МУБИС-ийн багш, судлаач Ц.Мөнхцэцэг
Хар өнгөтэй цэргийн дүрэмт хувцас бүхий ооч сахалтай, баруун гараа дээш өргөсөн Гитлер, цэрэг хүрэм байнга өмсдөг байсан Мао Зедун, энгэртэй одон медалиа зүүсэн мөн л цэргийн хувцастай Сталин, цэрэг хувцаснаас үл салах Фидель Кастро нар бол ХХ зууны дэлхийн дарангуйлагчид юм. Харин Кастро саяхан хүнд өвчний улмаас төрийн удирдлагаа дүүдээ шилжүүлснийхээ дараа анх удаа олны нүдэн дээр цэргийн дүрэмт хувцасгүй үзэгдэв.
Яагаад эдгээр авторитар удирдагчид байнга цэрэг хувцас өмсдөг байсан бэ? Олон нийтэд сүр үзүүлэх, тэднийг айлгах, айдсаар нь дамжуулж удирдахын тулд дарангуйлагчид ийм хувцсыг илүүд үздэг байжээ. Хар өнгө айдас түгшүүр төрүүлнэ, мөн дэг журам, хатуу эмх цэгцийг илэрхийлнэ. Цэргийн дүрэмт хувцас нь бусдад сүр хүчийг үзүүлнэ, хэрэв эсэргүүцэл илэрхийлвэл үг дуугүй устгана гэдгийг далд утгаар илэрхийлдэг. Энэ бол бэлгэ тэмдэг юм. Бэлгэ тэмдэг гэдэгт дээр дурдсанаар өнгө, тэмдэг, дүрс ( лого), туг далбаа, дохио зангаа,гадаад байдал, хувцас зэрэг зүйлс орно. Бэлгэ тэмдгүүд нь визуаль буюу харагдах байдлаар хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж баярлах, хөөрөх, нэгдэн нягтрах, даган дуурайх, айж эмээх, үзэн ядах, дайсагнах мэдрэмжийг төрүүлж байдаг юм. Бэлгэ тэмдгийг бодит амьдралын субьектив тусгал, төсөөлөл гэж үзэж болно.
Улстөрийн шинжлэх ухаан болон улс төрийн коммуникацид “бэлгэ тэмдэг” гэсэн нэр томьёо ритуал зан үйл, гадаад үзэмж гэх мэт ойлголтуудтай цаг ямагт хамт хэрэглэгддэг юм. Өдөр тутмын ярианы хэл, ялангуяа монгол хэлэнд бэлгэ тэмдэг гэдгийг ихээхэн эерэг утгаар “бэлгэшээсэн” гэх мэтээр хэрэглэдэг билээ. Харин улстөрийн коммуникацид бэлгэ тэмдэг гэдгийг улс төрийн бодлого дахь хуурамч үйл ажиллагаа, улс төрчдийн заль мэх гэх мэтээр ямагт сөрөг утгаар хэрэглэдэг. Бэлгэ тэмдгийн улстөр гэдгийн ерөнхийд нь улстөрийн хүчнүүдийн зүгээс эрх мэдэл олж авах, эрх мэдлээ тогтоон барихын тулд бэлгэ тэмдэг, зан үйлийг хэрэглэх явдал ” гэж үзэж болно. Түүнийг улстөрийн бодлогыг орлуулагч хэрэгсэл гэж үзэх нь ч бий. Улс төрийн хүчнүүд олон нийтийг өөртөө татах, итгүүлэх, дэмжлэг олж авахад хэрэгжих боломжтой, алсын хараатай сайн боловсруулагдсан бодлого, мөрийн хөтөлбөрөөс илүү сэтгэл хөдлөлд тулгуурласан янз бүрийн бэлгэ тэмдгүүд чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Бэлгэ тэмдгийн улс төрийг судалж илрүүлэх гол талбар бол сонгуулийн кампани, улстөрчдийн имиж, нийгэм, улстөрийн хөдөлгөөнүүд болон олон нийтийн дунд хэвшиж тогтсон түүхэн домгууд юм. Эдгээрээс улстөрийн гол тоглогчид болох намууд ба улстөрчдийн зүгээс олон нийттэй холбоо харилцаа тогтоох гол үйл явц болох сонгуулийн кампанийн үед бэлгэ тэмдгийн улстөр хамгийн хүчтэй явагддаг байна.
Бэлгэ тэмдгийн улстөрийн илрэх дараагийн нэг хэлбэр нь өнгө юм. Өнгө улстөрийн намуудын туг, далбаагаар дамжин хүмүүсийн сонголтод нөлөөлөгч нэг хүчин зүйл болдог. Тухайн улс үндэстний дуртай өнгө буюу уламжлалт өнгө юмуу эсвэл олныг татах сэтгэл зүйн нөлөө өндөртэй өнгийг сонгох нь улстөрийн намууд болон нийгмийн хөдөлгөөнүүдийн амжилтад нөлөөлдөг. Тухайлбал улаан өнгө хүмүүсийн сэтгэлийг хөөргөх, урам зориг төрүүлэх, хөдөлгөөнд оруулах сэтгэл зүйн нөлөөтэй тул улстөрийн хүчнүүд эртнээс аливаа хувьсгал,эрс шинэчлэл зэрэгт ашиглаж ирсэн. Оршин буй нийгмийн тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэж үздэг социалист болон социал демократ намууд болох зүүний хүчнүүдийн гол өнгө нь улаан өнгө юм. Мөн нийгмийг хүч хэрэглэн үндсээр нь өөрчлөх зорилго бүхий хэт туйлшрагч зүүний намууд болох коммунист намууд ч улаан өнгөнд үнэнч байсаар байна. Ер нь улаан өнгө хүмүүсийг татах нөлөө ихтэй тул дэлхийн ихэнх улсын төрийн далбаанд улаан өнгө орсон байдаг. Улаан өнгөнөөс гадна шар өнгө юмуу шар өнгөний хослол бүхий өнгө сэтгэл зүйн нөлөө ихтэй байдаг. Сүүлийн үед дарангуйлагч дэглэмүүд дэх улс төрийн сөрөг хүчнүүд шар, улбар шар, ягаан гэх мэт хурц өнгийг улс төрийн тэмцлийнхээ гол бэлгэ тэмдэг болгон ашиглах болсон нь ихээхэн амжилтад хүрч байгаа нь Украин дахь жүржийн буюу “улбар шар хувьсгал”, Киргиз дахь “ягаан хөдөлгөөнөөс” харж болно. Хүмүүс тухайн шинэчлэгч хөдөлгөөний зорилго, хөтөлбөрт татагдахаас гадна хөдөлгөөний удирдагч хувь хүмүүс, туг далбаа, өнгө зэрэгт ихээхэн татагддаг юм.
Энэ бүхнээс үзэхэд бэлгэ тэмдгийн улстөр нь бодит улс төрийн талаарх субьектив дүр зураг, олон нийтийг татагч хүчин зүйл болох нь харагдаж байна. Энэ нь популизм болон харизматик улс төрийн гол стратеги байдаг.
Монгол дахь бэлгэ тэмдгийн улс төр
Монголын улстөрийн амьдралд бэлгэ тэмдгийн улс төрийн нөлөө өндөр байна. Монголчууд эртнээс төрөө дээдэлж ирсэн, “төрийн сүлд минь өршөө” гэж залбирдаг ард түмэн билээ. Улсын бага хурал 1992 онд Үндсэн хууль батлахдаа бүтэн жилийн турш хэлэлцэж, ард нийтийн дунд хэлэлцүүлэг явуулж ихээхэн хүч чармайлт гаргажээ. Тэр үеийн хэвлэл мэдээлэлд гарсан баримтуудаас үзэхэд хамгийн их цаг зарсан, олон удаа хэлэлцсэн, олон иргэд саналаа ирүүлсэн зүйл нь ердөө төрийн сүлд ямар байх вэ, шувуу байх уу, морь байх уу, төрийн хүндэтгэлийн туг ямар байх вэ гэх мэт асуудал байсан байна. Хүний эрх, парламент, шүүх, гүйцэтгэх эрх мэдлийн бүтэц, үүрэг гэх мэт ардчилсан тогтолцооны гол үндэс болсон асуудлуудаас илүүтэй бэлгэ тэмдэгт анхаарч байсан нь манайд бэлгэ тэмдэг хүмүүсийн ухамсар, үнэлэмжид ямар хүчтэй байгааг харуулах нэг баримт юм.
Мөн үндсэн хуулинд зааснаар улс төрийн бодит эрх мэдэл багатай хэдий ч төрийн тэргүүн гэсэн бэлгэдлийн шинжтэй эрх мэдэл бүхий ерөнхийлөгчөөс ард түмэн ихийг хүсэн хүлээдэг,нөлөө ихтэй гэж үздэг нь бэлгэдлийн хүчин зүйл олон нийтийн үзэл бодол, хандлагад байсаар байгааг харуулж байна. Тиймдээ ч улс төрчдийн рейтингийн санал асуулгаар ерөнхийлөгчийн нэр ямагт дээгүүр ордог нь судалгааны төвүүдийн судалгаанаас харагддаг. Ерөнхийлөгч улс оронд бодитой бодлого хэрэгжүүлээгүй, эрх мэдэл багатай хэрнээ олонд ийнхүү үнэлэгдсээр байгаагийн нууц нь бэлгэ тэмдэг юм.
Монголын улстөрийн намууд улстөрийн коммуникацидаа мэргэжилтнүүдийн боловсруулсан РR-ын нарийн технологи, стратегийг ашигладаг Өрнөдийн улс төрчид шиг бэлгэ тэмдгийн ач холбогдол, учир шалтгааныг сайн мэдэхгүй хэдий ч монголчуудын сэтгэл зүй дэх субьектив үнэлэмж, мэдрэмжүүдийг өөрт ашигтайгаар хэрэглэсээр ирсэн. Энд 2004 оны УИХ-ын сонгуульд Эх орон–Ардчилал эвслийн гол амлалт болох Итгэлийн мөнгийг жишээ татмаар байна. Аливаа үзэл суртал, бодлого нь хүнд үзэгдэх, гарт баригдаж байж сая хүмүүст итгэл үнэмшил төрүүлдгийг өмнө дурдсан. Энэхүү тактикийн дагуу намуудын дарга нар гарын үсгээ зурсан 10000 төгрөгний батламжийг айлуудаар тарааж нэлээдгүй хүмүүсийн итгэлийг олж авч чадсан юм. Энэ бол бэлгэ тэмдгийн улстөрийн тактик Монголд хэрэглэгдэж буйн нэг илрэл юм.
Өнгөний нөлөөг Монголын улс төрийн амьдралаас мөн тодорхой хэмжээгээр харж болно. Монголчуудын дасал болсон уламжлалт улаан өнгийг хадгалсаар байгаа нь МАХН-ын хувьд чухал ач холбогдолтой юм. Мөн мөнх тэнгэрийн өнгө гэгддэг хөх өнгийг улаан өнгөтэй хослуулан намынхаа туганд оруулсан нь АН-ын хувьд зөв сонголт юм. Хэрэв дан хөх өнгийн туг байсан бол төдийлөн нөлөөтэй байж чадахгүй. Учир нь хөх өнгө нь нэг талаас цэвэр ариун байдлыг илэрхийлдэг ч нөгөө талаас гуниг, хүлцэнгүй байдлыг илэрхийлдэг юм. Харин монголчуудад төдийлөн дасал болоогүй цагаан өнгийг сонгосон, мөн бэлгэдэл нь Өрнийн улсуудын далбааг санагдуулахуйц Иргэний зориг болон Бүгд найрамдах намын туг нь сонгогчдыг татахад эерэгээр нөлөөлж чадахгүй байгаа юм. Эх орон намын хувьд ч бүдэг цэнхэр өнгө бүхий туг нь хүмүүст сэтгэл зүйн нөлөө үзүүлж татаж чадахгүй юм.
Улстөрийн элитүүд өөрсдийн үзэл суртал, бэлгэ тэмдэг, домгийг олон нийтэд хүргэх зорилгоор баяр ёслол, тэмдэглэлт өдрүүд зэргийг ашигладаг. Үүнийг референц соёлоор дамжуулан легитим олж авах явдал гэж үздэг. Монголд энэхүү үйл явц ажиглагдаж байна. Төрийн зүтгэлтнүүд янз бүрийн баяр наадам, аймаг, орон нутгийн ой гэх мэт тэмдэглэлт үйл явдлууд болон уул ус, овоо тахих гэх мэт шашны зан үйлд оролцох нь сүүлийн жилүүдэд илт олширлоо. Улстөрчдийн энэхүү үйл ажиллагаа бол зан үйлийг хэрэглэж өөрийн нэр хүндээ өсгөх, хүмүүст таалагдахыг оролдож буй явдал юм. Тухайн баяр наадмын хүндэт суудалд заларч байгаа улстөрч нь хүмүүст төрөө хүндэтгэн дээдлэх сэтгэгдлийг төрүүлдэг байна.
Бэлгэ тэмдгүүд болон ритуал нь хүмүүсийг тайвшруулах, бодит байдлыг мартагнуулахад хүргэдэг тул эрх баригчид баяр наадам, шашны зан үйл, шагнал урамшил гэх мэтээр дамжуулан олны дунд унасан нэр төрөө сэргээх, легитим олж авахад ашиглаж байна. Монголын улстөрд энэ мэт “хүмүүсийг тайвшруулах”, “төрийн хайр халамжийг үзүүлэх” бодлого газар авсан. Үүний нэг жишээ бол Ардын хувьсгалын баяр нааадам гэх мэт тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан гэмт хэрэг үйлдээд зохих ялаа эдэлж буй хоригдлуудад бөөнөөр нь өршөөл үзүүлж хугацаанаас нь өмнө сулладаг явдал юм. Монголоос өөр ардчилсан ямар ч улсад төрийн хууль тогтоох байгууллага ингэж “хайр энэрэл” үзүүлдэг практик байхгүй билээ. Баяр наадам, цагаан сараар манай улстөрчид монгол үндэсний дээл, хэт хутга, малгайгаар гангарч уламжлал соёлоо хадгалж буйгаа харуулахыг оролдож байна. Үндэсний хувцсаа өмсөх нь шилжилтийн явцад нийгэмд сэргэсэн үндэсний үзэл, зарим тохиолдолд үндсэрхэх гэмээр үнэлэмж хандлагыг ашиглан хүмүүсийг анхаарлыг өөртөө татах гэсэн эрмэлзэл юм.
Төрийн алба шашны дэг жаягтай ихээхэн холбогдох боллоо. УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд овоо тахих гэх мэт шашны янз бүрийн зан үйлд олонтаа оролцох болж, төрийн ёслол, шинэ байгууллагын нээлт гэх мэт дээр Гандан хийдийн лам нар байнга үзэгдэж маань мэгзэм унших боллоо. Хэдийгээр Монгол улс үндсэн хуулиараа шашин, төрийг заагласан ч сүүлийн үед улстөрийн зорилгоор шашны зан үйлийг ашиглах явдал олширлоо. Сонгуулийн сурталчилгаандаа болон тойргийн сонгогчидтой хийх уулзалт дээрээ лам нар авчирч ном уншуулах нь түгээмэл байна. Шашин шүтлэг бол хүмүүсийн итгэл үнэмшлийн хамгийн хүчтэй хэлбэр, зан үйлийг чиглүүлэгч гол хүчин зүйлийн нэг билээ.Улс төрчид зан үйлийн иймэрхүү хэлбэрүүдийг олны таашаалыг хүлээх, сонгогчидтой ойр дотно харилцаа тогтоох зорилгоор хэрэглэж байна. Бурхан багшийн сургаалыг монгол хэлнээ хөрвүүлсэн нь 2005 оны ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын бусад нэр дэвшигчдээс ялгагдах давуу тал болж сурталчилгаа бүхэнд л энэ тухай давтаж байсан билээ. Хүн амын нэлээд нь буддын шашныг шүтдэг, мөн зарим нь шүтдэггүй ч энэхүү шашинд бусад шашнаас илүү тааламжтай ханддаг учраас сонгогчдын нэлээд хэсэгт энэхүү мессеж сайн хүрсэн нь ойлгомжтой. Бусад нэр дэвшигчид мөн шашны итгэл үнэмшлийг сонгуулийн кампанидаа хэрэглэж байсан. Тухайлбал Ардчилсан намаас нэр дэвшигч М.Энхсайхан “иргэдийнхээ сүсэглэх, бишрэх эрх, эрч чөлөөг хүндэтгэн, уламжлалт бурхны шашны хутагт хувилгаадыг Монголоос төрүүлдэг байсан тасалдсан уламжлалыг сэргээх бодлогыг дэмжинэ” гэж мөрийн хөтөлбөртөө амласан нь гайхалтай. Хэрэв М.Энхсайхан ерөнхийлөгч болсон бол түүний дэмжлэгтэйгээр баахан хутагт, хувилгаад төрөх байжээ. Энэ амлалт бол олныг татах гэсэн иррациональ үйлдэл бөгөөд эрхзүйн ямар ч үндэсгүй юм. Учир нь нэгд, Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн болохоос, шашны тэргүүн биш, хоёрт, Монголын үндсэн хуулиар төрийн байгууллага шашны үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг, гуравт, хэрэв ерөнхийлөгч шашны үйл ажиллагаа явуулах эрхтэй байлаа гэж бодсон ч энэхүү мөрийн хөтөлбөрийн дээрх заалт бодлогын хувьд зөрчилтэй байна. “Иргэдийн сүсэглэн бишрэх эрх, эрх чөлөөг хүндэтгэн... гэсэн атлаа бурхны шашны бодлогыг дэмжинэ гэсэн нь өөр шашинтан, эсвэл шашин огт шүтдэггүй хүмүүсийг ялгаварлаж, зөвхөн эл шашныг шүтдэг хүмүүсийн эрхийг хамгаалж буй хэрэг болох юм. Гэтэл ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн утгаар аль нэг бүлгийн эрх ашигт үйлчлэх ёсгүй билээ.
Ийнхүү итгэл үнэмшил, сүсэг бишрэлээр нь далимдуулан олныг залан жолоодох, баяр ёслол, шагнал урамшил, урлаг, уран сайхнаар хүмүүсийг татах оролдлогууд нь өнөөгийн Монгол дахь эрх баригчдын эрх мэдлээ тогтоон барих арга хэрэгсэл буюу бэлгэ тэмдгийн улстөр болж байна. Энэ асуудлыг судлах нь дарангуйлагч дэглэмээс ардчилалд шилжих үйл явцын чиг хандлагыг илрүүлэн тогтооход ихээхэн чухал зүйл болно. Ялангуяа улс төрийн уламжлалт соёл ба бэлгэ тэмдгийн улс төрийн хамаарлын талаар цаашид онолын болон эмпирик судалгаа хийгдэх шаардлагатай байна.