Проф. Олхонуд Баярхүү
Монголын нийгэм тогтворгүйтэх нь холгүй сүрт жагсаал, суулт 2006 оны Монголын хаврын өнгө болжээ. Ердөө саяхан Заамар дахь Оросын “Алтан Дорнод” компани цус урсгасан түүхэн үйл явдлын босгон дээр тулж ирсэн мэт байлаа Оросын “Известия” сонинд (2005.07.18) “Алтан Дорнод”-ын гүйцэтгэх захирлын орлогч Б.Игошин гэгчийн ярилцлага “Москва, Улаанбаатар хоёр ашигт малтмалын асуудлаас болж эвдрэлцэж магадгүй” гэсэн гарчигтай нийтлэгдэж, лиценз бүхий тэр газарт нь монголчууд үй олноороо уулгалан орж, уурхайн эргэн тойронд 5 000 орчим хүн бүгэж, Монголын нийгмийн аль л болохгүй юм тэнд бугласан тухай баримтаар дурдаад Оросын талд 10 сая ам.долларын хохирол учраад байна гэсэн байв. Архангайд “Монгол газар” компанийн алтны уурхайг тойрч мөн иймэрхүү үзэгдэл гарч, тэндхийн гол ус ширгэж хүн мал тогтохгүй, буун дуу нүргэлсэн тухай бараг өдөр бүх шахуу мэдээлж, Өмнөговь мөн “халуун цэг” болдог дээрээ яг одоо тулжээ.
Ашигт малтмал тойрсон эдгээр үзэгдлийг ажихад, бараг л “Хэн нь түрүүлж гал нээх вэ” гэдэг асуулт хүлээгдэж байгаа мэт сэтгэгдэл төрөхөөр, заримдаа XIX зууны Америк даяархи алт эрэгсдийн аймшигт дүрс, өлөн нүд, улангассан царай, ковбойн морин төвөргөөн нүднээ буух шиг. Энд би байгалийн орд баялгаа ашиглаж, бүтээн байгуулахын эсрэгээр тайлбар хайж байгаадаа хүлцэл өчөөд олон улсын жишгээс сургамж болгоё.
Уг нь ардчилал монголчуудад эрх чөлөөг нь олгож, бизнесийн аянд мордуулахдаа ийм дээрээ тулчихна гэж хэн ч төсөөлж байсангүй. Байгальд байж байгаа ашигт малтмалыг хууль номын дагуу олборлоод бүх юм болчихно гэж хөнгөн бодоцгоожээ. Байгалийн асар их баялаг, ашигт малтмал гэдэг нь эдийн засгийн ухаанаар авч үзвэл өдөр тутмын амьдралд тусах нь бага, гадаад валютын ханш хэт өндөр тогтоогдох, үйлдвэрлэл үйлчилгээний салбар гэхээсээ зөвхөн олборлох үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийгддэг өвөрмөц онцлогуудтай тул яг үйлдвэрлэлийнхээ горимоор бол хүн бүрт огт хүртээлгүй салбар юм. Газрын гүнээс урсах тэр их баялгийн нүд гялбуулам гайхамшиг бол зөвхөн өнгөн тал нь юм.
Ашигт малтмалын үйлдвэрлэлээс учирч болох байгаль орчны аюулыг хүмүүс нийтээрээ шахуу мэддэг боловч улстөрийн үлэмж аюул дагуулдагийг тэр бүр цөөхөн хүн анзаардаг болох нь Монголын нэн шинэ түүхээр нотлогдох гэж байна. Хамгийн ноцтой нь ашигт малтмалаас үүдэх улстөрийн үр дагавар бөлгөө. Хууль үйлчлэхгүй, хүссэн болгоныг зоргоор нь тавибал нийгмийн мөргөлдөөн, зэвсэгт тэмцэл, бүр иргэний дайнд хүргэсэн тохиолдол нэлээдгүй бий.
Тэр их баялгийг худалдан борлуулсан орлогыг захиран зарцуулдаг нийгмийн тусгай бүлэг үүсч, эрх мэдэлд хүрмэгцээ дарангуйлал тогтоох замд ордог нь жам юм. Хэдхэн тооны эрх баригчид, хэдхэн компанид унацтай тусч, чингэхдээ өрсөлдөөний хэлбэрээр байнга улстөрийг бужигнуулдаг түүх даян дэлхийгээр нэг бий. Мэдээж энд бүтээн байгуулалт байхыг үгүйсгэж болохгүй ч шинэ техник, технологи, ноу-хау гэхчлэн дэвшлийн цаана шал өөр юм нуугдаж байдаг ажээ. Ухаж гаргаж ирсэн баялгийг захиран зарцуулах дээр мафи, аллага, дээрэм, рекет, иргэний дайн дэгдсэн гашуун сургамж Африк, Латин Америк, Лалын ертөнц, Кавказ, Төв Азид байсан, одоо ч бий.
Зөвхөн лиценз олгох, хамтран эзэмших нь өрсөлдөөний маш том талбар болж хувирдаг ба ийм байдал удтал үргэлжилбэл ардчиллын институцид нь маш их аюул учруулна. Органик түлш, эсвэл үнэт чулуу, ашигт малтмал, төмөрлөг бүхий газар нутгийг тойрсон зөрчил маргаанаас дэлхийн хэмжээний болон бүс нутгийн бараг бүх дайн мөргөлдөөн дэгдсэн түүх томхон сануулга болсоор байна. Дэлхийн I, II дайнууд юунаас үүдэлтэй, ангийн тэмцэл, геополитик, нөлөөний хүрээ гэхээсээ нефть л тэр дайны эх сурвалж байв. Жишээ нь Сталинградын түүхэн тулалдаан бол Кавказын нефтийн төлөөх алалцаан байсныг түүхчид нэгэнтээ нотолсон.
Ашигт малтмал дагасан эл тоглоом улстөрийг авилгалд хүлж, төрийн машиныг бусниулдаг жишээг Орос, Чечень, Азербайжан, Заир, Уганда, Нигери, Венесуэл, Бирм зэрэг байгалийн асар их баялаг бүхий орнуудаас харсаар байна. Ходорковскийн хэрэг дэгдээд, Оросын олигархи, мафийн сүлжээ рүү дайн зарлаад, хэн ялах нь аанай л тодорхойгүй байна. Ялалтын эцсийн үнэ цэнэ бол цаанаа нөгөө л ашигтмал малтмалын хэдэн орд байгаа. Гайгүй сайн алт ухаж, хэрдээ бэхжээд Төв Азидаа ардчиллаараа хошуучлан явсан Киргизэд иргэний дайн бараг дэгдэж, Ерөнхийлөгч нь зугтсан ба түүний гадаад дахь дансанд хоёр тэрбум ам.доллар орж, харин Киргиз ах дүүс маань хувхайртлаа ядуурсан гашуун жишээ дөнгөж өчигдөр л ил болж байна. Хар Африкийн зард гарсан дарангуйлагчид, хүний махан тэжээлтэн хаад ноёд, маршалууд, тэднээс үүдсэн олон жилийн партизаны дайн, угсаатны цэвэрлэгээ, хээл хахууль ба ДОХ-д улсаараа нэрвэгдсэн гашуун үнэн, энэ бүгд ашигт малтмалын ордуудаас л үүдэлтэй. Эсвэл Арабын их шейхууд байна. Газрын тос, байгалийн хийн орд дээр тэд хувьдаа диваажин босгож, Нью Йоркоос үдийн зоогоо онгоцоор авчруулан зооглож, хайртай тэмээгээ таван одтой буудалд буулгаж хөгөө чирч явсан нь нөгөөх л ашигт малтмалын хахуульдаа хэт сагасны жишээ гэлтэй. Энд ардчилал, хүний эрхийн тухай ярих нь бүү хэл, дөхүүлэх ч хэрэг алга.
Байгалийн баялаг, ашигт малтмал нь ардчиллыг ч, төрт ёсыг ч бэхжүүлэх бус, харин тэгж бэхжих үйл явцыг ямагт салгалуулдаг жамтай. Үүнийг НҮБ-аас тогтоожээ. Харин 1990-ээд оноос Монголын улстөрд моод болоод, нотлогдоод буй тэр үзэгдлийн хор уршгийг монголчууд мэдрээгүй яваа, гэхдээ ирээдүйд мэдрэнэ, нийгмийн томхон мөргөлдөөний харанга нэгэнтээ дэлдсэн.
Монголын эдийн засгийн хувьд олборлох үйлдвэрлэл, түүний дотор ялангуяа зэс, алтны салбарын огцом өсөлтөд үндэслэсэн эдийн засгийн сэргэлт буюу нөгөөх 2005 оны “10.6 хувь” гэгч нь зарим талаар итгэл төрүүлж байж болох юм. Монгол Улсын байгалийн баялаг далай шиг биш, хөрш Орос, Хятад, Казахстаны дэргэд өчүүхэн, тэгсэн хэрнээ бид түүнийгээ ашиглах боломж муутай, тэр хэрээрээ нь Монгол орон ил далд лицензийн сүлжээнд баригдаж, хахууль цэцэглэж, тэр нь ниймгийг талцуулах дээр тулчихаад байна. Ашигт малтмал олборлосны орлого жирийн иргэдийн аж байдлыг аяндаа сайжруулдаггүйг орос, туркмен, казах, азер, африкийн харуудын туршлага тодорхой харуулсан шиг одоо монголчууд бидэн дээр нотлогдож байгаа бус уу?