Эвслийн Засгийн газар ба кабинетийн зарчим

A- A A+
Эвслийн Засгийн газар ба кабинетийн зарчим

Хууль зүйн шинжлэх ухааны доктор,
 Философийн доктор, проф. Н.Лүндэндорж

Кабинетийн зарчим бүхий Засгийн газар хэрхэн эвсэх тухай асуудал өнөөдөр Монголын засаг, төрийн тулгамдсан асуудал болоод байна. Одоогийн байдлаар улс төрийн намууд косенсусаар бүгдийг шийднэ гэсэн байр суурь нэлээд давамгайлж байх шиг байна. Зөвшилцөл нь зөвхөн хамтран ажиллах арга болохоос асуудал шийдэх хууль зүйн үндэс хараахан биш юм.

Зөвшилцөх нь одоогийн нөхцөлд нэн чухал боловч Үндсэн хууль болон үйлчилж байгаа бусад хууль тогтоомжийн хүрээнд байх нь хууль дээдэлдэг, дээдлэхийг эрмэлздэг улс орны үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Зөвшилцөлийг хууль дээдлэх зарчмын хүрээнд явуулахын тулд холбогдох хууль тогтоомжийн хэм хэмжээг хэлбэрийн талаас харж баримтлахын зэрэгцээ, тэдгээрийн хууль зүйн логикийг гажуудуулахгүй байх, зөв үргэлжлүүлэн ойлгох явдал нэн чухал байна. Энэ үүднээс хандвал юуг зөвшилцөх, юуг зөвшилцөж болохгүйг Үндсэн хууль болон бусад органик хуулийн хэм хэмжээ, хууль зүйн логикийг зөв үргэлжлүүлэн ойлгож оновчтой тодорхойлох явдал  зөвшилцөл хууль зүйн дагуу зөв явах, амжилтад хүрэх үндэс мөн.

Зөвшилцлийн обьектийг хуульд нийцүүлэн зөв тодорхойлох нь зөвшилцлийн эхлэл мөн. Засгийн газрын бүтцийг тодорхойлох, аль яамыг ямар улс төрийн хүчнээс толгойлох тухай асуудал бол зөвшилцлийн нэг обьект мөн. Гэхдээ энд Засгийн газрын бүтцийг Ерөнхий сайд Үндсэн хуулийн 39-ийн 2-т заасны дагуу Ерөнхийлөгчтэй зөвшилцдөгийг мартаж болохгүй. Өөрөөр хэлбэл, илүү дээд түвшинд Ерөнхий сайд түүнийг дахин зөвшилцөх Үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа гэдгийг санах ёстой. Үндсэн хуулийг улс төрийн намуудын зөвшилцлийн баримт бичгийн доор тавих эрх хэнд ч байхгүй нь ойлгомжтой билээ. Тийм учраас энэ зөвшицөл бол Ерөнхий сайдын хараа хяналтаас гадуур байх нь ихээхэн хэврэг зүйл болно.
 
Харин Засгийн газрын бүрэлдэхүүн буюу аль яамыг хэн толгойлох нь  зөвшилцлийн обьект биш юм. Манай Үндсэн хууль болон бусад органик хуулиар Монгол Улсын Засгийн газар бол хамтын хариуцлага хүлээдэг кабинетийн Засгийн газар гэдгийг хуульчилсан. Үүний цаана Ерөнхий сайд ямар багтай ажиллахаа өөрөө шийднэ гэсэн  хууль зүйн логик оршиж байгаа юм. Үүнийг улс төрийн намууд зөвшилцөх эрхгүй гэж үзэж болно. Яагаад гэвэл хамтарч хариуцлага хүлээдэг учраас хөл бөмбөгийн баг шиг хөл, гар нь нийлсэн баг байх ёстой. Ерөнхий сайдаа огцроход сайд нар нь дагаад мөн огцорно. Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцроход бусад нь бас огцорно. Ийм зарчмаар ажилладаг багийн бүрэлдэхүүнийг улстөрийн намууд зөвшилцөх нь “ачаа дагахгүй хүнээр ачаа бүү татуул” гэдгийн адилаар тэднийг яаж “үзэлцэхийг” хөндлөнгөөс харж сууя гэсэнтэй агаар нэг юм.  Нөгөө талаас энэ нь Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан хэрэг болно. Хэрэв намууд Засгийн газрын гишүүдийг нэрээр зөвшилцөж, түүнийгээ Ерөнхий сайдад тулгавал Үндсэн хуулийн 39-ийн 2-т заасан ёсоор Засгийн газрын бүрэлдэхүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх тухай заалт хэрэг дээрээ хууль зүйн агуулгагүй болно. Ер нь Засгийн газрын бүрэлдэхүүний тухайд Ерөнхий сайдын хүсэл зориг давуу эрхтэй байх үзэл санааг “Ерөнхий сайд уул асуудлыг Ерөнхийлөгчтэй долоо хоногийн дотор зөвшилцөж чадахгүй бол Улсын Их Хуралд өөрөө өргөн мэдүүлнэ” гэсэн заалтыг юу бодож, тооцож  Үндсэн хуулийн 39-ийн 2-т улс төрийн намууд өөрсдөө зөвшилцөж, нэмэлт өөрчлөлт оруулснаа одоо бас санах хэрэгтэй.
Тэгэхлээр, Ерөнхий сайдад улстөрийн намууд зөвшилцлийн нэрийн дор тулгалтаар баг бүрдүүлэхийг оролдвол Ерөнхий сайдад Үндсэн хуулиар олгогдсон хэд хэдэн бүрэн эрхийг зөрчсөн, бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадавхийг сулруулсан, Засгийн газрын насыг багасгахыг тойруу замаар зассан хэрэг болно. Иймээс Засгийн газрын багийн гишүүд буюу бүрэлдэхүүн- зөвшилцөлийн обьект биш байх нь. Харин улстөрийн намууд хүний нэр дэвшүүлэх, санал болгох эрх нээлттэй. Түүнийг “таалах” эсэх нь хамтын хариуцлага хүлээж байгаа Засгийн газрын тэргүүний хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрх мөн. Энэ эрхээ эвслийн Засгийн газрын нөхцөлд хэрэгжүүлэхдээ  улстөрийн намуудтай  сонголт- зөвшилцлийг нэг түвшинд хийх хязгаарлалт бүхий байдгаараа онцлогтой.

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр- парламентад суудал бүхий улстөрийн намуудын зөвшилцлийн нэг обьект мөн. Яагаад гэвэл тэрхүү хөтөлбөр улс төрийн намуудын төлөөлөл бүхий парламентаар батлагдана. Хөтөлбөрт юу байх нь ямар ч Засгийн газрын үед туйлын утгаараа нэлээд тодорхой зүйл. Харин хэрэг дээрээ ямар байх нь улс орны бодит бололцоотой иргэдийн олонхийн хүсэн хүлээж байгаа тэр зүйлийг төр баригчид хэрхэн зөв ойлгож, хүлээн зөвшөөрч, үнэлж чадах чанар чансааны асуудал юм.

Өнөөдрийн гол бэрхшээл- намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс юуг авах тухай байх шиг байна. Мэдээж нам бүр өөрийнхөө гол амлалтыг оруулахыг хичээнэ. Тэр бүхэнд үндэслэл тооцоо байгаа нь лавтай. Бас санал авахын төлөө зүтгүүлсэн зүйл ч байгаа. Энэ бүхнийг өнөөдөр ялгаж салгахад, шүүн тунгаахад, зөвшилцөхөд бэлэн жор байхгүй, улс төрийн намуудын удирдлага болон Засгийн газрын гишүүдийн ухаан сэтгэлд найдсан үйлдэл болох байх. Харин тов тодорхой нэг асуудал бол Людвиг фон Мизесийн хэлснээр” ардчилсан улсын засгийн газар нь ард иргэдийн олонхийн хүсэн хүлээж буй бодлого явуулдаг байх…”  нь түүний оршихуйн төдийгүй оршин буйн гол утга учир байдаг учраас өнөөдөр ард түмний олонхи юу хүсэж байгаа дээр л тохироо явах учиртай. Энэ бол онолын талаасаа ч, практик хэрэгцээний үүднээс ч эргэлзээгүй зүйл юм.

Тэгвэл өнөөдөр ард түмний олонхи юу хүсэж байна вэ гэсэн асуулт гарна. Ард түмэн өнөөдөр ядуу зүдүү байдлаасаа гарах юмсан гэж олонхи нь хүсэж байгаа нь бараг нарийн судалгаа шаардахгүй үнэн зүйл. Тийм учраас энэ жилийн сонгуульд нийгмийн халамж, хамгааллын амлалт, зорилтууд урьд өмнө байгаагүйгээр гарч ирсэн. Энэ бол ард түмэн юу хүсэн хүлээж байна вэ гэдгийг улс төрийн намууд судалж тооцсоны тод илрэл буюу хүлээн зөвшөөрсөн хэрэг мөн. Үүнийг зарим хүмүүс хөгжил амлахгүй мөнгө амаллаа гэж буруушааж байгааг сонссон. Маргаашийн хөгжлийг үзэхийн тулд, нөгөөдрийн сайхан амьдралд хүрэхийн тулд энэ хооронд амьд мэнд үлдэх нь чухал төдийгүй, амьд амьтан бүрийн хэрэгцээ  мөн.   Жишээ нь, хотын захын гэр хороололд талхыг граммаар авч идэж байна. Хот, хөдөөгүй олон хүүхэд өлсч, өмсөх хувцасгүй өлмөн зэлмэн амьдарч байна. Энэ бол үнэн зүйл, бодит дүр төрх мөн.

Тэгэхлээр , ард түмэн өлсөөд сууж байя, ядуу зүдүү амьдрая гэж хүсээгүй нь үнэн учраас энэ байдлыг хөнгөвчилсэн, гарахад нь тусалсан аливаа нийгмийн хамгааллын бодлого хэрэгжүүлэхэд намчирхах, миний чиний гэсэн яриа байх учиргүй. Ядуурлаас гарахын төлөө “бүсээ чангалах” ёстой, бүх нөөцийг дайчлах учиртай.

Өлсч байгаа хүүхдэд арван мянган төгрөг хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Шинээр гэр бүл болсон залуучуудад мөнгө хэрэгтэй ву гэвэл бас хэрэгтэй. Гэвч өлсч байгаа хүнд нь эхэлж өгөх ёстой гэдэг нь энгийн учир шалтгаан. Энэ мэтийг эрүүл саруул ухаанаар хэлэлцвэл зөвшилцөхөд тун амар. Харин миний, чиний гэвэл хэзээ ч тохирохгүй байж мэднэ. Үүгээр улс төрийн хүчнүүдийн цаашдын хувь заяаг ч тодорхойлж болно. Ард түмэн үүнийг анхааралтай ажиглан харж дөрвөн жилийн дараах сонголтоо бодох нь гарцаагүй.

Өнөөдөр улс төрийн намууд бие биеийн нийгмийн хамгааллын талаархи дэвшүүлсэн асуудлыг буруушаах, бүтэхгүй зүйл гэж нотлохыг оролдож байгаа нь нэлээд анхаарал татаж байгаа юм. Үүнийгээ зөвтгөхдөө хариуцлатай улстөрийн тухай ярьдаг. Энэ нь зөв боловч хариуцлагатай улстөрийн шалгуур нь зөвхөн болгоомжлол биш. Харин ард түмний хүлээлт бол түүний гол шалгуур мөн. Ард түмний хүлээлтийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэсэн улстөрийн хүчнийг ард түмэн алдсан ч уучилна, алдахаас айж болгоомжлон суух нь түүнээс долоон дор үр дагавартай. Миний бодож байгаагаар өнөөдөр болгоомжлохоос илүү улстөрийн хожоо харах тал дийлж байгаа мэт санагдана. Энэ бол хамгийн явуургүй  оролдлого.   Улстөрийн хожоо бодож бие биеийн үйл хэрэгт саад хийх хэрэггүй. Үүний цаана ард түмний эрх ашиг гэж нэг чухал зүйл байдаг гэдгийг мартаж болохгүй.