Проф. Д.Баярхүү
Засаглалын тухай хичээлээ үргэлжлүүж байна. Ингэхэд Монголд Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй эсэх дээр маргаан мэтгэлцээн өрнүүлж, тэр ч бүү хэл ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэх нийгмийн бүлэг, хэсэг өмнөх Ерөнхийлөгчийн үед нэлээд цухалзаж байсныг бид санаж байна. Өмнөх Ерөнхийлөгч маань хуучин СССР-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан Казахстан, Киргизстан, Украинд айлчилж, тэдгээр улстай дээд, өндөр хэмжээний айлчлалын давтамж ойртож, харилцан айлчилцгаасны дараа тэр үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан Төв Азийнхны зангарагаар ажиллахаар завдсан нь анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс арай ахадсан, илэрхий амбиц хөөсөн алхам болсон тухай тэр үеийн улстөрчид өгүүлдэг. 1998 оны зун Ерөнхий сайдад нэр дэвсэн Да.Ганболдын нэрийг хэд хэдэн удаа буцаасны дараа Ерөнхийлөгчийн эрх мэдлийг Үндсэн хуулийн хүрээнд хязгаарлах нь зүйтэй гэдэг дээр улстөрийн намууд санал нэгдэн тэр өөрчлөлтийг зориглон хийж билээ. Энэ тухай дор олон улсын жишгээс өгүүлье.
Монголд коммунист тогтолцоо нурсны маргаашаас яригдсан, улиг болчихсон ч юмуу гэмээр энэ сэдвийг чухам түүний сэдэгчид, өрнүүлэгчид Ерөнхийлөгчийн ямар засаглалыг хүсээд буй, хэрхэн төлөвшүүлэх талаар мэдлэг мэдээлэл дутмаг байдаг бололтой, ямар нэгэн чанга гарын тухай хий мөрөөдөл нь давамгайлж байх шиг. Ю.Цэдэнбал агсныг гэнэт ихээр алдаршуулсан одоогийн кампанит суртал нэвтрүүлэг бол чанга гарын талаарх нийгмийн хий мөрөөдлөөс ямар нэгэн хэмээр үүдэлтэй, хөгжье гэвэл хэн нэгэн хатуу гар, чанга лидер, ард түмний эцэг хэрэгтэй гэсэн нийгмийн сэтгэхүйн тусгал нь юм. Энэ тусгал нь явж явж парламентын засаглалыг хүчгүйтүүлэх, одоогийн “76”-г дэндүү олдож байна хэмээн өөнтөглөх, улмаар УИХ-ын нэр хүнд рүү халдах үр дагаварт хүргэж болзошгүй.
“Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал” гэж хүсэх ярих нь сэтгэл хөөрлөөсөө илүүтэй, нийгмийн захиалга тулгалт байх ёстойг монголчууд мэддэггүй тэр бүр юм шиг. Улс оронд нь эмх замбараагүй байдал бий болчихсон, олон үндэстний эв нэгдэл бусничихсан, эдийн засаг нь мафи ба олигархийн гарт орчихсон, тогтвортой байдал, сахилга зохион байгуулалт амин чухлаар тавигдсан тийм Монгол Улс эдүгээ байгаа бил үү гэж “Ерөнхийлөгчийн хүчтэй засаглал” хүсэгчдээс асуумаар байна. Ганц ядуурал гэдгээр бүхнийг лаахайдаж арай болохгүй. Ядуурлаас нь гаргахын тулд эдийн засгийн элдэв хөшүүрэг, гол өөрсдийнх нь хүч хөдөлмөр нэн чухал болохоос энд чанга лидер, ард түмний эцгийн үүрэг үгүйлэгдээд байга юм биш. Тэгэхээр манайхны яриад хүсээд буй Ерөнхийлөгчийн засаглал, сонгодог ардчилсан Ерөнхийлөгчийн засаглалын талаар зарим ялгааг тунгаах хэрэгтэй. Энд хэд хэдэн төрөл засаглал буй. Үүнд:
1. СССР-ийг тарааж, суурин дээр нь 12 улс (ТУХН) Ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Тэр үед тэгэхээс өөр нөхцөл байгаагүй, үндэсний эв нэгдэл, нийгмийн тогтвортой байдал нэн чухлаар тавигдсан, одоо ч хэрэгтэй байгаа нөхцөлд салж гарсан, дөнгөж тусгаар тогтносон шинэхэн улс үндэстнүүдэд ардчиллаас илүүтэй, ямар нэгэн “Үндэсний эцэг” хэрэгтэй байсан нь мэдээж. Тиймдээ ч тэр дүрдээ Ельцин, Назарбаев, Акаев, Каримов, Ниязов, Рахмонов, Алиев, Шевардназе нар дүүрэн тэнцсэн ба тэнцсээр ч байх болно. ТУХН-ийн орнууд бүгд үндэсний төрт-ёсны уламжлалгүй, засаглалын бүтэцгүй, үндэсний зэвсэгт хүчингүй, тэр ч бүү хэл Үндсэн хуульгүй байхдаа эвтэй салж, тусгаар тогтнолоо дор дороо бэлгэнд авцгаасан. Эдэнтэй харьцуулбал тусгаар тогтнолын нэн баялаг түүхтэй, эртний үндэстний хувьд монголчуудад “Үндэсний эцгийн” хэрэгцээ, нийгмийн захиалга ТУХН-ийн орнуудынх шиг байсан гэж үү. 1992 оны Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Монголын төр засаглалын бүтэц, сонгох арга механизм ТУХН-ийн ямар ч орныхоос илүү боловсронгуй болж чадсан. Өөрөөр хэлбэл төлөөллийн ардчилал, хүний эрх эрх чөлөөг хуульчилсан, чухам хэрэгжүүлэх аргачиллын хувьд сайжруулах зүйл практикаар нөхцөлдөх биз. Гэтэл Ерөнхийлөгчийн хүчтэй засаглалтай гээд буй ТУХН-ийн орнуудад засаглалын хямрал чинээндээ тулаад юунд хүрч байсан гашуун жишээ олныг жагсааж болж байна. 1993 оны хавар, намрын Москвагийн мөргөлдөөн, цус урсгасан зэвсэгт тэмцэл, Тажикистаны 10 жилийн иргэний дайн, Казахстаны Ерөнхий сайд нь сөрөг хүчнээ толгойлж хөөгдөж гараад Троцкий шиг эдүгээ Вашингтоноос тэмцлээ үргэлжлүүлж байгаа, Ашхабадад Ерөнхийлөгчөө алахаар завдсан, Гүрж, Азербайжанд явагдсан удаа дараагийн төрийн эргэлтүүд, Молдова дахь зэвсэгт мөргөлдөөн ба үндэсний хуваагдал, Орос, Беларусь, Украинд удаа дараа Засгийн газраа халсан сольсон гэхчлэн бүгд ардчиллын эсрэг, хууль бус эдгээр шийдлүүд Ерөнхийлөгчийн засаглалынх нь ид шидийг үзүүлж байгаа бус уу. Төв Азийн орнуудад Ерөнхийлөгчийн шударга ардчилсан сонгууль явуулахын оронд бүрэн эрхийн хугацааг нь ард түмнээрээ сунгуулдаг хачин систем хэвшүүлжээ. Ерөнхийлөгчийн эрх мэдэл илт давууг “Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрийн дагуу ганцаарчлан төр барих” гэгчээрээ зөвтгөж, тогтвортой байдал хэмээх лут үгээр таглачихаж болж байна. Ийм нөхцөлд улс төрийн даацтай сөрөг хүчин нийгэмд бүрэлдэх тухай яриа байж таарахгүй, энэ нь ч хэтрээд ард түмний тэвчээрийг бармагц “Цэцгийн хувьгал” гэгч шил даран дэгдэж, заримыг нь хөөж буулгажээ.
2. АНУ-ын Ерөнхийлөгчийн институцчилалыг манайхан “Ерөнхийлөгчийн засаглал” хэмээн хүлээн авч дээрхитэй хольж хутгадаг. Үнэндээ шал ондоо юм. Гүйцэтгэх засаглалаа Ерөнхийлөгч нь тэргүүлдэг энэ хэлбэрийг америкчууд тусгаар тогтнолоо байлдан олоод Эзэн хаант засаглалын (Британийг сөргүүлж) нөгөө нэг хувилбар гэж сонгон авсан. Гэвч энд хүчтэй парламент ажиллаж байна. Учир нь Дэд ерөнхийлөгч нь парламентаа тэргүүлдэг тул харилцан хяналт тавьж хүчийг нь тэнцүүлдэг. Ерөнхийлөгч ганцаараа шийдвэр гаргах эрхгүй гэсэн үг. Ганц хүний тоглолтыг хуулиараа хязгаарлаж байна. Ийм системийг Америк тив тэр чигээрээ (Канад, Кубээс бусад), Азиас Индонез, Филиппин авсан ба тухайн улс тус бүр дээр бас онцлогууд бий. Өмнөд Солонгос, Тайваньд хүчтэй Ерөнхийлөгч байх ба тэд бүх ард түмнээсээ сонгогддог, парламентаасаа бас хамааралтай гэдгээрээ АНУ-ынхтай төстэй.
3. Бүх ард түмний сонгуулиар ялсан намын лидер нь шууд Ерөнхийлөгч болж Засгийн газраа байгуулан тэргүүлдэг Өмнөд Африкийн бас нэг засаглал бий. Хэрэв сөрөг хүчний нам удаалсан бол хувь тэнцүүлж байгаад сөрөг хүчний лидерийг дэд ерөнхийлөгч болгодог. Африкийн бусад улсуудын хувьд ерөнхийдөө гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг америкийн тогтолцоо үйлчилдэг.
4. Францад хүчтэй Ерөнхийлөгчийн засаглал бий. Ерөнхийлөгч, парламентыг ард түмнээс солбиулж сонгодог нь манайтай төстэй. Аль аль талаасаа хяналттай, гэхдээ Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиараа Засгийн газраасаа илүү эрх дархтай. Олон улсын дээд хэмжээний уулзалтад Францыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёул төлөөлөн оролцдог нь ч тэндхийн нэг онцлог юм. Францынхтай ойролцоо тогтолцоо Египет, Шри Ланка, зарим талаар Пакистанд байна. Шууд адилтгаж бас болохгүй.
5. Үндэсний эв нэгдлийн бэлгэдэл болж, ёслолын чанартай үүрэг гүйцэтгэдэг Ерөнхийлөгч Энэтхэг, Бангладеш, Израиль, Итали, Австри, Сингапур гэхчлэн зарим улсад байна.
Энэ бүхнээс уншигчид харьцуулалт дүгнэлтээ хийж Монголын хөрсөн дээр буулгах хувилбарыг тунгааж олох биз ээ.