт зэрэг орно.
Бодлогын судалгаа шинжилгээ яагаад чухал вэ?
Энэ их сайн асуулт байна, урт хариулт шаардана. Ихэнх хүмүүс улс төрийн шийдвэр гаргах гэдгийг зөвхөн эрх мэдэл ашиглах хэрэг гэж боддог. Харин бид ардчиллын үед улс төрийн шийдвэр гаргах гэдэг нь хэд хэдэн хувилбараас сонголт хийх явдал гэж ойлгодог. Бодлогын судалгаа шинжилгээ нь хэрэглэж болохуйц сайн хувилбаруудыг таньж мэдэх чухал арга юм. Шилжилтийн үеийн орнуудын хувьд энэ нь бүр ч чухал асуудал гэж би боддог. Шилжилтийг хэрхэн хамгийн сайнаар хийх вэ гэдэг талаар бид маш бага туршлагатай. Тийм болохоор үүнийг хийх явцдаа бид сурах хэрэгтэй. Тухайлбал, шилжилтийн үеийн орон бүрийн хувьд өмч хувьчлалын асуудал хамгийн гол зорилгуудын нэг байдаг. Харин үүнийг хийх цорын ганц зөв зам байхгүй. Бид эдийн засаг, улс төрийн шилжилт хийсэн орнуудын жишээнээс өмч хувьчлалын хэд хэдэн аргыг харж болно. Эдгээр арга зам бүр өөр өөрийн сайн муу талтай. Тэгэхлээр өмч хувьчлалын талаар шийдвэр гаргаж байгаа орны хувьд олон хувилбарыг судалж, тухайн орны нөхцөл байдлын хувьд аль нь хамгийн тохиромжтойг сонгох нь тун чухал. Үүнд бодлогын судалгаа шинжилгээ тусална.
Барууны орнууд болон шилжилтийн үеийн орнуудын хоорондох гол ялгаа юу вэ?
Суурь түвшинд бол ялгаа байхгүй. Техник талаасаа бол бараг л ижил, харин агуулгын хувьд ялгаатай. Шилжилтийн үед бид ардчиллын институцуудыг тогтворжуулах, олон нийтэд эрх мэдэл олгох зэрэг асуудалд их мэдрэмжтэй хандах ёстой. Энэ нь иргэдийн оролцооны хэрэгцээнд маш анхааралтай хандах хэрэгтэй гэсэн үг. Өөр нэг ялгаа нь шилжилтийн үеийн орнууд гадаадын байгууллагууд, хандивлагчид зэрэг гадаад тоглогчдын нөлөөнд байдаг бол барууны орнуудад ийм нөлөө байдаггүй. Шилжилтийн үеийн улсууд баруун Европ болон хойд Америкийн орнуудыг бодвол бусад улсын жишээг илүү сайн эрэн судалж харьцуулах шаардлагатай. Энэ бол Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн сүлжээнээс чухал үүрэг гүйцэтгэх нэг талбар юм. Учир нь энэ сүлжээ шилжилтийн процесст яваа олон орон, мэргэжилтнүүдийг нэгтгэдэг болохоор тэд бие биеэсээ их зүйл сурч болно. Иймээс Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэн маш чухал бөгөөд бодлогын үйл явцад идэвхтэй оролцож, Монголын нийгмийг нээлттэй болгох бодлогыг дэмждэг. Үүгээр зогсохгүй тэд дэлхийн янз бүрийн оронд мэргэжил нэгтнүүд олонтой. Дэлхийн шилжилт хийж хийсэн 40 гаруй орны хүмүүстэй ажиллаж байсны хувьд би Монголд их сайн бэлтгэгдсэн хүмүүс их байгаа нь тун азтай хэрэг гэж хэлмээр байна. Сайн сурсан хүмүүс шилжилт хийхэд улсдаа их хувь нэмэр оруулж чадна.
Монголын бодлого судлалын түвшний талаар Та ерөнхийдөө ямар бодолтой байна вэ?
Энэ сургалтад оролцож буй 12 хүн ямар сайн бэлтгэгдсэнийг хараад их гайхсанаа хэлэх байна. Сургалтын явцад тэд бодлогын шинжилгээ судалгаанаас хамгийн сайн үр дүнд яаж хүрэх вэ, түнийгээ шийдвэр гаргагчдад хэрхэн хүргэх вэ, дэвшилтэт эерэг чиглэлээр зөв шийдвэр гаргахад яаж хөтлөх вэ зэрэг асуудлын талаар санаа зовниж байсан.
Монгол бодлого боловсруулах болон бодлого судлалын чиглэлээр барууны орнуудын түвшинд гүйцэж очиж чадах болов уу?
Барууны түвшин өндөр гэж ойлгогддог, гэхдээ зарим үед тийм биш ч байж болно. Миний мэдэх бүх орны хувьд бодлого судлаачид, шинжээчид болон бодлогын идэвхтнүүд өөрсдийн хэлж ярьж байгааг улс төрийн шийдвэр гаргагчдад сонсгох гэж өндөр уул руу авирдаг. Зарим үед бид өөр өөр хэлээр ярьцгаадаг. Энэ нь ихэнх тохиолдолд бие биедээ ойлгогдохооргүй техникийн хэл байдаг. Тиймээс бодлогын тэтгэлэгт хамрагдагсдын хувьд тэтгэлэгийнхээ хугацаанд сурах ёстой нэг зүйл бол өөрсдийн санаа бодлыг олон түмэнд хүргэх асуудал юм. Би энд ганцхан долоо хоног байсан ч гэсэн өөрийн үзсэн харсан дээр тулгуурлаад Монголын ирээдүйн талаар их өөдрөг бодолтой байна. Надтай ажилласан хүмүүс их ухаалаг, боловсролтой, эрүүл маргаан хэлэлцүүлэгт орохоос эмээхгүй байсан. Тэд өөрсдийн санаа бодлыг илэрхийлээд ямар нэгэн алдаа гаргаснаа мэдмэгц энэ нь хамгийн сайн шийдвэр бус байсныг ямар ч бэрхшээлгүйгээр хүлээн зөвшөөрч, илүү сайн шийдвэрийг зохицон хүлээж авах, шийдвэрээ өөрчлөхөд бэлэн байсан. Энэ бол маш чухал чанар юм. Учир нь Гүрж зэрэг зарим оронд хүмүүс ямар нэгэн алдаа гаргавал түүнийгээ олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрч, цаашид алдаагаа засан явах нь тун хэцүү бэрхшээлтэй байдаг. Нийгмийн судалгааг ашиглах гол утга нь түгээмэл сайн гэмээр санагдах санааг ямар нэгэн шалтгаанаар хэрэглэж болохооргүй тохиолдолд хүлээн зөвшөөрч, ноцтой алдаа хийхгүйгээр шийдвэрээ хөтлөн явуулахад бодлого боловсруулалт тусална гэдгийг олон түмэнд ойлгуулах явдал юм. Алдаа гаргалаа ч гэсэн бодлогын судалгаа шинжилгээ биднийг тэр алдаанаасаа суралцахад тусална.
Бодлого боловсруулахад олон нийтийн оролцоо ямар байх ёстой гэж Та боддог вэ?
Ардчилал бол "хүмүүс удирдах, хүмүүсээр, хүмүүсийн төлөө" гэсэн яриа юм. Энэ бол Америкт бидний хэрэглэдэг тодорхойлолт. Тийм болохоор бодлогын болон улс төрийн шийдвэр гаргах үйл явцын туршид олон нийтийн оролцоо хамаатай гэсэн үг. Иймээс иргэд улс төрийн хэлэлцэх асуудлыг тогтооход оролцох ёстой. Энэ нь ямар асуудлыг ямар дарааллаар авч хэлэлцэх вэ гэдгийг шийдэх гэсэн үг. Иргэд шийдвэр гаргахад оролцох ёстой. Улс төрчид иргэдийн юу хүсч байгааг мэдэж байхаар тэдний санаа бодол тусгагдах ёстой. Иргэд олон нийтийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох ёстой. Зарим тохиолдолд тэд бодлогын санаачилга, хөтөлбөрийг хүлээн авагчид байдаг. Шилжилтийн орнуудын хувьд хязгаарлагдмал нөөцөөс шалтгаалаад иргэд олон нийтийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох нь чухал байдаг. Бодлого ажиллаж байна уу, үгүй юу гэдгийг үнэлж дүгнэх явцад иргэд мэдээж шууд оролцоно. Тэд бодлогыг хэрхэн сайжруулах талаар санаа бодлоо илэрхийлнэ.
Бодлогын судалгаа шинжилгээ жирийн иргэдэд яаж нөлөөлөх вэ?
Тэд олон нийтийн болон нийгмийн асуудлыг шийдвэрлэх төрөл бүрийн аргуудын талаар сонголт өгнө гэж би бодож байна. Тэд янз бүрийн байдлаар ажиллаж чадна. Бодлого судлаачид болон шинжээчдийн хэсэг зарим үед хуучин асуудлуудыг шинээр шийдвэрлэх нөөц болох арга замуудыг тогтоодог. Зарим тохиолдолд тэд асуудлыг шинээр тавихад тусалдаг. Ингэснээр хуучин асуудлын талаар шинэ байдлаар сэтгэж, шинэ аргаар шийдвэр гаргах бололцоотой болдог. Монголын нийгмийн аль нэг хэсэгт нийгмийн ямарваа нэгэн асуудлыг шийдвэрлэсэн байж болно. Харин үүнийг бусад хэсэг мэдээгүй байлаа гэж бодъё. Энэ үед бодлого судлаачид иргэд нутгийн түвшинд гаргасан тэдгээр шийдвэрийн талаар мэдэж авч, түүнийг улс орон даяар тараахад тусалж чадна. Үүнтэй адилаар олон нийт мэдэж байгаа боловч шийдвэр гаргагчдад хүрээгүй санаануудыг тэдэнд ойлгомжтой хэлээр хүргэхэд бодлого судлаачид тусалж чадна.
Бодлого судлаачид шинжээчид гэж хэн бэ? Тэд засгийн газрын дотор байх ёстой юу, эсвэл гадна байх уу?
Тэд засгийн газрын гадна, дотно аль аль талд нь байх ёстой. Баруун Европ болон хойд Америкийн жишээнээс харахад бодлогын шинжээч, судлаачид засгийн газрын гадна дотно аль алинд нь байна. Засгийн газрын дотор тэд зөвхөн улс төрийн хүрээллээр зогсохгүй хүнд суртал, агентлагуудад хаа сайгүй ажиллана. Засгийн газрын гадна тэд шинжээчдийн хэсэг, төрийн бус байгууллага, олон нийтийн өмгөөллийн байгууллага зэрэгт ажилладаг. АНУ болон баруун Европын орнуудад иргэд ихэвчлэн зөвлөхийг бодлогын шинжээчийн хамт хөлслөн авч улс төрийн шалтгаан, сонирхолдоо туслуулдаг.
Ардчиллын үед бид бүгдээрээ жижиг хэмжээний бодлогын шинжээчид байх ёстой. Бид хэний төлөө саналаа өгөх, юуг хамгаалах зэрэг улс төрийн шийдвэр гаргах ёстой. Нээлттэй Нийгэм Форумын нэрийг нь авсан нээлттэй нийгмийн санаа нь үзэл бодлын чөлөөт өрсөлдөөний асуудал юм. Энд аль болох олон санаа уралдаж, тэдгээрийн сайн муу талын талаар эрүүл, амьд, идэвхтэй маргаан өрнөж, түүнээс нийгэм зөв шийдвэр, зөв сонголт хийж байх ёстой юм. Хэрэв бид ардчилсан нийгмийн талаарх энэ ойлголтоор харвал бид бүгдээрээ бодлогын шинжээчид бөгөөд бидний зарим маань үүнийг гол ажлаа болгож, зарим маань мэдсэн ч мэдээгүй ч үүнийг хийж байна.
Бодлогын судалгаа шинжилгээг санхүүжүүлэх гол арга зам юу вэ?
Энэ нь орон орны хувьд өөр өөр байдаг болохоор Монголын хувьд тухайлан авч үзье. Мэдээж Засгийн газар бодлогын судалгааны гол эх үүсвэр байна. Учир нь бодлого судлаачид Засгийн газрын байгууллагуудад мэргэжлийн хувьд ажилладаг төдийгүй олон орны Засгийн газрууд бодлого судлал, шинжилгээний ажлыг бие даасан агентлагууд, судлаачидтай гэрээ байгуулах буюу тэтгэлэг өгөх замаар хийлгэдэг. Зарим үед бодлоготой холбоотой судалгааг Засгийн газар төрийн бус байгууллагууд болон хувийн секторын байгууллагуудтай хамтран санхүүжүүлдэг. Иймээс хувийн хэвшлийн байгууллагууд, бизнесийнхэн, төрийн бус болон бусад байгууллага нь өөрсдийн юмуу донор байгууллагуудын нөөцөөр судалгааг тэтгэдэг. АНУ-ын хувьд бид олон тооны буяны болон сайн санааны сангуудтай. Тэд бодлогын холбогдолтой судалгаанд мөнгө өгдөг.
Монголын хувьд мэдээж НҮБ зэрэг олон улсын байгууллага, олон улсын донор байгууллага болон Соросын сан мэт хувийн буяны байгууллагууд нь бодлогын судалгааг санхүүжүүлэх гол эх үүсвэр юм. Гэхдээ магадгүй ирээдүйд, би Монголыг сайн мэдэхгүй болохоор одоо ч байж магадгүй, малчдын юмуу тухайн газрын шинэчлэл болох гэж буй газар амьдарч буй хүмүүсийн холбоо иргэдийн санаачлага гаргаж, нөөц бололцоогоо цуглуулан хэн нэгнээр бодлогын судалгаа хийлгэж болох юм. Аймгийн Засаг тамгын газар юмуу нутгийн зөвлөл тухайн газар орондоо чухал бодлогын судалгааг дэмжих, санхүүжүүлэхээ шийднэ.
Сонирхолтой ярилцлага өгсөн Танд баярлалаа.
Баярлалаа.
Translated by Ya.Borchuluun