Проф.Олхонуд Баярхүү
Монголчууд сүүлийн 2 жил ямагт сонгуулиар өвчиллөө. Ардчилсан сонголтоо хийж сурсан ард түмэн гэж барууныхан үнэлдэг. Хэнийг хэн яах гэж сонгодог тухайд эрх биш ойлголттой болж чадсан нь лав. Гэвч түүний цаана “Төр”, “Түүхэн бие хүн” гэдгийн ялгааг тэр бүр мэдрэхгүй байх шиг.
Төр барих, төр барилцах – энэ хоёрын утгыг ялгах аваас даан ч их зай бий. Ард түмэн төр барьдаг гэдэг бол түүн шиг худал зүйл байхгүй. Төр барьдаггүй гэвэл бас хуулийн эсрэг. Төрийг хэн ч барьж болдог гэдгийн сонгодог жишээ бол Цагаан хааныг хүүхэлдэй болгож тавьсан хар лам Распутин, эсвэл эхнэрээ алаад идчихсэн Иди Амин байна. Барих ёстой нь барьж болдоггүйн сонгодог жишээ бол хяслантайгаар таван хувийн ч санал авч чадаагүй Нобелийн шагналт М.Горбачевын гаслант хувь заяа байна.
Ухаалаг, мэдлэгтэй ард түмэн гэж түүхнээсээ байдаг тул түүх өөрөө аяндаа лут мэргэн улстөрчийг тийм ард түмэнд нь заяадаг гэх бас нэг онол байна. Элит үндэстэн, арьстаны тухай энэ онол бусад үндэстнийг гадуурхсан мэт харгис гэмээр. Гэтэл энэ онолыг харлуулах гэсэн мэт 1933 онд германы сонгодог их ард түмэн бүх нийтийн шударга сонгуулиараа Адольф Гитлер хэмээх харийн нөхрийг гаргаад ирснийг ямар ч мэргэн онолоор тайлбарлаж хүч үл хүрэм. Тэр сонголтынхоо золиосыг 11 сая хүнээ алуулж, сая саяар нь өнчрүүлж газрын хөрснөөс арчигдах шахам байж, Европыг үндсээр нь хөмрүүлчихээд төлснийг нь түүх уучлахгүй.
Төрийн эрхийг авбал л гүйцээ, бусад нь хамаагүй гэсэн онолыг саяхны жишээн дээр Афганы Талибанчууд нотолж өгөв. Шашны нэрийн доорх тэдний цээрлэл, солиорлыг энд жагсаах гэсэн биш. Дүгнэлт нь “дотоод хэрэг нь юм хөөрхий” гээд сул орхиж болохгүйн сонгодог жишээ бөгөөд гаднаас хүчээр нураахгүй бол өөрөө аяндаа засарна гэж үгүй. Иймээс америкчууд Афганыг дайлаар орсон нь зөвөөсөө зөв. Ийм гашуун үнэн Иракт нүүрлээд, дэлхий дахин одоо амсаж байна. Хойд Солонгост мөд тулж очиж магад. 1945 оноос халаагүй засаглаж буй эцэг, хүү хоёрын энэ дэглэм 20 сая ард түмнийг ёстой тоглоомон хүүхэлдэй, нийгмийн инженер зүйн туршилтын талбар, шалны алчуур болгож тавьжээ.
“Түүхэн бие хүн” гэх онолыг дарангуйлагч дэглэмтэй орнуудад лут туршжээ. Ийм онолоор бол товойн гарч ирснээ амьд бурхан адил тахин шүтэх ба тахин шүтлэгт нь хязгаар байхгүй, тахин шүтлэг нь аз жаргал нь байх ёстой. Бүх ард түмнээрээ цаад эзэндээ үнэнч зүтгэж эцсээ үздэг. Төр бол ердөө л ганц хүн, нийгэм бол ганц л баатар, өөр хэн ч үгүй. Гэхдээ дэвшил бас бий. Германчууд нацистуудыг сонгож гаргаж ирснээрээ нийгмийн хог буртаг, ядуурал, ажилгүйдэл, хулгайч луйварчдаасаа салсан. Эдүгээгийн Хойд Солонгос ч мөн адил.
“Түүхэн бие хүн” гэгчийг сөргүүлэх бас нэг сургааль бол “Аль өөдгүй новшнууд засгийн эрхэнд гардаг” онол байна. Үүнтэй холбоотой “Аливаа эрх мэдэл хүнийг эвддэг бол хязгааргүй эрх мэдэл хүнийг хязгааргүй эвддэг” гэж английн Лорд Эктоны хэлсэн нэг мэргэн үг тархинд өрөмдөх шиг. Энэ онолоор бол хулгайч нар төр барьж байхад болох мэт. Сталин, Гитлерийн аль аль нь дунд сургуулийн бүрэн боловсрол байхгүй, эцгийн хайр үзээгүй, бараг траншейд өссөн юм уу гэмээр намтартай, тэгэхдээ суу билэгт ард түмнүүдийн толгой дээр сууж чадсан. Хувьсгалыг ухаантнууд сэдэж, зоригтнууд хийж, адаг шаарууд үр дүнгийг нь үздэг гэх нэг мэргэн үг юу эсийг хэлнэ вэ.
Төрийн олон янзын институцийг “Түүхэн бие хүн” үгүйсгэх буюу адаглаад хэлбэр төдий болгодог. Парламент нь ганц нам буюу бүлгийн мэдэлд, ярсхийн гар өргөх депутатууд, Засгийн газар нь тэр чигтээ “Түүхэн бие хүн” өөрөө. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдыг нэг хүн хослуулж (өнөөгийн Куба) болдоггүй атал энэ юу ч биш. Төр, засгийн тэргүүн, Ерөнхий командлагч, БХЯ-ны сайд, ҮЭ-ийн дарга гээд бүгдийг хослуулсан жишээ ХХ зууны Итали, Испанийн дарангуйлагч нар буй.
Засаглалын дараахь хэлбэрүүдээр хөгжлийг харьцуулсан сонин судалгааг америкийн профессор Д.Папп"Contemporary International Relations, Boston., 1997" номдоо хийснийг сонирхвол:
Эдийн засгийн хөгжлийн төвшин | |||
Засаглалын хэлбэр |
Хөгжих асар их чадавхитай улс |
Хөгжих чадвартай улс |
Хөгжих чадваргүй буюу сулхан |
Үндсэн хуульт хаант засаглалтай |
Япон, ЕХ-ны зарим орон энд үл хамаарна |
Малайз, Тайланд, Бруней |
Балба, Бутан |
Ардчилсан |
Аргентин, Бразил, Чили |
Энэтхэг, Боливи, Барбадос, Филиппин |
Бангладеш, Намиби Монгол |
Угсаа залгамжилсан |
Бахрейн, Бруней, Саудын Арав |
Марокко |
Иордан |
Цэргийн ба цэргийнхний |
Индонез, Ирак, Ливи |
Конго, Гана, Нигериа, Мьянмар |
Буркина, Чад, Гаити, Мавритани |
Иргэний автократ |
Иран |
Куба, Египет, Кени, Вьетнам |
Этиоп, Гамби, Танзани |
Эндээс дүгнэлт хийж болно. Хэлбэрийн хувьд засаглалын таван хэлбэр дэлхийд хэвшжээ.
Ардчилсан гэдгийг дотор:
- Ерөнхийлөгчийн
- Парламентын
- Аль алиных нь холимог
Иргэний автократ гэдгийг дотор нь:
- Тоталитари дарангуйлагч
- Теократ авторитари
- Партократ гэхчлэн ангилж болно.
Монгол Улсын түүхнээ:
- Алтан ургийн хаант
- Теократ хаант (1911-1921)
- Хэмжээт эрхт хаант (1921-1924)
- МАХН-ын партократ авторитари (1924-1990)
- Парламентын ардчилсан (1990 оноос) гэж ангилна. Энэ талаар харин Таны санал …“Түүхэн бие хүн” гэж Та юу гэж ойлгов оо?
Түүх өөрөө түүхэн бие хүнийг төрүүлдэг нь үнэн боловч түүнийг хэт туйлшруулснаас нийгэмд алдаа завхрал, хар цагаан толбо гарахыг түүх өөрөө сануулж байна. Манай улсын хувьд 1990 оныг хүртэл ямагт түүхэн бие хүний (хаад, шашны мяндагтан), эсвэл бүлгийн (МАХН) төлөөлөл бүхий бие хүний тоглолтоор явж ирсний хувьд энэ замаас эгнэгт салах цаг болсон. Гэвч Очирбатыг тас харлуулж, Багабандийг доголон нулиистай үдэж, Энхбаярт хэт итгэл өгч байгаа байдал нь тэр үзэгдэл мөддөө арилахгүйн шинж тэмдэг юм шиг. Гэхдээ ардчилал улам төлөвших тусам лидерийн эрэлд хаттаг байдлаа гээх нь зүй. Лидерийн тухай дараагийн нийтлэлд үргэлжүүлэн өгүүлнэ.