Улс үндэстний гай гамшиг

A- A A+
Улс үндэстний гай гамшиг

Б.Батчулуун
(Философийн доктор)

(Авилгал, түүний эсрэг эрх зүйн орчны тухай эргэцүүлэл)

Оршилд өгүүлэхүй

Авилгал гэдгийг шууд утгаар нь авч үзэх юм бол А өөрийн ажлыг бүтээхийн тулд Б-д мөнгө юм уу эд хөрөнгө өгөх бөгөөд түүний хариу болгож Б ажлыг нь бүтээн өгч буй үзэгдэл. Энд юу нь буруу байгаа юм бэ? Нэг нь ажлаа бүтээж, нөгөө нь хөрөнгө, мөнгөтэй л болж байна. Өнгөц харахад гэм хоргүй, бусдад аюул занал учруулдаггүй, бие биедээ харилцан тус болж байгаа буянт үйлс мэт. Гэтэл хэрэг дээрээ энэ нь тийм бус ажээ. Б нь авсан мөнгө, эд хөрөнгийнхөө төлөө өөрийн хийх ёсгүй юмыг хийх юм уу, аль эсвэл хийх ёстой юмыг эс хийдэгт гол аюул нь оршиж байдаг. Ингэж хэн нэгэн албан тушаалтан үүргээ умартсанаар төр ялзарч, нийт улс үндэстний эрх ашиг хохирч үлддэг байна. Авилгалыг судалж, түүнтэй тэмцдэг олон улсын байгууллагаас (Transparency International) гаргасан нэгэн судалгаагаар, сүүлийн 30 – 40 жилд БНСУ, Африкийн Гана гэсэн хоёр улс бусад улс орон, олон улсын байгууллагуудаас ижил хэмжээний зээл тусламж авчээ. Гэтэл одоо энэ хоёр улсын хөгжлийн түвшин эрс өөр болж, нэг нь (БНСУ) дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байхад нөгөө нь (Гана) урьдын дорой буурай орон хэвээр үлджээ. Энэ бол авилгал улс орны хөгжилд ямар сөрөг нөлөөтэйг харуулах тод жишээнүүдийн нэг юм. Авилгалд өртсөн улсад гадны зээл, тусламж төдийгүй дотоодын татвар төлөгчдийн улсдаа шударгаар төлсөн мөнгө хүртэл элсэнд шингэсэн ус мэт алга болдог байна. Тийм ч учраас авилгалыг улс орны эдийн засагт наалдсан шимэгч хорхойтой адилтган зүйрлэдэг билээ.

Авилгалын тухай асуудал бидний түүхэнд

“Нууц товчоо”-нд өгүүлснээр, Тэмүүжин Тоорил ванд очиж “булган дах өгөх” бөгөөд хариуд нь Тоорил ван “бутарсан улсыг цуглуулж” өгдөг1. Үнэхээр Тэмүүжин өөрийн ажлыг бүтээхийн тулд Тоорил ванд булган дах өгч, Тоорил ван ч мөн тэр шалтгаанаар төр-улсын цэргийг хөдөлгөсөн бол хахуульдагч нь Чингис хаан, хахууль авагч нь Тоорил ван болж таарч байгаа юм.

Тэр үеийн монголчуудын авилгач зангийн тухай Монголыг анх дэлхий ертөнцөд нээсэн хүмүүс болох Плано Карпини, Гильом де Рубрук нарын аян замын тэмдэглэлд ч дурьдсан байдаг. Монголчууд жирийн нэг иргэнээсээ эхлээд мяндагтан зэрэгтэнээ хүртэл гадны элч төлөөлөгч, худалдаачдыг өөрийн нутаг дэвсгэрээр өнгөрүүлэх, эсвэл дээд зиндааны хүнтэй уулзуулахад зуучлах зэргээр хийх ёстой зүйлийг хийснийхээ төлөө байнга хахууль авдаг байжээ2.

Түүхийн дараагийн нэгэн үе болох Монгол улс харийн дарангуйлал дор байсан 300 орчим жилд авилгал ид цэцэглэсэн. Янз бүрийн цол хэргэм, албан тушаалыг ёс мэт авилгалаар олж авдаг байж. Өөрсдөд нь эзлэгдсэн нэгэн буурай улс орны дотоодод нь явагдаж буй ялзрал, хямрал манж нарт төдий хамааралтай биш байсан учраас хээл хахуульд хориг тавих нь бүү хэл улам бүр өөгшүүлэх хандлагатай байсан мэт сэтгэгдэл төрөхөөр байдаг.

Социализмын үед авилгал ихээхэн далд хэлбэртэй болж, тэр хэрээрээ ч авилгалын жинхэнэ хэлбэр рүү орсон. Авилгал энэ үед нэрээ өөрчилж бэлэг хэмээн нэрлэгдэх болов. Бэлэг, авилгал хоёрын зааг ялгааг гаргахад үнэхээр хүнд байдаг. Үнэхээр чи сэтгэл харамгүй бэлэглэж байгаа юм бол үнэ бүхий зүйл өгөх ёстой. Гэхдээ бэлэг чинь үнэтэй байх хэрээр та нөгөө хүнээ эрхэндээ оруулж буйгаа бас мэдэрнэ. Нэгэнт үнэтэй бэлэг өгсөн хүний хувьд тэр эрх мэдэл бүхий хүн дээр орж, юм гуйх эрхтэй болоод авна. Авилгалыг хэтэрхий илэн далангүй, улайн цайм өгөлцөж авдаг болсон өнөө үед ч бэлэг гэсэн нэрээр түүнийгээ далдлах явдал харагдсаар байна.

Авилгалын тухай онолын товч

АНУ-ын улс төр судлаач Д.Бейли, Ж.Най, К.Фридрих нарын судалгаанд авилгалыг “эрх мэдлийг хувийн зорилгодоо ашиглах”3, “хувийн эрх ашгаа хангахын тулд нийтийн эрх ашгийг үл тоомсорлох”4, “нийгмийн эрх ашгийг худалдсанаар хувийн эх ашгаа хангах”5 гэх мэтээр тодорхойлжээ. Эдгээр тодорхойлолтонд байгаа ерөнхий санаа бол авилгалын үндсэн шинж нь нийтийн эрх ашгийг хохироох замаар хувийн эрх ашгийг хангадаг гэсэн утга байгаа юм. Энэ нь ч үнэн. Тийм ч учраас авилгал ихсэх хэрээр нийгмийн хөгжил доройтож, харин авилгал багасах хэрээр нийгмийн хөгжил түргэсдэг урвуу пропорцианаль хамааралтай байдаг.

Авилгалыг өнгөц харахад нэг хүн нөгөөдөө мөнгө юм уу эд зүйл өгч байгаа эдийн засгийн хүрээнд гардаг материаллаг үзэгдэл мэт авч мөн чанараараа ёс суртахууны ялзрал юм. Оксфордын тольд тодорхойлсноор энэ үгний ёс суртахууны, хуулийн, физикийн, биологийн гэсэн дөрвөн утга байдаг. Эдгээрээс нэгдүгээр утга буюу ёс суртахууны ялзрал 6 нь бидний ярьж байгаа утга мөн. Материаллаг зүйлээр илрэн гарч байгаа ёс суртахууны уналтыг авилгал гэж болно. Авилгач хүн бол юуны түрүүн ёс суртахууны, дараа нь хуулийн гэмт хэрэгтэн байдаг.

Авилгал гэдэг энэ үзэгдэл голчлон эрх мэдэлтний хүрээнд гарах аж. Тэгвэл нийгэмд ажил хөдөлмөр эрхэлж байгаа ямар ч хүнд их, бага ямар нэг хэмжээний эрх мэдэл бий. Ямар ажил хийж байна, тэр хэмжээндээ эрх мэдэлтэй байна. Энэ эрх мэдлээ та хувийн зорилгоор ашиглаад эхлэх юм бол авилгал руу ойртож байна гэсэн үг (Энэ тухай жишээ баримтыг дараагийн хэсэгт арай дэлгэрэнгүй авч үзнэ).

Төрийн байгууллагуудын зохион байгуулалтын буруугаас болж авилгал гарах тохиолдол ч багагүй байдаг. Энэ бол хүнд суртлын тухай ярьж байгаа хэрэг. Зарим ажил хэргийн хүмүүс ажил хөөцөлдөх үедээ яам, тамгын газар болон бусад эрх мэдэл бүхий газруудад илүү шат дамжлага байгааг мэдэрдэг байна. Ийм нөхцөлд тэд замаа “товчлох” үүднээс гол шийдвэр гаргагчид “хууль бус замаар” ханддаг. Энэ нь бас л авилгал гарах нэг шалтгаан болчихдог тал бий.

Нэгэнт авилгалын тухай асуудлыг хөндсөнөөс хойш түүнтэй төрөл зарим нэг ойлголтын тухай авч үзье. Непотизм – энэ бол төрөл садан, ойр дотны хүмүүстээ эрх мэдлээ ашиглан хууль бус ивээл үзүүлэх явдал. Энэ нь монголчуудын хувьд тун өвөрмөц утгатай. Байгалийн хүнд ширүүн нөхцөлд нүүдлээр амьдарч байсан монголчууд бие биенийхээ тус дэмгүйгээр оршин тогтноход хүнд байлаа. Аж амьдрал ахуйн хүрээнд байсан энэ уламжлал өнөө хэр хадгалагдан үлдсэнээр үл барам нийгмийн амьдралын бүхий л хүрээнд өөрийн өвөрмөц төрх байдалтайгаар өргөн тархсаар байгаа юм. Энэ ёс заншлын үүднээс хууль бол юу ч биш. Ямар ч албан тушаалтан өөрийн төрөл төрөгсдөд хуулиас гадуур “тус хүргэх” явдлыг ёс бус зүйл гэж үзэхгүй бөгөөд бусад нь ч түүнийг “төрсөн ах, дүү, хүү, эцэгтээ” туслахгүй яах юм бэ хэмээн үзнэ. Протекционизм – энэ бол албан тушаалтан өөрийнх нь хувийн ажил, хэргийг бүтээж чадах хүнийг эрх мэдлээ ашиглан ивээлдээ авах явдал. Хэдийгээр албан тушаалтанд эрх мэдэл байвч нийгмийн бүхий салбарт танил тал байхгүйн улмаас зарим нэг туслалцаа авах шаардлагатай хүн байж болох бөгөөд түүнийг ивээлдээ авч ажиллуулах нь түүнд ашигтай. Албан тушаалаа хувийн эрх ашгийн үүднээс худалдаж байна гэсэн үг.

Монгол дахь авилгалын нөхцөл байдал

Тун сэтгэл түгшим нөхцөл байдалтай байгаа юм. Эдийн засаг, улс төр, ёс суртахуун гээд олон шалтгаантай байж болно, ямар ч байсан нийгэм авилгалд автсан, тэгснээрээ ч зогсонги байдалд орсон нийгэм болжээ. Хүн бүхэн гадарлаж ойлгож байгаа ч гэсэн, авилгал манай улсын хөгжил, цэцэглэлтэд хэрхэн саад болж байгааг илүү мэдэрч, ойлгох боломж олгох үүднээс доорх бодит жишээ, баримтыг дурдъя.

1999 оны VI – VII саруудад “Авилгалын эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөрийн” хүрээнд хийсэн судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 49.6% нь авилгал Монголд газар сайгүй тархсан 7 гэж үзсэн байгаа юм. Мөн 2000 оны III сард Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Зах Зээл Судлалын Хүрээлэнгээс хамтран явуулсан судалгаагаар доорх дүн гарчээ. Таны бодлоор аль нь авилгалд хамгийн өртөмтгий салбар вэ гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсад дараахь хариултыг өгчээ: I-д, Гаалийн байгууллага; II-д, Шүүхийн байгууллага; III-д, Татварын байгууллага; IV-д, Цагдаагийн байгууллага; V-д, Банк; VI-д, Боловсролын байгууллага; VII-д, Төр, захиргааны байгууллага; VIII-д, УИХ; IX-д, Эмнэлэг; X-д, Засгийн газар; XI-д, Төрийн өмчийн хороо гэсэн дэс дарааллаар хариулсан байжээ8. Эндээс харахад улс, орны хөгжилд хамгийн шийдвэрлэх нөлөө бүхий салбарууд авилгалд өртөмтгий байдаг байна.

Ер нь манай улс, олон улсад хэрэглэж мөрддөг авилгал судлалын индексээр 4.3 оноо авч 43-р байр эзэлсэн. Албан тушаал, хээл хахуультай холбоотой гэмт хэрэг 1991-1995 онд 389 гарч байсан бол 1996-2000 онд 1030-д хүрч даруй 2.6 дахин өсч, 2001 оны 1-р сард энэ төрлийн гэмт хэрэг урьд оны мөн үеийнхээс 33.3 хувиар нэмэгджээ. Авилгалын гэмт хэрэг маш хурдацтай өсч, нийгмийг улам бүр өргөн хүрээгээр хамрах боллоо. Тийм ч учраас 2001 оны V сарын 28 – 31-нд авилгалын асуудлаар Голландын Хааг хотноо болсон олон улсын хурал дээр авилгалд ихээр өртсөн улс, орнуудын тоонд Монгол улсын нэр дурдагдаж байжээ9.

Үнэхээр та ажил, амьдралынхаа алхам тутамд авилгалын янз бүрийн хэлбэрүүдтэй тааралдах болно. Автобусанд орно, кондуктор танаас мөнгө авсан атал өөрийн танилаас унааны хөлсийг авахгүй. Дэлгүүрт орно, танд барааны муу нь таарч, худалдагчийн танилд хамгийн сайн нь очно. Та хүүхдийнхээ багшид чихэр, жимсхэн өгсөн тохиолдолд хүүхэд тань зохих дүнгээ авах болно. Хүүхэд тань Х ангиа төгсөөд их, дээд сургуульд орох элсэлтийн шалгалт өгөх үед та хахуулийн сонгодог хэлбэртэй тааралдана. Эмнэлэгт хэвтэнэ, та эмчлэгч эмч, сувилагчдаа эргэлтийнхээ аль олигтойг өгч байж зохих эм, тариагаа хийлгэнэ. Удирдах албан тушаалтан дээр орох болно, нарийн бичгийн даргад нь үнэртэй ус, жижиг дурсгалын зүйл өгч байж уг дарга дээр орж чадна. Энэ бүхэн бол өдөр тутам, алхам бүрд маань тааралддаг авилгалын “хүлээн зөвшөөрөгдсөн” хэлбэрүүд. Албан тушаалтан томорч, хөөцөлдөж буй ажил хэрэг чинь нухацтай болох тусам авилгалын хэмжээ ихсэж, бас нууцлагдмал болно. Энэ “өвөрмөц ёс журмыг” зөрчиж, ном журмаараа явах гэсэн тохиолдолд таны хөөцөлдөж буй бүх ажил нурна. Бид ийм хачин зан заншил, ёс журамтай болчихсон нийгэмд амьдарч байгаа маань яахын аргагүй баримт билээ. Авилгал нь үнэхээр иргэнлэг хүн бүрийн сэтгэлийг түгшүүлсэн асуудал болоод байна.

Авилгалтай тэмцэх нь

Улс орнууд янз бүрийн арга, замаар авилгалтай тэмцэж байна. БНХАУ-д цаазаар авах ялыг хүртэл хэрэглэснийг бид хэвлэл, мэдээллийн хэрэгслээс мэдэж байгаа билээ. Хонконгд 1974 онд авилгалын эсрэг маш хүчтэй хууль баталж, авилгалын эсрэг төрийн албанаас гадуурх байгууллага болох Авилгалын эсрэг тэмцэх бие даасан Хороог байгуулсан нь их үр дүнгээ өгч байжээ.

Авилгалын тархац, хор хөнөөлөөр нь авч үзвэл энэ асуудал манай улсын хувьд зөвхөн хуулийн байгууллагын хүрээнд шийдэгдэх асуудал нэгэнт биш болж, энэ талаар улс, эх орноо гэсэн иргэн хүн бүр санаа зовох, санаа зовохоор үл барам өөр өөрсдийн хэмжээнд тэмцэл явуулах цаг болжээ. Энд өмнө дурьдагдсан МХАҮТ болон ЗЗСХ-гээс явуулсан судалгаагаар авилгалтай тэмцэх асуудал ямар түвшинд байна вэ гэсэн асуултанд судалгаанд хамрагдагсад доорх хариултыг өгснийг толилуулъя10.

Ярих төдий хэмжээнд байна 72.5%
Бага зэрэг ахиц гарч байна 20.1%
Хэлж мэдэхгүй байна 7.4%

Эндээс харахад, авилгалтай хийх тэмцэл олон түмний хүсэн хүлээж байгаа хэмжээнд хүрэхгүй байгаа юм.

Мэдээжээр энэхүү бэсрэг нийтлэлийн хэмжээнд хээл хахууль, авилгалаас гарах, түүнтэй тэмцэх бүх арга замыг өгүүлэх аргагүй. Тэр тусам энэ талаарх мэдээллээс хол, эрх мэдэл бага хүний хувьд хэрэгжих бололцоотой арга замын тухай өгүүлэхэд хэцүү нь мэдээж. Гэвч энэ тэмцлээс элдэв шалтгаанаар хойш суух эрх хэнд ч үгүйг ухамсарласны үндсэн дээр өөрийн санаа оноог илэрхийлэхийг хичээв.

Авилгал бол юуны өмнө ёс суртахууны уналт учраас түүнээс гарах үндсэн арга зам бол хувь хүмүүсийг ёс суртахууны хувьд төгөлдөржүүлэх явдал билээ. Гэтэл ёс суртахуунд нэгэн утгатай, хатуу шалгуур байдаггүй тул энэ арга зам маань хоосон яриа болон үлдэх магадлал ихтэй. Иймд илүү практик шинжтэй санал дэвшүүлэх ёстой болов уу!

  • Авилгал, хээл хахууль авсан, өгсөн тохиолдлын талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ил тод, чөлөөтэй хэвлэн нийтэлж, олон түмний сонорт хүргэж байх;
  • Авилгал, хээл хахууль гарах нөхцөл байдал, хор уршгийн талаар бүх шатны сургуулиудад хичээл оруулж, хүүхэд, залуучуудад авилгалыг жигших ухамсар эртнээс төлөвшүүлэх;
  • Авилгал заавал хэдэн саяар тоологдох хөрөнгө, мөнгөтэй холбогдож, төр засгийн дээд өндөрлөг, бизнесийн хүрээнд явагддаг юм биш. Амьдрал дээр өдөр тутамд тааралддаг, бид өөрсдөө ч авилгалын субъект болж байдгийг сануулсан богино хэмжээний жүжигчилсэн тоглолтыг телевиз, радиогоор явуулах (Жишээ нь, шалгалт өгч, авч буй багш, оюутан; эмчлүүлж буй эмч, өвчтөний харьцаагаар сэдэвчилсэн);
  • Авилгал, хээл хахуультай тэмцэх талаар иргэдийн санал бодлыг тусгасан төсөл, санал санаачлагыг урамшуулах хөдөлгөөнийг өрнүүлэх.

Дээрх саналууд бол хуулийн бус хүрээнд авилгалтай тэмцэх талаар дэвшүүлж байгаа саналууд бөгөөд одоо 1996 оны IV сард батлагдсан “Авилгалын эсрэг хууль”-тай холбоотой зарим саналаа доор илэрхийлье (дам сонссоноор энэ хуулийн шинэчлэн боловсруулсан төсөл одоо явж байгаа юм байна).

  • Юуны өмнө авилгалтай тэмцэх хууль нь хатуу чанга байхаасаа илүү хэрэгжих бололцоотой байх ёстой гэж бодогддог. Учир нь хэт чанга хууль авилгалыг улам бүр далд, нууц хэлбэртэй болоход нөлөөлж болно. Иймд харьцангуй “зөөлөн заалтуудыг” чанд биелүүлэх замаар хуулийн заалтуудаа аажмаар чангаруулах хэрэгтэй байж болох юм. Гэхдээ манай одоогийн мөрдөж байгаа хуулийг чанга гэж үзэх нөхцөл огт байхгүй. Иймд шинэчлэн боловсруулж байгаа хуулийн төслийн хэрэгжих нөхцөл, бололцоон дээр онцгой анхаарах ёстой.
  • Авилгалын хуулийн талаар авилгалд өртөмтгий салбарт ажилладаг эрх мэдэл бүхий хүмүүст сургалт, семинар зохион байгуулж, шалгалт аван, уг шалгалтын дүнг ажилдаа тэнцэх үү, үгүй юу гэсэн нэг гол шалгуур болгох.
  • Хувийн хэвшил дэх авилгалын талаар илүү тодорхой заалтуудыг оруулж өгөх.
  • Авилгалд өртөмтгий салбаруудын эрх мэдэлтнүүд орлогоосоо илүү баян, тансаг байдалтай (нүдэнд илэрхийгээр) амьдарч байгаа тохиолдолд хууль, хяналтын байгууллагаас шалгалт оруулж байх эрхийг хуульчилж өгөх.
  • 1996 оны хуулинд, хуулийн зохицуулалтанд хамаарах этгээдийг хэт явцуу тодорхойлсон. Жирийн иргэдийн хүрээнд ч зохих хэмжээний авилгал байдаг тул энэ заалтанд хамрагдагсдыг хүрээг өргөтгөх.
  • Уг хуулийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлага хэт хөнгөн (20000-30000, 30000-40000 төгрөгөөр торгох гэх мэт) байгааг чангатгах. Цаазаар авах нь юу юм, харин хорих хүртэл арга хэмжээг өргөнөөр авах.

Авилгал, хээл хахуультай хийх тэмцэл эрчимжиж, энэ сөрөг үзэгдэл багассанаар иргэд ёс суртхууны хувьд цэвэршиж, улс орон хөгжих нэг чухал нөхцөл бүрдэх нь мэдээж. Авилгалтай хийх бидний тэмцэл хамгийн эрчимтэй, үр дүнтэй байх болтугай!

1 Монголын нууц товчоо, Улсын Хэвлэлийн Газар, Улаанбаатар, 1976, 53-54 дэх тал
2
Жиованни Дель Плано Карпини. Монголчуудын түүх, Гильом де Рубрук. Дорно этгээдэд   зорчсон минь, Улсын Хэвлэлийн Газар, Улаанбаатар, 1988, 34,62,64,103,118-р талууд
3
Г.К.Мишин. Коррупция: понятие, сущность, меры ограничения. М., 1991, с.12
4
Nye J, Corruption and Political Development a Cost-Benefit Analysis. American Political Science. 1967 ¹2 (67) p.417
5
Political corruption: A hand book. Oxford Transaction. 1989, p.15
6
The Concise Oxford Dictionary, Clarendon Press, Oxford, 1995, p.301
7
Монгол Улсын Засгийн Газар, Авилгалын эсрэг тэмцэх үндэсний хөтөлбөр, 2000 оны 1-р сарын 14-22-ны хооронд Монгол улсад ажилласан олон улсын зөвлөх ноён Б.Дэ.Спевиллийн гурав дахь тайлан, зөвлөмж, Лондон хот, 2000, 1-р сар (монгол орчуулга) 13 дахь тал
8
Бизнесийн хүрээн дэх авилгал. Санал асуулгын тайлан, Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим. Зах Зээл Судлалын Хүрээлэн, Улаанбаатар хот, 2000 он, 3-р сар, Хавсралтын 4 дэх тал
9
2001 оны VI сарын 09-ны өдрийн (Бямба гариг) МҮТВ-ийн 20.00 цагийн Цагийн хүрд-ийн мэдээ.
10
Бизнесийн хүрээн дэх авилгал. Санал асуулгын тайлан, МХАҮТ, ЗЗСХ, УБ.2000, 22 дахь тал