Нээлттэй Нийгэм Форум
Айвенхоу Майнз-ын Монголын олон нийтэд танилцуулсан “Орд ашиглалтын цогцолбор төлөвлөгөө” болон хавсралт “Стоксын тайлан”-д Монгол улс, Монголын ард түмэнд асар их үр өгөөж амлажээ. Гэвч эдгээр төлөвлөгөө нь хамгийн чухал асуудлуудад хариу өгөхгүй байгаагаас гадна олон тохиолдолд ташаа сэтгэгдэл төрүүлж болзошгүй байна. Айвенхоу Майнз-ын Оюу толгойн ашиглалтын төлөвлөгөөг өнгөцхөн үзэхэд л уг төсөл нь хүчин төгөлдөр үйлчилж буй өнөөгийн татварын болон уул уурхайн хууль тогтоомжийн хүрээнд улс оронд орлогын шударга хувь хэмжээг өгч чадахгүй, харин ч Айвенхоу Майнз, түүний хөрөнгө оруулагчдад үлэмж их ашиг олох боломж олгож байгаа нь илт байна.
Оюу толгойн орд газрын нөөц бол Монгол Улсын хувьд хамгийн чухал баялаг, нөөц хөрөнгийн нэг яалтгүй мөн билээ. Айвенхоу Майнз-ын төлөвлөгөөнд дурдснаар энэхүү байгалийн нөөц баялгийн өнөөдрийн үнэ цэнэ янз бүрийн нөхцөл байдалд дөрвөн тэрбум ам. доллартай тэнцэж болзошгүй байна. Энэ нь Монгол Улсын 2004 оны дотоодын нийт бүтээгдэхүүнээс даруй хоёр дахин илүү дүн юм. Цаашилбал алт, зэс болон бусад түүхий эдийн үнэ өнөөгийн өндөр төвшинд ойр байхад л дээрх үнэ цэнэ ихээхэн хэмжээгээр нэмэгдэх боломжтой ажээ.
Хэдий олон хуудастай ч дээр дурдсан ашиглалтын төлөвлөгөө болон Стоксын тайланд тусгасан Монгол Улсын хөгжлийн болон олох орлогын талаарх амлалтууд нь тухайн уурхайн санхүүгийн гүйцэтгэл хийгээд түүний улс оронд үзүүлэх нөлөөллийн байж болох бодит хэмжээтэй тун тааруу уялджээ. Дэлхийн банкны судалснаар үүнтэй адил төстэй хэмжээ бүхий ийм төрлийн уул уурхайн бизнесээс гадаадын хөрөнгө оруулагчид гол төлөв 15-20 орчим хувийн ашиг хүртэх хүлээлттэй (IRR буюу төслийн дотоод өгөөжийн төвшин) байдаг. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулсан доллар тутамд Айвенхоу Майнз жилд 15-20 хувийн ашиг олно гэсэн үг. Ашиглалтын төлөвлөгөөнөөс харахад Айвенхоу Майнз нь дээд буюу 20 хувиас арай доогуур төвшний төслийн дотоод өгөөжтэй байх хүлээлттэй байгаа ажээ. Гэвч уг төлөвлөгөөний үндэс болсон эдийн засгийн загварын нөхцлүүдийг авч үзвэл уг 20 хувь нь Айвенхоу Майнз-ын хүлээгдэж буй бодит өгөөжөөс ихээхэн доогуур төвшинд байна.
Юуны өмнө, уг судалгаанд төслийг 100 хувь өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэх нөхцөлтэй байхаар авч үзжээ. Үнэндээ бол бодит амьдралд Оюу толгой шиг хэмжээний аливаа төслийг өөрийн болон өр зээлийн хөрөнгөөр хэсэгчлэн санхүүжүүлдэг. Судалгаанд илтгэсэн мэдээллийн үндсэн дээр яг тодорхой тооцоо хийх боломжгүй ч уг уурхайг бодитой нөхцөл гэж үзэж болох 50 хувийн өр зээлийн хөрөнгөөр санхүүжүүлсэн тохиолдолд Айвенхоу Майнз-ын хүлээгдэж буй өгөөж 30 хувь орчим буюу хэвийн төвшнээс хамаагүй илүү байх ба судалгааны суурь хувилбарынхаас 50 хувиар өндөр байхаар байна.
Хоёрт, судалгааны суурь хувилбарт тооцоолсноор бол зэсийн үнэ нэг фунт нь нэг ам. доллар ба алтны үнэ нэг унц нь 400 ам. доллар байх нөхцөлтэй байна. Энэхүү загварын хувьд хүлээгдэж буй өгөөжийг тооцоход эдгээр үнийн нөхцлүүд нэн чухал үүрэгтэй. Жишээлбэл, Айвенхоу Майнз-ын загвар дахь үнийг 1990-ээд оны (өнөөдрийн өндөр төвшинд хүрэхээс өмнөх үе) дундаж үнээр буюу 1.24 ам. доллараар өөрчлөн тооцвол Оюу толгойн өгөөжийн тооцоо ихээхэн нэмэгдэх болно.
Айвенхоу Майнз-ын өөрийн тооцоогоор зэсийн үнэ 1.20 ам. доллар болж өөрчлөгдвөл уурхайн үнэ цэнэ даруй 50 хувиар өсөхөөр байна. Цаашилбал алт, зэс өнөөгийн үнэтэйгээ буюу ойролцоогоор зэсийн фунт бүр 2.00 ам. доллар ба алтны унц бүр 500 ам. доллараас дээш байвал төслийн хугацаан дахь Айвенхоу Майнз-ын жил бүр хүртэх өгөөж гайхамшигтай өндөр байх болно.
Төслийн хэмжээнээс хамааран Засгийн газрын орлогын аливаа тооцоо ялангуяа өнөөдрийн орлоготой харьцуулахад харьцангуй өндөр мэт санагдаж болно. Гэхдээ шударга тэнцвэртэй байдал байгаа эсэхийг тодорхойлоход төлбөрийг хэдийд хийх, мөн Айвенхоу Майнз-ын олж байгаа ашгийн хэмжээг харгалзан үзэх ёстой юм. Гэтэл одоогийн байгаа хувилбараар бол Монголын Засгийн газар нөөц ашигласны болон хөрөнгийн маш бага хэмжээтэй төлбөрийг эс тооцвол уг төслөөс арван жилийн хугацаанд ямар нэгэн орлого авахааргүй байна. Татвараас чөлөөлөх, хөнгөлөх, хөрөнгө оруулалтыг хасч тооцох зэргийн нийлбэр нь татварын орлогыг бараг арван жилийн хугацаанд хойшлуулах болно. Түүгээр үл барам татвар ногдуулах орлоготой байлаа ч Айвенхоу Майнз уг орлогыг нэмэлт хөрөнгө оруулалтын хэмжээгээр багасгаж, дараа нь элэгдэл хорогдлыг тооцох замаар уг хөрөнгө оруулалтаасаа хоёр дахь удаагаа хасалт хийх боломжийг өнөөгийн Монголын татварын хууль тогтоомж олгож байна. Ийм л горим нөхцлийг Айвенхоу Майнз компани Монголын Засгийн газартай байгуулах тогтвортой байдлын гэрээнд тусгахыг оролдож байгаа юм.
Монгол Улсад ногдох ашиг өгөөжийг өөр арга хэлбэрээр мөн л ташаа мэдэгджээ. Засгийн газрын авах орлогын ихэнх хэсэг төслийн сүүлийн жилүүдэд хийгдэхээр заасан мөртлөө дээрх төлөвлөгөө болон Стоксын тайлангийн ихэнх харьцуулалтыг бууруулан тооцох үндсэн дээр хийгээгүй байгаа нь өнөөдөр Айвенхоу Майнз өөртөө авч үлдэж байгаа нэг долларыг Монголын Засгийн газарт арван жилийн дараа төлөх нэг доллартай тэнцүүлж байгаа хэрэг юм. Мөн Айвенхоу Майнз-ын хураангуй танилцуулгад ажиллагсдын төлөх татвар болон нийгмийн даатгалын төлбөрийг төслөөс гарч байгаа мэтээр үзүүлснээр Засгийн газар хүртэх ашиг өгөөжийг давхардуулан тооцжээ.
Стоксын тайланд тооцсоноор, Оюу толгойн Монголын нийт эдийн засагт үзүүлэх таамаглаж буй нөлөө нь мөн ташаа ойлголт төрүүлэхээр байна. Стоксын тайланд уг төслийн Монголд үзүүлэх үнэ цэнийг хэмжихэд дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ийг ашиглажээ. ДНБ нь Стоксын өөрийнх нь хүлээн зөвшөөрч байгаагаар Монгол дахь эдийн засгийн үйл ажиллагаанаас бий болгож буй орлогын хэмжүүр юм. Тэгвэл энэ нь Монголчуудад үлдэж буй зүйлийн хэмжүүр огт биш. Монголчууд бидний хүртэх үнэ цэнэ нь экспортлож буй зэс, алтны ашгийн манай Засгийн газарт татвар хэлбэрээр төлж буй хэсэг, эсвэл Монголын нийлүүлэгч болон ажиллах хүчинд төлж байгаа хэсэг л байх учиртай. Энэ нь нийт борлуулалтын үнийн багахан хэсэг л болж байгаа юм. Үлдсэн хэсэг нь хэдий ДНБ-д тооцогддог ч гадаад хүмүүст төлөгдөнө.
Айвенхоу Майнз-ын судалгаа болон сурталчилгаа нь санхүүгийн ашиг өгөөжийг ташаа үзүүлж байгаагаар үл барам Оюу толгойн орд газрын Монголын хөгжилд үзүүлэх үр ашгийг хэт дөвийлгөн харуулж байна. Жишээлбэл, өнөөгийн байдлаар байнгын дэд бүтцийн томоохон хэсэг нь Хятадад хамаагүй илүү ашигтай байхаар байна. Гол зам, төмөр зам, цахилгааны борлуулалт (Монголд үйлдвэрлэсэн байлаа ч) бүгд Хятад улсыг чиглэж байна. Харин нөгөө талд Монгол Улс нөөц, ус зэргийг хангах ба хог хаягдал, байгаль орчны доройтлын үр дагаврыг өөрөө үүрэхээр байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийн үр нөлөөг мөн хэтрүүлэн мэдэгджээ. Тайланд Оюу толгойн хөрөнгө оруулалтын ашиг өгөөжид уурхай дээрх бүх ажлын байр болон төслийн нийлүүлэгчдэд үүсэх нэмэлт ажлын байрыг жагсаан дурджээ. Гэвч ингэж үзэх нь эдгээр уурхай дээрх ажлын байр болон нийлүүлэгч дээр нэмэлтээр үүсэх ажлын байранд ажиллах бүх хүмүүс уг уурхайг ажиллах хугацаанд ажилгүй, эсвэл ямар нэгэн бүтээмжгүй байна гэсэн төсөөлөл бөгөөд энэ нь зүгээр л үнэнд нийцэхгүй. Түүнчлэн Монголын эдийн засагт үзүүлэх давхар нөлөөг тооцоход ашигласан үржүүлэгчид нь дээрхийн адил ташаа төсөөллүүд дээр үндэслэсэн байна. Үүнд өмч хөрөнгийг дотоод болон гадаад өмчлөгчтэй байх, уурхай байгаагүй тохиолдолд экспортлогдох болон импортлогдох зүйлсийн талаар тооцоонд оруулаагүй байна.
Монгол Улс, түүний иргэдийн дээд ашиг сонирхлыг хамгаалахын тулд манай Засгийн газар байгалийн нөөц баялгийн хувьд хамгийн ашигтай байх гэрээ хийж чадаж буй эсэхээ хөндлөнгийн этгээдээр баталгаажуулах шаардлагатай юм. Энэ чиглэлд Айвенхоу Майнз нь Монголын Засгийн газар болон олон нийтэд ашиглалтын төлөвлөгөөний загвар болон өөрсдийн дотоод санхүүжилтийн загварын нарийн мэдээллийг ил болговол олон нийтэд тустай байхсан. Эдгээр загвар ил байх аваас Засгийн газар өөрийн экспертүүдийг ашиглан Оюу толгойн хувьд шударга ашиглалтын төлөвлөгөө болон татварын дэглэмийг боловсруулах бололцоотой болох юм. Улс орны ашигт малтмалын баялгийг ашиглах ийм төлөвлөгөө нь байгаль орчны доройтлоос ангид, Монгол Улсын хүний хөгжлийг дэмжсэн, Монгол орны байгалийн баялгийн үнэ цэнийг төр засаг, ард иргэд шударга хүртэх явдлыг хангасан байх ёстой.
Ирэх саруудад хийгдэх гэрээ хэлэлцээр нь Монгол Улсыг 40 гаруй жил үргэлжилж болох дэглэмд хадаж тун болзошгүй байгаа тул улс орон хоёр үе дамжин хүлээн зөвшөөрөх шийдвэрийг Монголын Засгийн газар эдүгээ гаргаж байгаа гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй. Тиймээс эдгээр шийдвэр нь оновчтой мэргэн байх нь юу юунаас чухал билээ.