Их ташаарлыг анхааруулахуй буюу ирэх сонгуулийн өнгө

A- A A+
Их ташаарлыг анхааруулахуй буюу ирэх сонгуулийн өнгө

Д.Гантуяа
(Улс төр судлаач, сэтгүүлч)

Сонгууль дөхөж байна. Монгол төрийн тэргүүн – Ерөнхийлөгчийг сонгох бус, өдөр тутмын амин чухал асуудлуудаа шийдвэрлүүлэхэд хамгийн их өмөг түшиг болох учиртай та бидний оршин суугаа газар нутагт ажиллах орон нутгийн депутатуудыг сонгох сонгууль ч биш юм аа. УИХ-ыг эмхлэн байгуулах сонгуулийг л онцолж байна. Энэ сонгуулийг бусдаас онцлох болсны шалтгаан нь их үндэслэл, суурь чанар бүхий тайлбартай юм. Монгол Улсын шинэ Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага бол УИХ болохыг тогтоон хэвшүүлсэн учраас, энэ УИХ-д хууль тогтоох бүх эрх мэдэл, гүйцэтгэх засаглалыг томилох, мөн огцруулах арга чадал, эцсийн бүлэгтээ засгийн эрхийг атгах утга учир бүрэн агуулгаараа шингэсэн байдаг учраас онцолж байна. УИХ-ын сонгууль нь хувь хүмүүсийн өрсөлдөөн бус, улс орныг хөгжүүлэх үзэл баримтлал, бодлогын, тийм учраас үгүй ядаж хэсэг хугацаанд нэг зорилго тавьсан хэсэг бүлэг хүмүүс, тэдний тодорхой зохион байгуулалтад орсон нэгдлийн хурц тэмцлийн талбар байдаг учраас онцгой юм. Хагас жил орчмын дараа болох их сонголт нэлээд олон сонирхолтой асуултад хариу өгөх болно. Энэ нь ямар асуултууд вэ?

1. 1992, 1996, 2000 оны сонгуулийн үр дүн Үндсэн хуулийн анхдагч үзэл санааг хэр хэрэгжүүлсэн бол?
2. Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар, ялалт байгуулсан улс төрийн хүчин гэсэн үндсэн дөрвөн субъектын эрх мэдлийн эрэмбэ ямар байх ёстой вэ?
3. Сонгуулийн системийн гажиг гэж бий юу, сул болон давуу тал нь юу вэ?
4. Улстөрийн ялалтыг удаан хугацаагаар үргэлжлүүлэх боломжтой юу?
5. Парламент хямрахад гарах гарц бий юу?
6. Монголд хэдэн улстөрийн нам байх вэ?
7. Ардчилал бодитой оршиж бидний Монголчуудын оршин тогтнох найдвартай хэв загвар болж чадах уу?
8. Улстөрч байх, төрд зүтгэхийн хооронд хэр их ялгаа байдаг бол?
9. 2004 оны 6 дугаар сарын сонгуулийн дараахь улс төрийн үйл явдлын сценари яаж явагдах бол, түүнээс цааш бий болох төлөв байдлын үр хөврөл, үндэс суурь нь болж чадах болов уу?

Энэ мэтээр өнгөн талдаа сонирхолтой ч юм шиг, чухал ч байж магадгүй асуултуудыг олноор тавьж болно. Миний хувьд ийм төрлийн асуултанд “хялбар” хариулж болох бэлэн жорыг бэлтгэж, цаашдын өрнөлийг хамтарч амсахыг доорхи хэдэн үгээр санал болгож байна. Юуны өмнө өнөөдөр улс төр сонирхдог хэн бүхний толгойд эргэлдэж буй олон давхар тооцоо руу өнгийн харж ил цагаанаар илчлэхийг оролдъё.

Өнөөдөр, 2003 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар сайд байх “сайхан” байна. Тэр Засгийн газрын гишүүн, тэр ч бүү хэл УИХ-ын гишүүн байж болохыг шинэ Үндсэн хуулийн хамгийн анхны батлагдсан хувилбарт хийгдсэн тодорхой засварын дараа өөр бусад хуулиар хориогүй л байна. Хамгийн гол нь тухайн салбарын гол “ноён” нь байж, бүх төсвийг нь захиран зарцуулагч байна. Сайд хаана байна тэнд мөнгө шуугиж байна. Хаана мөнгө байна тэнд эрх мэдэл байна. Ялсан улс төрийн хүчний хамаг хүч чадал, эрх мэдэл сайдад ногдож байна. Засгийн газар хууль санаачиллаа, “эвгүй” тохиолдолд намын бүлэг дээрээ цуглаж нэг тийш нь нааштай шийдүүллээ, байнгын хороо нэртэй жижиг бүлэг дээр нэр томъёоны засвар хийлээ, чуулганы хуралдаан дээр 90 хувьтай саналаар баталлаа. Хэлэлцэж эхэлсэн л бол удлаа гэхэд гурван долоо хоногийн дараа баталчихаж байна. УИХ-ын гишүүн хууль санаачиллаа, Засгийн газраас санал авна, дэмжигдэхгүй унах магадлал өмнөхөөсөө хавьгүй илүү байна.

Сайд байх сайхан гэсэн их таашаарлыг өнгөрсөн 2000 оны сонгууль авчирсан нь түүний гол боловч нэлээд өвөрмөц үр дүнгийн нэг байж ч мэднэ. Хэмжээлшгүй их эрх мэдэл бүхий Засгийн газар өнөөдөр гүйцэтгэх биш, шийдвэрлэх засаглал болжээ.

Ийнхүү УИХ-ын танхимд ялалт байгуулан орж ирсэн эрхмүүд хувь чанараараа ердийн дунджаас хавьгүй дээр байх магадлалтай ч нийлбэр үзүүлэлтээрээ хачин сул байж болохыг 2000-2003 оныг дуустал өнөөг хүртэл улс төрийн тавцанд бүрэн ноёлж буй Засгийн газар ил тод нотолж байна. Бүх асуудлыг гартаа авах учиртайгаар Үндсэн хуулиараа тодорхойлогдсон парламент өнөөдрийн байдлаараа Монголын хойч үеийн улс төрийн түүхэнд том сургамж үлдээх хэмжээнд хүртлээ “дарамтлагдсан”, хэт гэмгүй, улс орны өнөөгийн эгзэгтэй хэцүү амьдралд огт нөлөөгүй шахам байна. Хожим хэзээ ч ийм байж болохгүй гэсэн төгс, товч томъёологдох зарчмыг хойч үедээ өөрсдийн гурав гаран жилийн үйл ажиллагаагаараа нотлон өвлүүлж байна.

1996-2000 оныг эргэн санъя. Тэр үеийн Засгийн газар гэж юу байлаа, сайд нь гэж хэн байлаа. Ажлаа хийж чадахгүй, хамтын шийдлийн хариуцлага алдсан бол хэдхэн минутанд л огцорчихдог, улс орны амьдралд томоохон нөлөө үзүүлэх хэмжээний бие даасан шийдвэрийг гаргах боломжгүй шахам “жинхэнэ” гүйцэтгэх засаглал байлаа. Гүйцэтгэх засаглалын явцуу агуулга, хэмжээнээс ялимгүй л хэтэрвэл огцруулдагийг М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт нарын унасан Засгийн газруудын түүхээс нэхэн санаж болно. Энэ үеийн УИХ-ын Байнгын хороо бол тухайн салбарын яамдыг бүрэн “атгадаг” маш хүчтэй бүтэц байсан билээ. УИХ-ын гишүүд 4-5 байнгын хороонд харъяалагдаж тэр хэмжээгээр гүйцэтгэх засаглалын бодлого, шийдвэр, үйл ажиллагааны хандлагад хүчтэй нөлөө үзүүлэх бүрэн чадвартай байсан юм.

1990, 1992 онд байгуулагдсан парламентуудын хувьд Засгийн газраа хянах боломжоор тун хомс, шинэ хөгжлийн баримжааг бий болгох эрх зүйн үндэс суурийг тавих гээд хачин завгүй байцгаасан билээ.

Тэгвэл 2000 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан парламент огт өөр байгааг хэн хүнгүй мэдэх болжээ. Тийм учраас УИХ-ын танхимд “хурал”-д суухаар хожим орж ирэх хэн ч энэ байдалд давтаж орохгүйн тулд бүхий л чадлаараа Үндсэн хуулийн үзэл баримтлалыг голлох чиг заах луужин болгох нь өнөөдөр бараг тодорхой болоод байна. Нэгэн үгээр хэлбэл, 2004 оны УИХ-ын сонгуулийн маргаашаас эхлэн Засгийн газрын “аз жаргалтай”, “тайван” амьдралд төгсгөл ирэх нээ. Байнгын хороо, УИХ-ын ажлын хэсгүүд сайдуудад шил даран асуулга тавьж, төрийн бодлогын хэрэгжилт, ардчиллын хөгжлийн явцад хатуу хяналт тавих үүргээ хойшлуулшгүй биелүүлэх нь тодорхой юм.

Их хуралд орж улс төрийн хүчтэй тоглогч болох, төсөв захиран зарцуулах эрх мэдлийг авч түүнийхээ төлөөсөнд халуухан хяналтад орох гэсэн хоёр үндсэн ачааг ирээдүй цагтай уралдан жинлэвэл аль нь илүү жин дарах гаргалгаа тодорхой болсон санагдаж байна. Сайд байх сайхан гэсэн номлол их ташаарал болж буйн учир энэ юм.

Ийм жорын дагуу дээр дээр тавьсан асуултууддаа эргэн хандвал хялбар хариултууд гарч байна.

Хариулт 1. Сайд хүчтэй байсан жилүүдэд ардчилалд, Үндсэн хуулийн зарчимд ухралт гарсан гэж хэлж болно.

Хариулт 2. Ирэх жилүүдэд Үндсэн хуулиараа оролдохгүй, түүнд зарчмын өөрчлөлт хийхгүй гэж үзвэл Парламент улс төрийн хамгийн хүчирхэг тогтолцоо байх болно. Ерөнхийлөгч хөндлөнгийн хяналт тавих, ялалт байгуулсан улс төрийн нам өөрийн ялалтын бялуунаас боломжийн хэрээр хувь хүртэх, лоббидох үүргээ сайн гүйцэтгэхийг чармайна. Харин Засгийн газар энэ гурван субьектийн үнэнч үйлчлэгч байх болно.

Хариулт 3. Сонгуулийн системээс хамаарах үзэгдэл илт багасна. Сонгогчдын электорат харьцангуй төлөвшинө.

Хариулт 4. Парламентад хүчтэй, ёс зүйтэй төлөөллөө оруулж ялалт байгуулсан хүчин тогтвортой засаглах магадлал өндөртэй байна.

Хариулт 5. Парламент тарах, гацаанд орох боломж тун бага болно. Нутаг ус, улс төрийн намаас илүү бөх бат адилсалаар ойртон нягтарсан парламентын доторхи албан бус бүлэглэлүүд үүсэх учир ийм хямрал үүсэх, үүсгэх ямар нэг сонирхол алга байна.

Хариулт 6. Ойролцоогоор сонгогчдын 30 гаруй хувийн саналыг тогтвортой авч чаддаг хоёр том хүчин, сонгуулийн ялалтад өөрийн саналыг тэдэнд худалдах замаар оршин тогтнодог улс төрийн хэд хэдэн жижиг нам байх болов уу.

Хариулт 7. Парламентын засаглалыг халахгүй тохиолдолд ардчилал бидний оршин тогтнох хамгийн оновчтой хувилбар байх болно.

Хариулт 8. Улс төрч байх нь төрд зүтгэхийн нэг хэлбэр нь байна.

Хариулт 9. Парламентын гишүүн хамгийн хүндтэй нэгэн байх болно. Хүчтэй нэр дэвшигч тойргоо оновчтой сонговол улс төрийн намын харъяаллаас үл хамааран ялалт байгуулах болно.

Сайд хэмээх индикатороор улс төрийн тогтолцооны төлөв байдлыг үнэлэх оролдлого, түүний жорыг танилцуулахад ийм байна.

Төсвийн удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн дагуу шинэ баталсан төсвийн хүрээнд салбарынхаа бүх хөрөнгийг захиран зарцуулагч болж байгаа ч түүнийг дагаж ирэх дээд байгууллагын хатуу чанд хяналт, байнгын дүн шинжилгээ сайдуудын үндсэн саад нь байх болно. Сайд болохыг мөрөөдсөн их ташаарал ирэх сонгуулийн өнгө, түүнээс гарах үр дүнгийн хамгийн сонирхолтой параметр нь байх бололтой.