Монгол дахь авилгалын хэлбэрүүд

A- A A+
Монгол дахь авилгалын хэлбэрүүд

А.Саруул /Улстөрийн боловсролын академийн багш/

Шилжилтийн үед нийгэмд үүссэн зөрчилдөөнтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх институцүүд болон эрхзүйн орчныг бүрэлдүүлэн тогтоож чадаагүйн улмаас  авилгалын уламжлалт амь бөхтэй сүлжээ, шинээр бий болж байгаа зах зээлийн харилцаа хоёр нь нийлээд авилгалыг улам гааруулжээ. Өөрөөр хэлбэл төр үндсээрээ солигдсоноор төрийн бүхий л институцүүд түүнийг даган өөрчлөгдөх ёстой. Гэтэл хууль засаглал нь өөрөө ч хямралын байдалд орж, төрийн эзлэх ёстой орон зай эзгүйрч,  “хувийн эрх ашиг” нь “эрхзүйг” гартаа оруулжээ.

Шилжилтийн орнууд, түүний дотроо Орос, Монголын авилгалын хэлбэрүүд хоорондоо илүү төстэй байдаг нь ажиглагддаг. Оросын авилгалын асуудлаар өрнөдийн шинжээчдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Монголын авилгалын асуудал тэр чигээрээ хөндөгдөж байна. Хуучин байсан, өнөөдөр ч уламжлагдан үлдсэн авилгын хамгийн түгээмэл хэлбэрүүд нь далд наймаа (хуулиар хориотой зүйлсийг албан тушаалаа ашиглан гадаад руу гаргах), “арын хаалга”, албан тушаалын хуйвалдаан, төр засгийн өндөр албан тушаалын хувьчлал, “бараа шахах” буюу хувийн компаниа улсын хөрөнгөөр хууль бус аргаар баяжуулах “rent seeking”, далд эдийн засаг,  хар ба саарал зах гэх мэтээр илэрч байгаа юм.

Эдүгээ авилгалын индексээр Орос орны дагуул байсан Монгол мэтийн орнууд дэлхийд толгой цохих болов. Эдгээр оронд түгээмэл цэцэглэж байгаа авилгалын үндсэн хэлбэрүүд нь “захиргааны зах зээл”, “хүчирхийллийн бизнес”, “блат” буюу “арын хаалга” болно. Эдгээрийг дэлгэрүүлж үзье.

“Захиргааны зах зээл” буюу захиргааны байгууллагуудаар дамжин хийгдэж байгаа эрхзүйн арилжаа наймаа

Үүнийг төрийн үйлчилгээг хагас хувийн ба хувийн хэлбэртэй болгох арга замтай хутган ойлгож болохгүй. Эрхзүйг борлуулах энэхүү наймаа нь захиргааны албад хуулиар зөвшөөрөгдөөгүй, ул үндэслэлгүй дайвар, нэмэлт үнэ хөлсийг замаас нь завшихыг хэлнэ. Энэ нь өөрөө эрхзүйг өөрийг нь жинхэнээр худалдаалж байгаа бус, харин түүний өмнөх шат дамжлага юм. Дээд шатны албад мэдсээр байж энэхүү наймааг огтхон ч хориглохгүй хүлээн зөвшөөрснөөр захиргааны албад данхайн томорч, албан хаагчид нь төрийг атгасан хамгийн эрх мэдэлтэй хэсэг болон хувирлаа. Үйлчилгээний хариуд нэхэгдэж байгаа тэрхүү үнэ хөлсний хэмжээгээр тухайн албад хэр их хөрөнгө төвлөрүүлсэн, хэр өндөр эрх мэдэлтэй, хэний нөлөөллийн алба болохыг мэдэж болно. Энэхүү “зиндаандаа” тааруулан боловсруулсан заавар журам нь тэрүүхэндээ л эд материалын болон үйлчилгээний эрхийн бичиг гэсэн үг.

Захиргааны зах зээл нь зөвлөлт маягийн захиргаа, улстөрийн хосолсон бүтэц дээр суурилсан хэвээрээ байна. Энэхүү зах зээл дээрх бүхий л заавар дүрэм нь бүхлээрээ улстөрийн халхавчин дор хамгаалагдсан байдаг тул түүнийг даган хэзээ ч өөрчлөгдөх магадлалтай. Захиргааны зах зээл дээр иймээс “эрх мэдлийн зарчим” нь “эрхзүйн зарчим”-аас давуу эрхтэй үйлчилдэг байна.

Энэ зах зээл нь шилжилтийн үеийг даван туулаад зогсохгүй харин ч энэ үеэр хамгийн их ашиг олсон салбар болон цэцэглэж байна. Учир нь төрийн нийт өмчийг хувьд шилжүүлэх эрхзүйн асуудал захиргааны зах зээлээр дамжин хийгдэж байгаа. Өмчийн эрхзүйн асуудал эрхэлдэг тусгай бие даасан институц бий болж, хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнө амжаад өмчийн эрхийн (хувьчлах эрхийн бичиг, лиценз г.м) наймааг захиргааны байгууллагууд хувьдаа өмчлөн авлаа. Зөвхөн төрийн өмчийг хувьчлаад зогсохгүй, тэрхүү өмч нь төрийн хяналт болон төрийн бүрэн эрх мэдлээс гараад хувьд очсоны дараахь бүхий л хувьчлах үе шатанд захиргааны зах зээл өөрийн монополио анхнаасаа тогтоож чадсан байна.

Засаг захиргааны зах зээл нь эхлээд жижиг, ойлгомжтой, бэлэн мөнгөн хэлбэрээр гүйлгээ хийх боломжтой байсан бол өнөөдөр захиргааны албад маш өргөжин олширч, харин мөнгө нь энэ хэмжээгээр өсөн нэмэгдэж чадахгүй байна.  Захиргааны зах зээл гэдэг нь төр ба зах зээлийн хоорондын зааг хязгаар балран бүдгэрсэн байдлыг хэлнэ. Өөрөөр хэлбэл мөнгө нь захиргааны зах зээлийн хувьд тэдгээрээс үйлчилгээг нь худалдаж авахад хүрэлцэхээ байгаад, харин түүний оронд “хариу барих” хэмээх арилжааны том сүлжээ бий болсон байдгаас мөнгө өөрийн үндсэн үүргээ гүйцэтгэхээ байсан гэсэн үг. Иймээс захиргааны зах зээлийн төлбөрийн үндсэн хэрэгсэл нь мөнгө бус, харин “найраа” хэлбэртэй болон хувирсан гэрээ эсвэл бизнес. Үнэн хэрэгтээ гэрээ, бизнес гээч нь нэг зоосны хоёр тал юм. Аман найраа буюу тохиролцоог гэрээ байгуулсан мэт үздэг. Хэдийгээр өөр албад дээр очоод хүчин төгөлдөр бус болон хувирдаг бланк дээр албаны тамга даруулснаар гэрээний үүрэг эхэлнэ. Гэтэл өөр албад дээр очоод ахиад л найраагаа шинээр эхлэхээс өөр аргагүй.

Хууль бус rent-seeking нь мөн ийм чиглэлээр хүчээ авсан зах зээл. Тусгай эрхтэй нийгмийн бүлэг, улстөрчид, өндөр албан тушаалтнууд нь бүхий л эзэмших ба ашиглах эрхийг өөрсдийн болгож авснаар улстөрийн хамгаалалттай орлогын эх үүсвэрийг бүрдүүлж авдаг байна. Тэд ийм замаар эрх мэдлээ ашиглан өөрсдийн болон сүлбэлдэгсдийнхээ хувийн компаниудад хөрөнгө оруулснаар тэдгээр нь зах зээл дээр бусадтайгаа шударгаар өрсөлдөх шаардлагагүй (зарим нь бүр чадвар ч үгүй) болж зах зээлийн жинхэнэ утгыг алдагдуулдаг. Энэ арга нь аливаа өмчийг шууд өөртөө авснаас арай аядуу мэт харагдавч эдийн засгийн зах зээлийг устгаж, интституцжүүлэлт нь тогтворгүй “улстөрийн зах зээл”-ийг бий болгон, төрийн хамгаалах ба зохицуулах үүргийг байхгүй болгодог байна. Эрхзүйт төрийг “хувийн эрхзүйн систем”-ээр орлуулах энэхүү үйл явц хэр зэрэг гүнзгийрсэн болохыг хэмжих аргагүй. Ямар ч атугай хууль эрхзүйн залруулан чиглүүлэх, тогтвортой байдлыг баталгаажуулах үүргийг үгүй хийж, төрийн нэр хүндийг унагааж, төрийн эрх мэдлийн монопольд цэг тавьж байна.

2. “Хүчирхийллийн бизнес” – хүчирхийлэл нь эдийн засгийн эрх мэдэл болон хөгжсөн нь
Захиргааны зах зээл гэдэг нь төлөвлөгөөт эдийн засаг ба улстөрөөр бамбай халхавч  хийсэн хүнд сурталтны аппараттай хамаатуулан ойлгох ёстой зөвлөлт маягийн институцжилт билээ. Энэхүү зах зээл дээр төрийн ба нийгмийн гэсэн ялгааг бүдэг бадаг ч гэсэн ойлгон таних боломжтой байдаг. Гэтэл “хүчирхийллийн бизнес”-ийн хүрээнд эдгээр зарчмыг санаатайгаар зөрчих асуудал яригддаг. Төрийн хүч хэрэглэх монополь эрх суларсан орон зайг эзлэн авсан энэхүү бизнес нь хуулийг зохион байгуулалттайгаар зөрчих үйл ажиллагаа юм. Түүнийг хууль ёсны, хууль бус хэмээн ангилахад хэцүү, учир нь эрхзүйн системийн доторхи цоорхой дээр суурилан гарч ирсэн байдаг. Хүчирхийллийн бизнес нь зохион байгуулалттай гэмт хэргийг байнга мөнгө буюу зах зээлийн бусад хур хөрөнгөний хэлбэрт оруулан хувиргаж байдаг салбар. Шилжилтийн үед онгойж үлдсэн тэрхүү “хүчирхийлэл байхгүй хоосон орон зай”-нд хүчирхийллийн сүлжээ шинээр түрэн орж ирсэн ба бизнесийн гурван төрөл бий болжээ:

  1. төрийн, хууль бус хэлбэрийн хамгаалалтын компани: төрийн цагдаа, аюулаас хамгаалах байгууллагын ажилтан албан ажлынхаа хажуугаар хувийн хамгаалалтын бизнес эрхлэх
  2. хувийн, хууль ёсны хамгаалалтын компани: хууль ёсны зөвшөөрөлтэй хамгаалалтын хувийн компаниуд
  3. хувийн, далд хэлбэрийн хамгаалалтын компаниуд: зохион байгуулалттай гэмт хэргийн мафи маягийн рэкэтлэгчдийн сүлжээ. Тэд ивээлдээ авсан нэрээр мөнгө болон бусад “шагнал урамшууллыг” нэхэн хөлжсөөр нэр нөлөө нь тэлж, албан ёсоор хүлээн зөвшөөрөгдөж чаддаг.

Тэдний үндсэн үйл ажиллагаа нь хүчээр далайлган зорилгоо гүйцэлдүүлэх явдал буюу “хүчирхийллийн түншлэл” байгуулах. “Хүчирхийллийн түншлэл” гэдгийг компани буюу зохион байгуулалттай бүлэглэлүүдийн аж ахуй эрхлэх үйл ажиллагаа хэмээн ойлгож болно. Өөрөөр хэлбэл хүчирхийллийн бодитой арга хэргэслүүдийг арилжааны хэрэгсэл болгон ашигласнаар аж ахуй эрхлэгчдийн аюулгүй байдал, гэрээний биелэлт, хэрүүл маргааныг зохицуулах, “ногоон гэрлээр хөдлөх” зэрэг нөхцөл бололцоог хангаж өгдөг байна.

Түүхийн хуудсыг сөхвөл хүчирхийллийн бизнес нь 1980 оны төгсгөл, 1990-ээд оны эхэнд анх хөл тавьсан салбар. Тэр үед хууль эрх зүйн салбар нурж унаад дөнгөж өндийж эхлэх гэж байсан. “Хоршоолол” хэмээх хувиараа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд засаг захиргааны албад байнга дарамт шахалт үзүүлдэг, “хувийн салбар” учраас тэднийг төр хамгаалах ёсгүй хэмээн адлан үздэг сэтгэлгээний цаг үе байлаа. Ийм нөхцөл байдлын улмаас олон тооны хувийн жижиг компаниуд өөрийн эрхгүй хувийн хамгааллын нөмөр нөөлгийг бараадахаас өөр аргагүй байдалд оржээ. Хүчирхийллийн бизнес нь хамгаалалтынхаа үүргийг амжилттай биелүүлсээр хүрээгээ улам тэлж чадсанаар барахгүй өнөөгийн амьдрал дээрээс харахад олон зүйл дээр институцийн болон хууль эрхийн үүрэг гүйцэтгэж явна. Жишээ нь аливаа зөвшөөрөл, лиценз авах, татвартай холбоотой асуудлууд, гэрээний эрсдлийг багасгах зэрэгт энэхүү салбар нь хууль сахиулагчийн дайтай үүрэг гүйцэтгэн хөрөнгөжиж байна. Иймээс хүчирхийллийн бизнесийнхэн зөвхөн дарамт үзүүлэн айлган сүрдүүлэгчид, дээрэмчин тонуулчид бус, харин үнэхээр их мэдлэг хуримтлуулан, үнэ цэнэтэй үйлчилгээ үзүүлэх чадвартай болон хувирчээ.

Олонхи компаниудын хувьд тодорхой нөхцөлд хүчирхийлэл хэрэглэхгүй “зөвшилцүүлэн зуучлагч” хувийн хамгаалалт шаардлагатай болдог. Учир нь татварын дарамт улам л өсөн нэмэгдэж, харин компаниуудын үйл ажиллагааг төрийн зүгээс тэр хэрээр найдвартай хамгаалж чадахгүй байгаа нөхцөлд энэ мэтийн хувийн хамгаалалтын нөмөр нөөлөгт багтаж чадсан байвал тухайн компанид хууль ёсны замаар бизнес эрхэлсний улмаас учрах ёстой тэрхүү өндөр өртөг зардал, эрсдэл үнэхээр хэмжээ хязгаартай болон багасаж чаддаг байна.
Өөрөөр хэлбэл монголын нөхцөлд компаниуд улс төрийн, засаг захиргаадын хүчирхийллийн бизнесийнхний нөмөр нөөлөгт багтаж чадсан байхад аливаа татварын албад ба байцаагчдын дарамтад өртөхгүй, бусдыгаа бодвол эрсдэл багатай орчинд бизнесээ өргөжүүлэх боломжоор хангагдсан байдаг. Гэтэл жижиг лангуу түрээслэгчид зэрэг нь татварын дурын байцаагчийн дарамтад орж идэх, хэрэглэх зүйлсийг нь үнэгүй нийлүүлэгчид болон хувирсан байдаг нь нууц биш.

3. Арын хаалганы заах зээл буюу “аяганы хариуг өдөртөө, агтны хариуг жилдээ барьдаг” торон сүлжээ
Засаг захиргааны эрхийг дамлагчид, түүнээс ашиг хүртэгсэд, хүчирхийллийн бизнесийнхэн нь авилгалын олон талт холбоо харилцааны хамгийн тод томруун илэрч буй хэлбэрүүд юм.  Албан тушаалтнууд бизнесийн салбарынхантай өө зайгүй түншилж, ямар ч зааг ялгаа байхгүй ижилссэн байна. Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтнууд ийнхүү эдийн засгийн эрх мэдлийг бүхлээр нь гартаа оруулснаар улсын өмчийг системтэйгээр хувьдаа завших нөхцлийг бүрдүүлжээ.

Эндээс дүгнэхэд өөрийн гэсэн дэг жаягтай, хууль зүйн орчин бүхий авилга, хээл хахуулийн тогтвортой бүтэц нийгэмд хэдийнээ бий болж амжсан байна. Бизнес эрсдэлтэй байдаг бол харин авилгал эрсдэлгүй явагдах болжээ гэсэн үг. Үүний учир шалтгаан нь: а. засаг захиргааны албадын өөрийнх нь дотоодод авилгын үржил шимтэй уламжлалт хөрс суурь байна гэсэн үг. Жишээ нь хяналт шалгалтын нэгжүүдийг хахуульдах, албан тушаал худалдан авах, бэлэг сэлтийн харилцаа мэдээжийн болсон байх, дээд албан тушаалтандаа байнгын тусгай тариф төлдөг урамшууллын систем тогтсон байх. б. Авилгал нь өргөжин тэлсээр энгийн амьдралын хүрээнд хүртэл нэвчсэн байна. Өөрөөр хэлбэл засаг захиргааны үйл ажиллагааны энгийн идэвхгүй объект хэмээн тооцогддог байсан үйлчлүүлэгч иргэн хүн өнөөдөр гэтэл захиргааны албадын үзүүлдэг үйлчилгээг ямар ч эргэлзэх, асуух эрхгүйгээр худалдан авах, энэхүү зах зээлийг санхүүжүүлэх зайлшгүй үүрэг бүхий эцсийн шат дамжлага болон хувирсан байна. Ямар ч иргэн хэзээ нэгэн цагт захиргааны үйлчилгээг худалдан авах л болно.

Энэхүү өдөр тутмын үйлчилгээний төлбөрийн үндсэн хэргэсэл нь социализмын үед түгээмэл байсан, өнөөгийн нийгэмд ч нийцсэн “арын хаалга” хэмээгч өгөө авааны зарчим мөн. Энэхүү “зуршлыг” шууд л “авилгал” (өгч байгаа хүний хувьд), эсвэл “хээл хахууль” (өгч байгаа хүний хувьд) хэмээн ангилан үзэхэд бэрхшээлтэй. Учир нь аваа өгөөний энэ зарчмын хүрээнд бэлэн мөнгө өгч авалцах, эсвэл мөнгийг орлуулахаар бусад төлбөрийн хэрэгслийн сураг ч байдаггүй. Харин түүний оронд хувь хүмүүсийн хоорондын “найраа” хэмээгч хувийн танил талын харьцааны асуудал хөндөгдөж байгаа хэрэг. Энэхүү “найраа”, “яриа хөөрөө” нь өдөр тутмын амьдралын хүрээгээр хязгаарлагдаж байдаг.

“Арын хаалга” нь хувийн танилын харьцааг нийгмийн баялагаас хүртэхэд ашиглах, ингэхдээ бүхий л албан ёсны шат дамжлагыг алгасан, цаанаас тогтоож өгсөн заавар журмыг өөртөө тааруулан өөрчилснөөр хувийн ажлаа амжуулахыг хэлнэ. Хэдийгээр арын хаалга нь авилгын шууд хэлбэрт тооцогдохгүй ч түүний өмнөх шатны хэлбэр мөн. Энэхүү социалист орнуудад ноёрхсон байсан “арын хаалга” гээч нь өрнөдийн орнуудад байдаг ашиг руу чиглэсэн хувийн харилцааны хэлбэрээс ялгаатай. Тэр үед арын хаалгын хүчээр л захиргаадалтын ба хомсдлын эдийн засгийн системийн хэлмэгдэгсэд эв санааны нэгдэлтэй байж, бие биенээ харилцан дэмжин тэтгэх боломжийг өөртөө бий болгож өгдөг байсан юм. Энэхүү хэлбэр нь өнөөдөр уламжлагдан үлдсэнд гайхах зүйлгүй. Түүний цаана үнэн хэрэгтээ үйлчилгээг харилцан солилцох арилжаа явагдаж байна гэсэн үг.
Арын хаалга нь хоёр онцгой шинж чанарыг илтгэнэ:

  1. Энэ арилжаа нь үнэхээр түгээмэл, бараг л өдөр тутмын энгийн үзэгдэл мэт ойлгогдох болсны учир нь хүн бүр л захиргааны шат дамжлагаас зайлсхийх арга чарга хайж явдаг. Тус дэм, “сайхан сэтгэл” төдийхнээр гэм зэмгүй ойлгож дадсанаас болоод түүний цаана далдлагдаж байдаг “нарийн тооцоотой”, “алсын санаатай” өгөө-авааны зарчмыг нь үгүйсгэсээр иржээ.
  2. Танилдаа тусалж байгаа хэмээн үзэх сэтгэлгээ нь үнэн хэрэгтээ үзүүлсэн үйлчилгээний төлбөр, үнэ хөлсийг хувиасаа бус, харин нийгмийн нөөцийн сангаас, нарийвчилбал арын хаалгагүй нэгний хармаанаас төлүүлж байгаа л гэсэн үг. Иймээс энэ сэтгэлгээ нь хуучин нийгмийн үеийн “нийгмийн өмч” хэмээх хэнд ч хамаагүй байсан тэрхүү өмчөөс эдлэх тэрхүү сонгодог сэтгэлгээнээс үүдэлтэй асуудал.

Арын хаалга нь хомсдлын аж ахуйн систем, хамтын өмчийг үнэлж чаддаггүй байсан тэр цаг үед хууль бус хэмээн ад үзэгддэггүй байсан ба шилжилтийн үеийг дагаад мөн хувьсан өөрчлөгдөж чадсан байна. Өнөөгийн нөхцөлд бүхнийг мөнгөөр худалдан авч чадах ч ингэснээр мөнгөний хомсдол дээд цэгтээ тулжээ. Учир нь засаг захиргааны зах зээл дээр нөлөөллөө бүхий л аргаар нэмэгдүүлэх гэсэн санаархал энэхүү зах зээлийн бүтээгдхүүний үнэ хөлсийг хөөрөгдөн дээд цэгт нь тулгасан байна. Түүний дайвар үр дагавар болох эд бараа, газрын, лицензийн  үнийн өсөлт иргэдийн нуруун дээр даагдахгүй ачаа болон бууж байдаг.

“Нүсэр хэмжээний авилгал” хэмээх авилгалын дээд туйлд зэрэг зиндаа нь адилхан өндөр төвшний хүмүүсийн хоорондын харилцан итгэл найдварын харилцаан дээр суурилан явагддаг байдаг. Тэд өндөр албан тушаалтай учраас бусдаас тусгаарлагдмал тусгай зиндааны ижил хүрээллийн дотор багтаж, иймээс ч тэд хууль хяналтын харааны гадуур үлддэг байна. Харин авилгын нөгөө туйлд хоорондоо ижил шахуу зиндааныхан “арын хаалга” хэмээх арилжааны харилцаанд орж байдаг. Гэхдээ энэ харилцааг тэд авилгал хэмээн нэрийдэхгүй, харин “дэм дэмэндээ” харилцан тусалж байгаа сайхан хэрэг гэсэн эндүү ташаа ойлголттой явдаг байна. Хамаатан садан, найз нөхдийн дэм тус хэмээх туузан уяагаар нягт холбогдсон энэ харилцаа нь эдийн засгийн утгаараа авилгал мөн.