Л.Болормаа
(Сэтгүүлч)
|
|
"Улсын төсвийн үйл явц, 2004 оны төслийн онцлог" сэдэвт уулзалт ярилцлага (2004.01.15) |
- Төдөн хувь хэмээн хэмжих шалгуур алга гэж Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан ярив. Ер нь бол нээлттэй байх ёстой гэсэн зүүлтийг сайд хэлсэн үгэндээ бас дагууллаа.
Шийдвэр гаргах үйл явцад иргэний нийгмийн оролцоо чухал болохыг монголчууд өнгөрсөн жилээс илүү хүчтэй мэдэрч эхэлсэн юм. Сэтгэлзүйн ийм өөрчлөгдөж буй уур амьсгал дунд Нээлттэй нийгэм форум мэндэлжээ. Тус форум шийдвэр гаргагчид, төрийн бус байгууллагынхан, хандивлагчид,бизнесийн төлөөлөл, судлаачид, иргэдийг үе үе уулзуулах гэж хэрдээ чармайж буй бололтой. Дээр дурдсан төлөөллүүд урьд өмнө нь уулзаж ярилцаж байсангүй. Өнгөрсөн намар буюу есдүгээр сард Монгол Улс 3200 төрийн бус байгууллагатайг бүгд сонсов. Нэг л мэдсэн ийм олон ТББ мэндэлчихэж. Харин эд хэнийг төлөөлж, эрх ашгийг нь хэрхэн хамгаалдаг, хаанаас санхүүжилтээ авдаг юм бол? ТББ-ынхны дуу хоолойг тодруулах ёстой юм байна гэдгийг төрийн түшмэлүүд ч хүлээн зөвшөөрлөө. Ингээд Нээлттэй Нийгэм Форумаас зохион байгуулдаг уулзалтуудад идэвхтэй оролцох нэг хэсэг тодров.
”Чингис” зочид буудлын хурлын танхимд энэ сарын 15-ны пүрэв гаригт нээгдсэн “Улсын төсвийн үйл явц, 2004 оны төсвийн онцлог” сэдэвт уулзалт ярилцлагад ТББ-уудын төлөөлөгчдөөс гадна бизнесийнхэн, хэвлэлийнхэн оролцов. Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан болон УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д. Цэвээнжав нар энд урт илтгэл тавилаа.
Ийм олон хүн цугласан учрыг Монголын Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан тодруулж өгсөн юм. “Яах гэж бид өнөөдөр энд цугласан хэрэг вэ” хэмээн Д.Жаргалсайхан хөмсгөө ялимгүй өргөн нухацтай асууж байна.
- Улсын төсвийн хэлэлцүүлэгт бүх иргэн оролцох учиртай. Төсвийн хэлэлцүүлэг нээлттэй явагдах нь ардчилсан, тунгалаг засаглалыг хөгжүүлэх нэг амин дэм гэсэн утга бүхий хариултыг тэр өөрөө хэлсэн юм.
Тунгалаг хэмээх үг пүрэв гаригийн үдэш “Чингис” –ийн танхимд олонтаа сонсогдов. Илтгэгч сайд маань ч Д.Жаргалсайхантай санал нийлж буйгаа илэрхийлэв. “Мэдээллийн дутмаг байдал, бүрэн нээлттэй биш орчин нь нэг талаар хээл хахууль бий болох орчныг бүрдүүлдэг, нөгөө талаар ард иргэдийн дунд бүрхэг таамаглал, буруу ташаа ойлголтыг төрүүлэх, тархаах шалтгаан болдог тул төрийн байгууллагуудын зүгээс үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг хүртээмжтэй, ил тод байлгах явдал өргөн утгаараа асар их ач холбогдолтой” гэж тэр онцоллоо.
Дараа нь сайд Ч.Улаан 2004 оны төсвийн онцлогийг тодруулж, сонирхсон асуултуудад дэлгэрэнгүй хариулав. Өнөөх иргэний нийгмийн төлөөлөл түүнээс асууж сонирхсон гэсэн үг.
Улсын төсвийн тухай мэдээлэл түгээлт, сурталчилгааны өнөөгийн байдлын тухай сайдын ярьсан хэсэг сурвалжлагчдын анхаарлыг мэдээж татав.
- Батлагдсан төсөв, төсвийн гүйцэтгэлийг улс даяар сурталчлах хамгийн хүртээмжтэй мэдээллийн сувгууд нь Монголын радио, Үндэсний телевиз, өдөр тутмын сонинууд, “Төрийн мэдээлэл” сэтгүүл, нийтийн номын сангууд юм. Цаашид ч уламжлалт ном товхимол, гарын авлага, өдөр тутмын хэвлэлийг ашиглах нь мэдээлэл түгээх үндсэн арга хэрэгсэл байсаар байна гэж сайд тодрууллаа. Ийм үгсийн дараа илтгэлтэй холбогдуулан асуух зүйл бий эсэхийг уулзалт ярилцлагыг хөтлөгч сонирхож байна. Тээр арын эгнээнээс гараа гозгонуулав. Сэтгүүлчид иргэний нийгмийн төлөөлөл биш гэж үзсэн юм болов уу, бидэнд асуулт тавих боломж олдсонгүй. Эсвэл дандаа асууж сураглаж явдаг эд өнөөдөртөө төвөг цаашаа, цаана нь олон хүн байхад гэж бодсон биз.
Мөн үдшийн турш нээлттэй, тунгалаг, ил тод үйл ажиллагаа, мэдээллийн талаар сайхан үгс хангалттай сонссон билээ.Тэгвэл амьдрал дээр тэрхүү тунгалаг нь хэрхэн бүүдийж орхидгийг сайдын сонорт хүргэх гэж л микрофоны хойноос хөөцөлдсөн юмсан. 2004 оны төсвийн төслийг хэлэлцүүлэх явцад мөнөөх баримт бичгийг олж үзэх боломж дэндүү хомс байлаа. Парламентын сурвалжлагч маань төсвийн төслийн хувилсан ганц хувийг олж ирсэн юм. Өдөр тутмын сонины редакцийнхан түүнийг нь тал талаас нь хуваах шахам булаалдаж үзэв. Өмнөх жилүүдэд ч ялгаагүй, хувилсны хувилбар болох хэд хэдэн канон дамжсан бүрсгэр саарал материалыг олж авах гэж хэрдээ чармайснаа санаж байна. Уг нь Санхүү, эдийн засгийн яамнаас жил жилийн төсвийн хэлэлцүүлгийн үеэр товхимол хэвлэн гаргадаг. Тэр нь дэндүү цөөн юм болохоор Их хурлын гишүүдэд тараагаад л дууссан гэж сурвалжлагч маань учирлав. Сайдын илтгэлд сонсогдсон сайхан үгс санаанд зурсхийх аж. Төсвийн төслийн хэлэлцүүлгийн явц, аль нэг татварын хэмжээ хөдлөх болсон учир начрыг тайлбарлан түмэн олонд дамжуулах учиртай гол эх сурвалжид ганц хувь материал олдсон нь бодит байдал.Үнэхээр өдөр тутмын сонинууд тун чухал этгээд юм бол Санхүү, эдийн засгийн яамнаас ном товхимол нь ч яамай, ядаж тодхон хувилсан материалыг редакцид зориулан зориуд илгээж яагаад болдоггүй билээ? Хялбар хэрэгжүүлчих, гэхдээ хожмоо том үр дүн өгч мэдэх энгийн санал маань ийм. Уулзалт ярилцлагад оролцсон Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Барри Хичкок, төсвийн хэлэлцүүлгийн сурталчилгаанд чухал үүрэг гүйцэтгэж, анализ хийн асуудал дэвшүүлэх хэсэг бол хэвлэл мэдээллийнхэн гэж ярихад дарга нар толгой дохин дэмжиж буйгаа илэрхийлэх нь харагдав.
2004 оны төсөвтэй холбогдуулан төрийн албан хаагчдын өмнөөс зүрхэлж тодруулмаар өөр нэг асуулт байлаа.
- Төсвийн ерөнхий менежертэй хийж буй үр дүнгийн гэрээ хэр бодитой, ажил хэрэгч болж чадах вэ? Дээрээс тогтоосон орлогын тоо хэмжээг автоматаар үзэглэх механик ажил болох юм биш биз? Гэрээг үзэглэгч хоёр талын санаачилга, оролцоо ямар байх нь вэ гэдэг сонирхмоор л эд.
Ярилцлагад оролцогчид өөр өөрсдийн төлөөлж буй чиглэлээр сайд болон УИХ-ын гишүүдээс асууж ярилцсаар хоёр цаг өнгөрчээ. Харин уг арга хэмжээ өндөрлөх үес CEDAW Watch—ийн Ж.Занаа “Шийдвэр гаргагч та бүхэн үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хэмжих шалгуурыг өөрсдөө тодорхойлж мэдэхгүй байна” гэж “төнхсөн” нь ялимгүй ажил хэрэгч, амьдралд ойр уур амьсгалыг бий болгов.
Politic,policy хэмээх хоёр үгийн хооронд тун ч их ялгаа бий шүү гэсэн ишлэл энэ зуур санаанд буулаа. Улстөрчдийн зөв зүйтэй яриа, шилдэг шоуг политик гэж ойлгоорой. Тэгвэл өнгөлж зассан хөшигнийхөө хойно явуулж буй бодлого нь полиси. Ажиглах төдий ам, ажил хоёр зөрөх нь мэдрэгдэнэ. Сайд болон УИХ-ын гишүүний илтгэл дотор тунгалаг, ил тодын талаар зөв үгс зөндөө харагдавч, анхны асуултад хариулахдаа л бүрхэгдүүхэн тойруулж эхлэх нь төвөгтэй.