Нийгмийн төлөв байдал, төсөөллийн тухайд

A- A A+
Нийгмийн төлөв байдал, төсөөллийн тухайд

Дамбын Гантуяа
(Улс төр судлаач, сэтгүүлч)

Өөрийг нь бүрдүүлэгч иргэд, бусад институциэс бага хамааралтай юм шиг царцуу, болхи тогтцоос амьд, маш их хөдөлгөөнтэй, олон зүйл хамааралтай систем болтлоо нийгмийн тухай төсөөлөл шинэчлэгдэж байна. Нийгмийн амьдрал нь хатуу дүрэм, загварын дагуу зохицуулагддаг мэтээр нийтээрээ төсөөлдөг байсан цаг саяхан. Ердөө л 1988 онд ийм байлаа. Өнөөдрийн Монголыг удирдаж байгаа, бас улс орныг тэжээж сонгуульд оролцож байгаа, мөн орлого олох аргаа олж ядсан, сонгуульд оролцдоггүй, бүхнийг эсэргүүцэгч хэн бүхэн тэр л үед өсч торнижээ. Шинэчлэгдсэн төсөөллийн үед төрж өссөн иргэдийн түрүүч нь иргэний үнэмлэхээ авах цаг хараахан болоогүй байна.

Аливаа төсөөлөл нь тухайн зүйлийн бүтэц, тогтцын талаарх хийсвэржүүлсэн, цогц агуулгыг түүний аль нэг онцлог шинжтэй нь адилтган жишиж байдаг. Тийм учраас нийгмийг удирддаг давхаргатай “ярилцах” боломжгүй, шийдвэр бүхэн зөвхөн нэг газраас олон шат дамжин шүүгдэн гардаг тэр цаг үеийг Ю.Цэдэнбалаар, хатуу үзэл суртлаар, тахин шүтэлт, цагдалт, мөрдөлтөөр төлөөлүүлэн ойлгодог биз ээ. Царцанги, нүсэр, сүрчигнэсэн байдал нь хүнд суртал, улстөрийн намын овилгогүй үзэл суртлын шууд үр дагавар байжээ. Харин өнөөдөр бол тэс өөр. Хүн төрөлхтнөөс нийгмийг удирдах талаар бодож олсон хамгийн шилдэг арга болох ардчиллын нэгэн хувилбарын үр шимийг Монголчууд хүртэж дор бүртээ энэ цаг үеийн нийгмийг ямар нэг явцуу шинж, өнгөн байдлаар нь үнэлж төсөөлж байна.

Зарим нь төр хямарчээ, хатуу сахилга бат, төвлөрсөн босоо удирдлага хэрэгтэй гэж байхад коммунизм эргэж ирлээ, иргэний эрх чөлөө хумигдаж, орон нутгийн өөрөө удирдах боломж алдагдлаа хэмээн нөгөө нь дүгнэж, ийнхүү төсөөлж байна. Энэ мэтээр төсөөллүүд хоорондоо мөргөлдөж, харшилдаж байна.

Энэ бүх төсөөлөл, явцуурлын цаана нийгэм бүхэлдээ шинэчлэгдэж, хөдөлгөөнд орж, шинжлэх ухааных нь хэлээр бол системийн төлөв байдал өөрчлөгдөж байна. Өдөр, цагаар хэмжигдэх хурдтай, энэхүү нарийн үйл явцыг бид харин анзаарахгүй урсгал дунд нь хөвж, төсөөллийнхөө мананд төөрч явах шиг байна. Нийгэм хэмээх тогтцын хувьд сүйрэл, хөгжлийн торгон зааг их ойрхон байна. Системийн сүйрэл хэзээ болдог вэ? Сүйрлийг тойрч гарах жор бий юу? Монголд системийн анализ хийж сүйрлийг оношлогчид бий юу? Төсөөлөлдөө хуурагдсаар, улс орноороо нэг экипажийнхан шиг харанхуй ангал, хад асгыг тэмтчин манан дунд азаа үзсээр явах уу? Сүйрэл гарцаагүй юу гэх мэт олон асуудал энэ торгон зааг дээр тавигдаж байна.

Системийн нэг төлөв байдлаас илүү сайн төлөвт шилжихэд төлөв байдал улам муудна. Илүү сайн төлөв байдалд ойртох тусмаа системийн төлөв муудах хурд бүүр ихэснэ. Түүнчлэн энэ өөрчлөлтөд үзүүлэх системийн эсэргүүцэл нэмэгдсээр илүү сайн төлөвт ойртоход дээд хэмжээндээ хүрнэ. Хэрэв энэ эсэргүүцлийг давж чадвал илүү сайн төлөвт огцом шилжинэ. Эс давбал огцом сүйрлийн хурдаар муу төлөвтөө эргэж очно. Энэ бол системийн шинжилгээ хэмээх шинжлэх ухааны салбарын энгийн дүгнэлтүүдийн нэг. Зарим нь энэ салбарыг “Сүйрлийн онол” гэж нэрлэдэг. Миний чадан ядан хүргэж байгаа эдгээр өгүүлбэрийн цаана буй их аюулыг, гарцаагүй сүйрлийг та мэдэрсэн байх. Бараг л зурсан зураг, төөрсөн төөрөг гэдэг шиг, дээрээс буулгасан бурханы сургаал, дээдсийн лүндэн шиг сонсогдож байгаа биз ээ.

Тагнуул мөн бишдээ хүрч талцаж марган, өнөө, маргаашийн талхны үнэд хуурагдан, түүнийг дагасан төсөөлөлдөө өөрсдөө төөрөн сүйрэл рүү улам бүр ойртож байж ч болох юм.

Улстөрийн тогтолцооны төлөвшил, эдийн засгийн бодлогын төлөвлөлт, иргэний нийгмийн үнэт зүйлсийг цогцоор нь, амьд системийн хувьд авч үзэж өнөөдөртөө засгийн эрх барьж буй хэн нэгнээс үл хамаарсан, үндэстний хэмжээний аврах шүхэр, хөвөх завины нөөцийг даруй бүрдүүлэх шаардлагатайг та бидний хувьсгал, шилжилт, шинэчлэлт, тогтворжилт гэж нэрлэдэг хөдөлгөөн бүрийн цаана байгаа сүйрэл, огцом уналтын төлөв анхааруулж байна. Гарцаагүй нотолсон ийм үнэнийг хэн ч тойрч гарч чадахгүй нь илэрхий юм. Ийм сүйрлийг тойрч гарах бэлэн жор байдаггүй нь бүр харамсалтай.

Төсөөлөлдөө хууртагдаж, дараа нь тэр төсөөлөлдөө өөрсдөө итгэж, улмаар итгэлээ үнэн болгох гэж мунгинадаг төрийн бодлого газар авч байна. Эдийн засаг хөгжиж байна гэж сар бүр сониноор мэдээлсээр байна. Нөгөө системийн эсэргүүцэл ихэснэ гэсэн хаачсан бэ? Системийн эсэргүүцлийг гадаадаас авсан зээлээр дарж ирээдүйгээ их өрөнд нэгэнтээ оруулж эхэлжээ. Энэ өрийг төлөх үед систем ямар их эсэргүүцэл үзүүлэх бол оо! Эдийн засгийн шинэчлэлтийг зоригтой хийхгүй цаг алдваас хожим их чанга унах байдал Монголд бий болсоор байна. М.Энхсайханы гэж алдаршсан Засгийн газрын нэг жилд хийсэн багахан алхамуудыг эс тооцвол хуучин системийн эсэргүүцлийг давж гарах арга хэмжээ ер авсангүй. Бодвол сүйрлийг дараагийн Засгийн газарт өвлүүлж байгаа бололтой.

Парламентын чадвар муудснаар гүйцэтгэх засаглалыг хянах, бодлогоор дамжуулан удирдах суурь зарчмууд алдагдаж эхэллээ. Ц.Элбэгдоржийн үед эхлэл нь тавигдсан, ялсан намын дарга нь Ерөнхий сайд болдог гэсэн бүрхэг тайлбар бодит байдал болж байна. Үүний цаана парламентын засаглалтай гэж Үндсэн хуульдаа заасан бидний хувьд айхтар эрчтэй байж мэдэх зөрчил, түүгээр өдөөгдсөн хөдөлгөөн, тийм учраас бас нэг сүйрэл мөн л хүлээж байгаа бололтой.

Иргэний эрх чөлөө, хэвлэл, мэдээллийн хэрэгслийн бие даасан байдал тогтворжоогүй тохиолдолд нийгэм доторх уур амьсгалын хөдөлгөөн ямар сүйрэл авчрах бол?

Ийнхүү сүйрэл болох нь гарцаагүй юм бол хэзээ болох вэ гэдгийг одоохондоо хэлэх хүн алга байна. Гадаадад сургууль ном үзсэн, эх нутгаа гэсэн элэгтэй сэргэлэн Монгол залуус энэ асуудлаар барууны том шинжээчдийн түвшинд дүгнэлт хийх цаг ойрхон байгаа байлгүй дээ. Эдийн засгийн шинжлэлд Леонтьев, улстөрд Бзежинский шиг дүгнэлтүүд хэлж төрөө сүйрлээс авардаггүй юм гэхэд сүйрэл болохыг мэддэггүй, мэдсэн ч маньдаа хэлдэггүй төрийн өмнөөс жир иргэд бидэнд урьдчилан сануулж өгөхийг та нараасаа өвдөг сөгдөн гуйсан ч бэлэн байгааг үүгээр дамжуулъя.

Манайдаа эдийн засгийн өндөр боловсролтой гэгддэг Да.Ганболдын хэлснээр Монгол шиг жижиг зах зээлийг босгоход бага хөрөнгийг маш зөв зарцуулах хэрэгтэй гэдэг. Үүн дээр Монгол шиг тэвчээртэй, ухаантай, дээр нь итгэмтгий ард түмэн ховор гэдгийг эрхэм улстөрчид ашиглах л хэрэгтэй юм даа. Засгийн газартаа ноолуулсан парламент дэс дараалан хоёр удаа бий болж азгүйтэхгүй гэх магадлал их бий. Ирэх парламент 1996 оных шиг болбол өнөөдрийнх шиг “цадиггүй” Засгийн газартайгаа яаж харьцах бол оо! Яаж харьцахаас хамааран сүйрлийн утга агуулга тодорно. Юутай ч энэ л харьцаанаас болж, нэг үгээр хэлбэл “Ардчилсан холбоо” эвслийн парламент, Засгийн газар хоорондын зөрчлөөс болж л УИХ-д өнөөдөр 72 гишүүн нь нэг намаас сонгогдсон нь үнэн билээ. Хэдийгээр 76-гийн 72 нь нэг намаас сонгогдсон гэдгийг сүйрэл гэж хэлэхэд хэцүү ч цаад утгаараа тийм байгаа юм шүү дээ.

Гадаадаас зээлж аваад, буцааж өгөх ёстой өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнээ бараг давчихсан эдийн засаг бүхий ийм систем огцом сүйрэлд орчихгүйн тулд байрандаа л хий эргэж, татварын дарамтаар үйлдвэрлэгчдийг дарангуйлах л арга зам үлдэнэ. Эс болбол зайлшгүй сүйрэлд орох хувь тавилан хүлээж байна. Монголчууд бид бүх үнэнийг нэгд нэгэнгүй хэлж яриад, гарах бэрхшээлийг урьдчилан таниулаад, эрс шинэчлэл хийж хөгжлийн шинэ шатанд гаргах, тийм их эрчээр зайлшгүй ирэх сүйрлийг гэтлэх үйлсийг удирдах эх орон нэгтээ тэвчээртэй хүлээсээр байна.

Сүйрлийн хууль, үнэн байдал ийм л байна. Та нэг бол үхээнц царайлаад зүгээр л сууж бай, эсхүл тодорхой аюул, сүйрлийг гэтэлж золбоотойхон амьдар гэж бидэнд тулгаж байна. Зүгээр байхад зүгээр байхгүй бол зүгээр байхгүй шүү гэж чөтгөрөөс ламд хэлснийг сүйрэл бидэнд бүр бодитой сануулж байна.