Монголын локализм ба нутгийн удирдлага

A- A A+
Монголын локализм ба нутгийн удирдлага

МУИС-ийн Социологийн тэнхмийн багш Г.Түмэннаст

Нутгийн өөрөө удирдах ёс нь тодорхой нутаг дэвсгэрийн хүрээнд амьдарч байгаа хүмүүс өөртөө тулгарч буй асуудлаа бие даасан байдлаар хамтаараа хэлэлцэн шийдвэрлэх хэвшмэл загвар, соёлыг илэрхийлж буй ойлголт. Шинжлэх ухаанд өөрөө удирдах ёс нь нэлээд өргөн хүрээтэй хэрэглэгдэх агаад нийгмийг бүрдүлэгч тодорхой бүлэг, бүл, нийтлэгүүд нь өөрсдөд хамаатай асуудлыг өөрсдөө шийдэх үйл явцыг хэлдэг байхад энэ нь зөвхөн газар нутгийн нэгжээс гадна ерөөс байгууллагын, бүлгийн, цаашилбал гэр бүлийн ч хувьд хэрэглэгдэх ойлголт байдаг. Эндээс нийгмийн алив өөрөө удирдах ёсны асуудал нь хамтын амьдралын сүбсидиар зарчмыг агуулж ирдэг. Товчхондоо нийгмийн тодорхой нэгж хэсэг өөрийн асуудлаа шийдэх эрхийг нь том нийгэм булааж авах ёсгүй гэх үзэл нь сүбсидиар зарчим юм. Харин нийгэмд байх олон тооны бие даасан өөрөө удирдах үйл явцуудаас тодорхой орон нутгийн өөрийн удирдлага нь онцлог бөгөөд ардчилсан засаглалаар замнаж буй манай орны хувьд туйлын чухал болж байна.

Манай улс Үндсэн хуулиндаа нутгийн өөрөө удирдах ёсыг тунхаглан тодорхой нутаг дэвсгэрийн нэгжүүд өөрсдийн хүрээний нийгэм, улстөр, эдийн засаг болон бусад асуудлаа бие даасан байдлаар удирдан зохицуулах тогтолцоо руу шилжсэн. Нутгийн өөрөө удирдах ёс нь өргөн хүрээгээр авч үзвэл тодорхой газар нутгийн хил хязгаараар нөхцөлдөн бий болж байгаа бүл буюу нийтлэг /английн -community, германы-gemeinschaft/ орон нутгийнхаа асуудлыг хамтаараа хэлэлцэн шийдвэрлэх үйл явц юм. Энэ газар нутгийн хэмээх бүл, нийтлэг нь /territorial community –хэмээн томъёолдог/ тухайн нутаг дэвсгэр дээр амьдарч байгаа хувь хүмүүс, гэр бүл, албан ба албан бус бүлэг, байгууллагуудаас тогтдог ба тэд л өөр хоорондоо хамтран зохион байгуулалтад орж тулгарсан асуудлаа нийтээрээ шүүн хэлэлцэхийг хэлж байна. Харин явцуу утгаар дээрх бүл, олон нийт өөрсдийн төлөөллийн байгууллагыг байгуулах замаар өөрсдийн удирдах хэргийг бариулдаг байна. Энэ нь манай орон нутгийн удирдлагын байгууллагууд болох ИТХ, Иргэдийн нийтийн хурал бөлгөө. Монголын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх үйлсэд орон нутгийн өөрөө удирдах ёсыг төлөвшүүлэх нь хэзээ ямагт тулгамдсан асуудал байх боловч бид нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийн тухай маргаан, үйл явц өрнөж буй энэ мөчид эл асуудал илүү чухалд тавигдаж байна.

Локализмын түүхэн хөрс суурь

Локалын буюу орон нутгийн түүхийг судлах аваас суурин иргэншил, хотжилтын үйл явцын зайлшгүй үр дагавар болон үүсч бий болсон байдаг. Суурьшил, хотжил нь газар нутгийн тодорхой нутаг дэвсгэр дээр хүмүүс хамтран амьдрах, улмаар хамтын нэг нэгээ үгүйсгэх амьд харилцаанд орох, хамтын зан үйл бүрэлдэх үндсийн үндэс болжээ. Тиймээс орон нутаг нь иргэншлийн болон амьдрах хэв маягын бүтээгдэхүүн бөгөөд энэ нь суурьшил, хотжилт мөн билээ. Монголчууд хэдэн зуун жилийн түүхийнхээ туршид нүүдлийн иргэншилд дулдуйдан амьдарч ирсэн нь газар нутгийн хил доторх нийгэм улс төр, эдийн засгийн нэгдмэл амьд тогтолцоо болох орон нутаг буюу локал, түүнчлэн амьдрах хэв маяг, хөдөлмөрийн хувиараар холбогдсон хүмүүсийн олонлог болох газар нутгийн бүл, нийтлэг сонгодог утгаараа үүсч хөгжөөгүй 20 дугаар зуунтай золгожээ. Түүхэн засаг захиргааны хувиар нь хүн амын газар нутгийн бүл, орон нутаг дээр бус хүн амаас алба гувчуур авахад баримжаалсан тогтоц байлаа. Түүнчлэн Монголчуудын соёлын уламжлал дахь нэг онцлог нь менталитетын хувьд төрийг шүтэх үзэл төрт ёсны түүхийн туршид ноёрхож ирсэн явдал юм. Төрийг шүтэх уламжлал нь нэгдсэн хатуу гарт захирагдах, төвлөрсөн захиргаанд байх улс төрийн үнэлэт зүйлсийг бүтээж ирэв. Энэ нь нийгэмд орон нутгийн засаглалын бие даасан байдал, бүрэн эрхийг бус төвлөрсөн удирдлага, төвийг шүтэх үзлийг зүй ёсоор уламжлал болгосон юм. Иргэд улс төрийг зөвхөн төв удирлагаар төсөөлдөг, орон нутгийн сонгуульд ач холбогдол өгдөггүй зэргээс энэ нь харагддаг. Өнгөрсөн зууны эхний хагаст явуулсан засаг захиргааны нэгжүүдийг шинээр бүтээх, хөгжүүлэх эхлэлүүд нь Монголчуудыг бүтэн нүүдлийн амьдралын хэв маягаас хагас суурин иргэншилд хөтөлсөн бол 60 хийгээд 90-ээд оноос тохиосон хотжилтын хоёр давалгаа нь орчин үеийн суурин, хотын иргэн бүрэлдэхэд онцгой түлхэц болжээ.  

  Жам ёсны хийгээд зохиомол орон нутаг

Тархай бутархай, саланги амьдрал бүхий нүүдэлчдийн нийгмийн уламжлалт засаг захиргааны тогтцод өөрчлөлт оруулан орон нутгуудыг үүсгэсэн ч эдүгээ хүртэл хадгалагдаж ирсэн социалист нутаг дэвсгэрийн нэгж, засаг захиргааны тогтолцоо нь дээрээс зориудын бий болгосон, зохиомол орон нутгийг бий болгожээ. Юуны өмнө локал бол жам ёсны хэрэгцээ, өөрийн гэсэн эрх ашиг, бие даасан байдал, өөрийгөө тэжээх чадвар, хөгжлийн нэгдмэл эх сурвалжаар нөхцөлдөн бий болсон тодорхой нутаг дэвсгэр дээрх механик бус амьд тогтолцоо бөгөөд суурьшмал хамтын амьдрал, хамтын үйлдэл, үйл ажиллагаа, бие биеэсээ фүнкциональ хамаарал бүхий хүмүүсийн нийтлэг гэж хэлж болно. 1920-иод оноос бий болгосон засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж нь нэгдүгээрт угаас нүүдлийн иргэншил, мал аж ахуйн амьдралын хэв маягыг хүчээр сууринжуулсан, хоёрдугаарт хүн амыг засаглах, төвлөрүүлэн зангидах, захирахад илүү баримжаалсан байсан нь жам ёсны бус орон нутгуудаар энэ нийгэм хэрэгдсэн байлаа. Энэ тогтолцоо нь жам ёсны бус гэдэг нь түүний хүрээнд бий болгосон орон нутгууд наад зах нь 100 жилийн насгүй байснаас харагдаж байна. Тэгэхэд барууны иргэншсэн ертөнц, жам ёсны тогтолцоот нийгэмд хэдэн зуун цаашилбал мянган жил насалж буй орон нутгууд олноороо байна. Харин манай локалуудад жинхэнэ орон нутгийн амьдралаас урган гарсан хэрэгцээ шаардлага, эрх ашиг, хөгжлийн эх сурвалж гэж байсангүй, тиймээс байнга төвөөс тэжээгдэж түүний цусыг сорогчын үүргийг гүйцэтгэж байлаа. Одоо Монгол улсад энэ жижиг нийгэмд ахадсан олон тооны орон нутаг, нэгж байгаа бөгөөд тэдгээрт жам ёсоор өөрөө удирдах үйл явц үүсэх, бүрэлдэх боломжгүй юм. Гадаад ертөнцийнхөн асуувал өргөн уудам нутгаа эзэнтэй байлгах гэсэн юм гэхээс өөрөөр хариулахын аргагүй энүүгээр, тэрүүгээр сумуудын өрөвдөм байдал нь манай улсын локализмын ирээдүй биш байх гэдэгт найдах учиртайсан. 300 сум нийгмийн бүрэлдэхүүний хувьд төсвийнхөн ба ажилгүйчүүд гэсэн маш энгийн бүтэцтэй ба ажилгүй, ирээдүйдээ итгэл итгэлгүй, амьдралын төлөө тэмцэх талбар үгүй, архидан согтуурах зуршилтай хүмүүсийн бүлэг зонхилж байна.

Локализмын тухай эндүү ойлголт                     

Орон нутгийн өөрөө удирдах ёсыг ИТХ юмуу, засаг захиргаа гэж ойлгох хандлага манайд ноёрхож байдгаас ерөөс орон нутгийн үйл хэргийг удирдах, орон нутгийг авч явах бүхий л асуудлыг нутгийн удирдлагын байгууллагаар хязгаарлан ойлгох нь локализмын үзэл санаа хийгээд манайд соёлт орнуудын практик хөгжихөд чөдөр тушаа болж байна. Энэ нь манайд нутгийн өөрийн удирдлага, өөрөө удирдах ёсыг зөвхөн иргэдийн сонгон байгуулсан нутгийн удирдах байгууллагын хүрээнд явцуу ойлгож буйг энд хэлсэн юм. Угтаа нутгийн удирдлага нь ерөөс газар нутгийн бүл олон нийтийн шууд хийгээд өргөн оролцоог багтаах нэгдмэл үйл явц хэмээн үзэж, нутгийг удирдахад тодорхой иргэн хувь хүнээс эхлээд гэр бүлүүд, бүлэг, эвслүүд, байгууллагуудын үүрэг оролцоог нэмэгдүүлэх, амьд харилцаа, хамтын ажиллагаа, үйлдлийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Тухайлбал АНУ-ын Мэрси Кор байгууллагас явуулсан нутгийн удирдлагын тухай судалгааны дүнд тулгуурлан үүнд хэд хэдэн зүйлийг тэмдэглэхийг хүссэн юм. Нэгдүгээрт иргэдийн сайн дурын хамтлаг, бүлэг, зөвлөл өнөөдөр амьдрал дээр алга байна. Хүй элгэний хамгийн анхдагч жам ёсны нэгдэл болох хөрш, айл саахалт, гудамж байр, гол усаараа хүмүүс хийгээд гэр бүлүүд нэгдэн өөрсдийн асуудлаар хэлэлцэх, шийдвэр гаргах, хэрэгжүүлэх туршлага одоогоор бий болоогүй. Судалгаанд оролцсон хөдөө орон нутгийн иргэдийн 80 орчим хувь нь дээрх туршлага байхгүй гэсэн бол суурин газарт ерөөс үгүй, харин хөдөөд хадлан өвс авах, худаг ус гаргах гэхчлэн ахуй амьдралын шинжтэй асуудлаар хамтрах хэлбэр бий гэжээ. Хоёрдугаарт шууд ардчиллын өлгий болсон иргэдийн нийтийн хурал /ИНХ/ өнөөдөр жинхэнэ мөн чанараараа ажиллаж чадахгүй байна. ИНХ-д иргэдийн оролцоо хангалтгүй төдийгүй тэтгэврийнхэн, ажилгүйчүүд зэрэг цөөн хүмүүсийн цуглаан болж, соёлын арга хэмжээ явуулахаас хэтрэхгүй болсон юм. Хурлын дарга, тэргүүлэгчидийг ажиллуулах санхүүгийн хөшүүрэг муу, анхан шатны нэгжүүд дэх төсөв хөрөнгө, байгуулжилт хангалтгүй төдийгүй байхгүй, хурлыг зохион байгуулах арга, хэлбэр хуучинсаг, орон нутгийн асуудал гэхээс илүү татвар, засаг даргын тайлан, хог, байрны мөнгө хэлэлцэхэд хүрсэн зэрэг нь уг өөрийн удирдлагын хамгийн чухал институц ажлын чадваргүй болсныг илтгэдэг. Гуравдугаарт орон нутаг дахь иргэний нийгмийн хөгжил маш доогуур байна. Судалгаанд оролцсон иргэдийн дунд зонхи хэсэг нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ТББ-уудын болон тэдгээрийн үйл ажиллагааны талаар мэдлэггүй явдаг байна. Харин орон нутгийнхан иргэний нийгмийг олон улсын буяны болон тусламжын байгууллагуудаар төсөөлөн ойлгох явдал нийтлэг байна. Эндээс орон нутгийн удирдлагад ИТХ, засаг дарга ямар ч тохиолдолд гол болж олон нийтээс тасарсан шинжтэй бөгөөд орон нутагт хувь хүн, гэр бүл, байгууллага, иргэдийн бүлэг зөвлөлийн хамтын үйл ажиллагаа нийтлэг хомс гэсэн дүгнэлтийг хийж болно.  

Төв ба орон нутгийн харилцаа

Монголын нийгэмд төв ба орон нутгийн харилцаа хөгжилтэй улс орнуудын жишгээр зохистой, тэнцвэртэй хөгжихөд өнөө хэр нь саад болох хүчин зүйлүүд байна. Энд дээр тэмдэглсэнчлэн уламжлалын тухай бичих гээгүй харин энэ нийгмийн системийн өөрийнх нь онцлог байна. Өчүүхэн тооны хүн ам, нийгмийн харилцааны өвөрмөц онцлог, монопол хот зэрэг нь орон нутаг гэхээс илүүтэй төв хүчтэй байх, нийгмийн зохион байгуулалт эс төвлөрөлөөс илүүтэй төвлөрөлийг хадгалах социаль хүчин зүйлүүд болж байна. Мэдээж бүхэл улс үндэстэн, нийгмийн хөгжилд хүн амын хэмжээ онцгой нөлөөтэй байгааг батлах шаардлагагүйн адилаар орон нутаг хөгжлийн хувьд ч энэ хүчин зүйл тодорхой юм. Монголд олон тооны орон нутгууд хөгжин дэвших хүн амын нөөц байхгүй. 10 мянгаас дээш хүн амтай хот, суурин … байгаа бол 300 гаруй сум нь дунджаар 1000 хүрэхгүй хүн амтайн зэрэгцээ өнөө маргааш тэдгээрт хүн үлдэх магадлал ч багассаар байна. Хүн амын төвлөрөл бол хөгжлийн үндэс бөгөөд хөгжихийн тулд бөөгнөрье гэх философи эндээс үүдэлтэй. Хоёрдох хүчин зүйл нь Монголчууд ховорхон тохиох нийгмийн харилцааны онцлогыг бүтээсэн явдал юм. Судлаач Д.Ганхуягийн бичсэнчлэн эл онцлогоос хамааран нийгмийн харилцааны макро болон микро хүрээ давхцаж ирэх агаад иргэдээс төвтэй юмуу орон нутагтай харилцаанд орох нь зарчимын хувьд тийм ч ялгаагүй байна. Түүнчлэн нийгмийн гишүүдийн хоорондын харилцааны бүтцэд нутаг усны гэгдэх хэлбэр голлох байр суурьтай ч түүнээс гадна ангижавын, онжавын, ажил мэргэжлийн, худ ургийн гээд олон хэлбэрүүд нь хүний социумыг нутаг дэвсгэрээс халин гаргаж үлэмж хэмжээнд авч ирдэг. Энэ харилцамжын бүтэц нь орон нутаг төвийн харилцаанд ч нөлөөлсөөр байна. Дурдсан сүүлийн хүчин зүйл нь Монопол хот юм. Суурьшмал амьдралын хэв маягт шилжих бүхий л үеүдэд нийслэл хот нийгэм, эдийн засаг, улс төр, соёл, уураг тархины гээд амьдралын бүхий л хүрээнд ноёлох байр сууриа хадгалж ирсэн билээ. Энэ нь орон нутгийн хувьд аль ч талаар бие даасан байх, локализм хөгжихөд маш том чөдөр тушаа болж байна. Цаашид ч болох хандлагатай. Хүн амын бараг 50 хувийг төвлөрүүлээд байгаа нийслэл нь энд ирэхгүйгээр орон нутагт амьдрах болмжгүй болгоход хүргэж, нийслэлийн амьдрал бүх талаараа туйлын татах хүчин болжээ.    

Локалын бие даасан байдал ба статус

Орон нутгийн хөгжил, түүний өөрөө удирдах ёсны тухайд нэг чухал асуудал бол түүний улс төр хийгээд эрхзүйн бие даасан байдлын асуудал юм. Өөрөөр хэлбэл орон нутгийн бие даасан байдал нь түүний өөрийн асуудлаар шийдвэр гаргах түвшин, бодит чадавхийг илэрхийлэх ойлголт билээ. Монгол улс үндсэн хуулиндаа орон нутаг нь нутаг дэвсгэрийн хүрээн дэх өөрийнхөө нийгэм, эдийн засаг болон бусад асуудлыг бие даан шийдэх эрхзүйн эх сурвалжыг тогтоож орон нутаг нь засаглалын үйл ажиллагааг төрийн төв удирдлагыг орон нутгийн бие даасан удирдлагатай хослуулах замаар явуулах талаар тусгасан байна. Бие даасан байх, шийдвэр гаргах чиг үүргийг бүх шатны иргэдийн хурал гүйцэтгэх ёстой ба тэдгээр нь орон нутагт эрх барих дээд хүчин болдог. Харин төрийн төв удирдлагын төлөөлөл нь бүх шатны засаг дарга болж байна. Гэтэл өнөөдөр манайд урвуу гэмээр дараах нөхцлүүд бий болжээ. Юуны өмнө иргэдийн хурал ёс төдий байгууллага, засаг даргын тайлан сонсох төдий байна. Орон нутгийн парламент болох ИТХ нь олон ургальч үзэл өрсөлдөж, хөгжлийн бодлого боловсруулж байх туршлага хязгаарлагдмал бөгөөд төрөөс төвлөрөн барих бодлогын нөлөөгөөр хиймэл маягийн институц юм. Бие даасан бодлого явуулах, шийдвэрээ гаргах болмжгүй байдалд эрхзүйн болон эдийн засгийн гэсэн хоёр үндсэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. Төрийн байгууллага түүний удирдлага санхүүжилтийн тухай хууль нь нутгийн удирдлагын хөгжил, төлөвшилд ухралт авч ирсэн эрхзүйн зохицуулалт болсон гэдэгтэй дээр дурдсан нутгийн удирдлагын судалгаанд оролцсон экспертүүд санал нэгтэй дүгэнэжээ. Мөн түүнчлэн олон тооны сумууд маань эрхзүйн статусын хувьд одоогийн эрхзүйн тогтолцоонд тодорхойгүй байдаг байна. Хэрэв аль нэг сум газар нутгийн маргаанд орлоо гэхэд эрхзүйн сүбъектийн хувьд эргэлзээтэй болох ажээ. Харин эдийн засгийн хувьд орон нутаг нь цэвэр өөрийгөөө тэжээдэг, өөрийн орлого болон төвөөс авах дэмжлэгийн аль алинд тэжээгддэг, цэвэр төвөөс тэжээгддэг гэсэн гурван янз байхад гадаадын судлаачид сүүлийнхийг гажиг тогтолцоонд тооцдог. Харамсалтай нь манай улсад гурав дахь хэлбэр нь зонхилж байх юм. Тиймээс өөрсдийн хөгжлийн асуудлыг томъёолох, бодлого боловсруулах, шийдвэр гаргах нь төвөөс тогтоож өгсөн төсвийн хүрээнд хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх шаардлагыг тавьдаг ажээ. Уг зүй нь төрийн засаглал доороосоо байх зарчимаар анхан шатны нэгж дэх тухайлбал баг хороон дахь иргэдийн биечлэн оролцох шууд ардчилалын өлгий иргэдийн нийтийн хурлаар асуудал хэлэлцэн дээшилж сум, дүүрэг, аймаг, нийслэл гээд дээш төлөөлөгчдөөр уламжлагдах ёстой байтал засаглал шууд дээрээс явагдаж байгаа юм. Нутгийн бие даасан удирдлага үндсэн хуулинаа үлдэж засаглалын үйл ажилагаанд төрийн төв удирдлага үнэндээ ноёрхож байна.      

Орон нутаг дахь улстөрийн хүнийсэл

Орон нутаг дахь иргэдийн улс төрийн хүнийсэл нь гурван чиглэлээр тайлбарлагдах болно. Эдгээр нь сонгуулиас дайжих /абсентэйзм/ орон нутгийн түвшин дэх улс төр, удирдлагын үйл хэргийг үгүйсгэх /нигилизм/, шууд ардчилалын үнэ цэнийг үл ойшоох явдал юм. Юуны өмнө орон нутгийн сонгууль дах иргэдийн оролцоог дурдаж болно. Ерөнхийдөө сүүлийн арван жилд абсентэйзм буюу улс төрийн сонгуульд оролцох оролцоо буурах, сонгуулиас дайжих явдал нэмэгдсээр ирсэн ч, орон нутгийн хувьд энэ нь бүр онцгой ажиглагддаг. УИХ-ын сонгуульд 80 гаруй хувьтай оролцдог байхад сүүлийн орон нутгийн сонгуулийн статистикаас үзэхэд 40 хувьтай байсан юм. Орон нутгийн сонгуулиас зугтах байдал нь нутгийн удирдлагын байгууллагыг зохистой бүрдүүлэх, түүнд сонгогдогчид иргэдийг төлөөлөх чадвараар дутмаг байх нөхцлийг бүрдүүлэх байдлаар нутгийн өөрөө удирдах ёсны хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Мөн түүнчлэн нутгийн удирдлагаас хөндийрөх, орон нутгийн удирдлагын үйл явц надад хамаагүй гэх үгүйсгэх үзэл бодитой орших болжээ. Нэг талаас нутгийн захиргаа, удирдлагын байгууллагаас явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэдийн мэдээлэл хомс байхын зэрэгцээ нөгөө талаас иргэдийн нутгийн өөрөө удирдах ёсны талаарх мэдлэг, боловсролын түвшин тун хангалтгүй байна. Эцэст нь шууд ардчилалын үнэ цэнийг иргэд мэдэхгүй төдийгүй өөрөө биечлэн оролцож, өөрийн амьдарч буй орон нутгийн амин чухал асуудлаар хамтын хэлэлцүүлэгт оролцох, шийдвэрт нөлөөлөх боломжыг үхүүлсээр байгаа юм. Нутгийн удирдлагын тухай фокус бүлгийн судалгаанд оролцсон иргэдийн үзэл бодлоос харахад анхан шатны нэгжүүд дэх иргэдийн хурал нь асуудлыг шийдвэрлэх боломжгүй, хэлэлцсэн асуудал шийдэгдээгүй, шийдвэрээ хэрэгжүүлэх эрх хэмжээ байхгүй учраас иргэд түүнд оролцох итгэл үнэмшил байхгүй болдог байна. Учир нь нийтийн хуралд иргэд өнөө манай нийгмийн гүнд хуримтлагдсан ажилгүйдэл, ядуурал, архидалт гэхчлэн асуудлуудаар ихэвчлэн ханддаг агаад энэ нь цаашид ИТХ –д очсон эсэх нь мэдэгдэхгүй замхран алга болдог гэжээ. Нэгдүгээрт анхан шатны түвшинд шийдвэрээ хэрэгжүүлэх эдийн засгийн болоод эрхзүйн чадамж байхгүй. Хоёрдугаарт иргэдийн нийтийн хурлын шийдвэр дээш уламжлагдах улмаар шийдэгдэх туршлага амьдрал дээр байхгүй, нийтийн хурал болон ИТХ –ын хооронд залгамж чанар, уялдаа муу байгаа нь харагдсан юм.   

Орон нутгийн амьдралд бий болсон өөрөө удирдах ёсны хөгжилд сөргөөр нөлөөлж, түүнийг гажуудуулж байгаа нэгэн зүйл бол феодаль ёс юм. Орон нутагт шууд болон төлөөллийн ардчилал жинхэнэ утгаараа хөгжих агуулга нь тэнд өөрөө удирдах ёсны үндсэн хийгээд суурь нөхцөл бүрэлдэж байгаа хэрэг бол эргээд өөрөө удирдах ёс нь орон нутаг дахь ардчилалын нэг том үзүүлэлт болдог. Өдгөө орон нутагт төлөөллийн болон шууд ардчилалын төвшин хангалтгүй байгаагаас удирдлагын ил тод байдал, шударга ёс, тэгш эрхийн зарчим алдагдаж феодаль ёс цэцэглэн хөгжих таатай байдал үүсэв. Орон нутагт газрыг эзэмших, өмчлөх, түрээслэх, төрийн өмчийн объектыг өөрийн болгох, тендерийг будлиантуулах, албан тушаалыг ах дүү, хамаатан садан, найз нөхөд, ойр хүрээллээр хуваан эрхлэх, өв залгамжлуулах гэх мэтээр цөөн тооны хүмүүсийн бүлэглэл, олигархи маягийн удирдлага дэвжих хандлага бий болжээ.

Эцэст нь хэлэхэд дээр дурдсан зүйлүүд нь ерөнхийдөө манай нийгэмд орон нутаг хөгжин, дэвжихэд саад тотгор болж, чөлөөт ардчилсан нийгмийн тулгын чулуу болсон нутгийн өөрөө удирдах ёсон баттай төлөвших үйл явцыг саармагжуулж байна. Судалсан, ажигласан, үнэлж дүгнэсэн зүйлстээ тулгуурлан уншигч тантай санал бодлоо хуваалцахыг хүслээ.