Л. Мөнх-Эрдэнэ, Ph.D. МУИС-ийн профессор
МУИС-ийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнийн бичсэн “Монголд хэн засагладаг вэ?” цуврал өгүүллийн хоёрдугаарыг толилуулж байна. Энэхүү цувралд Монголын Үндсэн хууль ба төрийн тогтолцоо, засаглалын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийхийг зорьсон байна. "Үндсэн хуулийн хямрал уу, эсвэл?" хэмээх эхний өгүүлэлд Үндсэн хуулийн эрхзүйн зөрчил хийгээд дөрвөн удаагийн сонгуулиар байгуулагдсан парламентын засаглалын сул тал, сургамжуудын тухай өгүүлсэн болно.
Монгол Улсын Үндсэн хуулиар УИХ-д хууль тогтоохоос гадна “Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох, өөрчлөх, огцруулах” (25-ийн 6) тэгэхдээ асуудлыг өөрийнх нь сонгуулиар шийдвэрлэх өргөн эрх мэдэл олгосноор “парламентын” засаглалын суурийг тогтоосон юм. Гэхдээ энэ бол “парламентын” засаглал гэсэн үг биш. Учир нь “УИХ-ын гишүүн хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй” (29-ийн1), хамгийн гол нь, Үндсэн Хуулиар Ерөнхийлөгч “Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагүй бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох санал түүнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах” (33-ийн 2) эрхтэй байсан төдийгүй “Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх” (39-ийн 2) ёстой учир Ерөнхийлөгчийн дэмжлэггүйгээр Ерөнхий сайд уг асуудлаа Улсын Их Хуралд оруулах боломжгүй байсан юм.
Тиймээс, Ерөнхийлөгч Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулахад оролцох эрхтэй төдийгүй, Ерөнхийлөгч дэмжихгүй л бол Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх боломжгүй, энэ утгаараа, Засгийн газар, ялангуяа ямар Засгийн газар байгуулагдах, түүний бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орох эсэх нь Ерөнхийлөгчөөс шууд хамаарах, түүний эрх мэдэлд байсан асуудал юм. Энэ нь, Засгийн газар Ерөнхийлөгч ба УИХ хоёрын хоюулангийнх нь дэмжлэгийг авч байж л байгуулагдана гэсэн хэрэг байв. Ерөнхийлөгч энэ эрх мэдлээ хэрэгжүүлсний тодхон жишээг 1997 оны зун, намар бид харсан.
Түүнчлэн, Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санал гаргах эрхтэй төдийгүй Засгийн газрыг огцруулах шийдвэрийг УИХ гаргавал Ерөнхийлөгч “Улсын Их Хурлын баталсан хууль бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих” (33-ийн 1) эрхтэй учир тэрээр хориг тавьбал УИХ-ыг уг асуудлыг дахин хэлэлцэж гишүүдийн “дийлэнх олонхи” (27-ийн 6) буюу 51 ба түүнээс дээшхи тооны гишүүдийн “гуравны хоёр” (33-ийн 1) нь буюу 34 буюу түүнээс дээш тооны гишүүд нь Засгийн газрыг огцруулахыг дэмжсэн хэвээр байгаа тохиолдолд л УИХ Засгийн газрыг огцруулж чадах байв. Хэдийгээр энэ нь 1992-1996 ба 2000-2004 оны парламентын хувьд “хялбар” байж болох авч 1996-2000 оны парламентын хувьд түвэгтэй асуудал байсан юм. Түүгээр ч барахгүй, УИХ-ын гишүүд саналаа нууцаар өгдөг байсан үед олонхи нам (намын лидерүүд) асуудлыг хүсч байгаагаараа шийдвэрлүүлэхэд тун түвэгтэй байсан юм.
Тиймээс, 1992 оны Үндсэн хуулиар Монголд “парламентын” засаглал тогтоогүй байсан юм. Гэвч Үндсэн хуулиар УИХ-ын хууль тогтоох эрх мэдлийг хязгаарлаж өгөөгүй учир тэрээр өөрийн энэхүү хязгааргүй эрх мэдлээ ашиглан өөрийн эрх мэдлийг өргөтгөх, эсвэл өөрийгөө Ерөнхийлөгчийн “хараанаас чөлөөлөх дайнд” мордож 1999 оны 12 дугаар сарын 24-нөөс 2000 оны 12 дугаар сарын 14-ны хооронд өрнүүлсэн “цахилгаан дайнаар” Үндсэн Хуулийг өлмий доороо сөхрүүлж Засгийн газрыг өөрийн онц эрхэнд авч Ерөнхийлөгч, Үндсэн Хуулийн Цэц хоёрт “цохилт” өгсөн билээ. Үр дүнд нь нийт сонгочдын 82.43 хувийн 52 хувийг нь төлөөлсөн МАХН-ын УИХ нийт сонгогчдын 82.94 хувийн 57.9 хувийг нь төлөөлсөн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг халж Монголд “парламентын” засаглал тогтоосон юм.
Мэдээж, шалтаг нь Засгийн газрын эрхзүйн үндсийг сайжруулах буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай асуудал байсан авч үндсэн шалтгаан нь Засгийн газрыг байгуулахад оролцох Ерөнхийлөгчийн эрх мэдэл байсан юм. Эцэст нь Ерөнхийлөгч Ерөнхий сайдын нэрийг дэвшүүлэхэд оролцох эрхээ УИХ-д, хэрвээ тухайн УИХ-д аль нэг нам олонхи болвол түүнд бүрмөсөн алдаж, Ерөнхийлөгч нэг бол УИХ-ын өөрийнх нь, эсвэл олонхи болсон намын дэвшүүлсэн нэр дэвшигчийг “тав хоногийн дотор” (27-ийн 6) УИХ-д (мэдээж олонхи болсон намтай бол үнэндээ түүнд гэсэн үг) өөрт нь буцаан барих “үүрэгтэй” болж хувирсан юм.
Түүнчлэн, Ерөнхийлөгч Засгийн газрыг огцруулах санал тавих эрхгүй болсон төдийгүй, хэрвээ тэр УИХ-ын ямар нэг шийдвэрт хориг тавьбал УИХ-ын 39 гишүүн хуралдаад 20 гишүүн нь (27-ийн 6) Ерөнхийлөгчийн хоригийг “хөнгөхөн” няцаах боломжтой болсон. Ингэхдээ тухайн хуралдаанд оролцсон УИХ-ын гишүүд уг асуудлаар илээр (27-ийн 6) саналаа илэрхийлж “хариуцлагатай” санал өгөх ёстой болсон. Түүгээр ч барахгүй Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулахдаа Ерөнхийлөгчийн зөвшөөрлийг заавал авах шаардлагагүй болсноор (39-ийн 2) Ерөнхийлөгч Засгийн газрын бүрэлдэхүүнд хийх өөрчлөлтөд ч оролцох эрх мэдэлгүй болсон юм.
Ийнхүү, УИХ Засгийн газрыг өөрөөсөө бүрдүүлэх болсон (29-ийн 1) төдийгүй түүнийг байгуулах, огцруулахад Ерөнхийлөгч оролцох эрхгүй болж “парламентын” засаглалыг Монголд тогтоосон юм. Энэ нь зөвхөн “парламентын” засаглалыг тогтоосон төдийгүй УИХ-ын гишүүдийг “хариуцлагатай” ил санал өгдөг болгосноор олонхи болсон намын, бүр тодруулбал намын лидерүүд-боссуудын олигархи, эсвэл лидер-боссын автократ засаглал тогтох үндсийг тавьж өгсөн юм. Тиймээс ч УИХ нь ард түмний эрхийн ашгийн төлөө биш, өөрийнхөө төлөө үйлчилдэг институт болох нь гэсэн болгоомжлол илт мэдрэгдэж байна.
Монголын сонгогчид нэгэн зэрэг ардчилсан, тогтвортой, хариуцлагатай засаглалыг хүсч байгаа ч “парламентын” засаглал өнгөрсөн хугацаанд энэ гурван хүсэл-зарчмуудад тэнцсэнгүй бололтой. Сонгогчид нэг бол ардчилсан боловч тогтворгүй-хариуцлагагүй (1996-2000), нэг бол тогтвортой боловч ардчилалгүй-хариуцлагагүй, магадгүй автократ (1992-1996; 2000-2004) эсвэл тогтворгүй-хариуцлагагүй, магадгүй олигархи (2004-эдүгээ) засаглалуудыг туулж, мөн туулсаар байх бололтой.
Уг нь парламент анх үүсэхээсээ л иргэний эрхийг төлөөлж хууль хэмээх гэрээ, дүрмийг тогтоож төрийн дарангуйллаас иргэдийг хамгаалж, хуулийн засаглалыг тогтоох байгууллага. Гэвч парламентын өөрийнх нь засаглал түүний энэхүү үндсэн функцыг бүхэлд нь өөрчилж түүнийг нам ба эвслийн буюу сонгогдсон албан тушаалтнуудын засаглал болгон хувиргажээ. Энэ нь хэсэг бүлэг сонгогдсон хүмүүсийн засаглал гэсэн үг. Тиймээс Засгийн газрын, төрийн, сонгогчдын хувь заяа үргэлж хүний (мэдээж, улстөрийн лидерүүдийн) гарт байх бөгөөд тэр нь үргэлж хуулийн засаглал гэсэн үг биш. Учир нь парламент-нам-хүмүүс-лидер хуулийн дагуу өөрөө хууль тогтоож, түүнийгээ өөрөө хэрэгжүүлж, магадгүй өөрөө хянана гэсэн үг. Энэ нь ард түмний, эсвэл сонгогчдын эрхийн илэрхийлэл болсон хууль гэхээсээ илүү харин парламент дахь хүмүүсийн хууль энэ утгаараа тэдний засаглал-хүмүүсийн засаглал тогтоно гэсэн үг.
Тиймээс манай “парламентын” засаглал нь үндсэндээ нам-удирдагчийг дөрвөн жилийн хугацаатайгаар солих магадлалтай болохоос бус 1990-ээд он хүртэл манайд тогтож байсан “совет”-ийн, эсвэл намын засаглалын /партократ/ ёс юм. Гэхдээ энэ нь нам-удирдагч дөрвөн жил тутамд заавал солигдоно гэсэн хэрэг огт биш. Жишээ нь, МАХН сонгуульд ялаад л байвал Энхбаяр Маргарет Тэтчер шиг 11 жил, эсвэл Тэтчерийн рекордыг эвдээд байгаа Тони Блэйр шиг, эсвэл бүүр Роберт Уолпол шиг 21 шахам жил ба түүнээс удаан, тухайлбал, Ю.Цэдэнбал шиг 30 жил ч засаглах магадлалтай юм. Мэдээж, үүнийг сонгогч та шийднэ.
Ер нь бол, парламент ардчилсан бус (1992, 2000 оны сонгуулийн үр дүн шиг) байвал Засгийн газар тогтвортой, хариуцлагатай байх магадлал өндөртэй. Харамсалтай нь, ардчилсан бус парламент нь автократад хүргэж мэднэ. Гэсэн ч Засгийн газар 1996-2000 он шиг эмзэг байж болно. Чухам ямар байх нь тухайн намын лидерүүдээс шалтгаална. Энэ нь Засгийн газар үргэлж эмзэг байх магадлалтай гэсэн үг.
Нөгөө талд, харамсалтай нь парламент хэдий хэмжээгээр ардчилсан байна (өөрөөр хэлбэл, олон намын төлөөлөлтэй байвал) Засгийн газрын эмзэг, тогтворгүй байх нь төдий хэмжээгээр нэмэгдэнэ. Дээрээс нь, парламент хэдий хэмжээгээр ардчилсан байна, Засгийн газар хариуцлагатай байх үндэс төдий хэмжээгээр суларна. Түүгээр ч барахгүй, тогтворгүй, хариуцлагагүй байхын дээр нэгэн зэрэг ардчилал бус олигархи тогтох аюултай. “Парламентын” засаглал бүх давуу ба сул талтайгаа байгаа нь энэ. Энэ бүхнээс гадна, ”парламентын” засаглал нь Монголын төр, улстөрийн амьдралд төдийгүй үндэсний, ард түмний амьдралд хэрхэн нөлөөлж байгаа билээ?
1992 оноос хойш Монголчууд бидний амьдрал дөрвөн жилийн давтамжтай тойрогт орсон. Бидний амьдралын олон чухал асуудлыг шийдвэрлэдэг бүх эрх мэдлийг атгасан хууль тогтоох ба гүйцэтгэх засаглал дөрвөн жил тутамд нэгэн зэрэг солигддог учраас тэр. Улстөрийн томилолтууд битгий хэл эгэл жирийн ажилчнаас аваад хөрөнгө оруулагчдын хувьд ч ирээдүй нь баталгаагүй. Эрх баригч намд “тал засахгүй” хэн бүхний урагшаа алхах зам хаалттай. Талаа “сонгосон” этгээдийн хувьд зөвхөн ялалт ирээдүй, ялагдал бол сүйрэл. Үр дүнд нь нам, эвслээрээ хуваагдсан үндэсний талцал үүсч байна. Энэ бүхэнд улстөрчдийн ёс суртахуунтай хэсэг нь гэмшдэг ч тэдний зорилго угаасаа албан тушаал-эрх мэдэл олж авах, олж авбал түүнийгээ хадгалах явдал. Хадгалахын тулд албан тушаал-эрх мэдэл-мөнгө хэрэгтэй. Тэд энэхүү эргэлдэгч хуйндаа олзлогдсон. Тиймээс үүссэн байдалд тэднийг бүхэлд нь буруутгах аргагүй. Буруутан нь УИХ-ын тогтоосон тоглоомын дүрэм “парламентын” засаглал. Гэхдээ л улстөрчдийн хоорондын тэмцэл, өрсөлдөөн өөрөө л энэ байдлыг залруулж магадгүй. Учир нь тэдэнд ялагдах аюул байнга заналхийлж байдаг учир тэд ардчилал, хуулийн засаглал, тогтвортой, хариуцлагатай байдлыг тоглоомынхоо дүрэм болгоход хүргэдэг. Тийм ч учраас улстөрчид сонгуулийн ардчилсан систем ардчилсан парламент төрүүлэх байх гэсэн найдвараар тоглоомын дүрмэндээ өөрчлөлт оруулж “шуламын тойргоос” мултрах оролдлого хийхээр зэхэж байна.