Монгол Улсын Засгийн газраас Мэдээллийн технологийн тухай багц хуулиудын төслийг боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр хуулийн төслүүдийг боловсруулах болсон шаардлага, мэдээллийн технологийн салбар дахь эрх зүйн зохицуулалт, цаашдын төлөв байдлын талаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Ц. Мөнх-Оргилтой ярилцлаа.
Дээрх хуулиудын төслүүдийг боловсруулах болсон шалтгаан юу байсан бэ?
Мэдээллийн технологийн тухай багц хуулийн төслийн хүрээнд Мэдээллийн технологийн тухай ерөнхий хууль, Электрон хэлцлийн тухай, Электрон гарын үсгийн тухай, Электрон засаглалын тухай бие даасан хуулийн төслүүдийг ажлын хэсгийнхэн боловсруулаад байна. Энэ ажлын хэсэгт төрийн болон мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, компаниудын төлөөлөл оролцсон.
Эдгээр хуулийн төслийг боловсруулах хэд хэдэн шаардлага байна гэж үзэж байна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2000 оны 21 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн 2010 он хүртэлх үзэл баримтлал”-д үндэсний мэдээлэл, холбооны технологийн удирдлага, бодлого, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, электрон арилжаа болон мэдээлэл, холбооны технологид тулгуурласан бүх төрлийн үйлчилгээг дэмжиж хөгжүүлэх, татвар, гааль, даатгал, банк, санхүү зэрэг бизнесийн салбарын үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлэх, төрийн мэдээллийг нээлттэй болгох, төрийн байгууллага хоорондын үр өгөөжтэй мэдээллийн харилцааг хөгжүүлэх, төрийн мэдээллийн сүлжээ, сан мэдээллийн эрэлт хайлтын тогтолцоог бүрдүүлж, төлөвшүүлэх зэрэг стратегийн зорилтыг дэвшүүлсэн.
Мөн Засгийн газрын тогтоолоор баталсан "Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги”-д ч электрон засаглалд шилжих бэлтгэл ажил, мэдээлэл, холбооны технологийн чиглэлээр хийгдэх ажил, үйлчилгээ, өөрөөр хэлбэл, электрон засаглал, электрон арилжаа, электрон гүйлгээ, электрон гарын үсэг хэрэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчинг бий болгох талаар тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхээр тусгасан.
Үүнээс гадна амьдрал дээр мэдээллийн технологийн салбарт эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа нь байгууллага иргэдийн дунд явуулсан санал асуулгаар тогтоогдож байна.
Тэгвэл ийм хуультай болсны ач холбогдол юу байх вэ, Тухайлбал, эдийн засаг-бизнесийн ямар үр ашигтай вэ?
Мэдээллийн технологийн талаарх багц хуулийн төслүүд батлагдсанаар мэдээллийн технологийг ашиглах эрх зүйн орчин бүрдэнэ. Тухайлбал, Электрон засаглалын тухай хуулийг батлан гаргаснаар төрийн байгууллагуудын хоорондын үйл ажиллагаа болон төрөөс иргэд, хуулийн этгээдэд үзүүлэх үйлчилгээг электрон хэлбэрт шилжүүлэн гүйцэтгэх нөхцөл бүрдэж, төрийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, найдвартай байдал сайжрах ёстой.
Электрон гарын үсгийн тухай, Электрон хэлцлийн тухай хуулийг батлан гаргаснаар электрон хэлцэл, электрон гарын үсгийг бичгээр үйлдсэн хэлцэл, ердийн гарын үсэгтэй адилтгаж үзэх нөхцөл бүрдэж, тэдгээрийг үйл ажиллагаандаа ашиглах хэрэглээ нэмэгдэж, манай иргэд, аж ахуйн нэгжүүд орчин үеийн мэдээллийн технологийн эдгээр дэвшлийг ашигласнаар цаг хугацаа, зардал хэмнэх, гадаад улс орнуудтай түргэн шуурхай харилцах боломжтой болно. Адаглаад л цаасанд хутгалдаж суух маань багасна шүү дээ.
Гэхдээ энэ хуулийг хэрэгжүүлэх боломж бий юү. Хэдийгээр уг салбарт бид ихээхэн анхаарч байгаа боловч материаллаг бааз, боловсон хүчний хувьд энэ хуулийг хэрэгжүүлэх түвшинд хүрсэн гэж үзэж байна уу?
Нийгмийн харилцаа нь өөрөө бүрэлдэн тогтож бий болсон учраас хуулийн зохицуулалт хэрэгтэй. Хуулийн төслийг боловсруулахдаа өнөөдрийн материаллаг бааз, боловсон хүчний түвшинг харгалзан үзэх нь гарцаагүй боловч ирээдүйг харж, шинээр бий болох харилцааг угтаж зохицуулах шаардлага ч байна. Эрх зүйн зөв, ухаалаг зохицуулалт нь шинэ харилцаа үүсэн тогтнох нөхцлийг бүрдүүлдэг учраас аль болох олон талаас нь судалж, яарч тэвдэлгүй, гэхдээ цаг алдалгүй хуулиудаа батлуулах нь чухал байна. Мэдээллийн технологийн хууль эрх зүйн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, хууль хяналтын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын мэдээллийн технологийн мэдлэг, боловсрол зохих түвшинд бүрэн хүрээгүй байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ асуудлыг бид цаашид анхаарах ёстой.
Эстони, Энэтхэг зэрэг улс орнууд энэ салбарт тэргүүлдэг. Тэдний туршлагаас сонирхоход компьютер болон утасны үнэ хямд байдаг нь иргэдийг үүнд татах гол хүчин болсон байдаг. Харин манайд ямар аргыг нэвтрүүлж болох вэ?
-Мэдээлэл, холбооны технологийн хөгжүүлэх талаар улс орнууд янз бүрийн бодлого боловсруулж хэрэгжүүлж ирсэн байдаг. Засгийн газраас мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэхэд дөрвөн чиглэлийг баримталж ирсэн. Энд эрх зүйн зохицуулалт бий болгох, мэдээлэл, холбооны технологийн бизнес эрхлэх орчинг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, шаардлагатай дэд бүтэц бий болгох чиглэл багтаж байгаа юм. Зөвхөн дэд бүтэц бий болгох чиглэлээр хийсэн ажил гэхэд л бүх аймгийн төвүүд хүртэлх дамжуулах шугамыг тоон технологид шилжүүлж, улсын хэмжээнд нийт 4600 гаруй км шилэн кабелийн шугам тавиад байна. Энэ бүхний үр дүнд интернетийн үйлчилгээ хямдарч, хүртээмж нь ихсэх ёстой.
Манайд Миком, Датаком, Мэжикнет зэрэг мэдээллийн компаниуд бий. Тэд өөр өөрсдийн гарцаар олон улстай харилцдаг. Тэднийг нэг сүлжээнд оруулж томоохон суваг бий болгох боломжтой юу?
Интернетийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын харилцаа холбооны шийдэл ямар байх, тэднийг нэгдсэн нэг гарцтай болгох эсэх тухай асуудал нь мэргэжлийн байгууллага, энэ талын асуудлыг хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын эрхлэх хүрээний асуудал болов уу. Харин хэрэглэгчийн хувьд эдгээр компанийн гарц, холболт ямар ч байдаг байлаа гэсэн мэдээлэл дамжуулах хурд сайн, үйлчилгээний үнэ тариф хямд, сонголт сайтай байх нь чухал болов уу.
Бусад улс оронд дээрх хууль хэрэгжсэнээр хүнд суртал халагдсан жишээ бий. Одоогоор манайд энэ тухай ярьж байгаа хэдий ч нөгөө л бичиг цааснаасаа болоод хугацаа алдсан хэвээр. Энэ байдал хэр удаан үргэлжлэх бол?
Электрон засаглалыг хөгжүүлснээр засаг, төрийн үйл ажиллагаанд ил тод байдлыг нэвтрүүлэх, төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох боломж бүрдэнэ. Ингэснээр хүнд суртлыг багасгана. Энэ бүгдийг аль болох хурдан хэрэгжүүлж, ажил болгохоор бид зүтгэж байна.
Электрон засаглалыг бий болгосноор хурд хугацаа алдахгүй нь ойлгомжтой. Харин ажиллах хүчний хувьд цомхотгох шаардлага гарч ирнэ. Үүнийг зохицуулах талаар урьдчилан судалсан уу?
Электрон засаглалыг хөгжүүлэх үндэслэлийн талаар саяхан дурдсан. Энд төрийн байгууллагуудын зүгээс иргэд, аж ахуйн байгууллагуудад үзүүлэх үйлчилгээ, одоогийн байгаа бүтэц орон тоонд тулгуурлан төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түргэн шуурхай болгох тухай яригдаж байгаа ба ямар нэг бүтцийн өөрчлөлтийн тухай асуудал хөндөгдөнө гэж бодохгүй байна.
Электрон засаглалын тухай хууль батлан гаргаснаар мэдээлэл нээлттэй байх боломжтой юу?
Электрон засаглалын мэдээлэл нь төрийн болон нутгийн удирдлагын байгууллага, төрийн өмчит үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай холбоотой, тухайлбал, тэдгээрийн чиг үүрэг, тэдгээрээс батлан гаргасан шийдвэр, санхүүгийн тайлан, худалдан авах бараа, ажил, үйлчилгээний талаархи мэдээлэл, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй судалгаа, төсөл, арга хэмжээний тухай мэдээллээс бүрдэнэ гэж төсөөлж байна. Ашиглах хүрээг нь хязгаарлаагүй төрийн бүх мэдээлэл электрон хэлбэрээр хүртээмжтэй байх нь уг хуулийн хамгийн гол зарчим байхаар тусгасан.
Ингэснээр төрийн байгууллагын үйл ажиллагааны талаархи мэдээлэл иргэдэд илүү нээлттэй болох нөхцөл бүрдэх юм.
Төсөлд үйлчлэгч, хэрэглэгчдийн үүрэг, хариуцлагыг юу гэж тусгасан бэ?
Электрон гарын үсгийн тухай хуулийн төсөлд бид гарын үсэг хэрэглэгч, гарын үсгийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын эрх үүргийг тусгаж өгсөн. Тухайлбал, үйлчлэгч байгууллага нь өөрийн үйлчилгээгээр хэрэглэгчийг тасралтгүй хангах, гарын үсэгтэй холбоотой бүх төрлийн мэдээллийн нууцлалын аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэгтэй байхаар тусгасан.
Электрон засаглалын тухай хуулийн төсөлд электрон засаглалын мэдээллийн сангийн мэдээ, мэдээллийг хувийн болон улс төрийн хүчний ашиг сонирхолд нийцүүлэн өөрчлөх, электрон засаглалын мэдээллийн систем ашиглан олон нийтийг төөрөгдүүлсэн, дайн, хүчирхийлэл, ёс суртахууны гажуудал сурталчилсан, иргэнийг арьс өнгө, үндэс угсаа, нийгмийн гарал, хүйсээр ялгаварлан гадуурхсан мэдээлэл тараах, ашиглах хүрээг нь хязгаарласан мэдээлэлд хууль бусаар нэвтрэх, хуулбарлан устгах зэрэг үйлдлийг хориглохоор тусгасан.
Энэ хуулийн төсөлд нууцлалын тухайд хэрхэн анхаарч байгаа вэ? Сүлжээгээр холбогдон төрийн нууцад нэвтрэх оролдлого хийсэн тохиолдол байдаг. Үүнтэй уялдуулан асуухад өнгөрсөн онд Ерөнхий сайд Н. Энхбаяр гадаадад суралцаж байгаа оюутнуудтай интернет ярилцлага хийсэн. Энэ үеэр хакерууд нэвтэрч ярилцлагыг гуч орчим минут саатуулсан. Ийм тохиолдолд авах арга хэмжээг төсөлд онцгойлон тусгасан уу?
Энэ талын асуудлыг тусгайлан анхаарч хуулийн төслүүдэд тусгаад байгаа. Мөн хууль тогтоомжийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагыг тусгасан байгаа. Энэ багц хуулийн төсөл “Нээлттэй Засаг”, Нээлттэй нийгэм форум, Монголын хөгжлийн гарц, МИДАС зэрэг байгууллагуудын вэб сайт дээр бүрэн эхээрээ байгаа уншигчид танилцаж, санал бодлоо хэлэх бололцоотой юм.
Хөгжиж байгаа бусад оронд мэдээллийн нууцлал болоод нээлттэй байх тухайд хэрхэн анхаардаг вэ?
Мэдээллийн нууцлал, хүртээмж, аюулгүй байдал нь мэдээлэлжсэн нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсэг болох ёстой. Энэ утгаараа мэдээллийн аюулгүй байдлын талаар төр засгаас эхлээд байгууллага, хувь хүн бүхэн дор бүрдээ ойлголттой зохих мэдлэгтэй байх хэрэгтэй гэж үздэг. Мэдээллийн аюулгүй байдлыг хангах тал дээр өндөр хөгжилтөй орнуудын туршлагаас харахад хууль эрх зүй, удирдлага, бүтэц, зохион байгуулалт, техник, технологийн цогц аргаар хангадаг нь харагддаг. Тухайлбал, БНСУ-д мэдээллийн аюулгүй байдлын агентлаг хүртэл байдаг юм гэсэн. Бидэнд эдгээр орны туршлагаас суралцах юм байна гэж боддог.
Ер нь өнгөрсөн хугацаанд энэ салбарт эрх зүйн ямар ч зохицуулалтгүй байсан хэрэг үү?
Эрүүгийн хуульд компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх, нянтай программ бүтээх, ашиглах, тараах зэргээр компьютерийн мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зааснаас өөр мэдээллийн технологийн салбарт эрх зүйн зохицуулалт байхгүй гэж хэлж болно.
Энэ хуультай холбоотойгоор бусад хуульд өөрчлөлт оруулах уу?
Мэдээллийн технологийн багц хуулиудын төслүүдийг боловсруулах явцад одоо хүчин төгөлдөр мөрдөж буй зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарч байгаа. Тухайлбал, тоон гарын үсгийн үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий байгууллага үзүүлэхтэй холбогдон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах, бичиг хэрэг, архивыг электрон хэлбэрээр хөтлөн явуулахтай холбогдон архивын тухай хууль тогтоомж, дүрэм журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдана. Мөн банкны тухай, татварын тухай, гаалийн тухай хууль тогтоомжуудад ямар нэмэлт, өөрчлөлтүүд орох талаар бид судалж байна.
Электрон хэлцэл хийх, электрон гарын үсэг ашиглахтай холбогдуулж Иргэний хуульд зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарах байх.