Монголын төрийн байгууллагын өнөөгийн дүр төрх

A- A A+
Монголын төрийн байгууллагын өнөөгийн дүр төрх

 

Д.Оюунчимэг
/”Хүний нөөцийн хөгжлийн төв”
ТББ-ын тэргүүн, судлаач/

“Авлигатай тэмцэх газраас бүх шатны төрийн байгууллагуудад хандаж зөвлөмж гаргажээ”.

Ийм нэртэй нийтлэлийг өдөр тутмын мэдээллийн хэрэгслүүд, хэвлэлээс олж сонслоо. Овоо доо, Авлигатай тэмцэх газар маань амь орж дээ, тэгэх тэгэхдээ зөвлөмж гаргаж, түүндээ “авлига” хэмээх амь бөхтэй нэгэн том мангасын оршин тогтнох бүх л нөхцөл бололцоог хаах талаар анхны алхмаа ийнхүү хийж эхэллээ гэж иргэд, судлаачид санал бодлоо уралдуулан мэдэгдэв. Зарим нь “Авлигатай тэмцэх газар ийм юм гаргаад байхдаа яахав дээ, нөгөө том том авлигын дуулиан, ашиг сонирхлын зөрчлийн хэргүүд, албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг зарлах хуулийн хугацаа нь хаана байна” гэх зэргээр шүүмжлэх.

Авлигатай тэмцэх газар одоо амь орохоор барахгүй, хөдөлж, явж, ажиллаж эхлэх цаг нь болсоон. Гэвч энэхүү байгууллагаас хийж буй эхний алхмыг шүүмжлэхээс илүү гаргасан зөвлөмжийг олж уншихаар явав.

Зарим яамд, агентлагууд мэдээллийн самбар дээрээ гаргаад хадчихаж:
“Төрийн байгууллагын хүнд суртлыг багасгах, бүх төрлийн мэдээллийг хүртээмжтэй байлгах талаар гээд 18 заалт бүхий юм. Үүнээс одоогийн байдлаар яам, агентлагууд зэрэг төрийн захиргааны төв байгууллагуудаар хэрэгжсэн, хэрэгжиж байгаа ажлууд ч байна. Орон нутагт, нутгийн захиргааны байгууллагууд ч энэ талаар багагүй зүйл хийж, бүгд л мэдээллийн самбартай, ажилтнуудынхаа зураг хөрөг, намтар түүхийг бичсэн танилцуулгын самбартай, гоёмсог жаазанд хийж тавьсан дотоод журамтай байгаа харагддаг. Гагцхүү үүнийгээ тэр болгон өөрчилж, мэдээллээ шинэчилж, хөгжил хөдөлгөөнд байлгадаг эсэх нь л янз бүр.

Энэхүү зөвлөмжинд мөн л мэдээллийг вэб сайтаар түгээх, иргэд, хуулийн этгээдэд хэрэгцээтэй, тэдэнд хамаарах шийдвэрээ нийтэд вэб сайт, бусад хэлбэрээр мэдээлж байх, гол нь энэхүү вэб сайтдаа тавьсан мэдээллээ байнга шинэчилж байх талаар нэгэн чухал заалт оржээ. Бид өнөөдөр мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байна. Э-шуудан, э-банк, гар утсаараа төрөл бүрийн мэдээлэл авах, интернэтэд холбогдох гээд бидний бүхий л үйл ажиллагаа интернэт хэмээх энэхүү гайхамшигт зүйлтэй олон талаараа холбогдож байна. Гэтэл төрийн байгууллагууд үнэхээр мэдээллийн технологийн хурдыг гүйцэж ажиллаж чадахгүй, баахан хөрөнгө мөнгө, зардал чирэгдэл гарган “вэб сайт” нээлгэдэг ч түүнийгээ шинэчилж баяжуулдаггүй, анх нээсэн үеийн мэдээ, мэдээлэл, сайд, дарга нарынх нь л баахан хөрөг зураг тавиастай байгаа харагддаг.. Зарим төрийн захиргааны төв байгууллагуудын вэб сайтын сураг ч алга. Дурын нэгэн вэб сайт руу ороход тэнд дарга, захирал юу гэж хэлсэн, ямар мэндчилгээ дэвшүүлсэн нь чухал бус, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж, үйлчилгээ үзүүлж байна, тэр тухай мэдээллээ боломжит бүхий л хэлбэрээр өгч, байнгын хөгжил хөдөлгөөнд байлгадгийг мэдэхгүй хүн бараг үгүй билээ.

Дараагийн нэгэн санаа бол иргэд төрийн байгууллагад чөлөөтэй нэвтрэх, хуулийн хүрээнд зөвшөөрөгдсөн мэдээллээ чөлөөтэй авах эрх. Бид хотын захиргаа руу ороход Замын-Үүд боомтоор хил гарахын дайны, Төрийн ордон руу ороход гадаадын элчин сайдын яамнаас виз авахын дайны юм болно. Иргэдийг хүлээн авах байрны ажилтан таны үнэмлэх бичиг баримтыг аваад, эхлээд зураг хөрөг, хүчинтэй хугацаа, засаг захиргааны харьяалал зэргийг баахан үзнэ, тэгээд л цаашаагаа утсаар яриад суучихна. Ингэж нэлээд хүлээлгэсний эцэст, аз болж уулзах албан тушаалтан нь өрөөндөө байгаад, утсаа авч таарвал “нэвтрэх үнэмлэх” бичиж өгнө. Түүнийгээ бариад тэр дороо Төрийн ордон руу очоод хамгаалалтын албаны ажилтанд өгнө, нэгжүүлнэ, цүнх, саваа шалгуулна. Ингэж байж нэвтэрнэ дээ. Энэ бүхэнд дор хаяж 30 минут зарцуулна. Төрийн байгууллагаас хүссэн мэдээллийг заавал тухайн байгууллагад очихгүйгээр авах бусад сувгууд үнэхээр хаалттай. Утсаар бол “бүр өнгөрөө”, хэн, хаанаас, хэнтэй, ямар зорилгоор ярих гэж байгаа талаар 10 гаруй минут асууна, тэгээд 1 хүнд дамжуулна, тэр нь мэдэхгүй, ирээд даргатай уулз” гэснээр бидний яриа өндөрлөнө. “. . . . .байгууллагын ажилтан . . .. байна. Та ямар асуудлаар ярьж байна вэ? Манай байгууллагад хандсанд баярлалаа” гэх зэрэг утсаар ярих наад захын стандарт, соёл үгүй. Гадаад хүн яривал бүр ч дор юм болно.

Иргэдийн санал, өргөдөл, гомдлыг барагдуулах, саналыг сонсох талаар ч мөнхүү зөвлөмжид дурьдсан байна. Зорьж очсон байгууллагын ажилтан маань ажлаа мэдэхгүй байна, санал гомдол гарлаа, хэнд хандах вэ гэхээр “дарга руу ор, даргатай уулз” л гэнэ. Дарга маань үүдэндээ манаачтай, байнгын хуралтай, эсвэл гадуур ажилтай, гадаадад яваа гэнэ. Нөгөө хүн дахин ирэхээс төвөгшөөж, яваад өгнө. Утас руу нь залгахаар танихгүй дугаар, энгийн дугаар, цагаан утаснаас залгасан дугаарыг авахгүй. Ажлын утас нь байнга факсан дээр тохиргоо хийгдсэн байдаг бололтой, дүнгэнээд л байна. Ийм л дүр зураг өнөөгийн төрийн байгууллагуудын нийтлэг нэгэн дүр төрх болон бидний сэтгэхүйд хоногшжээ.
Харин төрийн албан хаагчдын нүдээр ажиллаж байгаа байгууллага нь яаж харагддаг, бүр тэдний дарга нарынх нь нүдээр яаж харагддаг бол?
Энэ бүхний эцэст дүгнэж хэлэх гэсэн гол санаа маань бол Авлигатай тэмцэх газрын гаргасан энэхүү зөвлөмжийн заалтууд бүгд өнөөгийн төрийн байгууллагад байгаа хамгийн гол дутагдал, “ёстой л ил харагдаж байгаа шинж тэмдэг”, “хүнд суртлыг бий болгох анхны шат” яах аргагүй мөн. Орж чадахгүй байгаа газар руугаа нэвтрэхийн тулд таньдаг хүнээ хайна, түүнтэйгээ утсаар ярина, асуудлаа шийдүүлэхийн тулд хоолонд хамт орно, бүр том гуйлттай бол бэлэг сэлт авч очно, билльярд тоглоно, салхинд гарна, ингээд л гинжин урвалд орж, сүлжээ улам өргөснө.

Гэтэл зөвлөмжийн бүх заалтууд төрийн байгууллагуудад аль хэдийн хэвшээд тогтчихсон байх ёстой нэг л хэм хэмжээний асуудал билээ. Гадаадын судлаачид, төрийн захиргааны соёл төлөвшсөн улс орнуудын иргэд үүнийг уншаад бараг л инээд нь хүрэх байх даа. Гэвч харамсалтай нь энэ бол “гашуун үнэн” билээ. Дэлхий дахины өрсөлдөх чадварын судалгаагаар Монгол улсад бизнес эрхлэхэд хамгийн их бэрхшээл учруулдаг 14 хүндрэлтэй асуудлын 4 нь Засгийн газрын хүнд суртал, авлига, ажиллах хүчний боловсрол хангалтгүй, үндэсний ажиллах хүчний ёс зүй сул гэдгийг нотолжээ. Өрсөлдөх чадвараараа 117 орноос дөнгөж 96-д орж, өмнөх оныхоосоо ухарсан үзүүлэлттэй байна.   
За ингээд энэхүү зөвлөмжөөс олон санаа төрж байна. Одоо түүнийг байгууллагууд хэрхэн хэрэгжүүлэхийг хараад л сууж байя. Ийм зөвлөмж гарсан байхад “та нар хүнд суртал гаргах ёсгүй, бид мэдээлэл авах, төрийн байгууллага, албан тушаалтантай уулзах, үйлчилгээ авах эрхтэй” гэж хэлдэг иргэд олон болоосой.