Монголын бэлчээрийн мал аж ахуйн эдийн засгийн холбогдолтой ном зүйн судалгааг Нээлттэй Нийгэм Форумын санаачилгаар Соросын сангаас санхүүжүүлэн анх удаа олны хүртээл болгох гэж байна. Уг судалгааг “Бүс нутгийн хөгжлийн судалгаа, сургалтын төв”-ийн судлаачдын баг хийж гүйцэтгэж байгаа ажээ.
Уг ном зүйд Монголын бэлчээрийн мал аж ахуйн холбогдолтой бүтээлүүдийг сонгон эмхтгэхдээ Улсын төв номын сан, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын сан, Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн номын сан, ХААИС-ийн номын сан, МУИС-ийн номын сан, Монголын Шинжлэх Ухааны Академийн Үндэсний хөгжлийн хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Олон улс судлалын хүрээлэн, Газар зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Геоэкологийн хүрээлэнгүүдийн судалгааны фондууд, Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын мэдээллийн сан, Улсын төв архивын шинэ фондууд, Шинжлэх ухаан, мэдээллийн паркын номын сан, Үндэсний статистикийн төв газрын номын сан, Олон улсын Монгол судлалын холбооны номын фонд, Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнгийн номын фонд, Монголын Нээлттэй Нийгэм хүрээлэн (Соросын сан)-гийн номын фонд, НҮБ болон олон улсын төслийн байгууллагуудын төсөл, судалгааны фондуудын каталогиудыг шүүн судалжээ. Түүнчлэн Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжууд, Засгийн газрын шийдвэр, яамдын бодлогын баримт бичиг, тайлан, гадаадын эрдэмтдийн бүтээлийг ч хамруулах бөгөөд 1995 оноос хойш бичигдсэн шинжилгээ судалгааны ном, товхимол, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл, диссертаци, олон улсын байгууллагуудаас явуулсан төслийн тайлан, зөвлөмж зэргийг хамруулна гэж судлаачид танилцууллаа.
Нийтдээ 165 эрдэмтэн, судлаачийн 190 бүтээлийн бүтэц, агуулгын товч хураангуйг багтаан бүтээл тус бүрийн үр дүн, ач холбогдлын талаархи дүгнэлтийг анх удаа хийсэн энэхүү ном зүй удахгүй олны хүртээл болох гэж байна. Ном зүйд хамрагдсан бүтээл бүрт индексийн дугаар өгөх бөгөөд зохиогчидтой харилцах хаягийн бүртгэлийг хавсаргах юм байна.