Проф. Олхонуд Д.Баярхүү
Институцчилал гэдэг нь хууль ёсоор хэлбэршүүлнэ, төлөвшүүлнэ гэсэн утгатай эрхзүйн хэллэг. Манайд 1990-ээд оны дунд үеэс нэвтрээд одоо хэн хүнгүй мэддэг болсон үг. Засаглал гэдэг нь засаглах гэдэг үйл үгээс гаралтай, эрх барих, төр барих, төрийг ажиллуулах гэсэн утгыг илэрхийлнэ гэдгийг энд тайлбарлалтгүй.
Хүн төрөлхтөн бэлхнээ мэдэгдэж буй 5000 гаран жилийнхээ түүхийн ихэнхийг авторитари дэглэм дор өнгөрүүлжээ. Орчин цагийн бидний мэдэх, мэдрэх энэ засаглалын хэлбэр үүсээд институцчилагдаад дөрвөн зуун хүрэхтэй үгүйтэй. Анхлан овог аймгийн ахлагчаас эзэн хааны засаглал хүртэл багагүй зам туулсан бол эзэн хааны хаант засаглал дор маш урт түүхийг элээжээ. Францын ардчилсан хувьсгал, АНУ-ын тусгаар тогтнолын хувьсгал, Британийн парламентаризмаар эхээ тавьсан орчин үеийн засаглалын институцчилал хүн төрөлхтөнийг хамран түгээмэлжсэн нь ХХ зууны түүхэн үе мөнөөсөө мөн. Эзэн хааны халааг Бүгд найрамдах улсын засаглал авах зүй тогтлыг улс орнууд олонтаа туршжээ. Эзэн хаант төрийн институцчилал нь уламжлагдан үлдсэн улс орнуудад тэр нь бэлгэ тэмдгийн (хэлбэр) агуулгаар хэлбэршиж, ард түмэн нь парламентын хүчтэй засаглалыг сонгожээ.
Засаглал дахь түүхэн бие хүн гэдэг ойлголт орчин цагийн засаглалыг ямагт дагалдаж ирсэн түүх буй. Хүний өөрийнх нь бодгаль чанарыг шинжвээс ямар нэгэн гав гинж (захиргаа) тэдэнд (хүн сүрэг буюу масс) ямагт хэрэгтэй явж ирсэн ба тэр нь хүчтэй харгис хаан, хүчтэй дарангуйлагч, түүхэн лидер, үндэстний эцэг, эсвэл улс төрийн ганц нам, бүлгийн хэлбэрээр биеллээ олж ирсэн байх юм.
Орчин цагийн засаглалд сонголтоо хэн хийснээс шалтгаалан авторитари (нэг хүний буюу нэг гэр бүлийн), тоталитари (коммунист, фашист, нацист), ерөнхийлөгчийн, парламентын, ерөнхийлөгчийн ба парламентын холимог гэхчлэн олон хэлбэр хамаарна. Эдүгээ сүүлчийн хоёр нь түгээмэлжих хандлагатай. Ийм түгээмэлжилтийг шилжилтийн үйл явц гэж ч нэрлэж байгаа.
Тодорхой жишээн дээр ярьвал Хятадад 1912 онд, Орост 1917 онд Хаант засгийг халаад БНУ-ын засаглалд шилжсэн ба Хятад нь Азийн анхны БНУ болж түүхнээ мөнхөрсөн. Азийн хоёр дахь БНУ байх гавьяаг монголчууд бид өмчлөх эрхтэй. 1924 онд VIII Богд үхэж, монголчууд эргэлт буцалтгүй БНУ-ыг сонгосон. Хэдийгээр ганц нам төрийн эрх барьж байсан ч 1950-иад он хүртэл Монгол нь гүйцэтгэх (Ерөнхий сайдын) хүчтэй засаглалыг хэрэгжүүлжээ. 1950-иад оноос намын дарга нь засаглалын оройд гарч, нам-төр-засаг гэсэн хэлбэрээр цааш төлөвшив. Ийм засаглалын шийдвэрийг намын дарга ба түүний баг гаргаж, төрөөр (АИХ) хуульчилж, Засгийн газар нь (Сайд нарын Зөвлөл) хэрэгжүүлэх ба түүхэн бие хүн гэдэг ойлголтоор бол Ерөнхий сайд Ю.Цэдэнбал нь МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга байсны хувьд төрийн дээгүүр өвөрмөц засаглалыг бүрдүүлж байв. Энэ тайлбараар бол Цэдэнбал-Самбуу (1960-1972), Цэдэнбал-Лувсан (1972-1974), Цэдэнбал-Батмөнх (1974-1984), Батмөнх-Содном (1984-1990) гэсэн хоёр талт засаглал хэрэгжжээ.
1990 оноор засаглал дахь МАХН-ын даргын эрх мэдэл алга болж, эрх зүйт төр төлөвшин Очирбат-Гунгаадорж (завсрын шилжилтийн), Очирбат-Гончигдорж-Бямбасүрэн (1990-1992 оны шилжилтийн эрх зүйт) гэсэн гурван оройт засаглалын пирамид бүрджээ. “Төрийн гурван өндөрлөг” гэж ярьж хэвшсэн нь угтаа Монголын төр ерөнхийлөгчийн ба парламентын холимог засаглалыг институцчиласныг илтгэж буй хэрэг. Хүчтэй Ерөнхийлөгчийг ард түмнээрээ сонгодог, хүчтэй парламентыг мөн ард түмнээрээ сонгодог, тэгсэн атлаа эл хоёр сонгуулийг нэг жилд явуулдаггүй, солбиулдаг, парламентын спикер нь (УИХ-ын дарга) Дэд ерөнхийлөгчийн үүргийг хэрэг дээрээ гүйцэтгэдэг, Ерөнхийлөгч, УИХ хоёр нь бие биедээ хяналт тавьдаг гэхчлэн жижиг улсуудад байдаг эрх зүйт практик манайд хэвшив. Монголоос гадна ийм жишгийг Ирланд, Исланд, Финланд түүхнээ нотолсон ба посткоммунист Балтийн гурван улс, Польш, Болгар, Чех, Словак, Румын амжилттай туршиж байна.
Монголд засаглалын пирамидын орой 1992-1996 онд Очирбат-Багабанди-Жасрай, 1996-1997 онд Очирбат-Гончигдорж-Энхсайхан, 1997-1998 онд Багабанди-Гончигдорж-Энхсайхан, Багабанди-Гончигдорж-Элбэгдорж, 1999 онд Багабанди-Гончигдорж-Наранцацралт, 1999-2000 онд Багабанди-Гончигдорж-Амаржаргал, 2000-2001 онд Багабанди-Энэбиш-Энхбаяр, 2001-2004 онд Багабанди-Төмөр-Очир-Энхбаяр, 2004-2005 онд Багабанди-Энхбаяр-Элбэгдорж, 2005-2006 онд Энхбаяр-Нямдорж-Элбэгдорж гэсэн гурвалаар явж ирсэн ба одоо Энхбаяр-Нямдорж-Энхболд гэсэн оройтой байна.
Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй эсэх дээр маргаан мэтгэлцээн өрнүүлж, тэр ч бүү хэл ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэх нийгмийн бүлэг, хэсэг байхыг үгүйсгэхгүй. Коммунист тогтолцоо нурсны маргаашаас яригдсан, улиг болчихсон ч юмуу гэмээр сэдэв, энэ бол. Харин чухам түүнийг сэдэгчид чухам Ерөнхийлөгчийн ямар засаглалыг хүсээд буй, хэрхэн төлөвшүүлэх талаар цэгц мэдлэг мэдээлэл алга. Ажаад байхад ТУХН-ийн гишүүн 12 улсад тийм засаглал буй, манай баруун хөрш –Казахстанд Ерөнхийлөгчийн засаглалыг хэрэгжүүлсэн жишээнээс үзвэл, Казахстаны төрийг бүрдүүлэхдээ: дээрээс доошоо - Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газар, Үндсэн хуулийн Зөвлөл, Сонгуулийн төв комисс, улс төрийн гол намууд, ҮЭ гэж бүрдүүлээд Ерөнхийлөгчийн дэргэд зөвлөлдөх 9 байгууллага байгуулж өгчээ. Тэдгээр нь 1) БНКазУ-ын Үндэсний зөвлөл, 2) ҮАБЗ, 3) Шүүхийн Дээд зөвлөл, 4) Ерөнхийлөгчийн дэргэдэх Хүний эрхийн БНУ-ын комисс, 5) Ерөнхийлөгчийн дэргэдэх Гэр бүл, эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх Үндэсний комисс, 6) Казахстаны ард түмнүүдийн Ассамблей, 7) Ерөнхийлөгчийн дэргэдэх ажил бизнес эрхлэгчдийн зөвлөл, 8) Эрх зүйн бодлогын зөвлөл, 9) Ерөнхийлөгчийн дэргэдэх Авилгалтай тэмцэх, албан тушаалын ёс зүйг мөрдүүлэх комисс гэх мэт. Эдгээр лут зөвлөл, комиссуудын дэргэд Парламент нь (Сенат, Мажалис хэмээх 2 танхимтай) хэлбэр төдий юм.
Үндсэн хуулийн дагуу бус Назарбаевын өөрийнх нь тушаалаар байгуулагддаг ҮАБЗ гэгч нь аргагүй “хүчтэй гарын зэвсэг” гэлтэй. Батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогоор гаргах шийдвэрийг тэнд хэлэлцээд эцсийн хувилбараар Ерөнхийлөгч шийдвэрээ гаргах аж. ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнийг Монголынхтой харьцуулаад үзээрэй. Назарбаевын томилолтоор ҮАБЗ-д: 1) Ерөнхийлөгч өөрөө, 2) Ерөнхий сайд, 3) Төрийн нарийн бичгийн дарга, 4) Ерөнхийлөгчийн Засаг захиргааны удирдагч, 5) Ерөнхийлөгчийн 1 дүгээр туслах, 6) Ерөнхийлөгчийн ҮАБ-ын асуудал эрхэлсэн туслах бөгөөд ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, 7) Ерөнхий прокурор, 8) ҮАБ-ын Хорооны (КГБ) дарга, 9) Гадаад хэргийн сайд, 10) Дотоод хэргийн сайд, 11) Батлан хамгаалахын сайд, 12) Сангийн сайд, 13) Ерөнхийлөгчийн бие хамгаалах албаны дарга, 14) Онц байдлын улсын хорооны дарга орж байна. Парламентын спикер нь хаачив аа. Эрх зүйт төр гэж байна уу гэж гайхмаар ч юм шиг.
Тэгэхээр ийм дарангуйлал руу орж явчихгүйн тулд ерөнхийлөгчийн ба парламентын холимог засаглалаа улам институцчилж, “Төрийн гурван өндөрлөг”-өөс бүрдэх ҮАБЗ-өө хуулийн дагуу ажиллуулбал үүнээс өөр элдэв сонголт хэрэггүй биз ээ.