Проф. Олхонуд Баярхүү
Эдүгээ ХБНГУ-д бүрдчихээд буй улс төрийн нөхцөл байдал яалт ч үгүй 2004 оны зуны Монголыг санагдууллаа. Улс төрд ийм ижилсэл газар тэнгэр шиг ялгаатай энэ хоёр үндэстэнд, тэгэх тусмаа харьцуулшгүй Герман, Монгол хоёрт бараг зэрэг шахуу тохиодог нь байх ёстой үзэгдэл үү хэмээн бүгд эргэлзэн гайхах шиг. Сонгуулийн хууль нь ялгаатай, тэнд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн холимог, энд мажоритари буюу 25 хувиас дээш саналаар сонгодог нь нэг гол ялгаа нь. Бас тэнд парламент нь хоёр танхимтай, гэхдээ парламентын хүчтэй засаглалтай, Ерөнхийлөгч нь манайхаас эрх мэдэл доогуур, гэхдээ парламентын сонгуулийг зарлах эрхтэй, манайд бол үгүй.
Харин эвсэж төр барьдаг “Их эвслийн” гэх олонхийг бүрдүүлдэг уламжлал нь Германд өмнө нь төлөвшсөн, манайд анх удаа туршигдан байгаа бас нэг ялгаа байна. Баруун, зүүний, төвийн намуудын парламент дахь хувь оролцоо, байршил Монгол, Герман хоёр процентоор авч үзвэл ойролцоо байж болох. Гэвч Германы парламентад хуучин коммунист асан нэг нам байна. Тэр нь “PDS” буюу “Ардчилсан Социализмын Нам” гэсэн нэртэй явснаа Социал-Демократ намаасаа зожигрон салсан хэсэгтэй нь нэгдээд “Зүүний Нам” гэж Германы түүхнээ байгаагүй шинэ нэрээр орж иржээ. Гэтэл жинхэнэ зүүн-төвийн социал-демократ нам нь нөгөөх Эберт, Брандт, Шмидт, өнөөгийн Шредерийн “SPD” хэмээх ГСДН зэрэгцээд байж байдаг. Манайх руу хүчээр холбож үзвэл, МАХН-ын лидерүүдийн нотлоод байгаагаар бол манайхны МАХН бол тэдний “Зүүний Нам” огтоос биш, харин Социнтернийн ууган нам – ГСДН-тай нь зэрэгцэж болохоор. Нэгэнтээ нэг дээвэр дор дэлхийн бодлого ярьж, жаргал зовлонгоо хуваалцан буй Социнтернээр МАХН, ГСДН хоёр яалт ч үгүй холбогдсон түүхэн ололтыг ганц намын бус, нийт монголчуудын ололт гэе. Харин “PDS” буюу “Ардчилсан Социализмын Нам” гэсэн нэртэй германы тэр шинэ намын уламжлалт өвөг дээдэс нь бол манай өнөөгийн МАХН-тай 1950-1990 онд ах дүү, төрөл садан явсан Германы Нэгдмэл Социалист Нам (ГНСН) бөгөөд Эрих Хонеккер хэмээх их удирдагчаар нь манай ахмад үеийнхэн андахгүй гэдгийг ор тас үгүйсгэж болохгүй. Өнөөгийн тэднийг МАХН “Бидэнд огт хамаагүй” гээд халгаахгүй яваа нь шинэ цагийн гүйлгэн ухаан буюу прагматизм юм.
Заавал төрөл саданжуулах гээд байгаа бол тэнд үнэмлэхүй олонхи болж чадаагүй баруун-төвийн Христосын Ардчилсан Холбоо (CDU) хэмээх хөрөнгөтний намыг механикаар татаж авчраад манай өнөөгийн Ардчилсан Намын герман загвар гэж ойлгож бас болно. Манайхны Ардчилсан нам бол зүүн-төвийн, төвийн, аядуу-төвийн (консерватизм, либерализм, центризм) бүх үзэл-урсгалуудыг нэгтгэн нийлүүлээд 2000 АН бол нэгдэж гарч ирсэн гэдгээр ярьж байна. Зохион байгуулалт-сэтгэхүйн зөв төлөвшлөөс (барууны капитализмын сонгодог загвар) зай барьж, хар прагматизмын замд орсон Ардчилсан намын хувьд Олон улсын Ардчилсан Холбоо хэмээх дэлхийн консерватив барууны намуудын эвсэлд хамтран яваагийнх нөгөөх “барууны капитализм” гэдгээ байнга сөхөж, сануулж явууштай.
Ямар ч атугай Монгол, Германы аль алинд нь барууны ба зүүний намууд байж байна. Тэд парламентад яг тэнцчихээд, эвсэхээс аргагүй байдалд хүрсэн нь түүхэн ижилсэл мөнөөсөө мөн. Ижилсэх ч яахав, харин эвсэнэ гээч тэр тамыг яаж туулдаг билээ. Германы түүхэн жишээ сургамжийн зах зухаас сөхвөл, “Их эвсэл” (сүрлэг гоё нэр) нэртэй ямар ч эвсэлд удаан нам байдаггүй, энэ бол жам ёсны үзэгдэл. 1960-аад оны дунд үед ХБНГУ-д тийм “зовлон” тулгарчээ. Барууны хүчний CDU, зүүн-төвийн SPD хоёрын суудлын тоо бараг тэнцчихээд барууны Ерөнхий сайд Кизингер, зүүний Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Брандт нар “Их эвслийг” толгойлжээ. “Хүйтэн дайны” төмөр хөшгийг давж Европын коммунист орнууд, юуны өмнө СССР-тэй харилцаагаа огцом сайжруулах, Дорнод Германыг де-факто зөвшөөрөх их үйлсийг тэд л хийж чадсан. Аль алин нь дангаараа олонхи байсан бол тэгэхгүй байсан гэх яриа таамаг бишгүй. Манайд яг одоо “Бид хийхгүй бол хэн хийхэв, одоо хийхгүй бол хэзээ хийхэв” гэж яриад байгааг германчууд 1960-аад онд нотолсон хэрэг.
Харин яагаад задарсан, хэн задалсан тухайд манайд туршигдаагүй, туршиж болох нэгэн хувилбарыг германчууд анх гаргаж иржээ. “Гурав дахь хүч” хэмээн манайхны яриад байдгийг Германаас олж үзэх хэрэгтэй. Тийм хүч нь одоо Бундестагт суудлаараа дээрхи хоёр гол намын дараа орж иржээ. ХБНГУ-ын түүх сөхвөл 1998 онд CDU ялагдаж, сөрөг хүч болсноос бусад бүх тохиолдолд Германы гурав дахь хүч ямагт засгийн эрхэнд байсан байх юм. Хоёр томын аль нэг нь онхолдвол дараагийн сонгууль хүртэл сөрөг байхаас өөр хуульгүй, харин гурав дахь гэдэг нь завсарт нь (хийнд нь) сугарч засгийн эрхэнд үлдээд ирсэн. Шеель, Геншер, Кинкелийн үе залгамжилсан Германы Чөлөөт Ардчилсан Нам (ЧөАН) хэмээх либерал-төвийн намыг энд би ярьж байна. Энэ нам 1969 онд Германы “Их эвслийг” задалж, социал-демократуудтай олонхийг бүрдүүлж CDU-г хөөж буулгасан ба 1982 онд дахин CDU-тай эвсэж олонхи болмогц засгийн эрхэнд үргэлжлэн заларсаар 1998 оныг хүргэжээ. Харин 1998 оны сонгуулиар “Ногоон Нам” хэмээх цоо шинэ, түүхнээ анхных гэж үзэх гурав дахь хүч Германд гарч ирээд одоо дахин тийм үүрэг хүлээх шахуу болоод байж байна.
Гурав дахь хүч “Их эвслийг” задалдаг жам хуулиар манай энэ эвслийг хэн хэзээ задлах бол гэсэн таамаг хувилбар бас байж болноо доо. Гурав дахь хүч байхын тулд Германы жишгээр улс төрийн эгзэг, тооцоо, дэмжлэгээ сайтар бодолцохоос илүүтэй олон улсын ямар нэгэн ижилсэл, төрөлжилтөө олж авах хэрэгтэй. Германы ЧөАН нь дэлхийн либерал, центрист намуудын Либерал Интернационал гэгч эвслийн бүрэн эрхт гишүүн бөгөөд ийм төрлийн намууд дэлхийн олон оронд, ялангуяа Зүүн Азид төр засагт нэлээд нөлөөтэй яваа. Харин манайд Либерал Интернационалын гишүүн ганц ч нам байхгүй бөгөөд ер нь олон улсын тийм эвсэл байдгийг мэдэх хүн олонгүй. Тэгэхээр УИХ дахь ИЗБНН, Эх орон намын аль нэг нь, эсвэл хоёулаа Либерал Интернационалын гишүүн болохоор зориг шулуудвал гадаадад айхтар том дэмжлэгтэй болох нь байна. Тэгсэн цагт германы ЧөАН шиг тасралтгүй юмаа биш гэхэд, ядаж 2008 он хүртэл засгийн эрхэнд ороод ирэх боломж байх шиг. “Их эвсэл” бүрддэг, задардаг ижилсэл туршлага Монгол, Германд төлөвших тэр мөч хэзээ вэ? Үүнийг уншигч Та тунгаана уу!!!