Сэтгүүлч З.Мэндсайхан
Юун “Е” бүлэг вэ гэж асууж байна уу? Би ч бас мэддэггүй байсан юм. “Баян аав, ядуу аав” хэмээх цуврал номыг уншсан хүү маань “Та ямар тэнхлэгийн хүн болохоо мэдэх үү? Та ганцхан зүйлд баригдан амьдардаг. Өөрөөр амьдарч чадахгүй л дээ. Гэтэл баяжих, ажилгүй мөртлөө баян байх боломж цаана чинь өчнөөн байна” хэмээн хорыг минь малтаж билээ. Түүнээс хойш “үнэхээр би бусдын төлөө л зүтгэж. Өөрийнхөө төлөө юу хийв дээ” хэмээн асуух болсон. Хүнийг орлогоор нь дөрөв хуваадаг гэнэ. Цалингаа шүтэж амьдрагсадыг “Е” бүлгийнхэн гэдэг аж. Өөрөөр хэлбэл цалингаас цалингийн хооронд амьдардаг хүмүүс /ажилтан, ажилчин/ л энэхүү бүлгийг бүрдүүлдэг байна. Хамгийн гол эмгэнэл нь тэд ажлаа алдахаас үнэхээр айдагт байдаг.
Тэд аюулгүй байдал, баталгааг эрхэмлэдэг хүмүүс байдаг учраас баталгаатай ажил, найдвартай ажлын байр хайдаг байна. “Цалингаа нэмүүлэхийн тулд би дахин сургуульд сурах гэж байгаа”, “Албан тушаал ахихын тулд би маш шаргуу ажиллаж байгаа”. Ийм үгсийг дундаж орлоготой, боловсролтой хүмүүс хэлдэг юм билээ. Эдгээр үгс нь цалингийн нэмэгдлийнхээ тал хувийг нь Засгийн газарт өгчихөөд, үүнийхээ төлөө удаан хугацаагаар зав зайгүй, шаргуу ажилладаг хүний үг ажээ. “Е” бүлгийн хүмүүс ихэвчлэн санхүүгийн эрсдэлгүй орчныг хэт их хүсэмжилдэг. Тэдний хувьд эрсдэлгүй орчин нь мөнгөнөөс хамаагүй үнэ цэнэтэй байдаг. Ийм хүмүүс шүхрээр нисэхээс эхлээд олон янзын эрсдэлтэй алхам хийдэг боловч мөнгөтэй холбоотой асуудалд хэзээ ч аз туршдаггүй. Энэ ч бас бодууштай үг. Тиймээс ч бидний амьдрал төдийлөн дээшээ гардаггүй байж мэднэ.
Баян, эсвэл ядуу байх нь өнөөгийн нийгэмд ашигтай байна. Ядуу байвал буцалтгүй тусламжаас гадна хүү багатай зээл авч болно. Хүүхдүүд чинь хүүхдийн мөнгөө авчихна. Орон гэр бариад өгнө. Хүүхдийн чинь сургалтын төлбөрийг төлнө. Үнэ төлбөргүй эмчилгээ, оношилгоонд хамруулна. Ажилд хөтлөөд оруулчихна. Зарим төлбөрөөс ч чөлөөлж мэднэ. Харин дунд орлоготнуудын татвар, татаас дуусашгүй. Ядуу биш гээд хорооны дарга бүх юмнаас хасчихна. Хүүхдүүд элдвийн мөнгө нэхнэ. Хэн ч үнэгүй юм өгөхгүй. Өрийн хэмжээгий чинь хэн ч сонирхохгүй. Үүнд л асуудлын гол нь байгаа юм. Дунд орлоготой өрхөөс суралцагсдын 85,8 хувь нь төрийн сангийн зээл, хөнгөлөлтөд хамрагдахгүй байна гэж судалгаагаар гарчээ. Тиймээс бидэнд ядуу, эсвэл баян болох л зам үлдэж байгаа хэрэг. Гэхдээ баян болохоосоо ядуу болох нь амархан учраас ихэнхийг нь ийм л хувь тавилан хүлээж байдаг.
Дундаж орлоготны өрхийн сарын дундаж орлого 155,7 мянган төгрөг, зарлага нь 189,5 мянган төгрөг байдаг байна. Улаанбаатарт өрхийн сарын дундаж орлого хамгийн өндөр нь буюу 214 мянган төгрөг байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Нийслэлд үйлчилгээний зардалд /42,9 хувь/, хөдөөд хувцас хэрэглэл /41,8 хувь/ худалдан авахад орлогынхоо бараг тал хувийг зарцуулж байна. Үнэндээ байр, утасны төлбөр өндөр байдгаас л орлогынхоо ихэнхийг ийнхүү буцаагаад тушаахад хүрч байгаа юм.
Нийслэлийн дунд орлоготой өрхийн 50,6 хувь нь нийтийн болон хувийн орон сууцтай бол хөдөөд бараг гурав дахин бага байдаг гэнэ. Түүнчлэн дотуур байранд амьдардаг өрхүүд харьцангуй бага хувийг эзэлж байгаа ч харамсалтай нь тэднийг өөрийн гэсэн орон байргүй гэж хэлж болно. Тэдний 34,2 хувь нь өөртөө найддаг бол 10,2 хувь нь төр, засагт, 55,6 хувь нь аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөө дэмжлэг туслалцаанд найддаг байна. Амьдралынх нь нөхцөл байдалд ажил хөдөлмөр эрхлэлт /42,1 хувь/, боловсрол /20,7 хувь/, эзэмшсэн мэргэжил /11,3 хувь/ нь илүүтэй нөлөөлдөг ажээ. Тиймээс өндөр боловсролтой байж гэмээнэ, өндөр цалин авна гэдэгт бүр итгэчихсэн байдаг. Хүүхдүүддээ ч тэгж сургадаг.
Өрхийн гишүүдээс байгууллагын удирдлагын дээд шатанд 11,6, дунд шатанд 57,2, анхан шатанд ажилладаг өрх 31,2 хувийг эзэлдэг. Эндээс л дунд орлоготнууд ихэвчлэн дунд шатанд ажилладгийг мэдэж болно. Тэр тусмаа төрийн албан хаагчид дунд орлоготны ихэнхийг бүрдүүлдэг байна. Тэдний 64,7 хувь нь амьжиргааны түвшингээ дунд зэрэг хэмээн үнэлжээ. Эндээс дундуур хоолтой, дундуур аз жаргалтай гэр бүл манайд хэр их байгаа нь харагдана.
Тэднийг юу тэгтэл нь сөхрүүлдэг вэ гэвэл, бараа, бүтээгдхүүний үнэ өсөх, ажилгүй болох, татвар түрээс нэмэгдэх, хууль, журам өөрчлөгдөх, байгалийн гамшиг болох зэрэг хүчин зүйлс ажээ. Аливаа эрсдэлтэй тулгарахдаа тэдний 40,1 хувь нь сэтгэл санаагаар унаж бухимддаг нь амьдрал нь баталгаагүй байгаагийн л илрэл юм. Ийм эрсдэлийн өмнө тэд бэлэн биш байна. Ялангуяа дунд орлоготны дотор эмзэг хэсэг нь 40,3 хувийг эзэлж байгаа нь ийм хэмжээний хүмүүс ядуу болоход бэлэн байна гэсэн үг. Ядуурлын түвшин 36,5 хувьтай байгаа, одоо. Тэгвэл энэ хувь улам ч өсч болзошгүйг дээрх тоо харуулна. Тэгвэл үүнээс сэргийлээч ээ. Тэдний ахуй амьдралыг өөд нь татах арга хэмжээ аваач ээ. Төсөл, хөтөлбөрийн ихэнхийг ядуу хүмүүст зориулаад л байдаг. Үр дүн багатай болдог. Түүний оронд амьдрах гэж зүтгээд байгаа, жаахан түшээд өгвөл сэхэл авах гээд байгаа дунд орлоготнуудаа дэмжээч ээ. Тэд л татварын ихэнхийг бүрдүүлж өгдөг биз дээ.
Бүсийн нэмэгдэл олгож, цалин хөлсний ялгавартай систем хэрэглэж болохгүй гэж үү? Төрийн албан хаагчид, төсвийн байгууллагад ажиллагсдад урамшууллын хөшүүргийг хэрэглэж, зээлийн хүүг багасгаж, зээл ашиглах хугацааг уртасгаж, итгэлцлийн зээл олгож болохгүй гэж үү? Дунд орлоготнуудыг тогтвор суурьшилтай ажиллуулж, орлогоо нэмэгдүүлэх эх үүсвэрүүдийг ашиглах үйл ажиллагааг нь дэмжих сан, хадгаламж, зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагуудыг ажиллуулж болохгүй гэж үү? Хөшөөнд зарцуулах олон тэрбум төгрөгийнхөө нэгээхэн хэсгээр л энэ санг байгуулж болно шүү дээ.