Олон нийтийн радио, телевизийн захирлыг хоёр үе шаттай шалгаруулах болжээ (2005.11.24)
Төрийн бус байгууллагуудыг төлөөлсөн 15 хүний бүрэлдэхүүнтэй Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөл өчигдөр хуралдаж тус телевизийн ерөнхий захиралд нэр дэвшигчидтэй ярилцлага хийсэн байна. Ерөнхий захиралд нэр дэвшсэн 10 хүнээс энэхүү ярилцлагын дараа гурван нэр дэвшигч үлдэж хоёр дахь шатны шалгаруулалтад оролцох болжээ.
Нэр дэвшигчдээс хамгийн олон буюу найман саналаар “ТВ-9” телевизийн захирал Ц.Энхбат, долоон саналаар “Аригү” компанийн захирал Л.Ариунбат, “Боролдой” студийн захирал Мягмар нар тунаж үлдсэн бөгөөд тэд Үндэсний телевизээр шууд ярилцлагад орно гэж “Өдрийн сонин”-д мэдээлжээ.
Үндэсний зөвлөлийн хуралдаан эхний таван нэр дэвшигчийг хаалттай хэлэлцэж байгаад тус телевизийн хамт олны шаардлагаар зургаа дахиас нь нээлттэй хэлэлцсэн хэмээн сонинууд мэдээлжээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үзэж байгаагаар тус телевизийн захиралыг сонгох асуудал улстөрийн намуудын нөлөөн дор явагдаж буй бололтой. Тэрчлэн үндэсний телевизийн хамт олон Ц.Энхбат, Б.Ганболд, Ц.Мөнхтөр нарыг хүлээн авахгүй хэмээн мэдэгдээд байгаа юм байна.