Монгол айл гэрийн хөгжлийн тулгамдсан асуудлууд

A- A A+
Монгол айл гэрийн хөгжлийн тулгамдсан асуудлууд


Социологийн шинжлэх ухааны доктор, профессор Х. Гүндсамбуу

XX зуунд Монголын нийгэмд хувьсгалт өөрчлөлтүүд, бас эмгэнэлт үйл явдлууд олонтоо тохиолдсон ч улс үндэстнээ мөхлийн замаас гаргаж, хүн амаа 1900-2002 онд 636.7-оос 2475.4 мянган буюу 3.9 дахин нэмэгдүүлэн, ардчилал, зах зээлийн зам дээр эргэлт буцалтгүй гарчээ. 1918, 1935, 1944, 1956, 1963, 1969, 1979, 1989, 2000 онд явагдсан хүн амын тооллогоос Монголын хүн ам хэрхэн өссөнийг харвал, 1918-1935 он буюу 17 жилд 90.7 мян.хүн (14%), 1935-1944 он буюу есөн жилд дөнгөж 20.9 мян.хүн (2.8%), 1944-1956 он буюу 12 жилд 86.4 мян.хүн (11%)-ээр өсч, жилийн дундаж өсөлт нэг хувьд хүрэхгүй байлаа. Харин 1956-1963 он буюу долоохон жилд 171.6 мян.хүн (20%), 1963-1969 он буюу зургаан жилд 180.5 мян.хүн (18%), 1969-1979 онд буюу 10 жилд 367.4 мян.хүн (33%), 1979-1989 онд 449 мян.хүн (28%), 1989-2000 онд 329.5 мян.хүн (16%)-ээр тус тус өсчээ. Эндээс үзэхэд манай улсын хүн амын өсөлт 1970, 1980-аад оны заагт оргил үедээ хүрч, одоо эргээд буурах тийшээ хандаж байна.

Монгол Улс сая хүнтэй болохын тулд өнгөрсөн зуунд 63 жилийн нүүр үзсэн бол хоёр дахь сая хүнтэй болоход харин тав, зургаан жил л шаардагдсан юм. Дал, наяад оны өөдрөг бөгөөд дэврүүн прогнозоос үзэхэд өдийд гурван сая хүнтэй болчихмоор байлаа. Гэтэл хүн амын нөхөн үйлдвэрлэлийн хэв маяг өөрчлөгдөхийг, төрөлт буурахыг, казакууд нүүхийг тэр үед хэн нь ч төсөөлөөгүй. Мөн ардчилсан хувьсгал болох, зах зээлд шилжих, хүний эрх, тэр дундаа оршин суух эрхээ эдлэн ард иргэд хот руу хоёр дахь "их нүүдэл" хийх, гадаад руу олон мянгаараа цагаачлах тухай асуудал хэний ч толгойд орж байсангүй.

 Нийгэм тэр аяараа гүнзгий өөрчлөгдөхийн хэрээр хүн ам зүйн үйл явц орвонгоороо эргэлээ. Ийм нөхцөлд хүн ам зүйн бодлогоо бүхэлд нь, айл гэрийн бодлогоо тусгайд нь авч үзэх нийгмийн захиалга үүсэх нь тодорхой. Тэгвэл өнөөдөр төрөлт 1.4 хувиас хэтрэхээ больж, гэрлэлт хожуусч, анхны хүүхэд оройтоод зогсохгүй айл гэрийн түвшинд л гэхэд салалт нэмэгдэж, хамтран амьдрах, эмэгтэйчүүд өрх тэргүүлэх, харийнхантай гэрлэх, зараар танилцах, цөөн хүүхэд төрүүлэх мэтийн шинэ сонин үзэгдлүүд бодитой болов.

 Монголын өнөөгийн айл гэрийн хөгжлийн онцлог шинжүүд:

 Хүн ам ба айл гэрийн өсөлтийн харьцаа нь нэлээд чухал үзүүлэлт тул түүнийг хүн амын тооллого хоорондын үзүүлэлтээр сонирхоё.

Нийт хүн амын ба айл гэрийн өсөлтийн харьцаа (хувиар)

  Онууд 1956-1963 1963-1969 1969-1979 1979-1989 1989-2000
Хүн амын өсөлт 20 18 33 28 16
Айл гэрийн өсөлт - 4...0 7.0 32 38 26

1956-1969 хүртэл хүн амын өсөлтөөс айл гэрийн өсөлт хоцорч, өөрөөр хэлбэл хүүхдийн өсөлт зонхилж, айл гэр өнөржиж байсан бол 1969-1979 оны хооронд хүн амын айл гэрийн өсөлт бараг тэнцүү болжээ. Түүнээс хойш хүн амын өсөлтөөс айл гэрийнх нь 10 нэгжээр илүү буй нь гэрлэлтийн насныхны нөөц нэмэгдсэний үр дүн юм. Гэхдээ 20-39 насныхан буюу гэрлэлтийн насныхан 1979-1989 онд 60 хувиар, 1989-2000 онд 35 хувиар өссөнийг бодолцох юм бол хүн амын өсөлтийг айл гэрийнх гүйцэхээ больж, гэрлэлт оройтох, гоонь болон нөхөргүй эмэгтэйчүүдийн өрх олшрох, гадаадынхантай гэрлэх болсныг илэрхийлнэ. Иймд эрт гэрлэлтийг урамшуулж чадахгүй юмаа гэхэд ид насныхны гэрлэлтийг тогтонги болгох, урамшуулах, бэхжүүлэх талаар төрийн бодлого боловсруулж, хэрэгжүүлэх нийгмийн захиалга, эрэлт шаардлага хэдийнээ бий болжээ.

Нэг талаас залуучуудын боловсрол, мэргэжил эзэмшилт, нөгөө талаас
хотжилын үйл явцаас шалтгаалан тэдний гэрлэх нас хожуусах хандлага гүнзгийрч
байна. 1956 онд 20-24 насны эрэгтэйчүүдийн 26.7; эмэгтэйчүүдийн 65.5 хувь нь
гэрлэсэн байсан бол 2000 онд харьцуулах үзүүлэлт 29.3:48.7 болжээ. Ийнхүү
эмэгтэйчүүдийн гэрлэлт илт хожуусах болов. Хожуу гэрлэлт нь ууган хүүхдийн
орой төрөлт, цөөхөн хүүхдийг нөхцөлдүүлж, ууган, отгон хүүхдийн хоорондын зайг
багасгаж байна.

 Айл гэрийн нэгэн үзүүлэлт нь ам бүлийн дундаж тоо буюу өрхийн
бүрэлдэхүүн юм. Нэг өрхөд ногдох хүн 1918 онд 4.3; 1935 онд 3.7; 1944 онд 3.5;
1956 онд 3.5; 1963 онд 4.3; 1979 онд 5.1; 1989 онд 4.8; 2000 онд 4.3 байв. Тодруулж хэлбэл манай улсын хүн амын залуужилтын үйл явц хоёр мөчлөгтэй
бөгөөд эхний мөчлөгийн үед хүүхдийн өсөлт давамгайлж, айл гэр өнөржин, 1979
онд хамгийн дээд үзүүлэлтдээ хүрэв. Түүнээс хойш төрөлт буурч, хүн амын өсөлт
залуучуудын өсөлтөөр хангагдах болов.

Ам бүлийнх нь тоогоор айл гэрийг гоонь, дан, цомхон, өнөр хэмээн бүлэглэвэл дараахь байдлаар өөрчлөгдөж ирэв.

 Өрхийн бүрэлдэхүүн (хувиар)

  1963 1969 1979 1989 2000
Гоонь 10.0 8.7 8.1 8.6 6.5
Дан 18. 0 14.6 12.6 11.5 10.6
Цомхон 52. 0 53. 2 40. 7 46. 2 58. 5
Өнөр 20. 0 23. 5 38. 6 33.. 7 24. 4
Бүгд 100 100 100 100 100

Хүснэгтээс үзэхэд нэгт, өнөр гэр бүлийн хувийн жин 1979 он хүртэл өсч, бараг таван өрхийн нэг нь болсноо одоо дөрвөн өрхийн нэг болжээ. Хоёрт, эцэг эх нь хүүхдүүдтэйгээ амьдардаг нуклеар буюу нэг үеийн цомхон гэр бүл байнга зонхилж байсаар одоо тавны гурван хувьд дөхөж очжээ. Гуравт, "хоосон үүр" гэгдэх ахмад юмуу шинэхэн хүүхэдгүй айл гэрийн хувийн жин 1956 онд 18.0 нэгж байснаа одоо 10.6 болжээ. Дөрөвт, ганц биеэрээ гоонь амьдрагчид арван өрхийн нэг нь байснаа өдгөө 6.5 нэгж хүртэл буурсан нь олзуурхууштай зүйл юм.

 Өнөр айл гэрийн хувийн жин буурсан нь монгол айл гэрийн яахын аргагүй эмгэнэл юм. Социализмын үед хүн амын өсөлтийг дэмжих (пронаталист) бодлого амжилтад хүрч, өнөр айлыг зүйл бүрээр нам, төрөөс тэтгэн дэмжиж, хөхүүлэн урамшуулж байлаа. Тухайлбал "Алдарт эхийн" I, II, зэргийн одон, хүүхдийн мөнгө, жирэмсний ба амаржсаны дараах амралт, тэтгэлэг, өлгий сүүний мөнгө, ихэр хүүхдийн урамшуулал зэргийг давын түрүүнд дурдалтай. Хүн амын өсөлтийг дэмжих бодлого бүтэлгүйдсэн туршлага, сургамж бусад улс оронд зөндөө. Харин манайх шиг огцом өөрчлөгдсөн нь ховор. Манай улсад оргил төрөлт 1988 онд тохиож 75.8 мянган төрөлт бүртгэгдсэн бол 2002 онд 46.9 мянга болж, даруй 38.2 хувиар буурав. Гэтэл төрөлтийн насны эмэгтэйчүүдийн тоо гуравны нэгээр нэмэгдсэн билээ.

 Эмэгтэйчүүдийн төрөлт буурсан нь тэдний боловсролын төвшингийн өсөлт, ажил эрхлэлт, хүүхдийн нийгмийн үнэлэмж өөрчлөгдсөнтэй, хамгийн гол нь эдүүгээжилттэй холбоотой нь маргаангүй.

 Зах зээлийн үеийн айл гэрийн өөрчлөлт.

 Ардчилал, зах зээлийн харилцаанд шилжиж эхэлмэгц Монгол айл гэрийг нэлд нь нөмөрсөн, түүний хөгжилд халгаатай хам шинжүүд үйлчлэх болсон. Тухайлбал:

Монголын өнөөгийн айл гэрийн ертөнцөд гарсан томоохон өөрчлөлтийн нэг
нь хамтран амьдрах буюу хууль бус гэрлэлт, гэр бүл болно. Хүн ам, орон сууцны
2000 оны тооллогоор энэхүү сонин үзэгдэл арван тав, түүнээс дээш насны
гэрлэлтийн байдлаар тооцоход 7.3 хувийг эзэлж байна. Харин гэрлэсэн хүмүүсийн
аравны нэгээс илүү гарч байна. Хамтран амьдрах явдал эрэгтэй, эмэгтэйчүүдийн
хувьд тэнцүүхэн, харин хотод хөдөөнөөс 2.4 олон байгаа юм. Мөн баталгаатай ба
баталгаагүй гэр бүлтэй хүмүүсийн харьцаа 18-19 насныхны дунд 1:1.03; 20-24
насныхны дунд 1:0.45; 25-29 насныхны дунд 1:0.24 байгаа нь зүй ёсоор анхаарал
татна. Хамтран амьдрах явдал оюутнууд, төрөлх гэрээсээ зайдуу амьдрагчид, хотын залуучуудын дунд бодитой үзэгдэл болжээ. Түүнээс гадна гадаад, дотоодын шилжих хөдөлгөөн идэвхжиж, баталгаатай гэр бүл тусдаа амьдрах болсноос Солонгос, Герман, Америкт амьдрагчдын дунд "орчноо тохижуулах" явдал хэвийн зүйл мэтээр үзнэ. Үүнийг хайр дурлал бус, хар захаас эхэлсэн зах зээл илүүтэй зохицуулах бололтой.

Монголын өнөөгийн айл гэрийн харилцаанд бий болсон өөр нэгэн сонин
үзэгдэл бол гадаадынхантай гэрлэх болсон явдал юм. Эх орондоо
гадаадынхантай гэрлээд зогсохгүй харьд хадамд гарах учрал эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолдох болов. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, хүн амын залуужилтын эхэнд манай хүн ам суга өссөн юм. Гэтэл гэрлэгч хосын насны зөрөө дунджаар дөрвөөс таван жил, ихэнхдээ нөхөр нь ах байдаг нь тогтсон ёс. Үүнээс үүдээд эмэгтэйчүүдийн харьцангуй илүүдэл, эрэгтэйчүүдийн дутагдал үүсч, гэрлэлтийн "зах зээл" дээр эрэлт, нийлүүлэлтийн тохироо мэдэгдэм алдагдаж байна. Хүн амын 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 15-19 насны эрчүүдээс ирээдүйн боломжит сүйт бүсгүйчүүд нь 24.8 (158.1-133.3) мянгаар, 20-24 насныхнаасаа 12.0 (130.0-118.0) мянгаар илүүдэж байгаа юм. Энэ бол хүн ам зүйн учир шалтгаан болно.

Хүйсийн тэнцвэргүйдэл нийгмийн хүчин зүйлсээс хамааран улам ихсэж байгаа юм. Өнөөдөр Монгол их дээд сургуульд суралцагчдын жараас доошгүй хувь нь эмэгтэйчүүд суралцаж ирснээс үүдэн боловсролынхоо төвшингөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийг гүйцээд зогсохгүй түрүүлэх болов. Харьцангуй өндөр боловсролтой эмэгтэйчүүдэд тэднээс бага боловсролтой эрчүүд чамлагдаж, улмаар үл тоогдож, гологдож байна. Энэ нь эмэгтэйчүүдийн эх орондоо өрх тэргүүлсэн эмэгтэй байх уу, эсхүл гадаадын хүнтэй суух уу гэсэн сонголтод хүргэж байна. Мөн түүнчлэн манайд амьдрал хүнд, цалин хөлс бага, орон сууц хүрэлцээгүй байгаа нь хэн нэгэн гадаадынхантай гэрлэх түгээмэл шалтаг болж байна. Эрэгтэйүүд хэнэггүй гудиггүйгээсээ төдийгүй архинд орох, гэмт хэрэгт үйлдэх, осол аваарт өртөх зэргээс шалтгаалан гэрлэлтийн насныхны хүйсийн тэнцвэргүйдлийг улам ихэсгэдэг.

Монголын өнөөгийн айл гэрийн харилцаанд бэлэвсрэлт ул мөрөө үлдээж
байна. Хүн амын 2000 оны тооллогын дүнгээс үзэхэд 97.4 мянган хүн бэлбэсэн
байгаагийн 54.7 мянга нь хотод, 42.7 мянга нь хөдөөд оршин суудаг. Бэлбэсэн
эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээсээ 3.6 дахин олон байгаа нь эрэгтэйчүүд хүнд хүчир
ажлыг нугалдаг, биеэ гаргуунд нь гаргадаг, осол эндэлд өртдөг, хүн амины хэргийн
золиос болдог зэрэгтэй холбоотой.

Манай улс гэр бүл цуцлалтаараа, тэр дундаа Баян-Өлгий аймагт бүр ч бага.
Гэвч сүүлийн жилүүдэд салалт нэмэгдэж, 24.0 орчим мянган хүн гэр бүлээсээ салж сарнижээ. Энэ нь зарим хүнд цөөхөн мэт санагдаж болно, гэхдээ л Говьсүмбэр аймгийн хүн амаас хоёр дахин их гэдгийг бодолцууштай. Зарим нэг судалгаанаас үзэхэд гэр бүл салалтад архи уух, гэр бүлийн хүчирхийлэл, дарамтад өртөх, хардах, хадмуудтайгаа таарахгүй байх, мөн цөөнгүй тохиолдолд итгэл эвдэн хэн нэгнийхээ араар тавих, "дөчин насны хямралд" орох, бэлгийн харилцааны байдал юмуу үргүйдлээс болох шалтгаан зонхилж байна. Гэвч салалтын талаар бие даасан тулхтай судалгаа хийгдээгүй юм.

Мөн саланги, тусдаа амьдрагчид цөөнгүй. Тэд тоогоороо 17.8 мянга, гэсэн ч
есөн мянга шахам айл иймэрхүү амьдралтай болжээ. Энд ажил төрлийн, оршин
суугаа газрын учир холбогдол байгаа нь эргэлзээгүй. Гэхдээ л нэг гэрт багтахаа
больж тусдаа амьдрахыг илүүтэйд үздэг. Зарим нь нэр төрөө, нөгөө хэсэг нь үр
хүүхдээ бодож бүрмөсөн салалгүй, төрд данстай хэвээрээ байх нь хэн хэндээ
өлзийтэй байдаг бололтой. Бутач хүүхэд бүхий эмэгтэйчүүд тэргүүлсэн өрх бол манай өнөөгийн айл гэрийн парадокс юм. 2002 оны статистикийн мэдээллээр эмэгтэйчүүд тэргүүлэгчтэй өрх 61.8 мянган өрх байгаа нь нийт өрхийн 10.9 хувьтай тэнцэнэ.

Хүүхэд бол айл гэрийн аз жаргалын дээд, удам залгах ирээдүй билээ. 2002 оны статистик эмхтгэлийг сөхвөл шинээр төрсөн 46.7 мянган хүүхдийн 68.9 хувийг бүрэн ба бүрэн бус дунд боловсролтой эхчүүд төрүүлдэг. Тэн хагас шахуу нь хотод төрдөг (хотын хүн амын хувийн жин 57.4%), 20.2 хувийг нь гэрлээгүй эхчүүд, 14.1 хувийг баталгаагүй гэр бүлтэй эхчүүд төрүүлдэг байна. Мөн онд бүтэн өнчин хүүхэд 4.7, хагас өнчин хүүхэд 4.3, үрчилсэн хүүхэд 1.3 мянга байв. Харин 46.7 мянган эх 46.7 мянган хүүхэд төрүүлжээ. Гэтэл манайхан малын ихрээ ярьдаг, хүүхдийнхээ ихрийг тоодоггүй, малаа жил бүр тоолдог мөртлөө хүнээ арваас арван нэгэн жилд тоолдог нь гайхалтай. Үнэндээ монголын нийгмийн хүн ам зүйн хамгийн өнөр бүлэг хүүхдийн том бодлого шилжилтийн жилүүдэд гурван мянгын дотор эргэлдэж байсан траншейны буюу "тэнэмэл" хүүхдийн бодлогоор солигдож, практик болон хэрэгжсэн юм. Өнөөгийн монголд хүүхдийн том бөгөөд даацтай бодлого алга, харин сонгогчийн сэтгэлийг уярааж, итгэлийг олох гэсэн "Эх орон-Ардчилсан холбоо" эвслийн сонгуулийн хөтөлбөрийн хүүхэд бүрийн 10000, МАХН-ын шинээр төрсөн хүүхдийн 100000 төгрөгийн амлалт л байна. Тэгээр нь эвслийн засгийн газрын бодлого хэрхэн суух нь одоохондоо бүрхэг байна.

Хувь хүний анхдагч суурь хэрэгцээ нь хоол ундаа, хувцас хунар юм. Тэгвэл айл гэрийн амин чухал хэрэгцээ нь орон гэр юм. Орон сууцны барилгажилт сэргэж эхэлсэн 2003 онд ч орон сууцны дөрвөн мянгаад байр ашиглалтад оруулсан ч аанай л гэрлэгч, хуримлагч хосуудаас цөөхөн хэвээрээ байна. Үүнээс болоод олон шинэ гэр бүл өрх тусгаарлаж чадалгүй, орон сууцны "хот айлыг" л үүсгэж байгаа юм. Монгол айл гэрийн төрийн бодлого бол өрхийн тэргүүний, эхийн, эзэгтэйн, ууган, отгон хүү, охины, хүргэний, бэрийн, ураг худын "гинжин урвалын" уран жолоодлого л юм. Зүй нь энэ талаар Засгийн газраас гэр бүлийн хөгжлийг дэмжих жил болгосны дагуу хөгжүүн ярьж, буурьтай судалмаар байна.