С.Дэмбэрэл
(Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга)
Монгол Улсын тогтвортой хөгжлийн номлол, үзэл баримтлал гээд маш олон боть бий. Мөн УИХ-аас баталсан үндэсний хөгжлийн үзэл баримтлал ч бий. Бас тодорхой салбар, секторын хөгжлийн талаар боловсруулсан баримт бичгүүд, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагуудын техникийн тусламжаар боловсруулсан олон зуун хуудас цааснууд. Ингээд нэмээд байвал асар их цаас болж байгаа биз. Аливаа улс хөгжлийн тодорхой загвар, номлол хөтөлбөртэй байх нь зүй ёсных боловч манайх шиг ингэж учир замбараагүй, тунхаглалын шинжтэй, юугаар яаж хөгжих гээд байгаа нь хүн ардад нь, түүний дотор эдийн засгийн өсөлтийг бий болгож, ДНБ-ний 75-аас дээш хувийг хангаж байдаг бизнесийн хүрээнийхэнд мэдэгддэггүй, ойлгогддоггүй улс орон бараг байхгүй.
Монгол Улсын хөгжлийн тухай үзэл баримтлалыг ярилцахаас өмнө түүнийг хэн яаж боловсруулах, хэрхэн олон түмэнд хүргэж байх асуудлыг эхлээд ярих нь зөв байх. Энд хөгжлийн оролцогчид гэж хэн вэ гэдгийг тодруулах нь чухал. Өргөн утгаараа энэ нь Монголын бүх ард түмэн. Амьдрал дээр бол УИХ, Засгийн газар нь хөгжлийн номлол, үзэл баримтлалыг иргэний нийгмийн төлөөлөгчид, эрдэмтэд, бизнесийн удирдагчдын хамгийн өргөн бодитой оролцоотойгоор боловсруулж, ард түмэнд идэвхтэй ойлгомжтойгоор сурталчилж тэдний итгэл үнэмшлийг бий болгоно гэсэн үг. Энэ технологи нь манайд их дутагдаж ирсэн. Иймээс боловсруулсан баримт бичиг нь гол stakeholder-уудын санал зөвлөмжийг бүрэн тусгаагүй, хэдэн хүний “уран бүтээл”, эсвэл “ирээдүйн тухай мөрөөдсөн төсөөлөл” төдийгөөр хязгаарлагдах, тавьсан зорилтууд, тэдгээрийг хангах санхүүгийн эх үүсвэр уялдахгүй, хүмүүсийн итгэл үнэмшлийг төрүүлэхүйц биш учраас үл ойшоогдох зэрэг дутагдалтай байдаг.
Хөгжлийн тухай баримт бичиг нь олон хуудас, нүсэр байх огт шаардлагагүй бөгөөд Монгол Улсын хөгжлийн эрхэм зорилгод нийцүүлж, хөгжлийн стратегийг тов тодорхой боловсруулан түүнээс урган гарах үйл ажиллагааны хөтөлбөрүүдийг цаг хугацаа, санхүүгийн эх үүсвэрийн нягт уялдаатайгаар боловсруулсан цомхон баримт бичиг байх ёстой. Энд 2015, 2020, эсвэл 2050 онд Монгол Улс ийм болно, тийм болно, тэгж бар болно, зам дагаж хөгжил ирнэ, амдан хөгжинө, эсвэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн маань төчнөөн болно энэ тэр тийм ч чухал биш юм. Хөгжил гэдэг нь угтаа хүмүүсийг, тэдний чадавхийг хөгжүүлэх үйл явцын тухай асуудал. Орчин үеийн хөгжлийн эдийн засгийн ухааны нэг гол төлөөлөгч А.Сен “Хөгжил эрх чөлөө болох нь” номондоо хүмүүсийн аж амьдралаа төвхнүүлж сайжруулах чадварыг өргөжүүлэх нь хөгжлийн гол үзэл санаа болохыг тэмдэглэсэн нь буй. Ж.Шумпетер, А.Хиршманаас авахуулаад Я.Корнай, Ж.Стиглиц, Х.Черни, А.Кругер, Н.Стерн нарын мундаг эдийн засагчдын олон бүтээл хөгжлийн асуудалд зориулагдан одоо хэр хөгжлийн тухай ярьсаар, маргасаар байна. Монголчууд бид тэднээс ишлэл авчихаад, доноруудаас тусламж хүртээд, эцсийн дүндээ юу болохыг хүлээгээд суух уу, эсвэл өөрсдөө оюун ухаанаа дайчлан бусдын хөгжлийн туршлага дээр суурилан хөгжлийн стратегиа тодорхойлох уу гэдэг нь чухал болоод байна.
БИ УИХ, Засгийн газрын хэрэгжүүлж буй ажлыг үгүйсгээгүй байна, гэхдээ худлаа хоосон бас магтмааргүй байна. Хөгжилд хандах, хөгжлийн стратеги боловсруулах хандлагаа л өөрчлөх, энэ тасралтгүй үйл явц дэлхий дахинд, манайд яаж явагдаж байна, бид цааш юу хийх ёстой, яах ёстойг л ярьжбайна. Мянганы зам хөгжил мөн үү, эсвэл мянгуужингийн үлгэр үү? Ард түмэн нь ядуу байхад хүмүүсийн анхаарлыг сарниулж том биелэшгүй зорилт тавьж байна гэж үздэг хүмүүсийн зөв үү?
Мянганы зам бол хөгжлийн стратегийн нэг асуудал буюу хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын нэг хэсэг нь, хөрөнгө оруулалт. Энэ утгаараа мянгуужингийн үлгэр ч биш, ядуураад манарчихсан байгаа ард түмнийг өөр зүйлд анхаарлыг нь хандуулан хуурч байгаа хэрэг ч биш. Гэхдээ таван км зам тавьчихаад л баярлан хүлээж аваад байна гэсэн үг ч биш. Хөгжлийг дэмжих биет дэд бүтцийг бий болгох, үүнд чиглэсэн хөрөнгө оруулалтад түлхэц өгөх, хөрөнгө оруулах таатай нөхцөл бүрдүүлэх өргөн бөгөөд гүнзгий утгатай үйл ажиллагааны зөвхөн нэг хэсэг нь Мянганы зам гэж ойлгох учиртай. Ингэсэн цагт л бидний Мянганы замд хандах хандлага хөгжилд баримжаалсан чиг хандлага болох юм.