Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ болон Засгийн газрын гишүүд хамтран хэлэлцэв. (2005.11.23)
Засгийн газар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ирэх долоо хоногт хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлнэ гэж Ерөнхий сайд Ц.Элбэгдорж өчигдөр болсон уг хуулийн төслийг УИХ, Засгийн газрын гишүүдэд танилцуулах дунд нээлттэй хэлэлцүүлэг дээр мэдэгдсэн байна.
Үйлдвэр, худалдааны сайд С.Батболдын мэдэгдснээр бол уг хуульд зарчмын дөрвөн өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа ажээ. Нэгд, стратегийн ач холбогдолтой томоохон орд газруудын ашиглалтад төр оролцдог болохоор төсөлд заагаад байгаа бөгөөд төрийн оролцоог хангах санал, төслийг Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлдэг болох юм байна. Ямар ордыг том гэж тооцох тухай ч төсөлд тодорхой заасан бөгөөд алт-30 тн (нэг сая унц орчим), мөнгө-600 тн, зэс-нэг сая тн (металл зэс), төмөр-гурван сая тн, цайр-500 мянган тн, нүүрс-500 сая тн, ураны исэл-1500 тн-оос дээш нөөцтэй бол стратегийн ач холбогдолтойд тооцож, тухайн ордын 30 хүртэл хувийг төр эзэмших эрхтэй байхаар төсөлд тусгасан байна. УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан энэ тухайд томоохон ордуудын 51 хувийг төр, 49 хувийг хөрөнгө оруулагч эзэмших ёстой гэсэн байр суурьтай байжээ.
Хоёрт, хайгуулын лицензийн төлбөрийг одоогийн мөрдөж байгаа үнээс арав дахин өсгөхөөр тооцож, төсвийн хөрөнгөөр судалгаа хийсэн талбай, буцаасан, хүчингүй болгосон талбайд дуудлага худалдаагаар лиценз олгодог болохоор төсөл тусгаад байгаа аж. Түүнчилэн лиценз хүссэн өргөдлийг цахим сүлжээгээр авдаг болохоор төлөвлөжээ. Энэ бүх зарчмын өөрчлөлтүүд лиценз тойрсон булхай, наймааг хумина гэж С.Батболд сайд үзэж байгаа ажээ.
Гуравт, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын хөнгөлөлтийг байхгүй болгохоор төсөлд тусгажээ.
Дөрөвт, хэрэв тухайн аж ахуйн нэгж байгальд орчинд ноцтой хохирол учруулж, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй бол лицензийг нь хүчингүй болгож, шаардлагатай бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тооцжээ.