Г.САЙХНАА
«Эдийн засгийн концепцийн үүднээс хандаж төрийн бус байгууллагыг ашгийн бус гэж томьёолмооргүй байна. Биднийг мөнгө авах ёсгүй гээд хүмүүс үнэгүй зарах гэнэ» гэж Төрийн бус байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэх олон нийтийн нээлттэй хэлэлцүүлгийн үеэр нэгэн төрийн бус байгууллагын тэргүүн болгоомжлонгүй хэлж билээ. 1990 оноос хойш манай улсын хувьд цоо шинэ үзэгдэл болон орж ирсэн төрийн бус байгууллага хэмээх ойлголт эдүгээ хуулиа боловсронгуй болгох хүртлээ хөгжиж, хөгжлийнхөө дараагийн үе шатыг угтахад бэлтгэгдээд байгаа ажээ. Уг хууль шинэчлэн өөрчлөгчид «ТББ гэдэг нэр томьёо нь хууль зүйн нэр томьёо биш. Төрөөс ангид байгууллагдсан, өөр зорилготой бүх хуулийн этгээд нь төрөөс гадуур буюу төрийн бус үүрэгтэй. Бид нэгдүгээрт, Иргэний хуулийн ангиллыг харгалзаж, хоёрдугаарт, дэлхийн чиг хандлагыг барьж ашгийн бус гэсэн хувилбарыг гаргасан» гэж уул хуулийг нэр томьёо болоод утга агууллгын хувьд өөрлөх гэж буй шалтгаанаа ерөнхийд иийн тайлбарлаж байгаа юм.
Одоогийн мөрдөж буй «Иргэний хууль»-д төрийн бус байгууллага гэдэг нэр томьёо байхгүй. Харин хуулийн этгээдийг ашгийн төлөө, ашгийн төлөө бус гэж хоёр ангилдаг юм байна. Гэхдээ ашгийн төлөө байгууллагад хамаарах компани, нөхөрлөлийн эрх зүйн зохицуулалт нь нэлээн боловсронгуйгаар тусгагджээ. Ашгийн төлөө бус байгууллагад (холбоо, хоршоо, сан) ямар байгууллага, хуулийн этгээд хамаарах, зохион байгуулалтын ямар хэлбэр, төрөл байх зэрэг нь одоогийн хууль тогтоомжуудад нэг мөр болж чадаагүй аж. өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллагын хууль нь боловсронгуй биш юм байна. Тийм учраас «Иргэний хууль»-ийн нэр томьёотой нийцүүлнэ гэвэл «Төрийн бус байгууллагын тухай хууль»-ийг «Ашгийн төлөө бус байгууллагын тухай хууль» гэж өөрчлөх, бүхэлд нь шинэчлэх шаардлагатай гэнэ.
Одоогоор хуулийн нэрээс эхлээд зөрчилтэй, нэг мөр тогтож чадаагүй зүйл их байгаа юм байна. Төрийн бус байгууллага, ашгийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн байгууллага гээд алинаар нь хуулиа нэрлэх вэ гэдэг дээр олон санал Хээль зүй дотоод хэргийн яамнаас Нээлттэй Нийгэм Форумтай хамтран зохион байгуулсан дээрх хэлэлцүүлгийн үеэр гарч байлаа. Ерөөс энэ асуудал энэ талаарх олон олон ярилцлага, семинарын үеэр байнга л дурдагдаж байдаг аж. Гадны орнуудын туршлагаас харахад ихэвчлэн ашгийн бус байгууллагын хууль, эсвэл ашгийн бус холбоо, сангийн тухай хууль гэж нэрлэдэг юм байна. Ашгийн бус гэдэг нь хандивлагч хүн ногдол ашиг, хүлээхгүй байна гэсэн үг. Нөгөө талаас Засгийн газар ч гэсэн нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллага гэж тайлбарлах хүмүүс ч байдаг. Бас ашгийн төлөө бус оршин тогтнох байгууллага нэг ч үгүй гэж үзэх хүн ч байна.
Төрийн бус байгууллага нь нийгэмд үйлчилдэг, гишүүддээ үйлчилдэг гэсэн статустай. ХЗДХЯ-д 4200 гаруй төрийн бус байгууллага бүртгүүлсний 80 хувь нь нийгэмд үйлчилдэг, 20 хувь нь гишүүддээ үйлчилдэг юм байна. Нийгэмд үйлчилдэг статустай төрийн бус байгууллагын орлогыг татвараас чөлөөлдөг. Харин гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдийн татвар, хандиваас бусад орлогод нь татвар ногдуулдаг хуультай. Тийм болохоор гишүүддээ үйлчилдэг байгууллага цөөн байдаг бололтой.
Анх «Төрийн бус байгууллага»-ын хуулийг боловсруулахдаа ардчиллын үйл явцыг дэмжих, улс төрийн эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулахыг зорьсон агаад түүнийгээ ч амжиллтай биелүүлж чадсан гэж эдүгээ олонхи нь хүлээн зөвшөөрч байна. Харин төр болон төрийн бус байгууллагын хоорондох харилцаа нь уялдаа муутай явж ирсэн учраас шинэ хуульд үүнийг тодорхой тусгах хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогсдын ихэнх нь ярьж байв.
1997 онд батлагдсан «Төрийн бус байгууллагын тухай хууль»-иар тус байгууллагын удирдлагын бүтэц, зохион байгуулалтыг маш их хялбаржуулснаар өнөөдөр энэ байгууллага борооны дараахь мөөг шиг олширчээ. Тухайн хүн өөрөө байгууллага байгуулж ажиллах нь Үндсэн хуульд заасан иргэний эрх боловч ажилладаг, үгүй нь мэдэгдэхгүй, олон нийтийн төлөө ажиллаж байгаа, үгүй гэдэг хяналтгүй болчихсон нь хуулийг эргэн харах бас нэгэн зайлшгүй шаардлагыг бий болгожээ. Тэгээд ч уг хуулийг гарснаас хойш төр, бизнесийн хүрээнийхэн хамгийн их ашигласан гэдэг. Төрийн эрх мэдэлтэн, хувийн компаниуд дэргэдээ төрийн бус байгууллага байгуулж хандив өргөдөг. Хандивыг татвараас чөлөөлдөг тогтолцоо байсан нь ийм сөрөг нөхцөлийг үүсгэжээ.
Хэдийгээр хууль батлагдсанаас хойш долоон жил өнгөрч, төрийн бус байгууллагуудын тоо хол гарсан ч, Үндсэн хуулийн зорилт биелэгдэнэ гэж үзэх нь өрөөсгөл. Харин зорилго, мөн чанартаа тохирсон нийгэм, хүмүүст хандсан, тэдэнд үнэхээр хэрэгтэй, тустай үйл ажиллагаа явуулж чадаж байна уу гэдэг агуулгаар нь тодорхойлох ёстой аж. Иймээс нэр томьёоноос эхлээд дүрмийн зорилгодоо нийцсэн аж ахуйн үйл ажиллагаа явуулж болох талаар маш тодорхой хуульчлах, татвар болон нийгэмд ашиг тустай үйл ажиллагааг дэмжих зөвлөл зэрэг зохион байгуулалтыг эргэн харах шаардлагатай гэнэ. Шинэ хуулийн төслийг боловсруулж олон нийт, төрийн бус байгууллагуудын саналыг сонсч буй ч одоогоор концепцийн хувьд тогтож чадаагүй байна.
АНУ-д Төрийн бус байгууллагын тухай хууль гэж үгүй. Үүнийг татварын хуулиараа зохицуулдаг. Япон улсад төрийн бус байгууллагууд нь төрийн ачааг үүрэлцсэнийх төлөө тэдэнд ямар нэгэн хөнгөлөлт ирдэг байна. Манайд ТББ-ууд төрийн үүргийг гүйцэтгэж байхад үүний төлөө нөхөн төлбөр олгох хэрэгтэй гэдэг санал зарим хүний амнаас цухалзаж байв.
Иргэний нийгмийн байгууллагыг гэр бүл, төр, шашин, эдийн засгаас ангид нэгдэл холбоо гэж үздэг. Мэдээж ардчилсан, иргэний нийгмийн төлөвшил хөгжилд иргэний нийгмийн байгууллага болох ТББ-ын үүрэг, оролцоо маш их. Иймээс иргэний байгууллагын жинхэнэ утгаар нь ажиллах орчинг нь бүрдүүлэхэд уг хуулийн зорилго чиглэгдэж, ТББ-ыг өргөтгөх, хамгаалах, төрөөс дэмжих тал руугаа хандсан байгаасай гэж хүсч байна.