Монголын төрийн халамжийн бодлого, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт

A- A A+
Монголын төрийн халамжийн бодлого, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт

Сэнгэдоржийн Түмэндэлгэр
/МУБИС-ийн социологийн багш/

Монгол Улсад социалист систем нураад даруй 10 гаруй жил өнгөрөн, нийгмийн халамжийн бодлогын өнцөг ч нэлээд өөрчлөгдсөн. Нийгмийн халамжийн тухай хуулинд (2000 он) жирэмсний болон амаржсан, хүүхэд төрүүлсэн, нярай хүүхдийн арчилгаа, 0-1 насны хүүхдийн асаргаа, олон хүүхэдтэйн буцалтгүй тусламж авах зэргээр халамжийн үйлчилгээг хүртэх боломжийг бүх эмэгтэйчүүдэд тэгш олгосон байна. 0-1 насны хүүхэд асарсны тэтгэмж нь нэг жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд хүрч чаддаггүй. Хүүхэд асаргааны тэтгэмжийг эцэг нь бас авах боломжийг зааж өгсөн байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан буюу хөлстэй хөдөлмөр эрхлэж байсан эх жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг төлж байсан шимтгэлийн хэмжээнээс хамааруулан авах аж. Хүүхдийг асрах хугацаанд байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэлийг нь үргэлжлүүлэн төлөх замаар ажилласан жилд нь тасралт үүсэхгүй байна. Харин хөлстэй хөдөлмөр эрхэлдэггүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг эх хүүхдээ асарч байх үедээ нийгмийн даатгалын шимтгэлийг төлж байсан бол хөдөлмөрлөсөн жилд тооцохоор тусгасан байна. Ийнхүү даатгалын шимтгэлийг төлж байсан эсэхээс хамаарч байгаагаараа либераль бодлогын шинжийг тодорхой хэмжээгээр агуулж байгаа юм.

2004 онд Нийгмийн халамжийн хуульд нэмэлт өөрчлөлт орж 2005 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхлээд байна. Уг нэмэлт өөрчлөлтөөр гурав ба түүнээс дээш тооны хүүхэдтэй, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхдээ сургуулиас завсардуулаагүй бол 18 нас хүртэлх хүүхэд бүрт сар бүр 3000 төгрөгийн тэтгэмж олгогдохоор болжээ. Энэ нь төрөөс нэн ядуу өрхүүдийн амьжиргааг дэмжин, хүүхдийн эрхийн хэрэгжилтэд эерэгээр нөлөөлж буй хэрэг юм. Мөн түүнчлэн уг бодлого нь орлогын дахин хуваарилалт хийж буйн нэлээд чухал илрэл бөгөөд ийнхүү төр социаль демократ бодлогоор илүүтэй тодорхойлогдох болж байгааг харуулж байна.

1990-ээд оноос хойш хөдөлмөрийн хуулинд 0-3 насны хүүхэдтэй эмэгтэйчүүд 3 хүртэлх жилээр ажлаас чөлөөлөгдөх эрх бүхий болсонтой уялдан 0-2 насны хүүхдийг асрах ясли ажиллуулахыг төр дэмжихээ больсон байна. Мөн түүнчлэн 3-7 насны хүүхдүүдийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага болох цэцэрлэгийн тоо 1990 оноос эхлэн буурч байснаа 2000 оноос хойш сургуулийн өмнөх боловсролыг олгохыг чухалчилснаар цэцэрлэгийн тоо өсөх болсон аж. Социалист төрийн үед эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэх явдлыг хүүхдийн ясли, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх замаар онцгойлон дэмжиж байсан бол харин өнөө үед сургуулийн өмнөх боловсролыг чухалчлах бодлогын үр дүнд цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх болсон нь эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэхэд сайнаар нөлөөлөх нь гарцаагүй юм.

Хүүхэд асрах үйл хэргийг төрд даатгахаас гэр бүлд даатгах бодлого руу шилжсэн болохыг эмэгтэйчүүдийн хүүхэд асрах хугацааг сунгасан, 0-3 насны хүүхдийн асаргааны байгууллага болох яслийг татан буулгаснаас харагдаж байна. Мөн түүнчлэн эх эцэг нь хүүхдээ нэг нас хүртэлх хугацаанд хүүхэд асаргааны тэтгэмж авах эрхтэй болсон нь уг хөдөлмөрийг үнэлгээжүүлэх тал дээр ахиц гарч байгааг харуулна. Хүүхэд асаргааны тэтгэмжийг хөлстэй хөдөлмөр эрхэлдэг, эрхэлдэггүй бүхий л эх эцэг авах эрх бүхий байгаагаас социаль демократ бодлогын шинж илэрч байна.

Гэвч нөгөө талаас харахад басхүү либераль, корпоратист бодлогын шинжүүд зэрэгцэн илэрч байна. Учир нь корпоратист бодлогын шинж нь жирэмсний, хүүхэд төрүүлсний тэтгэмж төлж байсан шимтгэлийн хэмжээнээс хамаарч байгаагаар илэрч байхад либераль бодлого нь хүүхэд асрах хугацаанд хувь хүн өөрөө эсвэл байгууллага нь нийгмийн даатгалд хамруулж байгаа эсэхээс хөдөлмөрлөсөнд тооцогдох байдал нь хамаарч байгаагаар тодорч байна. Нийгмийн халамжийн бодлогын энэхүү хэсгээс харахад хөлстэй хөдөлмөр эрхэлж байсан эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд асрах хөдөлмөрийг үнэлгээжүүлж буй дэвшлийг байгууллагаараа дамжуулан мэдрэх боломжийг олгожээ. Энэ нь хөлстэй хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлсний дараах нэг жилийн хугацаанд гэрийн хөдөлмөр рүү түлхэх нөхцлийг агуулж байна. Гэхдээ түүний хэмжээ нь хэт бага байгаа нь эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлсний дараагаар хурдан ажилдаа эргэн орох явдалд нөлөөлөх талтай. Энэ нөлөө нь нийгмийн анги, давхраануудад ялгаатайгаар илэрч болох юм.

Амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхөд олгох олон хүүхэдтэйн тэтгэмжийг нэмэгдүүлсэн нь социаль демократ бодлогын шинжийг илүүтэй агуулж байна. Учир нь даатгалд хамрагдсан эсэхээс үл хамаарсан шинжтэй бөгөөд “төр тэжээгч”-ийн үүргийг нэн ядуу, ядуу өрхийн хүүхдүүдийн өмнө хүлээж байна. Гэхдээ төрийн тэжээгчийн энэхүү үүргийг зөвхөн нэн ядуу, ядуу өрхийн хүүхдүүд мэдрэхээр тогтоогдсон нь ядуу давхрааныхныг хамгаалахад чиглэсний зэрэгцээ зөвхөн тэдний төрөлтийг дэмжсэн бодлогын шинжийг агуулж байна гэж үзэх үндэстэй. Үүнтэй холбоотойгоор уг бодлогын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд үзүүлэх нөлөө нь нийгмийн давхраануудын хувьд ялгаатай нөлөөг үзүүлж болохыг нөхцөлдүүлж байна.

0-3 насны хүүхдийн асаргааны байгууллага болох ясли устсан нь социалист төрийн “төр халамжлагч” загвар буурах болсныг харуулна. Энэ нь 3-оос доош насны хүүхэдтэй эмэгтэйчүүдэд гэртээ үлдэж хүүхдээ асрах эсвэл гэр бүл ойр дотны хүмүүс, хувийн секторт найдах гэсэн сонголтыг тулгаж байна. Гэхдээ монгол эцэг эхчүүдийн дунд “Хүүхэд цэцэрлэгээр хүмүүжих нь сайн” гэсэн үзэл баримтлал хүчтэй. Төрийн цэцэрлэгүүд нь зөвхөн “хоолны” гэх төлбөрийг маш бага хэмжээтэйгээр авдаг нь эцэг эхчүүдэд дарамт авчирдаггүй. Энэ нь 3-аас дээш насны эмэгтэйчүүдэд хөлстэй хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлж байна. Гэхдээ зуны хугацаанд (6-9 саруудад) төрийн цэцэрлэгүүд ажилладаггүй тул гэр бүлүүд энэ хугацаанд хүүхдээ хэн асрах вэ гэсэн асуудалтай тулгардаг. Энэ нь уг хугацаанд ээлжийн амралтаа авах, ажлаасаа чөлөө авах, ойр дотны хүмүүс, хувийн секторт хандах гэсэн шийдлүүдийг тулган хүлээлгэж байна. Энэхүү хэрэгцээг хувийн секторууд соргогоор мэдэрч зуны цэцэрлэгүүд, өдөр өнжүүлэхийг ажиллуулдаг болсон. Монголчуудын нийгмийн харилцаанд төрөл садан, ах дүүсийн холбоо харилцаа хүчтэй байдаг нь уг асуудлыг шийдэхэд аятай нөхцлийг бүрдүүлдэг. Нөгөө талаас хүүхдийн асаргааны байгууллагын түр зогсолт нь эмэгтэйчүүдийг уг хугацаанд амралт, завсарлалт нь таардаг хөдөлмөрийн төрлүүдийг эрхлэхэд түлхдэг байж болох юм. Жишээлбэл, боловсролын салбарт ажиллагсдын хувьд уг хугацаанд амардаг тул эмэгтэйчүүдэд уг салбарт ажиллах нь үнэлгээгүй хөдөлмөрөө зэрэгцүүлэн эрхлэх боломжийг олгодгоороо таатай болж байна.

Ийнхүү төрийн халамжийн бодлогод социаль демократ бодлогын шинжүүд түлхүү илэрч байгаа хэдий ч зарим талаар либераль, корпоратист бодлогын шинжийг агуулж байгаа тул холимог шинжтэйгээр төлөвшиж байна. Халамжийн бодлогын үзэл баримтлалын өөрчлөлт нь дээрх гурван хэв маягийн аль нэгийг гэхээс илүү “зах зээл өндөр хөгжсөн” орнуудын бодлогын ололттой талуудаас өөрийн орны нөхцөлд тохируулан шинэчлэх гэсэн хандлагатай байна.

Энэхүү бодлого нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд хоёр талтайгаар нөлөөлж болох юм. Нэг талаас гурваас доош насны хүүхэд асаргааны байгууллагыг төр дэмжихгүй байгаагийн зэрэгцээ хүүхэд асаргааны (0-1 насны) тэтгэмж хэт бага байгаа явдал нь нэгд, эмэгтэйчүүдийг эх байх, хоёрт, нөхөр нь тэжээх ёстой баримтлалыг агуулж байна. Ийм баримтлалаар тодорхойлогдсон бодлого нь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтэд сөрөг нөлөөтэй байдаг.

Нөгөө талаас тэтгэмжийн хэмжээ хэт бага, гурваас дээш насны хүүхдийн сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсролын систем бэхжсэн, нэгээс дээш жилийн хүүхдийн асаргаа ажилласан жилд тооцогддоггүй байдал нь эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтийн түвшинд сайнаар нөлөөлнө. Энэ талаас нь авч үзвэл манайд “хоюул тэжээгч” загвар түгээмэл илэрч байгааг буюу гэр бүлийн төсөвт эмэгтэйчүүдийн орлого чухал байгааг харуулна.

Хүүхдийг ивээх төрийн бодлого нь нийгмийн анги давхрааныхны хувьд адил бусаар олгогдож буй нь эмэгтэйчүүдийн хөлстэй хөдөлмөр эрхлэлтэд анги давхраанаас хамаарсан шинжтэйгээр ялгаатайгаар нөлөөлөхийг нөхцөлдүүлж байна.

Ер нь төрийн халамжийн бодлогын хувьд хүүхдийн асаргааны хөдөлмөрт хэт бага хөлс өгч байгаа явдал нь үнэлгээгүй хөдөлмөрийг үнэлгээжүүлэх тал дээр учир дутмаг байгааг илтгэх бөгөөд нэг талаас эмэгтэйчүүдийг хөлстэй хөдөлмөр эрхлэхэд хүчтэй түлхэж байгаа нь сайшаалтай ч, нөгөө талаас эмэгтэйчүүдэд үнэлгээгүй хөдөлмөрийг нуруундаа үүрэхийн зэрэгцээ хөлстэй хөдөлмөр эрхлэх давхар ачааллыг үүрүүлэхэд хүргэж байна. Энэ нь “Давхар ачаалалтай эмэгтэйчүүд” бүхий социалист төрийн үргэлжлэл болон оршсоор байгаагийн илрэл юм.