Эрхзүйгүй нийгэм

A- A A+
Эрхзүйгүй нийгэм

 МУИС-ийн багш Ц.Болд

Баталсан хууль тогтоолынхоо тоогоор бол манайх яах аргагүй эрхзүйт төртэй улс. Гэтэл гаргасан тогтоол, шийдвэр, хууль, дүрэм нь амьдралд хэр нийцэж, хэрхэн хэрэгждэг нь та бидний нүдэн дээр ил байна. Эрхзүйн хэм хэмжээ, хууль ёс алдагдаж байгаа нь хууль хэрэгждэггүй, түүнийг хэрэгжүүлдэггүй, хуулийг зөрчих явдал хавтгайрсан, хуулийг гуйвуулдаг, зувчуулдаг, өөр өөрийнхөөрөө тайлбарладаг, өөртөө тааруулан өөрчилдөг, хууль тэгш үйлчилдэггүй, хууль ёсны хариуцлага хүлээлгэдэггүй зэрэгтэй шууд холбоотой юм.   “Социологийн Академи” төвөөс 2005 оны 11 сард явуулсан “Хот суурин газар дахь гэмт хэргийн тархалт, шалтгаан, нөхцөл” сэдэвт судалгааны дүнгээс үзвэл түүнд оролцогсдын  68.2% нь Монголын хууль гурав хоног гэдгийг хүлээн зөвшөөрчээ. 18.8% нь арай л хэтрүүлсэн болно, дөнгөж 12.7% нь тэгж хэлж болохгүй хэмээн хариулсан байна.

Хууль хэрэгждэггүй байдал бүх салбарт, нийгмийн амьдралын бүх хүрээнд нийтлэг болжээ. Банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоод хуулийн дагуу бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийгөө сурталчлах учиргүй. Гэтэл телевизийн  хоёр рекламны нэг нь хамгийн өндөр хүүтэй хадгаламж бүхий хадгаламж зээлийн хоршоо, хамгийн бага хүүтэй зээл, гишүүддээ хонжворт сугалаатай, хоёр өрөө байртай, азын сугалаатай, алтан зоостой, хүүгийн урамшуулалтай, хөнгөлөлтийн карттай гэх мэт. Архи согтууруулах ундааг сурталчлахыг хориглодог атал энд тэндгүй АПУ, САПУ, ТЭРГYYН, Монгол стандарт, захиалсан сониноо авахад завсар нь Хараа, Ерөө, Хар Чингисийн танилцуулга, Нойлын өрөөнд Ерөөл, Апу, Болорын реклам наалттай.  Татвараас зайлсхийх явдал газар авсан. Наад зах нь Нийслэлд ажиллаж байгаа олон худалдааны төвүүд, дэлгүүрүүд лангуу түрээслүүлсэн мөнгөний дүнг бүрэн мэдээлдэггүй байна. Хамгийн тодорхой жишээ гэвэл САПУ худалдааны төвийн 700 гаруй түрээслэгчийн 500 гаран нь л татварын албанд бүртгэлтэй, бусад нь бүртгэлгүй буюу татвар төлдөггүй байсан байна. Энэ нь бараг гуравны нэг нь огт татваргүйгээр түрээслүүлэгчид түрээсээ төлдөг байсан хэрэг. Албан газрууд, байгууллагуудын хаяг, зарлал, сурталчилгааны самбарууд монгол хэлээр бичигдсэн байх ёстой гэж хуульчилсан байдаг ч есөн хэлийн түмэн зүйлийн хаяг самбарыг хаа сайгүй харж болно.  Шөнөжин, өдөржин ажилладаг баар цэнгээний газрууд, янхны газар болсон буудал, саун, автомат тоглоом нэртэй казино, өөрсдөө хуулбарладаг мөртлөө зохиогчийн эрх гэж сүржигнэх дуучид, ямар ч үнэгүй хэрэглэх програм хангамж, мөрдөгддөггүй норм стандарт дүрэм, хэрэгждэггүй төлөвлөгөө, хөтөлбөр энэ мэтийг тоочивч баршгүй.

Хуулийг гуйвуулдаг, зувчуулдаг, өөрийнхөөрөө тайлбарладаг явдал бол бүр хэрээс хэтэрчээ. Хуулийг эрх мэдэлтнүүд завхруулж байна гэвэл та хүлээн зөвшөөрөх үү гэсэн асуултад дээрх судалгаанд оролцогсдын 77.5% нь хүлээн зөвшөөрнө, 12.2% нь арай л хэтрүүлсэн болно, 10.4% нь тэгж хэлж болохгүй хэмээн хариулжээ. Үйлдвэр, худалдааны сайд байсан, УИХ-ын гишүүн Сү.Батболд гэхэд л Бороогийн алтны үйлдвэрийг өөртэйгөө холбоотой гэдгийг хүлээн зөвшөөрөөд “Тэнд хууль зөрчсөн зүйл ерөөсөө байхгүй, яахав зүгээр “хуулийн дагуу” улсад татвар төлөхгүй л байгаа” гэж хэнэг ч үгүй ярьж байх юм. Олон мянган га байгалийн баялаг бүхий газрын лицензийг гадаад дотоодын компанид зараад улсад ганц ч төгрөгний татвар төлөөгүй байхад, ганц өрөө байраа зараад түүнээсээ яахаараа заавал татвар төлөх ёстой болж байна. Ганцхан жилийн хугацаанд 6000 орчим лицензийг бие биедээ дамжуулан “бэлэглэж” заримыг нь бүр гадны хүнд бэлэглэчих юм. Нөөцийг нь нэгэнт тогтоочихсон байсан ордуудад хайгуулын лиценз олгох нэрээр улсын юмыг “хувь” хүмүүст  “хуулийн дагуу” бэлэглээд байгаа гэж ойлгож байна, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч тэгж ярьж бичиж байна.

Сайд нь Их Хурлын гишүүнийг “Тэгээд байвал чиний спиртийн хэргийг сөхнө шүү” гэж рекетлэдэг. УИХ-ын гишүүн ч бай хамаагүй, спиртийн хэрэгтэй гэдгийг мэдсээр байж нуун дарагдуулсан бол сайд гуай энэхүү эс үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой баймаар. Хэрэв энэ нь худал бол, эсвэл сайд хүн биш саар хүн бол өдийд хүн гүтгэсэн хэргээр ядаж л нэр төр сэргээх төлбөрт 10 саяын өрөнд орсон байлгүй. Yнэн юм уу худал юм уу хэлээд өгөөч. Хамгийн амттай нь тайлбар нь гоё л доо. “Би зүгээр л бухимдаад тэгээд хэлчихсэн юм”. Хүн бухимдаад ямар нэг үг алдвал хариуцлага хүлээх албагүй юм байна. Уучлаарай үүнийг сараачигч би ч гэсэн бухимдаад л бичиж байгаа юм шүү.

Энэ мэт жишээ тоймгүй олныг дурдаж болно. “Бичил бизнесийг дэмжих жил”, “Боловсрол тэргүүлэх салбар” гэх мэт олон тунхаглал нь хүмүүст ихээхэн таалагдахаар эерэг сонсогдож буй боловч бодит байдал дээр тэгш биш байдлыг улам даамжруулдаг. Эндээс хийж болох нэг мөрдлөгөө нь “хуулийг гажуудуулагчдын дийлэнх нь хууль боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчид, өөрөөр хэлбэл эрх мэдэлтэнгүүд юм”.  Хууль зөрчигчдийн боловсрол эрх мэдэл албан тушаал нэмэгдэх тусам түүний улсад учруулах хор хохирол тэр хэмжээгээр нэмэгддэг. Харин эрх мэдэл, боловсрол багатай байх тусмаа улсад учруулах хор хохирол нь төдий хэмжээгээр бага байна. Эрх мэдэл ба улсад учруулах хор хохирол хоёр нь шууд хамааралтай болох нь баталгаа шаардлагагүй тодорхой зүйл. Боловсролгүй хулгайч уулнаас “зөвшөөрөлгүй” мод огтолдог бол боловсролтой хулгайч нар уулыг устай нь, модтой нь газрын доорх болон дээрх баялагтай нь..., үгүй ээ, улс Монголыг минь “хуулийн дагуу” хулгайлж байна.

Нөгөө талаас хууль зөрчигчдийн албан тушаал нэмэгдэх тусам хуулийн хариуцлага хүлээх нь багасдаг. Боловсролтой, дээр нь эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай хэн нэг хүн хуулийг яаж ч ноцтой зөрчөөд хариуцлага хүлээх нь огт үгүй гэж хэлж болно. Харин огт боловсролгүй, хэлэх ярих хүнгүй, ядуу хүн гэмт хэрэгт холбогдож хууль зөрчих юм бол хүлээх ёстой хариуцлагаа зохих ёсоор нь, дээр нь хүндрүүлэх нөрцөлтэйгөөр  хэд дахин хүнд ял авдаг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл хуулийн хариуцлага хоёр урвуу хамааралтай гэж үзэж болно.

Өнөөдөр зохицуулалтгүй, будлиантай олон асуудал хуулиа хүлээгээд байж байдаг. Гэтэл түүнийг боловсруулж батлах сонирхол дээд хүрээнийхэнд огтхон ч байхгүй. Тухайлбал ашигт малтмалын тухай хуулийг өнөөдөр л хүн болгон ярьж байгаа болохоос биш, энэ хууль болохгүй байнаа гэдэг нь аль 1999, 2000 оноос нэгэнт илэрхий болсон асуудал. Энэ хуулийг өөрчлөх саналыг олон хүн, олон субъект гаргаж тавьдаг боловч, холбогдох яамд энэ тал дээр байнга гацаанд оруулдаг. Учир нь яамны ихэнх түшмэд энэ хуулийн цоорхойгоор мөнгө хийдэг. Өнөөдөр энэ хуулийг улс төржүүлэхээ больё, мэргэжлийн хүмүүс нь оролцож батлах хэрэгтэй гэдэг нь дээрэмчдээр өөрсдөөр нь хууль боловсруулуулах гэдэгтэй л адил юм.  Түүнтэй адил “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль”, “Намуудын тухай хууль”, “Сонгуулийн тухай хууль”, “Авилгалын эсрэг хууль” зэрэг цаг алдсан олон хууль байгаа.

Өнөөдөр мөрдөгдөж буй хуулийн ихэнх заалтууд амьдралын шаардлагыг хангахгүй хоцрогдсон байдаг. Тиймээс зохицуулалтгүй харилцаанууд захаас аван олон болсон. Yүнтэй холбоотойгоор шийдвэрлэгдэх олон асуудал хуримтлагдсан ч энэ процесс нь санаатай болон санамсаргүй олон шалтгаанаар удааширч байна. Хуулийн дагуу ажиллаж байснаас хууль зөрчөөд хааяа нэг торгуулчихаад яваад байх нь бизнес эрхлэгчдэд илүү ашигтай болсон байна. Өөрөөр хэлбэл хариуцлагатай байх нь хариуцлагагүй байхаас илүү үнэтэй өртөгтэй учраас хариуцлагагүй байдлыг урамшуулж, цэцэглүүлж байна.  Хуулийг шинэчлэн найруулж, сайжруулах шаардлага бий. Гэвч энэ хэрэгцээн дээр хууль санаачлагчид тоглож, өөртөө ашигтай хуулийн төслийг батлуулахаар лоббиддог. Хамгийн тод жишээ нь 2000 онд хийсэн Үндсэн хуулийн өөрчлөлт. Энэ нь тухайн үедээ төрийн эргэлт болсон гэж өнөөдөр олон судлаачид үздэг. Энэ өөрчлөлтийн дагуу УИХ-ын гишүүд Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллах боломжтой болж, хууль тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглал хоёр хэн нь хаана байгаа нь ялгагдахгүй хольцолдсон.  Шинээр батлагдсан “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”, “Намуудын тухай хууль”, “Сонгуулийн хууль” гэх мэт олон хууль аль нэг талын эрх ашгийг түлхүү илэрхийлсэн байгааг засах зайлшгүй шаардлагатай юм.

Эрнандо де Сото бугайн судалж тогтоосноор хаана олон хууль дүрэм, заавар журам байна, тэнд далд эдийн засаг цэцэглэж байдаг аж. Өөрөөр хэлбэл хуулиас гадуурх бизнес өргөждөг байна. Тэр хэрээр хүний эрх эрх чөлөө зөрчигдөж, ялгаварлан гадуурхагддаг. Yүний эсрэг хуулин дахь цоорхойг олж эмчлэх, хууль дүрмийн нийгэмд, нийгмийн бүлэг нийтлэгт учруулах хор нөлөөллийг олж илрүүлэн засуулахаар ажиллах, бодлогод нөлөөлөх нь тулгамдсан зорилтын нэг болжээ.