Улс орны дунд, урт хугацааны эрх ашигт ач холбогдол өгч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ёстой.

A- A A+
Улс орны дунд, урт хугацааны эрх ашигт ач холбогдол өгч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ёстой.


Монгол Улсын Ерөнхий сайд асан, эдийн засгийн ухааны доктор Р.Амаржаргал зөвшилцлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн асуудлаар манай порталын асуултад хариуллаа. Тэрбээр 2004 оны УИХ-ын сонгуульд бие даан өрсөлдөж ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Одоогоор бие даагчид аль нэг нам, эвслийн бүлэгт харъяалагдахгүй гэж шийдээд байгаа юм.

- Шинээр байгуулагдах Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн үзэл баримтлал нь ямар байх ёстой гэж Та бодож байна?

- Намуудын мөрийн хөтөлбөр бол өөр зүйл. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг нь бол ондоо зүйл байдаг. Энэ нь Бодит байдалд тулгуурласан, дунд, урт хугацааны хэтийн зүйлүүдийг тусгасан баримт бичиг байдаг.

Гэхдээ Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдах шаардлагатай хэд хэдэн зүйл харагдаж байна. Нэгдүгээрт нь, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт зайлшгүй тусгах ёстой зүйл нь нийгмийн шинэ бодлого байна. Үүнийг сонгуулийн явцад улстөрийн намууд янз янзын хэлбэрээр илэрхийлж гаргасан. Тухайлбал, “Эх орон-Ардчилал” эвсэл сар болгон хүүхдэд 10 мянган төгрөг олгох маягаар шийдье гэж гаргасан бол МАХН бол 100 мянган төгрөг, 500 мянган төгрөг өгье гэсэн хувилбарыг гаргаж ирсэн. Энэ бол гол нь тоондоо биш, харин нийгмийн шинэ бодлого хэрэгтэй байна гэдгийг аль аль улстөрийн хүчин хүлээн зөвшөөрсөнд байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэгээхэн гол хэсэг нь нийгмийн шинэ бодлого байх ёстой гэж бодож байна. Үүнийг яаж томьёолж ямар хэлбэрт оруулах вэ гэдэг нь дараа нь яригдах байх.

- Эдийн засгийн хүрээнд анхаарч шийдвэрлэх ямар асуудал байгаа вэ?

- Шийдэх ёстой хоёр үндсэн асуудал байна. Нэгд, дотоодын зах зээлийг өргөжүүлэх, дотоодын зах зээлийн чадавхийг нэмэгдүүлэх үүднээс үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл, мөнгөний зах зээлийн хүрээн дотор дорвитой өөрчлөлт хийх хэрэгтэй. Энэ нь шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа учраас хөрөнгө, мөнгөний эх үүсвэрийн асуудал, ялангуяа жижиг, дунд бизнес хөгжүүлэх, том том хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэхэд нэлээд чөдөр болж байна.

Хоёрт нь, бүс нутгийн эдийн засгийн интеграцийн асуудал байна. Ялангуяа Зүүн хойд Азийн хүрээнд Монгол Улс идэвхтэй эдийн засгийн гадаад бодлого явуулж, энэ бүс нутгийн эдийн засгийн амьдралд идэвхтэй оролцох асуудал юу юунаас чухал. Энэ хүрээнд Солонгос, Япон улстай эдийн засгийн иж бүрэн түншлэлийн асуудлыг гаргаж тавих цаг болсон. Мөн АНУ-тай ч гэсэн хөндөж ярьж шийдэх ёстой. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг хангах талаар нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, гадаад таатай орчин бүрэлдэнэ гэж ойлгож байна.

- Сонгогчид аль намынх нь мөрийн хөтөлбөр Засгийн газрын хөтөлбөрт түлхүү орох бол гэж харж байгаа. Мэдээж сонгогчдын хүсэн хүлээж байгаа болгоныг тусгах боломжгүй. Тэгэхээр намуудын мөрийн хөтөлбөрийг ямар замаар сонгож оруулах бол?

- Ний нуугүй хэлэхэд сонгуульд дэвшүүлсэн улстөрийн намуудын мөрийн хөтөлбөрүүдэд сэтгэлд нийцэхээр зүйл бага байсан. Яаж олны саналыг илүү авах вэ гэсэн зорилгоор боловсруулагдсан, популист шинж чанартай, бодит байдлаас их хөндий мөрийн хөтөлбөрүүд байсан. Тийм болохоор мөрийн хөтөлбөрүүдийг суурь болгоод Засгийн газрын мөрийн хөтөлбөр гээд явах нь боломжгүй байх гэж би бодож байна. Харин бодлогын чанартай хэдэн зүйлийг тэр мөрийн хөтөлбөр дотроос анзаарч болмоор юм шиг харагдсан. Нэгд, нийгмийн шинэ бодлого дэвшүүлж түүнийг хэрэгжүүлэх асуудал. Хоёрт нь, дээр хэлсэн эдийн засгийн хоёр асуудал ямар нэг байдлаар тусгагдах ёстой байх. Гуравт нь, төрийн тогтолцоотой холбоотой асуудал анхаарал татаж зохих байр суурь эзлэх ёстой байх гэж бодож байгаа.

Асуудалд хариуцлагатай хандъя гэвэл улстөрийн намууд үүн дээр санал бодлоо солилцож, зөвшилцөж байж эцсийн шийдийг гаргаж ирэх ёстой юм. Ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөнд автагдахгүй, улстөрийн явцуу ашиг сонирхол, богино хугацааны ашиг сонирхлоо тодорхой хэмжээнд хязгаарлаж, улс орны дунд, урт хугацааны эрх ашигт ач холбогдол өгч Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг боловсруулах ёстой байх.

- Тэгэхээр намууд амласнаа хэрэгжүүлээд явах биш, Засгийн газрын мөрийн хөтөлбөр гэж үүнээс өөр байна гэж ойлгож болох нь ээ?

- Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол сонгуульд оролцох л мөрийн хөтөлбөр. Зарим нэг зүйл нь ямар нэг байдлаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгалаа олох байх л даа. Гэхдээ чухам ямар байдлаар тусгалаа олох юм бэ гэдгийг би хэлж мэдэхгүй. Болмоор санаанууд ч байж байгаа. Тухайлбал, малчин өрхийг орлогын татвараас чөлөөлөх тухай асуудал байна. Үүнийг түвэггүй шийдчихэж болох байх. Яагаад гэвэл санхүүгийн эх үүсвэр дээр шийдчихэж болохуйц хэмжээний тоонууд байгаа.

Гэтэл зарим нэг зүйлийг их нарийн бодолцох ёстой. Тухайлбал МАХН-ын мөрийн хөтөлбөрт тэтгэвэр, цалин хөлсийг 1.5 дахин индексжүүлнэ гэсэн заалт байгаа. Бараа, бүтээгдэхүүний үнэ дөрвөн хувиар өслөө гэхэд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг зургаан хувиар нэмээд байх нь. Үүнийг яаж хэрэгжүүлэх гээд байгаа юм гэдэг асуудал гарч ирнэ. Хүн сонсоход сайхан сонсогдоно. Үнийн өсөлтөөс тэтгэвэр тэтгэмж нэмэгдээд бодит худалдан авах чадвар маань буурахгүй юм байна гэж ойлгоно шүү дээ. Гэтэл инфляцийг тооцохдоо 230 гаруй бараагаар багц болгоод тооцчихно. Тэр 230 гаруй бараа буюу багц болж байгаа инфляцийн савыг бүрдүүлдэг бүтээгдэхүүн нь харилцан адилгүй ард иргэдэд очдог. Орлого багатай хүн бол 230 бараанаас гурил, мах хоёрыг л аваад явна. Баян чинээлэг хүн 230 байтугай 500, 600-аад нэр төрлийн бараа хэрэглээд явчих жишээтэй. Дундаж инфляцийн тоогоор нь авч үзнэ гэхээр нэг хүнд хамаагүй илүү ачаалал ирж, нөгөө хүнд ачаалал бага ирнэ. Тэгэхээр нэг хүний худалдан авах чадвар нь тодорхойлолтоороо гарцаагүй буурч таарна. Нөгөө хүн нь тэр инфляцид бүр илүү хожоод явна. Өнөөдөр манай нийгэмд чинь 45 хувь нь ядуу амьдарч байгаа гэх тохиолдолд үүнийг яаж хийх вэ гэдгийг нарийвчлах ёстой. Ерөнхий лоозон бол ерөнхий лоозон. Индексжүүлнэ гэдэг бол ач холбогдол багатай зүйл болчихож байгаа юм. Яг бодит амьдрал дээр мөнгөний худалдан авах чадвар буураад байна гэдэг зүйлтэй дөрвөн жилийн дараа тулгарна шүү дээ.

- Тухайлбал, мөнгө өгөх асуудлууд бий. Энэ амлалтаараа ч ард түмний ихэнх хэсгийн саналыг авсан. Гэтэл үүнийг шийдвэрлэх эдийн засгийн боломж бий юү?

- Яг тэр сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдсан популист амлалтуудыг хэрэгжүүлнэ гэвэл бүгдийг нь хэрэгжүүлэх ямар ч арга байхгүй. Тэгэхээр аль нэгийг нь авч таарах байх. Чухам алийг нь авах вэ гэдэг нь мэдэгдэхгүй байна.

145 мянган ажлын байр бий болгоно гэж байгаа. Өнөөдөр нэг хүнийг ажилд авчихаад маргааш халчихаад эргүүлж аваад өдөр болгон солиод байх юм бол 145 мянган хүний тоог хийчих байх л даа. Гэтэл үүнийг ярьж байгаа юм уу, эсвэл өөр зүйлийг яриад байгаа юм уу. Нарийвчилсан зүйлүүдийг гаргаж ирэх ёстой. Аль алинд нь задаргаанууд нь байхгүй байна. Энэ бүхний нарийвчилсан задаргааг нь харж байж л мөрийн хөтөлбөр гарч ирэх байх.