Авилгалын индекс 2005: Монгол 85 дугаарт

A- A A+
Авилгалын индекс 2005: Монгол 85 дугаарт


Проф.Олхонуд Баярхүү


Transparency International хэмээх авилгалын эсрэг олон улсын төрийн бус байгууллагын “Авилгын индекс–2005” хэмээх жил тутмын тайлан илтгэлд (Global Corruption Report 2005) 159 улсыг (2004 онд 146 орныг хамруулж хийсэн) хамарчээ. Уг тайлангаас үзвэл манай улс 85 дугаар байрт, 2004 оныхоо төвшинд (2004 онд Сенегалтай хамт 85-д) байна.
Авилгал хахуулиар арай дөнгүүр, нэр цэвэр явааг нь нэгдүгээр байрт гэж үзэж арагшаа жагсаасаар 159 дэх нь адгийн улс болж тооцогддог аргачиллыг хэрэглэхдээ Transparency Internationalавилга огт байхгүй, бүрэн ангижрасныг 10 индекстэй (рейтинг) гэж үзэн, хэрэв индексийн энэ тоо унаж байвал авах юм байхгүй гэдэг жишиг тогтоожээ. Жишээ нь Орос гэхэд л 2005 онд 2.4  гэж гарч өмнөх оныхоосоо  (2.8)  доошилсноор Төв болон Дорнод Европтоо хамгийн их авилгатайд тооцогдож, хойд хөршийн байдал сэтгэл сэрдхийлгэм үнэлэгджээ. Авилгал, хахуулийн түвшин байнга өсч байгаа орон хэмээн Оросыг шууд нэрлээд ийм түвшний үзүүлэлтээр Албани, Нигери, Сьерра-Леон услтай Оросыг зэрэгцүүлжээ. Хамгийн их авилгад идэгдсэн оноор “2005” оныг авсан байх ба 2004 онд Орос нь 90 дүгээр явсан бол эдүгээ 126-д орж байна.Монголын хувьд 2.4-3.6 болж нэр хүнд нь ерөнхийдөө бүр муугүй. Беларусьт 3.3 хувиас 2.6 хувь болж бууснаараа индекс нь мөн унасан байна. Орос, Беларусьт авилга өссөн шалтгааныг тайлбарлахдаа төрийн бүтцийн үйл ажиллагаа бүрхэг, төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл унасан, хууль бус үйлдэл газар авсных гэж дүгнэжээ.   
Украины хувьд авилгалын рейтинг өсч, 2004 онд 2.2 байснаа 2.6 болж дээшилжээ. В.Ющенкогийн шилжилтийн засгийн газар авилгыг зогсоох арга хэмжээ авч эхэлсний гавьяа гэж тэндээ дүгнэхдээ Украины авилгад идэгдсэн эрх баригчдыг Ющенко халж гарч ирснээрээ ард түмэн итгэл өгснийг гэжээ. Ингээд Украин, Беларусь, Казахстан 107 дугаар жагсаж байна.
Судалгаа гаргасан  Transparency InternationalТөв Ази, Өвөр Кавказ дахь хээл хахуулийн байдалд туйлаас сэтгэл дундуур байна. Энд Туркменистаныг жишээ болгож, Ерөнхийлөгч Ниязовын дэглэмийг бүс нутаг дахь хамгийн авторитари гэж нэрлээд Төв Азийн бүх улсууд индексээр 3 пунктээс доогуур, авилгад өргөн хүрээгээр идэгдсэн гэжээ. Харин Гүржэд байдал дээрдэж байна. Энэ нь хээл хахуулийг устгая гэсэн эрх баригчдынх нь сэтгэл, эрс өөрчлөлттэй нь холбоотой гэнэ. Гүрж, Киргиз хоёроос бусдад нь шударга сонгууль явагдаагүй, хуучин зөвлөлтийн эрх баригчид нь эдгээр оронд халаагүй засаглаж байгаагаас реформ хийгдэхгүй, хээл хахууль зогсохгүй байна гэж  Transparency International үзжээ.
Хуучин СССР-ийн бүгд найрамдах улсуудаас хамгийн нэр цэвэр, хээл хахуульгүйд нь Эстони явж, үзүүлэлтээрээ 27 дугаар байрт яваа аж. Эстонийн индекс 6 пунктээр өсч, 6.4 болжээ. Төр засгийн үйл ажиллагааг ил тод болгож, реформыг эрчтэй хийж энэ хоёр үйл явц яв цав холбогдоод ийм үр дүнтэй байгаа гэнэ.  Ялангуяа Скандинавын орнууд ихээхэн тусалж, мэдээллийн технологийг эрчтэй нэвтрүүлж өгчээ.
Хамгийн нэр цэвэр, огтоос хээл хахуульгүй улсын эхэнд арлын жижиг Исланд ганцаараа бичигджээ. Хоёрдугаар байрт Финланд, 3 дугаарт Шинэ Зеланд, авилгүй гэх эхний 10 орны дотор тэдний араас Дани, Сингапур, Швед, Швейцарь, Норвег, Австрали, Австри орж байна.
АНУ Transparency International судалгаагаар нэр цэвэрт нь орж чадсангүй, гэвч 17 дугаарт гэдэг бол Оросын индекстэй харьцуулахад цэвэр гэсэн үг. Их Британи 12 дугаарт, Канад 14 дүгээрт, Герман 16 дугаарт, Франц 18 дугаарт гэхчлэн эхний 20 цэвэр нэртэнгүүд тодорч байна.
Тэгвэл хамгийн бүтэхгүй, хахуульд идэгдсэн 10 улсаа жагсаалтын бөгсөнд Тажикистан, Ангол, Кот-д’Ивуар, Эквадор, Нигери, Гаити, Мьянма, Туркменистан, Бангладеш (158), Чад (159) зэрэгцэн орж байна.
Энэ байгууллагын 10 жилийн судалгаагаар Эстони, Колумби, Болгар зэрэг “дорой” орнуудад хээл хахууль эрс буурсан байтал Канад, Ирланд зэрэг “баян” орнуудад өссөн үзэгдэл гайхаш төрүүлж байна.
Авилгал, хахуулийг салбараар гаргавал барилга, бүтээн байгуулалт толгой цохиж байна. Жилдээ барилга, бүтээн босголтын төсөл дэлхийд 3.2 триллион ам.доллараар хэрэгждэг гэхэд 10 хувьд хахуульд явж, өөрөөр хэлбэл 300 гаруй тэрбум ам.доллар авилгачдын халаас руу ордог байна. Хамгийн их авилга дагуулсан төслүүдээр дараахи барилга байгууламжууд шалгарчээ. Үүнд Лесотогийн усан байгууламжийн барилга, үүнд 2 сая ам.доллар хахуульд өгсөн, Германы Кёльн хотын хог шатаах завод, авилгад 13 саяыг өгсөн, Аргентин-Парагвайн хил дээрхи усан цахилгаан станц – баримтгүй зарлагадсан 1.87 тэрбум ам.доллар, Малайзын Саравак мужид усан сан барихдаа 700 хавтгай дөрвөлжин км ой модыг сураггүй болгож цувчуулсан, Филиппинд 2.2 тэрбум ам.долларын өртөгтэй атомын цахилгаан станц барихдаа 1.7 саяар нь эрх баригчдын гар цайлгасан, Угандад усан далангийн барилга барихдаа эрх баригчдын гар цайлгасан гэхчлэн 6 барилгыг  нэрлэжээ.     
Ази, Номхон далайн бүс нутаг гэдгээр  Пакистанаас Фижи, Монголоос өмнөшөө Шинэ Зеланд хүртэл 24 улсыг авч үзэн жагсаахад энэ 24 улсын дэлхийн дундаж индекс нь 4.11, бүс нутгийн дундаж индекс нь 4.28 болж, дэлхийд дундаас ялимгүй доогуур байна. Уг нь 5.0, түүнээс дээш гарвал сайн тал руугаа орж ирэх ёстой. Энэ 24 дотроо Шинэ Зеланд хошуучилж,  Бангладеш адагт нь орсон ба Монголын хувьд бүс нутагтаа 14 дүгээрт, дундаас арай доогуур гэж оржээ. Хахуульгүй буюу хахууль багатай эхний 10-т нь Шинэ Зеландын араас Сингапур, Австрали, Хонконг, Япон, Тайвань, Малайз, Өмнөд Солонгос, Фижи, Тайланд, сүүл мушгиж яваа адгийн 10-т нь Бангладеш, Мьямна, Пакистан, Индонез, Папуа Шинэ Гвиней, Камбож, Филиппин, Балба, Вьетнам, Энэтхэг орж, Энэтхэгийн өмнө манай улс гишгижээ.
Бүхэлд нь авч үзвэл, НҮБ-ын Авилгалын эсрэг конвенц батлагдаж, уг конвенц 2005 оны 12 дугаар сард хүчин төгөлдөр болбол дэлхийн нийтийн хэмжээнд авилга хээл хахуулийг хазаарлах эрх зүйн орчин эрх зүйн бааз бүрдлээ гэсэн үг. Авилгалаар авсан (хэрэг дээрээ хулгайлсан) мөнгө хөрөнгөө банкинд байршуулах боломжгүй болж, авилга авагч гадаадын иргэд компанийг  мөрдөх шүүх бололцоо нээгдэх болж байна. Манайхны хувьд бол “85” гэдэг тийм ч бахадмаар тоо биш, дундаас доогуур яваа гэдэгтээ хаа хаанаа дүгнэлт хийх цаг болсон болов уу.