Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ОРТВ-ийн захирлыг сонгоход оролцож байна (2005.11.25)

A- A A+
Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ОРТВ-ийн захирлыг сонгоход оролцож байна (2005.11.25)

Ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс ОРТВ-ийн захирлыг сонгоход оролцож байна (2005.11.25)

Олон нийтийн радио, телевизийн захирлыг сонгох шалгаруулалт нэлээдгүй дуулиантай болж байна. Өчигдөр МYТВ-ийн хамт олны зөвлөл хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тэд захирлын томилгоо улстөрийн намуудын нөлөөн дор явагдаж байна хэмээн үзэж байна. МYТВ-ийн хамт олны зөвлөл өчигдөр дөрөв дэх мэдэгдлээ ОНРТ-ийн Yндэсний зөвлөлд өгчээ.  Мэдэгдэлд “ОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгон шалгаруулах хуралдааны үйл явцаас ажиглахад Yндэсний зөвлөл нам, бүлгийн тодорхой хүчнээс хараат байдлаар ажиллаж байна. Дүрэм журмаа зөрчиж, зарим нэр дэвшигч дээр улс төрийн нэг хүчний байр суурийг илэрхий баримтлан ажиллаж, санал хураасан нь хуйвалдааны шинжтэй боллоо. Энэхүү шийдвэрээ эргэн харахыг шаардаж, иргэний болон захиргааны хэргийг шийдвэрлэх асуудлаар шүүхэд хандаж байгаа болно” гэжээ.
Тухайлбал, нэр дэвшигч Ц.Энхбатыг нэр дэвших материалаа товлосон хугацаанаас хоцроож өгсөн, материал нь бүрэн бус,  тодорхой мөрийн хөтөлбөргүй, Yндэсний зөвлөлийнхөнтэй хийсэн ярилцлагад хамгийн хайнга хандсан  атал Yндэсний зөвлөлийн есөн гишүүний наймынх нь дэмжлэгийг авсныг эсэргүүцэж байгаа ажээ.  
ОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн Р.Бурмаагийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагаас үзвэл   Ц.Энхбатын мөрийн хөтөлбөр нь гараар бичсэн ганц хуудас байсан бөгөөд намын гишүүнчлэлийн болон ял шийтгэлийн тодорхойлолт, санаачлан бүтээсэн ажлын тухай мэдүүлэг байгаагүй атал зөвлөлийн гишүүд ярилцаад хүлээж авчээ.  Хурлыг эхнээс нь нээлттэйгээр том танхимд хуралдуулах саналыг Р.Бурмаа оруулсан боловч хүлээн аваагүй аж. ОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдээс хоёр дахь шатанд үлдсэн “ТВ-9” телевизийн захирал Ц.Энхбат, “Аригу” студийн захирал Л.Ариунбат, “Боролдой”-н С.Мягмар нарыг өчигдөр 20 цагт МYТВ-ээр халз мэтгэлцээнд оруулахаар шийдвэрлэсэн  байсан ч энэ шийдвэрийг цуцалсан нь гайшрал төрүүлж байна хэмээн Р.Бурмаа «Ийгл» телезид ярилцлага өгөхдөө мэдэгдлээ.
Тэрчлэн ОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүн Ж.Занаагийн ярьснаар бол бүх нэр дэвшигч намын гишүүн биш гэсэн хэдий ч намын харьяаллаас татгалзсан нотолгоо байгаагүй ажээ. Yндэсний зөвлөлийн дараагийн хуралд  ашиг сонирхлын зөрчилдөөнтэй учраас Ц.Дашдондов, Х.Чилаажав нарыг оролцуулахгүй байхыг зөвлөлийн зарим гишүүд шаардсан байна.  Учир нь ОНРТ-ийнYндэсний зөвлөлийн гишүүн Ц.Дашдондов Хэвлэлийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүний сонгуультай, харин нэр дэвшигч Ц.Энхбат уг зөвлөлийн дарга аж. Х.Чилаажавын хувьд Ц.Энхбаттай Монголын зохиолчдын эвлэлээр холбоотой юм байна. Ерөөс Yндэсний зөвлөлийн ОНРТ-ийн ерөнхий захирлыг сонгох хуралд Ц.Дашдондов, Х.Чилаажав нарыг эхнээс нь оролцуулах учиргүй байсан хэмээн тус сонинд тэмдэглэжээ.