УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалыг хоёр, хоёр жилээр ээлжлэн хаших тухай УИХ дахь МАХН-ын бүлгийн саналыг “Эх орон-Ардчилал” эвслийн бүлэг хүлээн авах боломжгүй гэж шийдсэнтэй холбогдуулан зөвшилцөл гацаанд орлоо хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дүгнэж байгаа билээ. Манай портал сайт энэ асуудлын талаар УИХ-ын дэд дарга, “Эх орон-Ардчилал” эвслийн бүлгийн дарга С.Оюуны байр суурийг сонирхсон юм.
-Эвслийн бүлэг юуны өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг байнгын хороод болон чуулганаар хэлэлцэхийг шаарджээ. Гэтэл МАХН бүлгийн дарга хэлэхдээ, "зөвшилцөөгүй байж байнгын хороог хуралдуулах нь ойлгомжгүй” гэж дүгнэжээ. Эндээс үүдээд зөвшилцөл гацаанд орлоо гэж тайлбарлаж байх шиг?
-Ерөнхий сайдын санал болгосон Засгийн газрын бүтцийн тухай хувилбарыг Эвслийн бүлэг хүлээж авсан. МАХН-ын бүлэг харин агентлагийн тоог Ерөнхий сайдын санал болгосноос илүү тоотой байх хувилбарыг санал болгож байгаа. Өнөөдрийн байдлаар хоёр бүлэг энэ асуудлаар өөр өөрийн байр сууриа илэрхийлчихээд байгаа гэж үзэж байна. Засгийн газрын бүтцийн асуудал Ерөнхийлөгчид танилцуулагдаад УИХ-д өргөн баригдчихсан. Ийм нөхцөлд УИХ-ын зохих бүтцүүд асуудлыг хэлэлцэх боломжтой болсон. Харин үүнээс болж гацаа үүслээ гэдгийн тухайд бол Засгийн газрын бүтэц биш, бүрэн эрх нь хэрэгжих цаг хугацааны тухай МАХН-ын шинэ бөгөөд гэнэтийн саналаас болоод түр сааталд ороод байна. Гэхдээ зөвшилцлийн явц үргэлжилж байгаа. Ер нь л нэгнийхээ саналыг болон сонирхлыг харилцан ойлголцлын байдалд хэлэлцэж нэгдмэл байр суурьт хүрэхийн тулд зөвшилцөл явагдаж байгаа юм.
-Та үзэхдээ Ерөнхий сайд, Шадар сайд хоёр зөвшилцөж байж шийдвэрээ гаргахыг хамтын хариуцлага хэмээн ойлгож буй бол нөгөө тал чинь УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албыг хоёр хоёр жилээр ээлжлэн хашихаар томьёолж байгаа. Ийм эсрэг тэсрэг байр суурийг зөвшилцүүлэх ямар арга зам байна вэ? Тухайлбал өнөөдөр зөвшилцөл урагшлах төлөв ажиглагдаж байна уу?
-Засгийн газрын шийдвэр гарахын тулд тодорхой хүрээний зарим асуудлыг Ерөнхий сайд болон түүний Шадар нар зөвшилцөн тохиролцож байж Засгийн газрын танхимын хуралдаанд оруулах процедурын тухай яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл бид паритет-вето гэж нэрлээд байгаа зарчмыг үйл ажиллагаандаа тодорхой хүрээний асуудлаар баримтлах талаар ярилцаж байгаа юм. Нэгэнт энэ зарчмыг ажил хэрэг болгоод явбал Ерөнхий сайд ямар нэгэн давуу эрхгүй болох тул хоёр хоёр жилээр түүний эрх мэдлийг ээлжлэн хэрэгжүүлэх тухай асуудал нь ач холбогдлоо алдаж байгаа гэж би ойлгож байна.
-Ерөөс зөвшилцөх үйл явц хэт удаан байна, бас хэдхэн хүний ярилцаж тохирсноор асуудал шийдэгдэх боллоо гэж шүүмлэгсэд ч байна. Энэ талаар Та юу хэлэх бол?
-Зөвшилцлийн бүхий л асуудал хоёр талын хамтарсан Тунхаглалд гарын үсэг зурсан УИХ-ын гишүүдийн оролцоотой тэдний хяналтан дор хийгдэж байгаа. Зөвшилцөгч талуудын саналуудыг тус бүрдээ бүлэгтээ танилцуулаад тэндээс гарсан шийдвэрийн дагуу эцсийн тохиролцоо хийгддэг. Өнөөг хүртэл зөвшилцлийн бүхий л шийдвэрт энэ дамжлага алдагдаагүй явж ирлээ.
-"Итгэлийн мөнгө - ирээдүй сан"-гийн талаарх хуулийн төслийг УИХ, Засгийн газарт өргөн барих нь зүйтэй хэмээн Эвслийн бүлгийн хуралдаанаас шийджээ. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ-аар батлаагүй, Засгийн газрын асуудал нэг мөр цэгцрээгүй байхад энэ нь нэг ёсны шахалт хэмээн ойлгогдож болох талтай. Энэ тухайд Таны тайлбар?
-Бид Итгэлийн мөнгөний сан байгуулахыг Эвслийн гол бөгөөд эрхэм үүрэг гэж үзэж байгаа. Амласнаа биелүүлэх учиртай. Засгийн газрын хэрэгжүүлэх хөтөлбөр эцэслэн батлагдаагүй байгаа үед нь гол зорилтоо хэрэгжүүлэхэд шаардлагатай хуулийн төслөө амжиж өргөн барихад буруу зүйл үгүй гэж бодож байна. Энэ бол бид Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Итгэлийн мөнгөний асуудлыг зайлшгүй тусгуулах хүсэлтэй байгаагийн илэрхийлэл юм.
-Их эвслийн тунхаглал гэж нэг баримт бичгийн төсөл гараад цөөнгүй хугацаа өнгөрлөө. Идэвхтэн дарга, Та хоёрын гарын үсэг зурах энэ баримт бичгийг хэдийд батлах бол? Тунхаглалын төсөлд өөрчлөлт орж байгаа юу?
-Хоёр талын ажлын хэсгийн ахлагч нарын гарын үсэггүй, төслийн төвшинд байгаа баримтыг “Өдрийн сонин” нийтэлсэн байна билээ. Залруулга гаргаач гэж бид хүссэн. “Өдрийн сонин” одоогоор залруулга гаргаагүй байна. Энэ бол Засгийн газрын мөрийн хөтөлбөртэй холбоотой баримт. Хоёр талын байр суурь лав 70-80 хувь ойртсон гэж би хэлж чадна. Ерөнхий сайдад хүргүүлсэн байгаа. Танхимаа байгуулсны дараа Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлэх учиртай.
-Их эвслийн нэрийн өмнөөс мэдээлэл, мэдэгдэл хийдэг албаны тухай сонсогдсон. Энэ талаар тодруулахгүй юу?
- Их эвсэл бол одоогоор субьект биш үйл явц юм. Түүнээс гадна УИХ, Засгийн газар, нам эсвлийн бүлгүүд өөрсдийн хэвлэлийн албатай тул мэдээлэл эдгээр сувгаар явагдах боломжтой гэж бодож байна.
-Бидний асуултад хариулсан Танд баярлалаа.
Д.Гантуяа