Философи, хууль зүйн шинжлэх ухааны доктор, проф. Н.Лүндэндоржийн бичсэн энэ өгүүлэлд даяаршлын үе дэх Монголын хөгжлийн загвар, төрийн тогтолцооны асуудлыг хөнджээ.
Философийн доктор, хууль зүйн шинжлэх ухааны доктор, проф. Н.Лүндэндорж
ХХ зуунд хүн төрөлхтний хөгжлийн үнэлэмжийг улс төрийн болон шинжлэх ухааны талаас нь эргэж харахад хүргэсэн хоёр том үзэл баримтлал бий болсны нэг нь даяаршил, нөгөөх нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал юм.
Даяаршлыг үнэт зүйлсийн онолын үүднээс авч үзвэл яах аргагүй хөгжлийн тухай сургаал харагдана. Үйл явцын талаас нь авч үзвэл шинжлэх ухааны гэхээсээ илүү улс төрийн агуулга, үр дагавартай үзэгдэл, том гүрнүүдийн улс төр, эдийн засгийн сонирхол харагдана. Энэ хувьдаа даяаршил нь зөрчилтэй, нарийн түвэгтэй үзэгдэл юм.
Даяаршил ижилсэхийг тал бүрээр дэмжинэ. Ондоошихийг зожигрол гэж гадуурхана. Хүн төрөлхтөн тал бүрээр ижилсэх бололцоо бий юу, энэ нь зөв үү гэсэн асуудал зүй ёсоор гарна. Үүнд бага үндэстний зовлонг туулаагүй, туулсан ч мартсан том гүрнүүд болоцоотой, зөв гэж хариулна. Харин бага үндэстнүүд гадуурхагдахгүйн тулд даяаршина.
Энэ үүднээс авч үзвэл даяаршил нь бага үндэстнүүдийн хувьд эргэлт буцалтгүй үзэгдэл болжээ. Гэхдээ даяаршил гарцаагүй буюу зүй тогтолт үзэгдэл гэж түүнд хэт хөл алдах нь зожигорч үлдэхээс дутахааргүй үр дагавартай тул глобальчлал, этноцентризмын зохистой харьцааг зөв олох, ялангуяа жижиг үндэстэн ямар бодлого баримтлах тухай асуудал өнөөдөр нэн чухал байна. Даяаршилыг дагуулж явуулах бодлогын онолын үндэс нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлал гэж үзэж байна.
Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бол байгаль, нийгмийн хөгжлийн зүй тогтолд сонголтын боломжуудаа тохируулах, хязгаарлах явдал юм. Энэхүү сонголт, хязгаарлалтын агуулга, хүрээ нь нийгэм, эдийн засаг, улс төр, эрх зүйн хамгийн шилдэг загварыг хуулбарлах, даган дууриахыг зорих бус, харин хүн төрөлхтний сонгодог үнэт зүйлсийг сонголтын боломжийн дээд хязгаарын хүрээнд тусгасан өөртөө тохирсон тогтолцоог тогтоох явдал мөн. Хэрэв ингэж чадвал даяаршил тогтвортой хөгжлийн үндэс болно.
Иймээс Монгол үндэстний оршихуйн үндсийг хадгалж хөгжих тухай хөгжлийн загвар,үзэл баримтлалыг боловсруулж, төрийн түшээ нарын ширээний ном болгож, ямар ч үед түүнээс үл гажих итгэл үнэмшил, сахилга, ёс суртахууныг тогтоох явдал өнөөгийн хөгжлийн түвшинд хэрэгтэй байж болох юм. Манай одоогийн үндэсний хөгжлийн үзэл баримтлал энэ үзэл санаанаас нэлээд хөндий байна.
Орчин үеийн хүн төрөлхтний хөгжлийн загварын оройд төр, эрх зүйн тогтолцоо зүй ёсоор тавигдаж байна. Төрийн тогтолцоо зөв байвал нийгмийн бусад тогтолцооны хөгжил гольдролоороо хөгжих нөхцөл болдог. Тэгвэл Монголын төрийн тогтолцоо хөгжлийн тийм нөхцөл болж хараахан чадахгүй байна. Чадахгүй байгаагийн учир нь хөгжлийн хүрсэн түвшинтэй сонголтын боломж зөрсөнд оршино.
Түүний нэгэн тод жишээ бол төрийн тогтолцооны үндэс болсон засаглалын хэлбэр юм. Манай улс шинэ Үндсэн хуулиараа парламентын засаглалыг сонгосон. Засаглалын энэ хэлбэр Монголын хөгжлийн хүрсэн түвшинд ахадсанд оршино. Ахадсан гэж хэлж байгаагийн үндэслэл нь засаглалын энэ хэлбэр хөгжлийн тодорхой түвшин, урьдчилсан нөхцлүүдийг зүй ёсоор шаарддагт оршино.
Хөгжлийн тийм түвшин, урьдчилсан нөхцөлд юуны өмнө, хүчирхэг эдийн засаг, ардчилал, улс төрийн соёлын өндөр түвшинг шаарддаг. Хоёрдугаарт, нийгэм иргэний нийгмийн янз бүрийн ашиг сонирхлын байгуулагуудад задран хуваагдаж, улс төрийн намууд төлөвшиж, хууль зүйн төдийгүй нийгмийн байр суурь, дэмжигчдийн тогтвортой баазтай болж, тэдний ашиг сонирхол, үзэл бодлыг төрийн төлөөлөх болон хууль тогтоох бодлого, үйл ажиллагаанд оруулж, нийгмийн зөвшилцлийг хангах шаардлага бодитой бүрэлдсэн байх явдал байдаг. Ийм нөхцөл, хөгжлийн түвшин бүрэлдсэн улс оронд парламентын засаглал үнэхээр ач тусаа өгдөг. Тэр улс орны хувьд сонгодог загвар нь болдог.
Парламентын засаглалыг сонгохыг нөхцөлдүүлсэн дээрх нөхцөл, шаардлагуудын аль аль нь Монголын өнөөгийн нөхцөлд холын ирээдүй хэвээр байгаа юм. Цаашдаа ч нэлээд олон арван он жилийн хөгжлийн үр дүнд бүрэлдэн бий болох буй заа. Парламентын засаглалын хэлбэрийг сонгох хөгжлийн түвшин, урьдчилсан нөхцөл бүрэлдээгүй улс орон засаглалын энэ хэлбэрийг сонгохоор багагүй зовлон бэрхшээлтэй тулгардаг.
Тэдгээрийн заримаас дурдвал сонгогчдийн олон төлөөлөл төрийн бодлогын ард үлдэх, олонхийн дарангуйлал тогтох бололцоо бүрэлдэх, эдийн засгийн хомсхон нөөцийг улс төр, эдийн засгийн бүлэглэлүүд тал тал тийш чангааж, хөгжлийг удаашруулж, сүүдрийн эдийн засгийг бий болгох, авилгал хээл хахуул өсөх, хууль засаглахгүй байх зэрэг болно. Ийм нөхцөл байдлыг амьдрал дээр мэдэрсэн төр, засаг нь төрийн захиргааны байгуулагуудын үүргүүдийг хүссэн ч, хүсээгүй ч өндөржүүлэхэд хүрдэг. Ингэж цагдаажсан төрийн загвар тогтох үндэс бүрэлддэг.
Тэгэхлээр, манай орны хувьд цагдаажсан төрийн загвар руу хальтран орох уу, эсвэл засаглалын хэлбэрээ өөрийн хөгжлийн түвшинд нийцүүлэн өөрчлөх үү гэсэн сонголт тулгарч байгаа юм. Энэ бол сонгодог ардчиллын давуу тал, үнэт зүйлсийг хамгийн тод тусгасан засаглалын хэлбэрийг Монголын бодит нөхцөлд ашиглах гэсэн сайхан санаа бидний хүрсэн түвшний зөрөөнөөс үүссэн бодит бэрхшээл, даяаршил болон тогтвортой хөгжлийн зохистой харьцааны хөг аялгууг зөв олж чадаагүйн нэгэн түүхэн сургамж мөн.