Сонгуулийн системийн өөрчлөлт, шинэ хуулийн төслийн тухайд

A- A A+
Сонгуулийн системийн өөрчлөлт, шинэ хуулийн төслийн тухайд



Л. Мөнх-Эрдэнэ, Ph.D. МУИС-ийн профессор

МУИС-ийн багш, профессор Л.Мөнх-Эрдэнийн бичсэн “Монголд хэн засагладаг вэ?” цуврал өгүүллийн гуравдугаарыг толилуулж байна. Энэхүү цувралд Монголын Үндсэн хууль ба төрийн тогтолцоо, засаглалын тулгамдсан асуудлуудад дүн шинжилгээ хийхийг зорьсон байна.

Сонгуулийн системийн өөрчлөлт, шинэ хуулийн төслийн тухайд

Сонгуулийн системийг солисноор зарим өөрчлөлт авчрах боловч дээрх байдал бүрэн засагдахгүй.  Яагаад гэвэл сонгуулийн ямар ч, тухайлбал, олны /plurality/ (нэр дэвшигч бусад өрсөлдөгч тутмаасаа илүү санал авах, эдүгээ манайд парламентын сонгуульд хэрэглэж байгаа), олонхийн /majority/ (нэр дэвшигч нь нийт саналын хагасаас илүүг авах, эдүгээ манайд ерөнхийлөгчийн сонгуульд хэрэглэж байгаа), хувь тэнцүүлэх /proportional representation/ (улс төрийн намууд авсан саналтайгаа хувь тэнцүү суудал авах) үндсэн гурван хувилбаруудын алийг нь ч хэрэглэсэн, түүнчлэн одоо манайд яригдаж буй холимог /mixed/ (нэгэн сонгуульд өөр өөр хувилбарууд зэрэгцэн оршихуй буюу /улсын нутаг дэвсгэрийн өөр өөр хэсэгт өөр өөр хувилбаруудыг зэрэгцүүлэн хэрэглэх эсвэл улсын нэг тодорхой нутаг дэвсгэр дээр өөр өөр хувилбарыг нэгэн зэрэг хэрэглэх /сонгогчид нэгдүгээрт, нэр дэвшигчид, хоёрдугаарт, намд гэсэн хоёр санал өгөх ба нэр дэвшигчид тойргийн ба намын жагсаалтын гэсэн хоёр хэсэг байх/ гэсэн хувилбаруудыг хэрэглэдэг) аргыг санал өгөх, саналыг суудал болгон хөрвүүлэх зохих аргачлалуудынх нь хамт хэрэглэсэн ч үндсэндээ өмнө өгүүлсэн гурван хувилбарын аль нэг нь л үр дүн нь байх болно.

Гэхдээ мэдээж сонгуулийн системийн өөрчлөлт нь ихээхэн зүйлийг өөрчлөх болно. Харин түүний эерэг сөрөг байх нь хэрхэн өөрчлөхөөс шалтгаална.

Боловсруулагдаад байгаа Сонгуулийн хуулийн шинэчилсэн төсөлд тусгагдсан сонгуулийн холимог системээр намын жагсаалтын 38 суудлыг хуваарилахдаа “Хэйрийн квот (Thomas Hare 1806-1891), хамгийн их  үлдэгдэл (largest remainders)  аргыг хэрэглэхээр төлөвлөж буй нь тухайн 38 суудлыг хуваарилах ихээхэн ардчилсан арга мөн. Гэхдээ энэ нь зөвхөн уг 38 суудалд үйлчилж, үлдсэн нэг-гишүүнт тойргийн 38 суудал нь түүнд нөлөөлөхгүй байхаар тусгагджээ.  Тиймээс сонгуулийн хууль одоо байгаа хувилбараараа батлагдвал энэ нь жижиг намуудад тийм ч ашигтай хувилбар биш.

Түүний оронд Германд хэрэглэдэг засварлалтын буюу эхлээд намуудын авсан саналыг 76 тойрогт хувааж үзээд дараа нь нэг-гишүүнт 38 тойрогт олны саналаар намуудын авсан бодит суудлуудтай харьцуулан үлдсэн 38 суудлыг хувь тэнцүүгээр хуваарилах аргыг хэрэглэх хувилбар нь намуудын авсан саналуудыг хувь тэнцүү суудал болгох хамгийн дэвшилтэт арга гэж тооцогддог. Энэ систем нь парламентыг ихээхэн ардчилсан болгодог.

Улмаар төслийн санал болгож буй систем нь хариуцлагын тогтолцоог намын төвшинд ч, нэр дэвшигчийн төвшинд ч сулруулах сөрөг талтай. Учир нь, намын төвшинд бол одоогийн олны сонгуулиар сонгогчид хариуцлагагүй намыг Засгийн эрхнээс хялбархан буулгаж чаддаг байсан бол энэ боломж нь сонгуулийн одоо яригдаж буй холимог хувилбараар тун багасана. Яагаад гэвэл, нам хариуцлагагүй байсан ч өөрийн тууштай дэмжигчдийн хүчээр холимог сонгуулийн пропорциональ хэсгээр парламентад төдийгүй Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэхэд хангалттай хэмжээний суудал авах магадлалтай. Иймээс, сонгогчид уг намыг Засгийн газраас буулгах магадлал тун муутай болно. Энэ нь ялангуяа том намууд болох МАХН, Ардчилсан нам /АН/ хоёрт шууд холбоотой юм.

Санал өгөлтийг хаалттай жагсаалтаар явуулахаар төлөвлөсөн учир сонгогч чухам аль нэр дэвшигчийг УИХ-д суулгахыг хүсч буйгаа илэрхийлэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Дээрээс нь, саяхан батлагдсан Улстөрийн намын тухай хуулиар  нэр дэвшүүлэх эрхийг үнэн хэрэг дээрээ намын лидерүүд-боссуудын эрх мэдэлд төвлөрүүлсэн бөгөөд энэ төслөөр жагсаалт дахь нэр дэвшигчдийн нэрсийн дарааллыг тогтоох эрхийг мөн л тэдний мэдэлд төвлөрүүлэхээр төлөвлөж буй нь үнэн хэрэг дээрээ намын лидерүүд-боссууд уг асуудлыг өөрсдийн үзэмжээр шийдэх, эсвэл шийдэхээр “зохион байгуулах” боломжийг хуульчилж өгсөн хэрэг болох юм.

Энэ нь ардчилал, сонгогчийн эрхийг боогдуулж намын лидерүүд-боссуудын эрх мэдлийг ихэсгэж байгаа хэрэг. Нэр дэвшигчийн хувьд жагсаалтын 38 нэр дэвшигч ямар нэг тойргийн сонгогчдын өмнө хариуцлага хүлээх шаардлагагүй харин намын боссуудынхаа өмнө “хариуцлага” хүлээх болно. Ингэснээр, сонгогчдын гараас 38 суудал алдагдаж намын (лидерүүдийн) мэдэлд очиж байгаа юм. Үр дүнд нь намын лидерүүдийн (албан тушаалтан-нам), ялангуяа том намын лидерүүдийн суудал дархлагдах төдийгүй тэдний эрх мэдлийг улам ихэсгэж сонгогчдын эрх төдий хэмжээгээр хумигдана гэсэн үг юм.

Уг нь Үндсэн хуульд зааснаар “Улсын Их Хурал 76 гишүүнтэй байна” (Үндсэн хуулийн 21-ийн 1), сонгогчид “Улсын Их Хурлын гишүүнийг … чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж...сонгоно” (21-ийн 2), “гишүүнээр ... иргэнийг сонгоно” (21-ийн 3). 21-ийн 2 заалтаар сонгогчид зөвхөн гишүүнийг сонгох ёстой. Үүнийг 21-ийн 3 дахь заалт бүр тодруулж гишүүнээр иргэнийг сонгох ёстой гэж хуульчилсан. Энд намыг, эсвэл өөр юуг ч сонгоно гэсэн заалт байхгүй. Энэ бол сонгогчдын Үндсэн хуулийн эрх бас үүрэг. Энэ нь Монгол Улсын иргэн нам болон аливаа бусад байгууллага хүмүүсийн хэсэг бүлгийг сонгох эрхгүй гэсэн үг.

Тиймээс, сонгуулийн хуулийн төсөл иргэдээр намыг сонгуулахаар зааж  байгаа нь  Үндсэн хуулийг зөрчсөн хэрэг бус уу. Дараагаар нь, Үндсэн хуульд зааснаар сонгогчид чөлөөтэй сонголт хийх эрхтэй. Сонгогчдод намыг сонгохыг тулган хүлээлгэж буй нь чөлөөтэй сонголт хийх боломжийг боогдуулж байгаа хэрэг. Эцэст нь сонгогч сонголтоо шууд хийх Үндсэн хуулийн эрхтэй, үүрэгтэй. Намаар байтугай УИХ-ын гишүүнээр, Ерөнхийлөгчөөр ч дамжуулах ёсгүй. Тиймээс сонгогчдыг намыг сонгуулахаар зааж буй нь тэдний Үндсэн хуулийн эрхийг, үүргийг  зөрчиж байна бус уу?  Хэрвээ Үндсэн хуулийн эдгээр заалт зүгээр нэг тунхаг, цаасан дээр бичсэн үг бус эрх, үүрэг хүлээлгэсэн хууль юм бол, хэрвээ иргэн, чөлөөтэй, шууд гэдэг үгнүүд ямар нэг утгатай юм бол Монголын иргэн УИХ-д Монголын иргэнийг хэний ч тулган хүлээлт дор бус, хэнээр ч дамжуулахгүйгээр сонгох, эс сонгох эрхтэй гэсэн үг.

Хаалттай жагсаалт сонгогчдод тулгахын оронд  сонгогчдод намын нэрсийн жагсаалтын доторх нэр дэвшигчдийн хэнийг илүү дэмжиж буйгаа илэрхийлэх боломжийг олгодог эрхэмлэлийн санал өгөлтийн төрөл бүрийн хувилбарууд түүний дотор нэг-шилжүүлэгдэхүйц санал өгөлт (single-transferable vote) эсвэл бүр “паначагэ”-г (panachage) ч хэрэглэж яагаад болдоггүй юм бэ? Эдгээр аргуудаар сонгогчид сонголтоо чөлөөтэй, шууд илэрхийлэх бүрэн боломжтой. Мэдээж эдгээр арга нь ардчилсан учир намын боссууд болон лидерүүдийн эрх мэдэлд халтай байж болно л доо. Гэхдээ Монголын иргэд намын босс-лидерүүдийг “цэргүүдтэй” нь сонгох албагүй биз дээ.

Дараагийн нэг сөрөг асуудал бол зургаан хувийн босгын тухай асуудал. Яригдаж буй сонгуулийн системд зургаан хувийн босго тавьбал тэр нь сонгогчдын саналыг буюу намуудын төлөөллийг парламентад хувь тэнцүү тусгах уг аргынхаа үндсэн санааг үр дүнгүй болгох талтай. Зургаан хувийн босго түүнийг давж чадаагүй намуудад өгсөн олон сонгогчдын саналыг “үр дүнгүй” болгоно гэсэн үг. Энэ нь эргээд одоо байгаа сонгуулийн системээр 1992, 2000 оны сонгуулиудаар сонгогчдын саналын 50 шахам хувийг үр дүнгүй болгосонтой ижил үр дүн дагуулах магадлалтай бөгөөд үүнийг таван хувийн босгоор сонгогчдын 51 хувийн саналыг “үр дүнгүй болгосон” 1995 оны Оросын сонгууль харуулсан. Ер нь босго нь хэрэглэдэг улс орнуудад дундачаар тав ба түүнээс доош байдаг авч орон нутгийн сонгуульд үндэсний саналын 10 хувийг шаарддаг Турк босгоор тэргүүлж, удаад нь үндэсний хууль тогтоох байгууллагад долоон хувийг тавьдаг Польш ордог.

Зургаан хувийн босгыг намууд ба намын лидерүүдийн байр сууринаас харвал энэ хувилбар нь том намууд “мандтугай”, жижиг намууд ба бие даан нэр дэвшигчид “баяртай”, эсвэл одоогийнх шигээ “маргинал хэвээр үлд” гэж байгаа хэрэг. Энэ нь, том намуудыг (лидерүүдийг) өрсөлдөгчгүй болгон улстөрийн өрсөлдөөний бүтцийг зөвхөн тэдэнд хаан өгч, улмаар магадгүй тэдний хооронд картель тогтоон тэдний засаглалыг “мөнхлөх” үр дагавартай юм.

Учир нь, зургаан хувийн босго  нь 3-4 гишүүний төлөөлөлтэй нам л парламентад үлдэнэ гэсэн үг. Энэ нь жижиг намуудын парламентад төлөөлөлтэй байх “эрхийг” нь зүгээр л хасч байгаа хэрэг. Дээрээс нь, босго нь зарим сонгогчдыг жижиг намуудаас “нүүрээ буруулахад” хүргэнэ. Жишээ нь, хэн нэгэн сонгогч МАХН, Ардчилсан нам, Иргэний Зориг Бүгд Найрамдах нам гурваас сонгохоор байя гэж бодьё. Энэ тохиолдолд, уг сонгогч ИЗБНН-ыг сонгох дуртай бөгөөд МАХН-ын ялалтыг хүсэхгүй байгаад ИЗБНН-ыг зургаан хувийн санал авахгүй гэж айвал Ардчилсан намыг сонгож болох юм. Ийм байдлаар “стратегийн санал өгөлтүүд” жижиг намуудыг шахах болно. Үндсэндээ зургаан хувийн босго нь Эх орон, ИЗБНН, Бүгд Найрамдах нам болон бусад парламентад төлөөлөл багатай буюу төлөөлөлгүй намуудыг өөр хоорондоо эсвэл МАХН ба Ардчилсан нам хоёрын аль нэгтэй эвсэх, аажимдаа жижиг намуудыг өөр хоорондоо буюу том намуудтай нэгдэхэд шахах бөгөөд ерөнхийдөө улстөрийн өрсөлдөөний бүтцийг хаалттай болгох үр дагавартай юм. Энэ нь мэдээж өрсөлдөгчгүй том намууд сонгууль хэмээх шоу хийж эрх мэдэлдээ мөнхрөх хаалгыг нээж өгнө.

Дараагийн нэг асуудал нь нэгэнт нам зургаан хувийн саналаар парламентад үлдэх эрхтэй болбол нэг-гишүүнт тойргоос олны саналаар суудал авсан боловч нийт санал нь зургаан хувьд хүрээгүй нам ба хэзээ ч зургаан хувь хүрэхгүй бие даан нэр дэвшигчийн асуудлыг яах вэ гэдэг зөрчилтэй асуудал тавигдах болно.
Учир нь тойргууд томроод, ойролцоогоор тэнцүү сонгогчидтой байна гэж үзсэн ч нэг тойрог ойролцоогоор 2.63 хувьтай тэнцүү байх болно. Өөрөөр хэлбэл нэг тойрог зургаан хувийн босготой ойролцоогоор 1:3 харьцааг байнга хадгалах болно гэсэн үг. Одоогийн байдлаар 38 тойрогт бүх сонгогчдыг (2004 оны бүртгэлээр 1329798) хуваавал нэг тойрогт нэр дэвшигч онолын хувьд ойролцоогоор 34994 орчим санал авах магадлалтай байх болно. Тиймээс нэг тойрог зургаан хувь буюу одоогийн байдлаар 79787 орчимд хүрэх магадлал огт байхгүй. Хэдийгээр парламентын нэг суудал 17497 орчим саналтай тэнцүү байх боловч тойргийн санал хураалтад нэг ч тойрогт ялалт байгуулаагүй бөгөөд зургаан хувьд хялгасын чинээ дутан, тухайлбал 79000 санал авсан нам суудал авахгүй байхад тойрогт бие даан нэр дэвшээд онолын хувьд ойролцоогоор 34994 орчим санал авсан бие даан нэр дэвшигч ба өөр ямар ч саналгүй намын нэр дэвшигч суудал авах нь оновчтой юу гэдэг асуудал тавигдах л болно. Тиймээс, зургаан хувийн босго бол үндсэндээ жижиг намууд ба бие даан нэр дэвшигчид “баяртай та нар улс төрд хэрэггүй” гэсэн үг бөгөөд энэ нь том намуудын байр суурь бэхжинэ гэсэн хэрэг юм.

Улстөрийн намын тухай хуулиар “нэр дэвшүүлэх асуудлыг намын их хурал эсхүл намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэнэ” (13-ийн 7) хэмээн хуульчилсан ба сонгуулийн хуулийн энэ төслөөр нэр дэвшигчдийн нэрсийн дарааллыг намын хувьд мөн дээрх байдлаар, эвслийн хувьд “эрх бүхий төлөөлөгчид” шийдвэрлэхээр төлөвлөж буй нь үнэн хэрэг дээрээ ардчиллын үндэс суурийг устгаж байгаа хэрэг. Үнэхээр асар том ухралт. Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намын хэрэглэж байсан сунгааны (primary) ардчилсан зарчим, мөн хэдийгээр үр дүнтэй хэрэгжиж байгаагаагүй боловч намын дүрэмд нь дурдагдсан “анхан, дунд шатны намын хороо нь…төрийн сонгуульд нэр дэвшигчдийг шалгаруулах хурлыг тухайн орон нутгийн дэмжигчдийн оролцоотой хийнэ” гэсэн бүрхэг боловч ардчилсан заалтуудыг бүгдийг нь хууль бус болгож байгаа хэрэг юм. Энэ нь Монголын төр улстөрийн намуудад асар их үгүйлэгдэж байгаа дотоод ардчиллыг нь үгүй хийж, ингэснээрээ ардчиллын үндсийг сулруулж байгаатай адилхан хэрэг.

Монголын төр үнэхээр л ардчиллын төлөө байгаа бол ядахдаа нэг-гишүүнт олны саналт 38 тойрогт нэр дэвшигчдэд оршин суултын шалгуур тогтоож улмаар тухайн сонгуулийн тойрогт оршин суугаа гишүүдээс бүрэлдсэн намын анхан болон дунд шатны байгууллагууд тус бүрийн тойрогтоо нэр дэвшигчдийг ардчилсан замаар тус тусдаа бие даан шийдэхийн хамт, дээрээс нь тэд тус бүр нэг нэр дэвшигчийг намын жагсаалтын нэр дэвшигчдэд мөн л ардчилсан процедураар дэвшүүлдэг байхаар тогтоовол ардчилсан төдийгүй, нийт үндэсний төлөөлөл хангагдах болно.

Эцсийн эцэст Монголын төр Монголын ард түмнийх л юм бол үндэсний төлөөлөлтэй байх ёстой биш үү? Яахлаараа Увс, Говь-Алтай, эсвэл Дорнодод амьдарч байгаа сонгогчдыг Улаанбаатарын хэн нэгэн төлөөлж байх ёстой юм бэ? Яахлаараа, би насан туршдаа МАХН, эсвэл Ардчилсан намыг орон нутагтаа, тойрогтоо байгуулж, түүний төлөө зүтгэж зүгтэчихээд Улаанбаатарын МАХН эсвэл Ардчилсан намын амыг харж байх ёстой юм бэ? Яагаад Улаанбаатарын, эсвэл намын даргын үгээр байх ёстой юм бэ? Энэ бүх асуулт улам бүр тавигдах нь дамжиггүй.

Уг нь ардчилсан төрүүд ардчиллыг бэхжүүлэхийн тулд улстөрийн намуудыг дотоод ардчиллаа хөгжүүлэхийг шаарддаг. Намуудад санхүүгийн болон бусад дэмжлэг үзүүлэхдээ дотоод ардчиллыг шалгуур болгон тавьдаг. Тэр ч байтугай намуудын дотоод ардчиллыг хуулиар зохицуулдаг. Улстөрийн намын тухай хуулиар шийдсэн нэг маргаантай асуудал бол намд төрөөс үзүүлэх санхүүгийн дэмжлэг. Улстөрийн намын тухай хууль намуудын дотоод ардчиллыг устгаж байгаа төдийгүй намуудад үзүүлэх дэмжлэгээрээ (19-ийн1; 19-ийн 2) том намуудыг жижгүүдээсээ нь улам бүр давуутай, хүчтэй болох нөхцлийг бүрдүүлж өгчээ. Түүгээр ч барахгүй, УИХ-ын гишүүний суудал тутамд жил бүр 10 сая төгрөг өгөх, түүний 50 хувийг гишүүдийн сонгуулийн тойрогт зарцуулах ёстой гэдэг нь одоо УИХ-д байгаа намууд, гишүүдийг түүний шинэ өрсөлдөгчөөс давуу эрхтэй болгож байгаа хэрэг. Энэ нь УИХ-ын намууд, гишүүд дөрвөн жилийн турш сонгуулийн сурталчилгаа явуулахыг хуульчилж байгаатай адил. Уг нь хуулиар бол сонгуулийн сурталчилгаа сонгууль зарласнаар эхлэх учиртай. Монголд иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэтэл бие даан нэр дэвшигч, түүний тойргийн сонгогчид хэн болж байна вэ?

Хэрвээ барууны орнуудых шигээр төр ардчилсан байхад хүчирхэг ардчилсан намууд байх шаардлагатай гэдэг үндэслэлээр санхүүгийн дэмжлэг өгч байгаа бол яахлаараа намуудын дотоод ардчиллыг боомилдог байна? Эсвэл, сонгуулийн кампанит ажил үнэтэй болсон гэдэг үндэслэлээр намуудад дэмжлэг үзүүлдгийг нь дууриаж байгаа бол чухам сонгуулийн сурталчилгаанд нь үнэгүй юм уу эсвэл зах зээлийн үнээс хямд доогуур хиймэл үнэтэй бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээр туслах арга байдаг. Ерөөс, нам гэдэг чинь ард, иргэдийн улстөрийн эрх чөлөөг хамгаалах иргэний нийгмийн улстөрийн байгууллага юм уу, эсвэл төрийн машины хэсэг юм уу?
Дашрамд дурдахад, эрх баригчид татвар төлөгчдөөс хураасан мөнгөнөөсөө амьжиргааны төвшингөөс доогуур амьдралтай 3 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхийн 332000 хүүхэд тус бүрт жилд 36000 төгрөг өгөх гэж өчнөөн юм болж, өгснийгөө гавьяа болгож байгаа атлаа зөвхөн өөрсдийн суудлаа бэхжүүлэхийн тулд тус бүрдээ жил тутамд мөнгөний ханш уналтаас хамгаалагдсан 14374335 төгрөгөөр (нэг санал 1000 төгрөг 2004 оны бүртгэлээр 1329798 сонгогч энэ нь онолын хувьд 1329798000 төгрөг дээрээс нь гишүүн тус бүр жилд 10000000 төгрөг энэ нь жилд 760000000, дөрвөн жилд 3040000000, нийлбэр дүн нь дөрвөн жилд 4369798000 төгрөг) хамгаалагдах болж байгааг юу гэж үзэх вэ?

Төгсгөлд нь нэгтгэн дүгнэвэл, энэ бүхний үр дүнд Монголын улстөрийн өрсөлдөөний бүтэц тун хаалттай болж, нэгд, сонгогчид-ард түмэн (38 суудлаа бүрмөсөн алдан), хоёрт жижиг нам ба бие даан нэр дэвшигчид (саналын, босгын, санхүүгийн хувьд шахагдаж), гуравт, том намуудын анхан шатны байгууллагууд-гишүүд (нэр дэвшигчийг тодруулах ба тодрох), дөрөвт хөдөө орон нутаг (Улаанбаатарт хамаг эрх мэдлээ бодит байдал дээр алдсанаа хуульчлуулан) улстөрийн өрсөлдөөнөөс шахагдан оронд нь улстөрийн асуудал бол том намын, Улаанбаатарын, Саарал ордны лидерүүд-боссууд-албатнуудын онцгой эрх болох нь хуульчлагдах төлөвтэй төсөл байна. 

УИХ Монголд “парламентын” засаглал тогтоосон, эдүгээ пропорциональ төлөөллийн нэрээр сонгуулийн хуулийг өөрчлөн картель намууд-олигархи боссуудын засаглал тогтоох гэж байгаа мэт. Эцсийн эцэст сонгуулийн энэ хувилбар нь тун олон зөвшилцөл, эвсэл, тохиролцоог дагуулах бөгөөд энэ нь улам бүр тайзны арын улстөр лүү хөтөлж, улмаар картель, олигархид зайлшгүй хүргэнэ.

Монголын төрийн асуудлын гол нь сонгуулийн системд ч биш, “парламентын” засаглалд байгаа юм.  Парламент өөрөө төр болсон учир Монголын төрд түүний эрх мэдэл, засаглалыг хазаарлах, зогсоох түүнтэй тэнцвэртэй эрхтэй байгууллага байхгүй болжээ. Парламент зөвхөн хязгаарлагдсан хүрээнд хууль тогтоож байвал ардчилсан хууль зүйт төрийн засаглал орших боломжтой. Түүнийг тогтоох арга зам нь УИХ-ын эрх мэдлийг хууль тогтоохоор хязгаарлах, тэгэхдээ тогтоох хуулийг нь хязгаарлах ба төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлж буй байгууллага Засгийн газрыг УИХ-аас хараат бусаар байгуулах явдал юм. Тэгэхдээ УИХ-аас зөрүүтэй хугацаанд байгуулж ч болох юм.