Монголд хэн засагладаг вэ?

A- A A+
Монголд хэн засагладаг вэ?


Л. Мөнх-Эрдэнэ, Ph.D. МУИС-ийн профессор

МУИС-ийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнийн бичсэн “Монголд хэн засагладаг вэ?” цуврал өгүүллийг толилуулж байна. Энэхүү цувралд Монголын Үндсэн хууль ба төрийн тогтолцоо, засаглалын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийхийг зорьсон байна. Одоо толилуулан буй эхний өгүүлэлд Үндсэн хуулийн эрхзүйн зөрчил хийгээд дөрвөн удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын засаглалын сул тал, сургамжуудын тухай өгүүлнэ. 

ҮНДСЭН ХУУЛИЙН ХЯМРАЛ УУ, ЭСВЭЛ ...

1. Үндсэн хуулийн эрхзүйн зөрчил

Монгол Улсын шинэ Үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуулиуд тус бүрдээ дөрвөн удаа явагдсан. Одоо ч бас нэг сонгууль болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлууд бидэнд төрийн шинэ тогтолцооныхоо мөн чанарын талаар эргэцүүлэн тунгаах боломж олгож байна. Тиймээс энэхүү цуврал өгүүллээр эл асуудлаарх өөрийн санаа бодлоо уншигч та бүхэнтэй хуваалцах гэсэн юм.

2004 оны 12 дугаар сарын 8-нд Төрийн ордонд АНУ-ын Азийн Сангийн Монгол дахь Суурин Төлөөлөгчийн газраас Улсын Их Хурлын Төрийн Байгуулалтын байнгын Хороо болон Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газартай хамтран зохион байгуулсан “Үндсэн хуулийн үзэл баримтлалын асуудал” бага хурал дээр Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад техникийн зөвлөхөөр ажиллаж байсан Беркелэйн Их Сургуулийн хуулийн профессор Мартин Шапиро хэлсэн үгэндээ “Үндсэн хуулийн техникийн зөвлөхийн хувьд би дор хаяхад нэг маш, маш том алдаа хийсэн бөгөөд түүнийхээ төлөө би өнөөдөр гүн уучлал хүсэх ёстой. Үндсэн хуулийн төслийг анх уншиж бичгээр саналаа өгөхдөө би мэдээжээр парламентын гишүүд өөр албан тушаал хашиж болохгүй гэсэн 29-р зүйлийн нэг дэх хэсэг болсон заалтыг уншсан. Харьцуулсан үндсэн хуулийн мэргэжилтний хувьд Нэгдсэн Вант Улс ба Францын парламентын аль аль нь парламентын гишүүдийг кабинетэд томилох асуудлыг маш өөр замаар шийддэг учир уг заалтын үүсгэж буй асуудлыг би ойлгох ёстой байсан. Гэвч, би асуудлыг анзаарч улмаар та бүхнийг сэрэмжлүүлж чадаагүй тэгснээрээ хожим нь та бүхний хувьд Үндсэн хуулийн маш ноцтой асуудал болсон тэр зүйлийг урьдчилан харж чадаагүй билээ” хэмээн онцлон тэмдэглэж байсан.

М.Шапиро асуудлыг засаглалын “парламентын” гэж нэрлэгддэг хэлбэрийн хүрээнд л авч үзсэн учраас нэг талаар асуудлын голыг ойлгоогүй, нөгөө талаар түүнийг “Үндсэн хуулийн маш ноцтой асуудал” болгож буй нь уг заалтын хувьд хэт томруулсан хэрэг. Учир нь, түүний онцолсон парламентын гишүүн Засгийн газрын гишүүн байж болохгүй байх заалт, ихээр бодоход, улстөрийн намуудын өмнө дараах бэршээлийг үүсгэж байсан юм. Нэгэнт, Засгийн газар парламентаас гадуур бүрэлдэх ёстой учир, нэгдүгээрт, аливаа олонхи болох магадлалтай нам Засгийн газарт ажиллуулна гэж тооцсон тодорхой лидерүүдээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, улмаар нам авах боломжит суудлын тоогоо цөөрүүлэх, ингэснээрээ уг нам парламентад олонхи болох боломжоо алдаж мэдэх явдал. Хоёрдугаарт, олонхи болох магадлалаа алдахгүйн тулд байгаа бүхнээ дайчлаад олонхи болсон тохиолдолд, нэг бол, Засгийн газарт ажиллах шинэ “боловсон хүчин” элсүүлэх, эсвэл парламентын гишүүнийхээ эрхийг татгалзуулан Засгийн газарт ажилуулбал УИХ дахь суудлаа алдах, хэрвээ 39-өөр олонхи болсон бол олонхийн статусаа ч алдах аюултай тулгарах байсан. Мэдээж, энэ нь тойргийн сонгогчдын сонголтыг ч хүндлээгүй хэрэг болох юм. Ер нь л уг заалт олонхи болох магадлалтай намыг, хэрвээ уг нам үнэхээр л хүчирхэг биш бол суудал алдах эрсдэлд тулгаж байсан. Гэвч энэ бол Үндсэн хуулийн хувьд ч, төрийн тогтолцооны хувьд ч “яльгүй” асуудал байсан.

Хамгийн гол зөрчил бол Үндсэн Хуулиар Засгийн Газрыг байгуулах, огцруулах, бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах нь бүхэлдээ Ерөнхийлөгчийн  эрх мэдэлд байсан авч Ерөнхийлөгч “Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн Улсын Их Хуралд оруулан” (Үндсэн хуулийн 33-ийн 2) УИХ-аар шийдвэрлүүлэхэд оршиж байсан юм. Энэ нь мэдээж 1992 оных шиг Ерөнхийлөгч, УИХ хоёр улстөрийн нэг хүчний мэдэлд байсан, эсвэл 1996 онд П. Очирбат шиг аядуу Ерөнхийлөгч (гэхдээ М. Энхсайхан түүний тамгын газрын дарга байсан гэдгийг тооцох хэрэгтэй) байсан тохиолдолд  харьцангуй зөрчил багатай шийдэгдэх байсан талтай.

Гэхдээ Үндсэн хуулиар УИХ-ын сонгуулийн үр дүнд Засгийн газрыг байгуулахаар зааснаараа Засгийн газрыг УИХ-ын сонгуулиар байгуулахаар тогтоосон, тэгэхдээ УИХ-д олонхи болсон намд Засгийн газрыг байгуулахад оролцох давуу эрх мэдэл олгосон учир гүйцэтгэх засаглалын асуудал улстөрийн хүчнүүдийн хооронд төдийгүй төрийн институтууд, ялангуяа, Ерөнхийлөгч, УИХ-ын хооронд зөрчлийг заавал дагуулах байсан. Ялангуяа, Ерөнхийлөгч, УИХ-ын олонхи хоёр улстөрийн өөр өөр, сөрөг хүчнийг төлөөлж байгаа тохиолдолд бол Засгийн газрын асуудлаар зайлшгүй биш ч маргаан дэгдэхээр байсан юм.

Өөрөөр хэлбэл, Үндсэн хууль гүйцэтгэх эрх мэдлийн эрхзүйн үндсийг оновчгүй томьёолсоны улмаас түүнийг эрхзүйн тогтвортой үндэсгүй болгосон төдийгүй түүний хувь заяаг Үндсэн хуулийн-системийн мэдэлд бус улстөрийн хүрээнд хаяж, улмаар улстөрийн хүчнүүдийн “хэрүүлийн алим” болгон орхисон явдал байсан юм. Үүний үр дүн 1996-2000 онд тун тод илэрсэн билээ.

Тиймээс, ноён М.Шапиро үлгэрлэвэл мөсөн уулын уснаас дээш харагдаж буйг нь л харж байгаа болохоос бус усны мандалаас доошхыг нь олж харахгүй байгаа юм. Ямар ч байсан Шапирогийн онцлон тэмдэглэсэн Засгийн газрын эрхзүйн үндсээс улбаалсан “хямрал” хүмүүсийн тархи толгойд байсаар (магадгүй ихэссээр) байна. Тиймээс ч зарим нь үүнийг “Үндсэн хуулийн хямрал” гэж нэрлэж буй билээ. Бид үнэхээр Үндсэн хуулийн хямралтай байна уу?

Төрийн засаглал хэвийн оршин тогтноход тэр нь сонгогчдын хүсэл эрмэлзлэлд нийцэж байгаа эсэх нь онцгой чухал. Учир нь эцсийн эцэст тухайн засаглалыг оршин тогтнох эсэхийг сонгогчид шийддэг.  Тиймээс, сонгогчид төрийн засаглалаас чухам юуг хүсч байна вэ гэдэг нь чухал юм.

Төрийн засаглалаас сонгогчид юу хүсч байгааг тодорхойлох нь түвэгтэй боловч өнөөдөр манай нийгэмд байгаа уур амьсгалаас харвал сонгогчид юуны түрүүнд төрийн засаглал ардчилсан, тогтвортой, хариуцлагатай буюу тайлагнадаг байхыг хүсэн хүлээхийн хамт хуулийн засаглалыг шаардаж байна. Энэ бол тэдний хүсэл эрмэлзлэлд байгаа төрийнх нь үлгэр загвар төдийгүй төр ямар байх ёстой талаарх тэдний үндсэн зарчмууд. Тиймээс эдгээр зарчмын үүднээс төрийн засаглал тэдний хүсэн хүлээсэнтэй нийцэж байна уу гэж авч үзье.

Юуны түрүүнд өнгөрсөн гурван удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын засаглал нэгэн зэрэг ардчилсан, тогтвортой, хариуцлагатай  байж чадаагүй бололтой. Учир нь өнгөрсөн дөрвөн удаагийн сонгуулиар нэг ч нам ба эвсэл дараалан дор хаяж хоёр удаа олонхи болж байсангүй. Энэ мэдээж дэндүү өнгөц дүгнэлт байж болох хэдий ч өнгөрсөн сонгуулиудын болон засаглалын туршлагыг эргэн харъя.

2.Олонхи дээр нэмэх нь: Ардчилал-Тогтворгүй байдал

1996 оны УИХ-ын сонгуулиар парламент олонхи дээрх нэмэх нь (50+23+3) бүтэцтэй болсон. Нийт сонгогчдын 92.15 хувь сонгуульд оролцсноос 65.8 хувийн саналыг авсан Ардчилсан Холбоо Эвсэл 50 суудал, 32.9 хувийг авсан МАХН 23 суудал, үлдсэн саналыг 3 суудал төлөөлж байсан учир  эрхзүйн үндэс сайтай, олонхитой ч, мэдэгдэхүйц хэмжээний сөрөг хүчинтэй,  тун ардчилсан парламент байгуулагдсан. “Парламентын” засаглалын нэг хувилбар. Шийдэлтэй сонгууль. Өөрөөр хэлбэл, сонгуулийн үр дүн Засгийн газрыг шууд байгуулсан төдийгүй сөрөг хүчин ч тодорхой болсон.  Нэгэнт шийдвэрлэхүйц олонхитой учир Засгийн газар тогтвортой оршин тогтнох үндэстэй байсан. Нэгэнт нэг улстөрийн хүчин чухал шийдвэрийг гаргахад хангалттай суудалтай байсан учир хариуцлагатай байж болох хувилбар.

Бодит байдал дээр АХЭ-ийн засаглал тогтвортой байсан уу? Мэдээж, АХЭ сонгуулийн бүрэн хугацаанд засгийн эрхийг барьсаар ирсэн учир тогтвортой байсан гэж хэлж болно.  Гэвч М. Энхсайхан (намын дарга Ерөнхий сайд байх нь зүйд нийцэх учир), Ц. Элбэгдорж (банк дампууруулсан), Ж. Наранцацралт (маргаантай захидал бичсэн) нарын Засгийн газрууд ээлж дараалан огцруулагдаж Р. Амаржаргалаар энэ сонгуулийн хугацаа төгсгөл болсон. Мэдээж, засаглалын “парламентын” хэлбэрийн хувьд, түүнчлэн энэ хэлбэрийг дэмжигчдийн хувьд, ялангуяа, олонхийн буюу “Ардчилсан Холбоо” эвслийнхний хувьд энэ “цуврал огцролт” хэвийн үзэгдэл төдийгүй засаглал ардчилсан байгаагийн илэрхийлэл байх нь ойлгомжтой. Гэвч сонгогчид тэгж үзээгүйг 2000 оны парламентын болон орон нутгийн сонгууль харуулсан.

Эдгээр цуврал огцролт гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар эрхзүйн бат бэх үндэсгүй байгааг харуулсан нь хамгийн гол сургамж. Үнэндээ, УИХ найтаах тутамд Засгийн газар хийсч байсан. Гэхдээ энэ бол асуудлын нэг л тал. Нөгөө тал нь, энэ үе бол хуульзүйн утгаараа цэвэр “парламентын” засаглал биш буюу Засгийн газрыг байгуулахад оролцох Ерөнхийлөгчийн эрх мэдэл өндөр байсан учир Засгийн газрууд сөрөг хүчнээс 1997 онд сонгогдсон Ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч байж л байгуулагдаж байсан. Тиймээс олонхийн сонирхолд тэр бүр нийцэхгүй байсан болов уу (Элбэгдоржийн Засгийн газрын дараахь Ерөнхийлөгчийн хоригуудыг сана). Энэ нь Үндсэн хуулийн эрхзүйн зөрчилтэй заалт Засгийн газрын тогтвортой байх эсэхэд нөлөөлсөн хэрэг.

Энэ бүхэн нь Засгийн газрын хувь заяа Ерөнхийлөгч, УИХ хоёроос хамааралтай байгааг, ялангуяа УИХ, Ерөнхийлөгч хоёр улстөрийн хоёр гол сөрөг хүчний хяналтад байгаа нөхцөлд  Засгийн газрын оршин тогтнох эсэх нь тун ярвигтай болохыг харуулсан. Энэ үндсэндээ Засгийн газар өөрөө бие даасан эрхзүйн бат бэх үндэсгүй байгааг нотлосон юм. Энэ бол гол сургамж.

Дээрх Засгийн газруудын хувь заяанд Ерөнхийлөгчийн оролцоо ямар ч байсан гэсэн Засгийн газар өөрийн бие даасан эрхзүйн үндэсгүй учир эдүгээгийн “парламентын” засаглалын үед ч энэ хувь заяанаас улстөрийн аль ч нам, эвслийн Засгийн газар дархлагдаагүй л байна. Түүгээр ч барахгүй, 1999-2000 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгч Засгийн газарт ямар ч эрхгүй болсон тул Засгийн газар өөрийн нэг боломжит тулгуураа алдаж улам эмзэг болсон.

Эдүгээ Засгийн газрын хувь заяа парламентын улстөрийн уур амьсгал ямар байгаагаас л хамаарна.  Засгийн газар удаахан амьдрая гэвэл Ерөнхий сайд өөрийг нь албанд дэвшүүлсэн лидерүүдийн дургүйцлийг хүргэхээс ямагт зайлсхийж байх ёстой. Үгүй бол Засгийн газар тэсэхгүй. Ерөнхий сайдын толгойны гол өвчин нь ард нь сууж байгаа лидерүүд. Энэ нь зөвхөн “ардчилсан” хүчний “өвчин” биш, МАХН-д ч тохиолдож болно. АХЭ-ийн түүх бол “парламентын” засаглалын нэг л жишээ, гэхдээ хэзээ ч давтагдаж болох нэг хувилбар. Сонгогчид “парламентын” засаглалын төлөө байгаа бол үүнд дасах л хэрэгтэй.

3.Дийлэнх Олонхи: Тогтвортой байдал-Автократ

2000 оны сонгуулийн үр дүн нь 1992 оныхтой адил МАХН-ын парламент бий болсон. Нийт сонгогчдын 82.43  хувь сонгуульд оролцсноос 52 хувийн саналыг авсан МАХН 72 суудал авсан бөгөөд МАХН-ын 72 суудал 76 суудалтай тэнцүү байсан. Парламент санал өгөгчдийн 52 хувийг төлөөлж байсан боловч нийт сонгогчдын 42.86 хувийг төлөөлж санал өгөгчдийн 48 хувь, сонгогчдын 57 орчим хувь төлөөлөлгүй хоцорсон учир эрхзүйн үндэс султай төдийгүй, парламент үндсэндээ улстөрийн нэг хүчнийх болсон. Мэдээж, шийдэлтэй сонгууль. “Парламентын” засаглалын өөр нэг хувилбар. Сонгогчид тогтворгүй, хариуцлагагүй байдлаас залхсны улмаас МАХН-ыг сонгосон.

МАХН-ын парламент бүрэлдсэн нь тогтвортой байдлын нэг үндэс. Ерөнхийлөгч уг намыг төлөөлж байсан нь нөлөөлсөн байх. Гэхдээ хамгийн гол үндэс нь 1999-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт байсан. Гэхдээ, энэ нь тогтвортой байна гэсэн үг огтхон ч биш. МАХН-ын хувьд ч “Ардчилсан Холбоо” эвслийн он цаг давтагдах боломж бүрэн магадлалтай төдийгүй боломжтой ч байсан. Гэвч, УИХ-ын гишүүд “хариуцлагатай” санал өгдөг болсон ба Ерөнхий сайд Н.Энхбаяр эрх мэдлээ амжилттай бэхжүүлж, төвлөрүүлснээр “тогтвортой байдал” бий болсон. Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаяр 1999-2000 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба парламентын дийлэнх олонхи дээрээ тулгуурлан Засгийн газрын байр суурийг бэхжүүлсэн нь эргээд Засгийн газар парламентаа засаглахад хүргэж үнэн хэрэг дээрээ намын даргын “автократ” засаглал тогтоход хүргэсэн. Энэ нь, “парламентын” засаглал тогтвортой байж болох ч заавал ардчилсан байна гэсэн үг биш болохыг харуулсан нь гол сургамж.

Энэ бүхэнд мэдээж, сонгуулийн болон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс үүдсэн үр дүн нөлөөлсөн хэдий ч МАХН-аас бусад улстөрийн нам ч, Энхбаяраас бусад лидерүүд ч уг “өвчнөөс” ангид байх “дархлаа” онолын хувьд ч,  практикийн хувьд ч байхгүй. Өөрөөр хэлбэл, Монголчууд бид “ардчилсан” гэж нэрлэгддэг намуудын “тоталитар”, эсвэл лидерийнх нь “автократ” засаглалын “хохирогчид” болох бүрэн магадлалтай. Энэ бол “парламентын” засаглалын нэг л жишээ, хэзээ ч давтагдаж болох хувилбар. Ялангуяа, одоо үйлчилж байгаа сонгуулийн системийн үед магадлал өндөртэй. Мэдээж, энэ бүхний буруутан нь, “парламентын” засаглал хэмээх тоглоомын дүрэм. Хэрвээ сонгогч та бүхэн “дүрмээ” өөрчлөх гээгүй л бол үүнийг хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй.

4.Олонхигүйдэл: Зөвшилцөл-Олигархи

2004 оны сонгуулийн үр дүн нь олонхигүйдэл. Нийт сонгогчдын 81.84 хувь нь сонгуульд оролцсноос урдчилсан дүнгээр 48.78 хувийн саналыг төлөөлсөн МАХН 36+1 суудал, 44.8 хувийг төлөөлсөн Эх орон-Ардчилал Эвсэл 34 (+1) суудал авсан бол Бүгд Найрамдах Нам 1, бие даан нэр дэвшигчид 3 суудал авсан эрхзүйн үндэс сайтай, ардчилсан боловч олонхигүй парламент. Шийдэлгүй сонгууль. Учир нь хэн Засгийн газрыг байгуулах, улмаар хэн нь сөрөг хүчин байх нь тодорхойгүй болсон. “Парламентын” засаглалын дараагийн, магадгүй, сүүлийн хувилбар. “Тоталитар” магадгүй бараг “автократ” дэглэмээс аюусан, гэхдээ мөн “тогтворгүй байдлаас” эмээсэн сонгогчид оролцсон нь ойлгомжтой. Онцлон тэмдэглэхэд, улстөрчдийн хэлж байгаа шигээр “ард түмэн” эвс, зөвшилц гэж сонголт хийгээгүй. Тэгж мэдэгдэх нь сонгогчдыг хуйвалдаан хийлээ гэж ялласантай адил. Сонгогчдын хувьд тэгэх боломж онолын хувьд ч,  практикийн хувьд ч байх боломжгүй, байгаагүй.

Шийдэлгүй сонгууль учир  зөвшилцөхөөс өөр аргагүй. Мэдээж энэ бүхний буруутан нь олонхигүйдэл боловч “олонхи” Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх зарчим ч мөн буруутай. Зөвшилцөл нь тайзны ар тал руу чирж тэр нь “хуйвалдаанд” хөтөлсөн. Үр дүнд нь төрийн институтууд, ялангуяа, парламент функцээ алдаж “баталгаажуулагч танхим” болсон бол Засгийн газар ба түүний суудлууд “тохиролцооны” обьект болсон. Энэ нь цөөн тооны хүчирхэг лидерүүдийн засаглал буюу олигархид хүргээд байгаа мэт.

Тогтвортой байх уу? Олонхигүйдэл буюу шийдэлгүй сонгууль учир тогтвортой байх үндэс муутай. Тиймээс ч, сонгуулийн дараа Засгийн газартай болохын тулд МАХН, Эх орон-Ардчилал эвсэл хоёр “Их” хэмээх эвслийг байгуулсан авч, Б.Эрдэнэбатын гэдэн хөдөлснөөр Эх орон-Ардчилал улмаар “Их” эвсэл задарч Засгийн газар унах ирмэг дээр тулсан. Эх орон-Ардчилал  эвслийн үлдэгдэл (Ардчилсан намын 19; Иргэний Зориг; Эх Орны 2, бие даагч 2) хоёр жилийн Ерөнхий сайдаа аврахын тулд “даган орсноор” үр дүнд нь “Их” эвслийн суурин дээр МАХН давамгайлсан “их бус-тэнцүү бус эвсэл” буюу МАХН-ын “62-ын бүлэг” бүрэлдэж Эх Орон намын хоёр сайд огцруулагдсанаар “Их” эвслийн төгсгөл “хуульчлагдсан”. Эрдэнэбатын гэдэн хөдөлсөн шиг Энхбаярын ч юм уу С. Баярын, магадгүй, Гончигдоржийн эсвэл Элбэгдоржийн гэдэн хөдөлбөл яах вэ? Тогтворгүй байдал үүснэ.

Хариуцлагатай байх уу? Боломж муутай. Нэг ч намын мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжгүй. Харин намууд сонгогч танд, жишээ нь, Ардчилсан Нам “Бид хичээж байна. Даан ч МАХН зөвшөөрөхгүй байна. Та манай намыг хангалттай дэмжсэн бол итгэлийн 10000-аа авах л байсан даа. Одоо яах ч арга алга” гэнэ биз. Үр дүнд нь сонгогч та “буруутан”. Тиймээс, сонгогч та хариуцлага гэж илүү юм хүлээх хэрэггүй.

Ардчилсан байх уу? Үндэс муутай. Хэдийгээр сонгуулийн дүнд ардчилсан парламент бүрэлдсэн боловч “Их” эвсэл байгуулагдсанаар албан ёсоор БНН, ба бие даагч 3 л сөрөг хүчин болсон. Хүчний харьцаа 70+2:4. 1996, 2000 оны парламентын дүр төрх. Эх орон-Ардчилал ба “Их” эвслүүдийн задрал МАХН-ын “61+1+(1) бүлэг” байгуулагдсанаар Бүгд Найрамдах нам, Р. Амаржаргал дээр Ардчилсан Намын 6, Эх Орны 5 нэмэгдсэнээр эрх баригчид ба сөрөг хүчний харьцаа 62+(1):13 болсон. Сөрөг хүчин дэндүү цөөнх, дээрээс нь нэгдэлгүй. Эрх баригчдын хооронд хагарал гарч магадгүй, гэвч хагарал бол мөн чанараараа ардчилал биш “хэрүүл”, тогтворгүй байдал л гэсэн үг. Энэ бүхэн бол бидний үзэж өнгөрүүлсэн туршлага, хүлээх ирээдүйн төрх.

Одоогийн үүсээд буй байдал бол хамгийн хялбар тохиолдол ч байж мэднэ. Олонхигүйдэл олон хувилбараар үүсэх магадлалтай. Гурван намын хооронд 26: 25: 25-аар эсвэл дөрвөн намын хооронд 19-өөр гэх мэтээр олонхигүйдэл үүсээд намууд өөрсдийн “хувиа” хүртэхийг хүсвэл яах вэ? Үр дүн нь юу байх вэ? Жил жилээр ээлжлэн Засгийн газар байгуулах уу? Сунжирсан зөвшилцөл, тогтворгүй байдал, магадгүй дахин сонгууль. 

Гэхдээ энэ нь “парламентын” засаглал өөрийн тоглоомын дүрмийн дагуу (хууль засаглаж байна гэсэн үг) бараг төгс ажиллаж байгаа нь энэ. 1999-2000 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг эс тооцвол өнгөрсөн хугацаанд  “парламентын” засаглал хуулийн дагуу л явагдаж ирсэн бөгөөд уг өөрчлөлт ч гэсэн хуулийн дагуу л хийгдсэн.  Тиймээс Үндсэн хуулийн хямрал байхгүй. Байсан “бяцхан” асуудлыг 1999-2000 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хуулийн дагуу шийдвэрлэсэн.

Сонгогч танд таалагдахгүй байгаа бол улстөрчдийг битгий буруутга. Улстөрчдийн гол зорилго бол эрх мэдэл болохоос бус ардчилал, хуулийн засаглал, тогтвортой ба хариуцлагатай байдал аль аль нь биш. Харин улстөрчдийн хоорондын тэмцэл, өрсөлдөөн нь ардчилал, хуулийн засаглал, тогтвортой, хариуцлагатай байдлыг тоглоомынхоо дүрэм болгоход хүргэдэг. Өнөөдөр тэд нэг бол тогтворгүйтээд, эсвэл автократдаад, нөгөө бол олигархидаад байгаа бол тэдний тоглоомын дүрэм тийм байгаа хэрэг. Тиймээс та тэдний тоглоомын дүрмийг нь буруутга. Өнөөгийн тоглоомын дүрэм “парламентын” засаглал. Энэ тухай дараа өгүүлнэ.