Сумдад зориулсан хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ? (2008-11-17)

A- A A+
Сумдад зориулсан хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ? (2008-11-17)

Нээлттэй Нийгэм Форум
Б. Мөнхсоёл

Хөдөө орон нутгаас их нүүдэл үргэлжилсээр жилдээ бараг арван хэдэн сумын хүн амтай тэнцэх тооны иргэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд ирж суурьшиж байна. Улмаар хөдөө орон нутаг бараг эзгүйрч байгаа мэтээр төсөөлөгдөж болох ч тийм биш юм. Ихэнх сумд цахилгаан эрчим хүчинд холбогдож хаа сайгүй гар утас барьж, малчин айлууд хурдан унаа тэрэг хөлөглөн зах зээлээ тэлж, нэг үгээр хэлбэл тэнд амьдрал үргэлжилж байна. Тэнд хэт төвлөрөл, агаарын бохирдол зэрэг нийслэлчүүдийн толгойны өвчин болсон асуудал байхгүй. Гэхдээ хөдөөд эрчимтэй хөгжил, шинэ зууны амьдралын тав тух, соёл, үүний тулд эдийн засгийн зөв бодлого, бас ихээхэн хөрөнгө оруулалт хэрэгтэй.

Саяхан хамтарсан Засгийн газраа байгуулаад байгаа МАХН, АН-ын хамтран ажиллах гэрээнд шинэ зууны хөдөөгийн хөгжлийг дэмжих асуудал нэн тэргүүнд хэрэгжүүлэх том бодлого болон орсон ба дотор нь сум бүрт 50 сая төгрөгөөс доошгүй хөрөнгийн эх үүсвэртэй “Сум хөгжүүлэх сан” байгуулж ашиглана хэмээн тусгасан нь хөдөө, орон нутгийнхны, бас бид бүхний анхаарлыг татлаа. Учир нь орон нутаг руу хандсан хөрөнгө оруулалтын аливаа боломжит эх үүсвэрийг тухайн сум, багт хамгийн үр ашигтайгаар зарцуулах арга механизмыг бий болгох замаар орон нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжих талаар Нээлттэй Нийгэм Форумын зүгээс тодорхой туршлага хуримтлуулсан билээ.  

Урьд нь манайд аливаа түвшинд хөгжлийн асуудлыг, ялангуяа орон нутгийн эдийн засгийн хөгжлийн асуудлыг авч үзэхдээ тэнд амьдардаг иргэдийн санаа бодлыг тусгайлан судалдаггүй, ер нь үндэсний болон аймаг, сумын хөгжлийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний хөтөлбөр, үндсэн чиглэл зэргийг их төлөв дан ганц төр, захиргааны байгууллагын хийх ёстой ажил мэтээр ойлгох явдал түгээмэл байсан. Ийм хандлагыг өөрчлөхөд тус дөхөм үзүүлэхийн тулд 2006 оноос хойш Нээлттэй Нийгэм Форумаас “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх” төслийг хэрэгжүүллээ.

Товчхондоо, төсөлд хамрагдсан сумдууд болох Баянхонгор аймгийн Баянхонгор,  Увс аймгийн Тариалан, Хөвсгөл аймгийн Тариалан, Архангай аймгийн Ихтамир өөрсдийн эдийн засгийн хөгжлийн хамгийн анхаарал татсан бодлого, тулгамдсан асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замыг нутгийн иргэдийн идэвхтэй оролцоо бүхий хэд хэдэн уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнд тодорхойлж улмаар дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж чадсан юм. Ингэхдээ нутгийн иргэд, тэдгээрийн дотор бизнес эрхлэгчид, төрийн ба олон нийтийн байгууллагуудыг оролцуулахын зэрэгцээ тухайн сум орон нутгийн боломж, нөөц, онцлогт тулгуурлан сумын эдийн засгийн хөгжлийн стратеги, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр болон бодитой төслүүдийг гаргаж ирсэн. Ингэснээр бизнес эрхлэх таатай орчин бий болгох, ядуурлыг бууруулах, хүн амын орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг тогтворжуулах зорилтуудыг орон нутагт шийдвэрлэхэд чиглэсэн дунд хугацааны төлөвлөгөөтэй болж байгаа юм.  

“Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх” төслийн үндсэн аргачлал нь сумдын удирдлага, бизнесийнхэн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдөөс бүрдсэн төслийн багуудад нэгдсэн сургалтууд зохион байгуулах, сумдад бизнес эрхлэгчид, малчид, иргэдийн зөвлөлдөх уулзалт, ярилцлага өрнүүлэх, төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслийн тухай болон үр дүнг сурталчлан таниулж ажиллах явдал байлаа.

Сургалтуудын зорилго нь  сумынхаа эдийн засгийг хөгжүүлж өсөлт бий болгох, төр-хувийн секторын хамтын ажиллагааг тогтворжуулах зангилаа асуудлаар дунд хугацааны стратеги, хэтийн төсөөлөл болон үйл ажиллагааны төлөвлөлт, хөгжлийн төсөл боловсруулах чиглэлээр орон нутгийн удирдлага болон бизнес эрхлэгчдийн чадавхийг бэхжүүлэх, тэдэнд арга зүйн болоод практик үйл ажиллагааны хүрээнд дэмжлэг үзүүлэхэд оршиж байв. Дараа нь сургалтаар олж авсан мэдлэг, мэдээлэл дээрээ үндэслэн багууд тухай бүр өгөгдсөн гэрийн даалгавруудыг орон нутагтаа бусад иргэдийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэх үүргийхээ дагуу орон нутгийн бизнесийн орчны судалгаа, СВОТ (орчны давуу тал, сул тал, саад бэрхшээл болон боломжийг тодорхойлох) анализ зэрэг стратеги боловсруулахтай холбогдсон үнэлгээ шинжилгээг хийж стратегийн алсын хараа, зорилго, зорилтуудыг тодорхойлсон. Энэ үеэр багууд гадаадын болон дотоодын зөвлөхүүдтэй хамтарч ажиллаж байсан нь даалгаврыг амжилттай биелүүлэхэд нь дөхөм болж байсан. Төсөлд хамрагдсан сумдын хүний ба байгалийн нөөцийн чадавхи, дэд бүтэц, бизнесийн ба технологийн хөгжлийн түвшин зэргээс хамааран эдийн засгийн хөгжлийн стратеги, стратегийг хэрэгжүүлэх хөтөлбөр, үйл ажиллагаа, хөгжлийн төслийн ерөнхий чиглэл, хамрах хүрээ ялгаатай байсан нь мэдээж бөгөөд энэ бүгдийг харгалзсан болно. 

Орон нутагт эдийн засаг, бизнесийн хөгжлийг дэмжихэд сургалт, мэдээллийн үйлчилгээ дутагдаж байсан тул сумдад бизнесийн хөгжлийн албыг байгуулж тоног төхөөрөмжөөр хангаж үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Эдгээр албадын тусламжтайгаар сумын бизнес эрхлэгчид, малчид, иргэд, аж ахуйн нэгжүүд зах зээл, үнэ ханш, улсын хэмжээний ба аймаг, сумын статистикийн мэдээ авах, төсөл боловсруулах аргачлал түгээх зэрэг үйлчилгээг хүргэж эхлээд байна.

Ийнхүү иргэн бүрийн идэвхтэй оролцоо, хамтын санал санаачилга, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлан  боловсруулсан эдийн засгийн хөгжлийн стратеги нь тухайн сумын төр, захиргааны байгууллага, бизнес эрхлэгчид болон иргэдийн хамтын өмч байх бөгөөд тэд үр дүнг шууд хүртэгсэд байх юм. Цаашдаа нэгэнт боловсруулсан стратегийг хэрэгжүүлэхийн төлөө дурдсан талууд өөр өөрийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ бусад төсөл хөтөлбөр болон санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллах  болно.

Энэхүү орон нутгийн эдийн засгийн хөгжлийн стратеги, түүнийг боловсруулсан аргачлалыг Монголд хэрэгжиж байгаа олон улсын байгууллагын зарим төсөл, хөтөлбөрийн зүгээс судалж, өөр аймаг, сумдад хэрэгжүүлэх зорилгоор хялбаршуулсан хэлбэрт оруулан ашиглаж байна. Тухайлбал, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилт бүхий Мерси Кор Монгол байгууллагын Хөдөөгийн агро-бизнесийг дэмжих хөтөлбөр нь энэхүү аргачлалаар 20 гаруй сумын хөгжлийн хөтөлбөрийг боловсруулсан байна.

Орон нутгийнхны хамтран боловсруулсан стратегийг  хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө, оруулалт буюу санхүүжилт шийдвэрлэх үүрэгтэй. Ойрын ирээдүйд ашигт малтмалын салбараас орж ирэхээр хүлээгдэж байгаа тэр их орлого бодит найдлага төрүүлж байна. Мөн дээр дурдсанчлан шинэ засгийн газар орон нутгийн түвшинд сумдын хөгжлийн сан байгуулж ажиллахаар төлөвлөж байгаа нь чухал шийдвэр болох юм. Гэхдээ сумын хөгжлийн сан байгуулах нь шинэ тутам санал санаачилга биш бөгөөд түүнийг орон нутгийн эдийн засгийн хөгжлийн чухал хүчин зүйл болгоход алсын хараатай зорилго, стратеги, хамтын ажиллагаа дутагдаж байсан юм.

1996 оноос хойш сумдад жил бүр 5 сая төгрөгийн хөгжлийн сан байгуулж ажиллаж байсан нь хөрөнгө оруулалтын хувьд хангалттай түвшинд хүрэхгүй байснаас аар саархан нэг удаагийн зүйлд зарцуулаад өнгөрөх нь нэлээдгүй байсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн Булган сумын засаг даргын хэлснээр, энэхүү сум хөгжүүлэх сангийн 5 сая төгрөгөөр нэг байшин аваад өнгөрсөн бол Архангай аймгийн Ихтамир сумын хувьд тодорхой хэсгийг хувь хүнд өгч алдаад, үлдсэнээр нь сандал, ширээ аваад өнгөрсөн жишээ байдаг.  Гэхдээ энэ мөнгө бага гэлтгүй эргэлтэнд орж олон жилийн туршид хөрөнгө оруулалтын эх үүсвэр болон ашиглагдах тохиолдол байсныг тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь, Хөвсгөл аймгийн Тариалан сум энэхүү сангийн хөрөнгийг ажлын байр бий болгох, өрхийн жижиг бизнесийг хөгжүүлэхэд зарцуулж, ингэхдээ нэг өрхөд 300-500 мянган төгрөгийг 2%-ийн хүүтэй зээлдүүлдэг байжээ. Өөр нэг хөрөнгө оруулалтын эх үүсвэр нь өмнөх УИХ-ын гишүүдийн сонгогдсон тойргуудад хуваарилан баталсан 250 сая төгрөг байсан боловч энэ нь орон нутгийнхны саналаар гэхээсээ илүүтэй гишүүдийн өөрсдийн мэдлээр зарцуулагддаг, харин гүйцэтгэлийг нь орон нутгийнхан хариуцдаг мөнгө болон хувирсан билээ.

Хэрвээ орон нутаг өөрийн гэсэн хөгжлийн бодит стратегитай болж чадвал санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх өөр нэг боломж байгаа нь хандивлагч байгууллагуудтай хамтарч ажиллах явдал мөн юм. Тухайлбал, Дэлхийн Банкны 55 сая долларын  санхүүжилттэй “Тогтвортой амьжиргаа төсөл”-ийн II үе шат 21 аймагт хэрэгжиж өрхийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор иргэдийн өөрсдийнх нь санал санаачилгаар бий болсон төслийг санхүүжүүлж эхлээд байгаа юм.  Одоо энэ бүхнийг орон нутгийнхны оролцоо, тэдний бодож боловсруулсан хөгжлийн стратеги, төслүүдтэй уялдуулах нь чухал зорилт болж байгааг онцлон тэмдэглэе.